Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0765

 

                              

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Г***********" ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Г******,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б**-****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******-****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У*******,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б**, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Г******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Г*****ийн 2022 оны 01 сарын 27-ны "Хариу өгөх тухай" 7/*** тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хүчингүй болгож, шаардагдах захиргааны акт буюу "И************" ТББ бичиглэлтэй тамга олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: "...И************" ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэрэгт манай “Г***********" ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ний өдрийн 713 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны ** сарын **-ний өдрийн ***** дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны ** сарын **-ний өдрийн ** дугаар магадлалаар уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээр 2021 оны ** сарын 05-ны өдрийн ** дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ний өдрийн 67 дугаар магадлалыг хүчингүй болгож Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ** сарын 02-ний өдрийн *** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Мөн "И***** **** ***** ***" ТББ-ын АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын **-ны тоот шийдвэрээр манай компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах агуулгаар нэхэмжлэл гаргаад байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д "Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.9-д "захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд" гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг" гэж заажээ.

И************гийн улсын бүртгэлийн гэрчилгээнд байгууллагын хэлбэрийг "сан" гэжээ. Гэвч тус байгууллага "И* **** *** **** ***" ТББ гэж өөрийн байгууллагын хэлбэрийг оноосон нэрийн нэг хэсэг болгож харин хэлбэрийг “Төрийн бус байгууллага" гэсэн тамга хэрэглэж байна. Ийнхүү өөрийн байгууллагын хэлбэрийг буруу илэрхийлсэн "төрийн бус байгууллага" гэх тамга хэрэглэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.9-д зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг өөртөө хууль бусаар бий болгосон байна.

Зөрчил бүхий тамга тэмдгээ ашиглаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээсэн. Улмаар тэрхүү зөрчилтэй үйл ажиллагаагаараа "Г***********" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, мөн цаашид халдах үйл ажиллагааг явуулж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох шийдвэр гаргаж "И* ****, ***** *****" байгууллагын зөрчил бүхий тамгыг холбогдох журмын дагуу хүчингүй болгох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас их, бага, баян шарга сангийн нэхэмжлэлээр Г***** ****** ХХК-ийн тус ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж нөхцөл байдалд хүрээд байна Хөндөгдсөн, цаашид энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тиймээс улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас “Г***********” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байна.

 2 Даалгуулах шаардлагын тухайд: Улсын бүртгэлийн байгууллагаас хуульд улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох журмын биелэлтийг хангуулах үндсэн чиг үүрэгтэй хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/*** тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Тамга тэмдэг хэрэглэх, хийлгэх, үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмын" 1.7-д "Хуулийн этгээдийн тамга, тэмдэгт хуулийн этгээдийн нэр, хэлбэр, регистрийн байгаа, тамга тэмдэг үйлдвэрийн код, хяналтын дугаар бичигдсэн байна гэж заасныг "И*, **** ********* * з*өрчсөн. Өөрөөр хэлбэл, тамган дээрээ И************, төрийн бус байгууллага гэсэн тамгатай улсын бүртгэлийн гэрчилгээ нь дээрээ их, бага, баян шарга сан гэдэг байгууллага. Энэ зөрчлийг улсын бүртгэлийн байгууллага улсын байцаагчийн акт гаргаж таслан зогсоох чиг үүрэгтэй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 8.1-д “Улсын бүртгэлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 8.1.8-д тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох, хүчингүй болгох, лавлагаа олгох гэж заасан.

Гэтэл энэ чиг үүргээ биелүүлэхээс татгалзсан хариу өгсөн. Бидний гаргаж байгаа нэхэмжлэл хариуцагч захиргааны байгууллагыг хуулиар гүйцэтгэх ёстой байсан чиг үүргээ гүйцэтгэх, зохих захиргааны акт гаргах буюу журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох Үүнд "И************" нэртэй төрийн бус байгууллага хэлбэртэй тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 216 тушаалын хавсралтад батлагдсан Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам"-ын 5.3-д "Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд тухайн хуулийн этгээд тамга, тэмдгээ улсын бүртгэлийн байгууллагад хураалгаж, хяналтын дугаар дахин авна" гэж заасан журмын хэрэгжүүлнэ.

Иймд дээрх шаардагдах захиргааны акт гаргуулахаар шүүхээр даалгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”-д нэхэмжлэл гаргаж байгаа болно.

 Нэхэмжлэлийн шаардлага тодруулсан байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Г*****ийн 2022 оны 01 сарын 27-ны "Хариу өгөх тухай" */*** тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хүчингүй болгож, шаардагдах захиргааны акт буюу "И************" ТББ бичиглэлтэй тамга олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгуулах” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь Монгол Улсын төрийн өмчийн оролцоотой, ураны хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд юм. Тус компанид Засгийн газрын тогтоолыг үндэслэн ураны хайгуул болон олборлолтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэртэй холбогдуулж “И************” ТББ-аас шүүхэд маргасан. Улмаар 2019 оны Улсын дээд шүүхийн 99 дугаар тогтоолоор “И************” ТББ-ны нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлээд “Г************” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэтэл “И************” ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь дэлгэрэнгүй лавлагаа зэрэг бүх мэдээллийн дагуу “И************” гэж оноосон нэртэй, сан гэсэн хуулийн хэлбэртэй аж ахуйн нэгж юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “"захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд" гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” ойлгоно гэж заасан. Гэтэл “И************” бол ТББ биш, үйл ажиллагааны хэлбэр нь сан юм. Гэтэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж байгаа нэхэмжлэл, давж заалдах гомдол, мөн захиргааны байгууллагуудтай харилцаж албан бичгүүдэд төрийн бус байгууллага, түүнчлэн тамга нь хүртэл төрийн бус байгууллага гэсэн нэрээр тусгагддаг. Мөн төрийн бус байгууллага биш байгууллагад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх буюу давуу байдал олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Дээрх байдлаар “Г*********” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, халдсан шийдвэрүүдийг гаргуулсан. Тус байгууллагын тухайд үйл ажиллагааны хэлбэр нь сан юм гэдгийг өмнө нь дурдсан, энэ талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт “Г**********” ХХК-ийн зүгээс гомдол гаргаж, тухайн байгууллагын хуулийн этгээдийн мэдээллийн санд байгаа мэдээллээр  “И********” гэдэг оноосон нэртэй сангийн үйл ажиллагаа явуулахаар заасан. Гэтэл тус байгууллага нь хуулийн этгээдийн мэдээллийн санд байгаа мэдээллээс өөр буюу “И************” гэдэг оноосон нэртэй төрийн бус байгууллага хэлбэртэйгээр тамга тэмдэг ашиглаж, үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас тухайн тамгыг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчилж, хуулийн этгээдийн мэдээллийн сан дахь мэдээлэлтэй нийцүүлж, “И**************” оноосон нэртэй сан хэлбэртэй аж ахуйн нэгжийг тамгыг олгож өгөөч гэсэн агуулгатай гомдлыг өгсөн боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын шалгалтын газрын даргаас 2022 оны 01 дүгээр сарын **-ны өдөр “хариу өгөх тухай” **/*** дугаар албан бичгээр бидний өргөдлийг хангахаас татгалзсан. Тухайн хариунд хариуг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй гэж заасны дагуу бид дээд шатны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргаад, түүнээс хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан. “И***********” сангийн тухайд анх 2008 онд үүсгэн байгуулагдсан, үүсгэн байгуулах хурлын тэмдэглэлд нь “...Баян шарга уулыг хамгаалах зорилготой сангийн үйл ажиллагаа явуулж байна...” гэж тусгасан. Ингээд анх авсан нэрийн баталгаажуулалтын хуудаст “И***********”, хуулийн этгээдийн хэлбэр сан гэдгээр 2008 онд авч хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан байна. Тухайн санг үүсгэн байгуулах үед 2004 оны Улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан. Тус хуульд төрийн бус байгууллага гэдэг утгаар дурдаад, дотор нь сан, бусад хуулийн этгээдийн бүртгэлийг  ялгаж заагаагүй байсан. Тухайн үед ТББ-ыг  Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэдэг хуультай байсан. Тус яаманд бүртгүүлэхдээ “И***********” сан нь төрийн бус байгууллага гэдэг хэлбэрийг дугуйлж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгсний улмаас тухайн байгууллагыг “И************” ТББ гэдэг байдлаар буюу анх үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, нэрийн баталгаажуулалтын хуудас зэргээс зөрүүтэй байдлаар гэрчилгээ олгосон алдаа гарсан. Улмаар тус гэрчилгээг үндэслэж “И************” ТББ тамга авч хэрэглэсэн.  