Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00091

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00091

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох 9 270 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Монгол Дайвин ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ******* Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж байгаа Эко Баян-Өндөр жишиг хороололд амины орон сууц захиалах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 50 м2 2 өрөө байрыг 62,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 4,480,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-нд 43,750,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн байна.. Үүнээс хойш төлөлт хийгдээгүй байна. Иймд *******ээс 9, 270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Мөнхжаргал овогтой Билгүүн нь 2014 онд Монгол Дайвин ХХК-ийн Баян-Өндөр Эко хороололоос 2 өрөө амины орон сууц худалдан авсан бөгөөд 9.270.000Т-ний үлдэгдэлтэй байгаа билээ.Төлөхгүй байгаа шалтгаан нь:

1. Анх худалдан авахад өрөөний хаалга гэмтэлтэй, тааз цуурсан, вакум цонх гажилттай, явган хүний зам дутуу бродюр нурсан байсан. /Явцын дунд засаж өгнө гэж тохиролцсон /. Өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй.

2. Амьдраад 1 сарын дараа гаднах бохирын усны шугам эвдэрч ус алдсан. /Хоолойг засварлахад тараншейны таглааг авч цементэлсэн хэсгийг бүгдий нь нураасан буцааж засаж өгөөгүй/

3. Анхны өвөл маш хүйтэн байсан өвөлжөөгүй. /Бүх юм жигдрээгүй учраас хүйтэн байгаа гэсэн тайлбар хэлсэн/ Үүдний гишгүүр нурсан, сантехникийн асуудал.2 дахь жил бас хүйтэн байсан. Тус компанийн төлөөлөл Отгонбаяр, Батбаяр нараар дулаан алдагдал хэмжүүлж цонх, байшингийн булан хана, хаалга, шал, таазнаас их дулаан алдаж байгааг мэдсэн. Бид өөрсдийн хөрөнгөөр өрөө тус бүртээ паар нэмж тавьсан боловч өвөл дулаан алдагдал хэвээрээ тул 3 жил гэртээ өвөлжөөгүй байна.

4. Айл бүрийн машины зогсоол бродюр бүрийг засварлаж аспалт тавьсан, Манайхыг үлдээсэн. Төлбөрөө төлөөгүй шалтгаанаар.

5. Анх гэрээ байгуулахад 400мкв газартай гэж байсан газрын гэрчилгээ авахад 400 мкв хүрээгүй 330 мкв байсан.

Мөн баталгаат хугацаа 3 жил гэж гэрээ байгуулсан боловч баталгааны хугацаанд 1 ч юм засварлаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. "Монгол дайвин" ХХК дулааны алдагдалтай байгааг хүлээн зөвшөөрч бидний гомдол арилгах мөрөөр үлдэгдэл төлбөрөөс 5.000.000Т-ийг хасаж тохиролцсон. Өнөөдөр энэ дүнг хасаагүй байна. Иймд дээрх бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол дулаан алдагдлын 5.000.000Т хасаж үлдэгдэл төлбөрийн 2.000.000Т бэлнээр нь төлж, үлдсэн 2.270.000Т-ийг Баян-Өндөр Эко хорооллыг сурталчилах реклам шторк, нэвтрүүлэг бэлтгэж өгч өр төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Монгол Дайвин ХХК хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 270 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ******* Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт баригдаж байгаа Эко Баян-Өндөр жишиг хороололд амины орон сууц захиалах гэрээ байгуулж, гэрээний дагуу 50 м2 2 өрөө байрыг 62 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, орон сууц захиалан бариулах гэрээгээр нотлогдож байна.

Захиалагч гэрээний үүргээс 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 4,480,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-нд 43,750,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, нийт 53 230 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 9 270 000 төгрөгийг төлөөгүй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба Монгол Дайвин ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт 50 м2 2 өрөө орон сууцыг барьж хариуцагчид хүлээлгэн өгсөн байх тул тэрээр гэрээний үнийг хариуцагчаас шаардах, хариуцагч гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч гэрээний үнээс 9 270 000 төлөөгүй байгаа талаараа маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь хариу тайлбар, татгалзалынхаа үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Тодруулбал хариуцагч шүүхэд ..."Монгол дайвин" ХХК байшин дулааны алдагдалтай байгааг хүлээн зөвшөөрч бидний гомдлыг арилгах мөрөөр үлдэгдэл төлбөрөөс 5 000 000 төгрөгийг хасахаар тохиролцсон гэсэн тайлбар гарсан боловч энэ тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд хариуцагчийн төлөх үүрэг 9 270 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг хасч тооцох боломжгүй байна. Иймд хариуцагч *******ээс 9 270 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол Дайвин ХХКолгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 163 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 9 270 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол Дайвин ХХК олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 270 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 163 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА