| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/0251/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/427 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/427
2025 02 10 2025/ШЦТ/427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
шүүгдэгч Д.Э************, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр, Э.Оюунтүлхүүр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас М*********** овогт Д************ын Э************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410004232013 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19*** оны 11 дүгээр сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам **, *****, ** хамт ** аймгийн ** сум *** байранд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй М*********** овогт Д************ын Э************. /ХП58112561/
Шүүгдэгч Д.Э************ нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жжж***********таун хотхоны Ж*********** цэцэрлэгт туслах багшийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бага насны хохирогч Х************ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож хохирогчийн биед нь тархи доргилт, хоёр бугалга, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан мөн асран хамгаалах үүрэг бүхий туслах багшийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э************: “Би боловсролын байгууллагад 20 жил ажилласан, ийм зүйл хийх хүн биш ...” гэв.
Прокуророос Д.Э************г 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жжж***********таун хотхоны Ж*********** цэцэрлэгт туслах багшийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бага насны хохирогч Т.Х************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “асран хамгаалах үүрэг бүхий туслах багшийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Энэ хэрэгтэй холбоотой нотлох баримт болох:
Камерын бичлэгт үзлэг хийсэн “ ... тус бичлэг нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бичигдсэн 00:26 секундын бичлэг ... багш Э************ нь Т.Х************ийг ... газар суулгаж араас түлхэж газар мөргүүлэн түлхээд сандал дээрээс босоод явж буй бичлэг байв ... ” гэсэн тэмдэглэл. /хэргийн 25 дахь тал/
Дээрх дүрс бичлэгт үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр “Е.Анжила” гэх нэг хүнийг оролцуулсан байна.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оруулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулна” гэж заасныг зөрчиж хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулалгүй дүрс бичлэгт үзлэг хийх ажиллагааг явуулсан байна.
Иймд нотлох баримтыг бэхжүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дах хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж зааснаар “2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 00:26 секунд үргэлжилсэн Ж*********** цэцэрлэгээс хураан авсан дүрс бичлэгийг” нотлох баримтаар тооцохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э************гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “асран хамгаалах үүрэг бүхий туслах багшийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн” гэмт хэргийг нотлох өөр баримт хэрэгт байхгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Э************д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “асран хамгаалах үүрэг бүхий туслах багшийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Д.Э************д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль ёсны төлөөлөгч Д.Т*************гийн мөрдөн байцаалтад өгсөн “2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн орчимд би төрсөн охин Х************ийг Ж*********** цэцэрлэгээс авсан. Орой хувцсыг нь солихдоо сайн анзаараагүй.
Тэгээд 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө манай охин Х************ цэцэрлэгтээ явахгүй гэж уйлаад байсан. Цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр нь дотуур хувцсыг нь солиод өмсгөх гэж байхад миний охины баруун, зүүн гарын булчин хэсэгт хөхөрсөн, мөн зүн зүүн өвдөгний хэсэгт хөхөрсөн, бага зэргийн няцралт үүссэн байдалтай байсан.
Би тухайн өдрөө охиноо ийм болсон байхаар нь үлдээгээд 11 цагийн үед цэцэрлэг дээр нь очоод арга зүйч бил үү нэг эмэгтэй хүнтэй уулзаад "манай охины 2 мөр, 2 шуу, өвдөг хөхөрсөн хэн нэгэн зодсон юм шиг байна, камер шүүх хэрэгтэй байна" гэдгээ хэлсэн. Тэгтэл тэр багш "эрхлэгчийн өрөөнд камер шүүдэг өрөөний түлхүүр байгаа, одоогоор эрхлэгч хөдөө явсан, одоогоор онгойлгох боломжгүй, нэг дэх өдрийн өглөө шүүж өгнө" гэж хэлэхээр нь би эрхлэгчийнх нь утсыг нь аваад залгахад "ахын бие муу байна, би хөдөө байгаа, түлхүүр надад байгаа, би хамгийн яаралтайгаараа яваад очно" гэж хэлсэн.
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би цэцэрлэг рүү нь ороод эрхлэгч нь ирсэн үү гэж асуухад ирээгүй байна гэж хэлсэн. Би эрхлэгчид хандаж та ирэх болоогүй бол бид нар түлхүүр тааруулаад онгойлгож ороод үзье гэхэд эрхлэгч зөвшөөрсөн. Удалгүй цэцэрлэгийн багш нарыг хариуцдаг эмэгтэй, хаалга онгойлгодог хүн, эхнэр бид дөрөв камерийн өрөөнд орсон.
Ороод камерийн бичлэгийг шүүх гэсэн боловч 12 дугаар сарын 09-өөс 12 дугаар сарын 22-ны өдрийн бичлэг устсан байсан. Тэгээд бичлэг яагаад байхгүй байна гэж асуухад ёстой мэдэхгүй гэх хариултыг өгсөн. Эхнэр бид 2 цуг байж байгаад 12 дугаар сарын 06-ны өдрийн бүтэн өдрийн бичлэгийг харахад "манай охиныг цэцэрлэгийн үндсэн багш нь нуруу руу нь цохих, түлхэж унагаах, шуу руу нь алгадаад, өргөж базаад газар шидэх үйлдэл хийж байсан.