Байгууллагын үйл ажиллагааны явцад 2012 онд улсын бүртгэлийн багц хуулиуд шинэчлэгдсэнтэй холбогдуулж төрийн бус байгууллагын бүртгэлийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэдэг болсон.  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн 7.1.3-т “холбоо”, 7.1.4-т “сан” гэсэн хэлбэртэй хуулийн этгээдүүдийг бүртгэнэ гэсэн заалт орж ирсэн. Үүнтэй холбогдуулж Хуулийн этгээдийн бүртгэлийн газар мэдээллийн сангийн бүртгэлийг хүлээж авахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуульд заасны дагуу “сан” гэдэг байдлаар тус байгууллагыг бүртгэж авсан. Гэтэл тус үйл ажиллагааны явцад нэг алдаа гаргасан нь мэдээллийн санд зөвтгөж хүлээн авч боловч төрийн бус байгууллага гэдэг тамгыг нь өөрчлөх арга хэмжээ аваагүй. Үүний улмаас тухайн байгууллага нь төрийн бус байгууллага гэсэн  тамга ашиглаж байгаад сүүлдээ албан тоот болон оноосон нэрээ төрийн бус байгууллага гэдэг байдлаар  захиргааны байгууллагын эрх зүйн харилцаанд оролцсон. Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан  “Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх журам”-ын 3.2.2-т “Энэ журмын 2.4-т заасан байгууллага, хуулийн этгээдийн тэмдгийн дардаст тэдгээрийн харьяалал, хуулийн этгээдийн оноосон нэр, хэлбэр, регистрийн дугаар, тамга, тэмдгийн үйлдвэрийн код, хяналтын дугаарыг бичсэн байна” гэж заасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.7-д “улсын бүртгэлийн хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрийг боловсронгуй болгох талаар саналаа холбогдох байгууллагад гаргах” гэж заасан. Улсын бүртгэлийн байгууллага нь улсын бүртгэлтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй буюу Засгийн газрын 226 дугаар тогтоолыг хангаж ажиллах ёстой. Энэ үүргийнхээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.8-д “тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох, хүчингүй болгох, лавлагаа олгох” эрх хэмжээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад байдаг. Улсын бүртгэлийн мэдээлэлд алдаа гарсан бол үүнийг засаж, залруулах эрх Улсын бүртгэлийн газрын Хяналт, шалгалтын газарт байдаг. Гэтэл “И***********” сангийн тухайд хууль болон Засгийн газрын гаргасан журмуудыг зөрчсөн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ аваагүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүйгээр тус улсын бүртгэлийг хэвээр үргэлжлүүлсний үр дагаварт “Г***** ******” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Тийм учраас хариуцагч байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй, түүнийгээ хэрэгжүүлэхээс татгалзсан хууль бус татгалзлыг хүчингүй болгож шаардагдах захиргааны акт буюу “И************” ТББ хэлбэртэй бүртгэл, түүнийг илэрхийлж байгаа тамгын хяналтын дугаарыг хүчингүй болгож,  “И***********” сан хэлбэртэй болгож хяналтын дугаарыг өөрчилж, Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан зарчмын биелэлтийг хангаж өгнө үү.гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Анх төрийн бус байгууллага байгуулагдаад энэ нь одоог хүртэл хэлбэрийн хувьд өөрчлөгдөөгүй...” гэж тайлбарлаж байна. Гэтэл нэрийн баталгаажуулалтын хуудсыг 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр авсан байдаг. Үүнд “И***********” нэртэй, төрөл нь ашгийн бус, хэлбэр нь сан гэдэг байгууллагыг байгуулахаар Улсын бүртгэлийн байгууллагаас нэрийн баталгаажуулалтын хуудас олгосон байна. Үүний дараа 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “И***********” санг үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэлд 35 хүн оролцоод төрийн бус байгууллага биш санг үүсгэн байгуулсан байна. Тус хурлын 1 дүгээр тогтоолоор “И***********” сангийн дүрэм гэсэн нэртэй дүрмээ баталсан. