Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

 

 

 

 

 2021         02            17                                         2021/ДШМ/06

 

А.Эид холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Т,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд  нээлттэй  хийсэн  хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолтой А.Эид холбогдох 2038005020439 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Эийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хар дархад овогт Ариунтунгалагийн Э, 2002 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................................/.

Шүүгдэгч А.Э нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бийг зодож, эрүүл мэндэд нь зүүн талын гайморын хөндий рүү цөмөрсөн ухархайн хананы хугарал, хамрын ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Хар дархад овогт Ариунтунгалагийн Энэбишийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хар дархад овогт Ариунтунгалагийн Энэбишийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч А.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн 2038005020439 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Э давж заалдах гомдолдоо: ... Миний бие 18 настайдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байхад шүүхээс надад торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд ... хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу надад ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.

Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг минь харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгосон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч А.Э нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Бийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, арван найман насанд хүрээгүй хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч О.Оюунбилэг, насанд хүрээгүй гэрч Б.Мөнхтулга нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 432 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан ба энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ бөгөөд шүүх торгох ял биелүүлэх хугацаа тогтоогоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч баримтлах учиртай.

Шүүгдэгч А.Эийн тухайд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн хөрөнгө орлогогүй байдлыг нь харгалзан давж заалдах шатны шүүхээс торгох ял биелүүлэх хугацааг 1 жилээр тогтоож шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Эийн “...Миний бие 18 настайдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байхад шүүхээс надад торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, ...мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу надад ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан, сэтгэцийн болоод бие, бялдар, эрүүл мэндийн хувьд өсвөр насны шүүгдэгчтэй ижил түвшний гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлд заасан “өсвөр насны хүнд оногдуулах” ял хэрэглэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Эийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эид оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэсэн 4 дэх заалт нэмсүгэй.

в/ Шийтгэх тогтоолын 4, 5, 6 дахь заалтын дугаарыг 5, 6, 7 болгож өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                      Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                  Н.БАЯРХҮҮ