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2008 онд гэрчилгээ олгохдоо гэрчилгээ үүсгэх бүртгэлийн хуудасны хэлбэр гэдэг хэсэгт сан хоршоо гэдэг үйл ажиллагааны хэлбэр огт байгаагүй учраас төрийн бус байгууллага гэсний доогуур зурж гэрчилгээ олгосон. Гэхдээ энэ гэрчилгээ нь 2012 он хүртэл байсан. Ингээд 2012 онд бүртгэлд өөрчлөлт орж “И***********” нэртэй сан нь хуулийн этгээдийн гэрчилгээ авсан. Тус гэрчилгээнд нэр нь И***********, хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэр нь сан, гишүүдийн тоо 1, үүсгэн байгуулсан хурлын шийдвэр нь 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр буюу санг үүсгэн байгуулах шийдвэрийг үндэслээд улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. Анх байгуулахдаа сан гэж байсныг тамгандаа төрийн бус байгууллага гэж тусгасан, мөн үүнийгээ одоог хүртэл ашиглаж байна гэдэг байдлаар бид хандсан. Гэтэл хариуцагч болон прокурорын байгууллагаас анхнаасаа тамгаа солиогүй байна, тийм учраас хууль зөрчөөгүй байна гэдэг агуулгаар тайлбарладаг. Улсын бүртгэлийн байгууллагын үндсэн зарчим үнэн зөв байх гэдэг зарчимтай. Тус зарчим бүртгэлийн байгууллагын ажилтан болон бүртгэл хийлгэхээр холбогдох баримтуудаа өгсөн иргэн, хуулийн этгээдэд ч хамаарна. Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “Улсын бүртгэлийг хөтлөхдөө эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан, бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах замаар үйл ажиллагааны үнэ зөвийг хангахад оршино” гэж заасан. “Г***** ******” ХХК-иас “И***********” нэртэй сан нь төрийн бус байгууллага гэсэн тамга хэрэглээд байна гэдэг байдлаар гомдол гаргахаар үүнийг шийдвэрлэдэггүй эс үйлдэхүй гаргасны улмаас шүүхэд даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Гуравдугаарт: Шүүх тухайн байгууллагыг шалгаж үзээд байгаль орчинтой тэмцэх үйл ажиллагааны талаар дүрэмдээ тусгаад, үйл ажиллагааг явуулж байна гэдэг байдлаар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэсэн болохоос биш одоо бид нарын гаргаж шүүхэд анх гаргаж тавьж байгаа хуулийн этгээд нэр, хэлбэр нь тамга тэмдэг хэрэглэх үйл ажиллагаатай зөрчилдөж байгаа гэдэг агуулгатай холбоотойгоор шүүх дүгнээгүй. Үүнийг хариуцагч болон гуравдагч этгээд талаар тайлбарлахдаа шүүх үүнийг дүгнэсэн учраас бид зөрчилгүй гэж тайлбарладаг. Энэ бид нарын маргаж байгаа асуудлаас тусдаа асуудал юм. Дараагийн асуудал нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон тамга тэмдэг хэрэглэх журамд заасны дагуу тамга тэмдэг үрэгдсэн, элэгдсэн, үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй болсон  бол хүсэлт гаргаж дахин авна гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэтэл бид нарын гол маргаан энэ биш юм. Бид анх хүсэлт гаргасан баримт бичиг үүний дагуу олгосон баримт бичиг нь хоорондоо зөрсөн байна гэдэг агуулгаар маргаж байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасан. Энэ заалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй учраас энэ үүргээ биелүүлэх тухай гомдлыг нэхэмжлэгч компаниас гаргасан боловч эс үйлдэхүй гаргасан. Мөн Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 8.1.8-д “тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох, хүчингүй болгох, лавлагаа олгох” эрх нь улсын байцаагчид байдаг. Улсын бүртгэлийн байцаагч нь зөрчилтэй баримт бичгийг хураан авч залруулах хугацаатай үүрэг даалгавар өгөх бүрэн эрхтэй байсан мөртөө энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Бид анх 2008 онд анх тамга тэмдэг олгохдоо алдаатай олгосон учраас үүнийгээ залруулаач гэж байгаа юм.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уртнасан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Г************” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Г************” ХХК-ийн захирал Д********** овогтой Т*******с “И***********” сангийн хууль бусаар эзэмшиж буй “И************” ТББ бичиглэлтэй ТТГ4115 дугаартай тамгыг хүчингүй болгож өгнө үү" гэсэн асуудлаар 2 удаа хандсан байдаг. Энэ асуудлыг шалгаад эхний удаа 2022 оны ** дүгээр сарын 27-ны өдрийн */*** дугаартай албан бичгээр хариуг өгсөн.

Дараа нь 2202******** дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан ба зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дурдвал

1. “Г************” ХХК-ийн захирал Д********** овогтой Т*****с “И************” ТББ бичиглэлтэй Т******* дугаартай тамгыг хүчингүй болгож өгнө үү” гэх зөрчлийн хэргийг шалгахад, хэрэгт цугларсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 908********* дугаарын хувийн хэрэгт авагдсан нотлох баримт бичиг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ** дүгээр сарын 02-ны *** тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2021 оны ** дүгээр сарын 27-ны өдрийн ** тоот магадлал, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2021 оны ** дүгээр сарын 05-ны өдрийн ** тоот тогтоол, И************ТББ-ын 2022 оны 03 дугаар сарын 24-ний 14 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбар зэрэг баримтуудаас үзэхэд И************ ТББ-ын дүрмийн 3.1-д үйл ажиллагааны чиглэлийг “ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага” гэсэн, ХЗДХ-ийн садын 2008 оны 07 дугаар сарын 25-ны *** дугаар тушаалаар И************төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон, тус гэрчилгээг үндэслэн тамга, тэмдэг хийлгэснийг дахин солиогүй өнөөдрийг хүртэл хэрэглэсээр ирсэн байна.

2. Засгийн газрын 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 23-т “Төрийн байгууллагын тэмдэгт тухайн байгууллагын харьяалал, зохион байгуулалтын нэгжийн нэр бичигдсэн байна. Бусад байгууллага, аж ахуйн нэгжийн тэмдэгт түүний харьяалал, оноосон нэр, өмчийн хариуцлагын ялгаа, цагдаагийн байгууллагаас олгосон регистрийн болон улсын бүртгэлийн дугаарыг бичсэн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Үйлдвэр, худалдааны сайдын 2004 оны ** дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар тушаалаар “Аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн тэмдэг, баталгааны тэмдэг хийх тусгай нөхцөл шаардлага” бүхий тамга, тэмдэг, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй Зааг сервис ХХК-ийн 2008 оны 09 дүгээр сарны 01-ний өдрийн ***** дугаарт бүртгэн, дардсыг авсан бүртгэл байх бөгөөд одоо хэрэглэж байгаа тэмдгийн дардастай ижил байна. Хэрэв тамга, тэмдэг сольж авсан тохиолдолд хяналтын дугаар өөрчлөгдөх бөгөөд тамга, тэмдэг дахин авах хүсэлт гаргаж байсан гэх бүртгэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 908********2 дугаарын хувийн хэрэг, өн цахим мэдээллийн сан дахь тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн жагсаалтад байхгүй байна.

3. ХЗДХ-ийн сайдын 2008 оны 07 дугаар сарын 25-ны *** дугаар тушаалаар И************төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж олгосон гэрчилгээний зүүн дээд буланд тамга тэмдэг олгов тод тамга гэсэн дардас байна. Зааг сервис ХХК-ийн барааны тэмдэгт нь “Тод тамга” гэсэн бичвэр байсан байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны 128/ШШ2020/**** дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “И************нь ... өөрөөр хэлбэл байгаль орчныг хамгаалах, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах дүрмийн зорилготой байгуулагдсан, дүрмийн зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа 2012 оноос хойш явуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн.” гэжээ.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг” гэж заасан бөгөөд ХЗДХ-ийн сайдын 2008 оны 07 дугаар сарын 25-ны 188 дугаар тушаалаар И************төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж олгосон гэрчилгээний баруун дээд буланд “Нийгэмд үйлчилдэг төрийн бум байгууллага”р бүртгэсэн гэх дардас байна.

2008 оны 5 дугаар сарын 12-ны 1 дүгээр Ихбага баян шарга санг үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолын 4-т Санг ХЗДХЯ-нд Төрийн бус байгууллагаар бүртгүүлэн, гэрчилгээ авч, жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, Удирдах зөвлөлд танилцуулахыг гүйцэтгэх захиралд даалгасан байна.

5. И************төрийн бум байгууллагын /2008, 2011 оны/ дүрмийн 12.3-т “ИББШ сан нь төрийн бум байгууллагын хувьд хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах зэргийг хориглох, мөн хуульд хориглосон зориулалтаар хэнд ч хандив үл өгнө” гэж заасан нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан “сангийн тусгай зохицуулалт”-д хамаарахгүй байна.

И************ төрийн бус байгууллагын хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д заасан үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгох, Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6.9-д “Байгууллага татан буугдах,  өөрчлөн байгуулагдах, хувьчлагдах, дампуурах болон тамга, тэмдэг нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагад тамга, тэмдгээ хураалгаж, хяналтын дугаарыг хүчингүй болгуулна” гэж заасны дагуу тамга, тэмдгээ солиулах шаардлага үүсээгүй байна.

И************ төрийн бус байгууллагыг анх улсын бүртгэлд бүртгэхдээ оноосон нэрэнд “сан”-г оруулан төрийн бус байгууллага гэж бүртгэсэн байхад 2012 онд шинэчлэн бүртгэхдээ улсын бүртгэгч нь “сан”-г зохион байгуулалтын хэлбэр болгон бүртгэж, бүртгэлд авсан нотлох баримтуудыг нягтлан шалгаж, мэдээллийн зөрүүг арилгах арга хэмжээг авч ажиллаагүй алдаа гаргасан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно” гэж заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 908100***** дугаарын хувийн хэрэгт авагдсан нотлох баримт бичгээр И************нь зохион байгуулалтын хэлбэр төрийн бус байгууллага болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11, 9.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтыг тус тус /ердийн журмаар шийдвэрлэх хэрэгт зөвхөн 6.11 дэх хэсгийг удирдлага болгох/ удирдлага болгон ТОГТООХ нь “1 Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг нээж шалгасан И************ТББ-д холбогдох 2202****** дугаартай хэргийг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э****** 2022 оны *** дугаар сарын **-ны өдөр шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны тогтоол гарган шийдвэрлэж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э******* 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хянуулсан байдаг.

Түүнчлэн “Г************” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э******-**** Нийслэлийн прокурорын газарт “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э****** 2022 оны 03 дугаар сарын **-ны өдөр шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны тогтоолыг хүчингүй болгож ЗШШТХ-ийн 1.12.8.1-д шийдвэрийг гаргаж өгнө үү” гэх гомдол гаргасныг Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр прокурорын тогтоолоор Г************ ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э****-О*****с гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд дээрх үйл баримтуудаас Г************ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э*****-О***-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Г************” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт “И************” ТББ-ын ТГ-**** дугаартай тамгыг хүчингүй болгуулахаар 2 удаа хандсан байдаг. Үүний дагуу тус байгууллагаас шалгаж 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн  7/834 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Дараа нь 220******** зөрчлийн хэрэг нээж Нийслэлийн прокурорт шалгуулсан боловч Нийслэлийн прокуророос тус хэргийг хянаад 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор “Г***** ******” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э*****-О***-ын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг. “И************” ТББ-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалаар “И************” ТББ гэж гэрчилгээ олгосон байдаг. Тус гэрчилгээний баруун дээд өнцөгт “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэсэн бичвэр байдаг. Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн тус байгууллагыг төрийн бус байгууллага гэж бүртгэсэн байдаг. Мөн “И************” ТББ-ын хувийн хэрэгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ** дүгээр сарын 02-ны *** дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн мөн оны магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын ** дугаар тогтоол, мөн тус байгууллагын бичгээр төрийн бус байгууллага болох нь тогтоогддог. Мөн энэ байгууллагын дүрмийн 3.1-д “ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг, төрийн бус байгууллага” гэж тодорхойлсон байдаг. Тус Хууль зүй, дотоод хэргийн сайдын төрийн бус байгууллага гэж олгосон гэрчилгээг үндэслэж  ТТГ-4115 дугаартай тамгыг одоог хүртэл ашигласаар байна. Мөн тус төрийн бус байгууллагын дүрмийн 12.3-т “И************ төрийн бус байгууллага нь ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хандив өгөхгүй...” гэж заасан учраас Сангийн зохицуулалт хамаарахгүй гэж үзэж байна. Түүнчлэн “И************” ТББ нь шинээр тамга, тэмдэг авах нөхцөл байдал үүсээгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8, мөн Засгийн газрын *** дугаар тогтоолоор баталсан 6.9-д “ Байгууллага татан буугдах, өөрчлөн байгуулагдах, хувьчлагдах, дампуурах болон тамга, тэмдэг нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагад тамга, тэмдгээ хураалгаж, хяналтын дугаарыг хүчингүй болгуулна.” гэж заасны дагуу тамга тэмдэг солиулах шаардлагагүй үүсээгүй байна гэж дүгнэж байна. Ингээд хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тус байгууллагын зохион байгуулалтын хэлбэр нь төрийн бус байгууллага гэдэг нь нотлогдож байна. Иймд “Г***** ******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын бүртгэлийн газраас өөрт хамаарах чиг үүрэгт заасан холбогдох хариуг өгсөн, мөн зөрчлийн хэрэг нээж шалгахад прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тухайн үед Хууль зүйн, яамнаас гэрчилгээг нь олгосон. Хууль зүйн яамнаас олгосон гэрчилгээнд “И************” төрийн бус байгууллага гээд, мөн гэрчилгээний зүүн дээд буланд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж тодорхойлсон байсан. Тухайн тодорхойлолтын дагуу бүртгэсэн. И************” ТББ-ын дүрмийн 3.1-д “Тус сан нь иргэдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөдөө орон нутагт ядуурлыг буруулах, ажилгүйдлийг багасгах, үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, уламжлалт зан, заншил, түүх соёлыг хамгаалах, бэхжүүлэх, соён гэгээрүүлэхийн төлөө төр ба төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэх үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага...” гэх зэргээр заасан” гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ИхБага Баян шарга ТББ-ын сан" ТББ-ын тамга, гэрчилгээ, эрх зүйн байдлын талаар Г************ ХХК-нь бүр 2020 онд гомдол гаргаж байсан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн шанхан шатны үүхийн 2020 оны 11 сарын 02 өдрийн 128/ШШ2020/**** тоот шийдвэрт: ...Дүрмийн зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа 2012 оноос хойш явуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн. (Хавтаст хэрэгт авагдсан энэ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тогтоолын зөвхөн Үндэслэх хэсгийн хуулбарыг хавсаргав.Х-1) 

2. Ингээд манай нэхэмжлэлтэй хэрэгт 3 шатны шүүхээр 2 дахин орж, манай нэхэмжлэлийг бүх шатны шүүх хангасан. Г************ ХХК-нь Дээд шатны шүүхэд шинээр нөхцөл байдал үүссэн гэж 2 удаа гомдол гаргасан ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.

3. Нэгэнт шийдвэр нь гарчихсан асуудлыг Г************ ХХК дахин дахин гомдол гаргаж байгааг хууль бус гэж үзэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тодруулбал: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э********** 2022 оны 03 дугаар сарын ***ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол"-р зөрчлийн 220******** дугаартай хэргийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн №-2д авагдсан энэ тогтоолын хуулбарыг хавсаргав. х-2)

5. Г************ ХХК-ын өмгөөлөгч Ө.Э*****-О***ын энэ гомдолд Нийслэлийн Прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сарын 22 №3\1041 тоотоор хариу мэдэгдэлдээ: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э******* зөрчлийн 220******** дугаартай хэргийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье. гэжээ.(Хавтаст хэргийн 2д авагдсан Прокурорын мэдэгдэх хуудасны хуулбарыг хавсаргав.X-3)

 6. "Төрийн бус байгууллагын" тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д заасан үйл ажиллагааны чиглэл нь "И*************-ын сан" ТББ-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 3.1-д заасан үйл ажиллагааны чиглэлтэй яг тохирч байгааг харуулсан хуулбарыг хавсаргав. Мөн ТББ-ын дүрмийн 12.3-д ТББ-ын хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хандив өгөхийг хориглоно гэсэн заалтын хуулбарыг хавсаргав. (Хавтаст хэрэг №-1дТББ-ыг энэ дүрэм авагдсан Х-4)

7. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 07 дугаар сарыг 25-ны өдрийн 188 дугаар тушаалаар И************ ТББ-ын сан" ТББ-гэж анх олгосон Гэрчилгээний хуулбар(Хавтаст хэрэг№-1д ТББ-ын дүрэмтэй хамт авагдсан.Х-5)

8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд ТББ-гэж бүртгэсэн улсын бүртгэгчийн гэрчилгээний хуулбар.(х-6)

9. "И************ ТББ-ын сан” гэдэг нь манай ТББ-ын оноосон нэр бөгөөд 2012 оны хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд ч ТББ-гэж бүртгэсэн. Харин гэрчилгээнд бичихдээ сан" гэж ТББ-г орхиж бичсэн нь тухайн үед ажиллаж байсан бүртгэгчийн буруу гэдэг нь нотлогдсон. Иймд манай ТББ-ын TTГ***** дугаартай тамгыг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй. Хэрэгт авагдсан эдгээр хангалттай нотлох баримтуудыг үндэслэн Г************ ХХК-ын өмгөөлөгч Ө.Э*****-О***-ын "И*************" ТББ-ын бичилттэй ТТГ**** дугаартай тамгыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгуулах гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И************” ТББ-ын холбогдох баримтууд нь анх 2008 онд өгсөн тэр хэвээрээ байгаа. Улсын бүртгэлийн байгууллагаас 2012 онд шинэчилсэн бүртгэл хийхдээ ч төрийн бус байгууллага гэсэн гэрчилгээ олгосон. Төрийн бус байгууллага юм. Анх 2008 онд олгосон гэрчилгээний дагуу олгосон тамга өөрчлөгдөөгүй. Улсын бүртгэлийн байгууллагаас сан гэж бүртгэсэн учраас тамга тэмдгээ өөрчил гэж хэлэх эрх байхгүй. Мөн бид анхнаасаа хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийг хүрсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүртгэдэг байх үед 2008 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрчилгээгээ авсан бөгөөд тус гэрчилгээгээ үндэслээд 2008 оны 09 дүгээр сард тамгаа хийлгэсэн. Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл шилжихэд улсын бүртгэгч нь “сан” гэдэг үгийг гэрчилгээнд бичсэн. “Сан” бол хандив авч түүнийгээ нэг зүйлд зориулж зарцуулах тухай заасан байдаг. Гэтэл тус байгууллага нь дүрэмдээ энэ талаар огт тусгаагүй. Манай төрийн бус байгууллагын дүрмийн 12.1-д “Төрийн бус байгууллагын хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хандив өгөхийг хориглоно...” гэж заасан байдаг.” гэжээ.

 

                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Г************” ХХК нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн "Хариу өгөх тухай" */*** тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хүчингүй болгож, шаардагдах захиргааны акт буюу "И************" ТББ бичиглэлтэй тамга олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх:

“И************" ТББ бичиглэлтэй тамга олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

“Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Г******гийн 2022 оны 01 сарын 27-ны өдрийн "Хариу өгөх тухай" 7/*** тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн "Хариу өгөх тухай" */*** тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1 Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн "Хариу өгөх тухай" */*** тоот албан бичиг[1] нь “Г************” ХХК-ийн ирүүлсэн хүсэлтэд хариу өгсөн, тус компанид хаяглагдсан байх тул уг албан бичиг нь захиргааны актын нэхэмжлэгч рүү чиглэсэн байх, захирамжилсан, эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байх шинжийг агуулсан байна.

1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “И************гийн улсын бүртгэлийн гэрчилгээнд байгууллагын хэлбэрийг "сан" гэжээ. Гэвч тус байгууллага "И************" ТББ гэж өөрийн байгууллагын хэлбэрийг оноосон нэрийн нэг хэсэг болгож харин хэлбэрийг “Төрийн бус байгууллага" гэсэн тамга хэрэглэж байна. Ийнхүү өөрийн байгууллагын хэлбэрийг буруу илэрхийлсэн "төрийн бус байгууллага" гэх тамга хэрэглэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.9-д зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг өөртөө хууль бусаар бий болгосон байна.” гэж тайлбарлан маргаж байна.

1.3 “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн "Хариу өгөх тухай" */*** тоот албан бичгийг шүүхээс хүчингүй болгох, хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй байна.

1.4 Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаас олгосон 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн **** тоот гэрчилгээнээс[2] үзэхэд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар тушаалаар “И************” ТББ-ыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

1.5 Дээрх **** тоот гэрчилгээний зүүн дээд талд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гэх дардас тэмдэг дарагдсан байна.

1.6 Мөн 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №1 тоот[3] И************г үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолын 4-д “Санг ХЗДХЯ-д Төрийн бус байгууллагаар бүртгүүлэн, гэрчилгээ авч, жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, Удирдах зөвлөлд танилцуулахыг Гүйцэтгэх захиралд даалгасугай” гэсэн байна.

1.7 Дээрх үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдийг анх 2008 онд бүртгэхдээ Төрийн бус байгууллагын хэлбэрээр бүртгэж авсан байна.

1.8 Иймд, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн "Хариу өгөх тухай" */*** тоот албан бичиг үндэслэлтэй байх бөгөөд уг албан бичгийг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй байна.

1.9 Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.” гэж заасан ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга нь тус хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд 2022 оны 01 сарын 27-ны өдрийн */*** тоот албан бичгийг гаргасан байна.

1.10 Дээрх үндэслэлүүдээс үзэхэд, “И************ ТББ” гэсэн бичиглэлтэй тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгуулахыг хүссэн “Г************ ХХК”-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн "Хариу өгөх тухай" */*** тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.

1.11 Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон 0000****** тоот гэрчилгээнээс[4] үзэхэд бүртгэлийн байгууллага 2012 онд шинэчлэн бүртгэл хийхдээ гуравдагч этгээдийн хуулийн этгээдийн хэлбэрийг “сан” гэж бүртгэж авсан, мөн 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, протокол, дүрэм[5], 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, протокол, дүрэм[6] болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдийн хуулийн этгээдийн хэлбэр нь “сан” байхаар байх боловч энэхүү зөрүүтэй мэдээллийг нягтлан шалгах, зөрүүг арилгах талаарх үүргээ бүртгэлийн байгууллага биелүүлээгүйн улмаас гуравдагч этгээдийг буруутгах боломжгүй байна.

1.12 Иймд тус шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр: “И************" ТББ бичиглэлтэй тамга олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д  “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-д “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан байна.

2.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан байна.

2.3 Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас буюу захиргааны актын улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой маргааныг харьяалан шийдвэрлэнэ.

2.4 Тодруулбал, нэхэмжлэл гаргагчийн маргаж байгаа захиргааны акт нь захиргааны актын шинжийг агуулахгүй байвал тус маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.

2.5 Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”гэж заасан байна.

2.6 Гуравдагч этгээдэд “И************ ТББ” гэсэн бичиглэлтэй тамганы хяналтын дугаар олгосон бүртгэлийн байгууллагын үйлдэл нь маргаан бүхий энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн хувьд захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

2.7 Учир нь “И************ ТББ” гэсэн бичиглэлтэй тамганы хяналтын дугаар олгосон бүртгэлийн байгууллагын үйлдэл нь захиргааны актын гадагш буюу нэхэмжлэгч рүү чиглэсэн байх, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байх шинжийг агуулаагүй байна.

2.8 Тодруулбал, гуравдагч этгээдэд “И************ ТББ” гэсэн бичиглэлтэй тамганы хяналтын дугаар олгосон бүртгэлийн байгууллагын үйлдэл нь нэхэмжлэгчийн субьектив эрх рүү чиглээгүй, нэхэмжлэгчид хамааралгүй, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй байна.

2.9 Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдэд “И************ ТББ” гэсэн бичиглэлтэй тамганы хяналтын дугаар олгосон бүртгэлийн байгууллагын үйлдэл нь нэхэмжлэгчид хамааралгүй, харин “И************” ТББ-ыг үүсгэн байгуулагчдад л хамааралтай ба тус тамганы хяналтын дугаар олгосон бүртгэлтэй холбогдуулан “И************ ТББ” гэх хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчид л гомдол гаргаж маргах эрхтэй.

2.10 Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу “И************" ТББ бичиглэлтэй тамга олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 01 сарын //-ны өдрийн "Хариу өгөх тухай" //*** тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Г************” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Г************ ХХК-ийн ““И************" ТББ бичиглэлтэй тамга олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г************” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.БАТЗОРИГ

 

 

[1] Хавтаст хэргийн 18 дугаар хуудас,

[2] Хавтаст хэргийн 87 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 76 дугаар хуудас,

[4] Хавтаст хэргийн 101 дүгээр хуудас,

[5] Хавтаст хэргийн 76-80 дугаар хуудас,

[6] Хавтаст хэргийн 89-96 дугаар хуудас,