Уйлангуут нь ам руу нь хуруугаа чихэх зэрэг үйлдлүүдийг хийж байсан. Мөн айлын өөр хүүхдүүдийг бас нуруу руу нь цохих, түлхэх унагаах үйлдлүүдийг хийж байсан" тэгээд 22-ны өдрийн хичээл тарах үеийн бичлэгийг ухрааж үзэхэд эрхлэгчийнх нь өрөө нь онгорхой дунд бүлгийн багш, бага бүлгийн багш, багш нарыг хариуцаж байгаа багш нар бүгдээрээ орж гараад байсан. Манай эхнэр цагдаад хандах хэрэгтэй гэж хэлээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг тайлбар өгсөн.
Одоогоор гаргаж өгөх баримтууд байхгүй. Нөхөж үзэж байгаад гаргаж өгнө. Охиноо Солонгос улсад үзүүлсэн эмчийн дүгнэлт, онош, билет захиалсан ирж очих зардлуудын баримтууд байгаа. Солонгос улсад үзүүлсэн шалтгаан нь Монгол улсад хүүхдийн сэтгэл зүйн гэмтлийг тогтоодог онош гаргадаг хүн байхгүй гэсний дагуу Солонгос улс руу очиж үзүүлсэн.
Ж*********** цэцэрлэгт маш их гомдолтой байна Багш нар хоорондоо үгсэн хуйвалдаж, нотлох баримт болох бичлэгийг устгасан. Хэргийг нуун дарагдуулахаар оролдсон. Миний охины биед халдаж гэмтэл учруулсан. Тухайн бичлэг дээр өөр ангийн хүүхдүүдийг цохиж зодож, хохироож байгаад гомдолтой байна. Энэ цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44-46 дахь тал/
Гэрч Э.З**********ын “... 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр санагдаж байна манай цэцэрлэгт явдаг Х************ гэх хүүхдийн аав Т************* гэх хүн над руу яриад камертай шүүлгэмээр байгаа талаараа хэлсэн бөгөөд би тухайн хүнд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ ирээд шүүж өгөх боломжтой талаараа хэлэхэд 25-ны өдрийг хүртэл хүлээх боломжгүй байна, бид нар өөрсдөө цоож онгойлгодог хүн дуудаад өрөө рүү чинь багш нартай нь хамт оръё гээд байхаар нь би зөвшөөрсөн ба тэр хүмүүст 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн биеэр уулзах талаараа ч гэсэн хэлсэн юм.
Ингээд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үдээс хойш тухайн хүүхдийн эцэг эхтэй уулзахад хүүхдийн гар, хөлөнд нь хөхрөлт үүссэн байна мөн камер шүүх гэхэд бичлэгнүүд устсан байна гэж хэлсэн.
Тэгэхээр нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр багш нартай хурал хийж протокол хөтлөж байтал цагдаагаас над руу ярьж камерийн бичлэгт гар хүрч болохгүй талаар хэлсэн. Тэгээд хурлаа хийгээд дуусч байтал цагдаа нар ирээд хяналтын камерийн хардыг авч явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 110 дахь тал/
Гэрч Б.Э***********ийн өгсөн “2023 оны 09 дүгээр сарын 15-ны орчимоос эхлэн туслах багшаар ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгууллагынхаа "Шинэ жил"-ийн арга хэмжээг тэмдэглэсэн бөгөөд тухайн үед жирэмсэн байсан бөгөөд түүнээс хойш эмнэлэгт 7 хоног хэвтсэн бөгөөд эмнэлэгээс гарах гэж байтал эхлээд намайг хүүхдийн тоо багассан учир ажилдаа битгий ирээрэй гэж хэлсэн, тэгээд би ажилгүй болчихлоо гэж бодож байтал яг хэдний өдөр гэдгийг нь нарын сайн санахгүй байна гэртээ байж байтал намайг Цэцэрлэг дээр ир гээд байна байна залгаад байхаар нь юу болсон талаар асуутал хэлэхгүй байхаар нь би очихгүй байж гүрийгээд байсан чинь Э************ багш хүүхэд зодсон байна заавал ирээрэй гээд байхаар нь очиж цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн.
Би эхлээд дунд бүлгийн туслах багш байж байгаад 1 сарын орчмын дараа Э************ багшийн ангийн хүүхдүүд нэг нэгнийгээ хазаад байна туслах багш хэрэгтэй гэж хэлээд хүчээр түүний туслах багш болгочихсон. Би түүнтэй 1 сар орчим хамт ажилласан. Э************ багш хүүхдүүдтэй ер нь ширүүн харилцаатай байдаг. Би энэ талаар өөрт нь ч болон цэцэрлэгийн багш нарт хэлж байсан. Х************ гэх хүүхдийн хувьд сэргэлэн хөдөлгөөнтэй хүүхэд байгаа юм. Х************ийг миний хажууд түүний бөгсөн дээр ганц нэг удаа унтуулах зорилгоор цохиж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 103 дахь тал/
Гэрч Н.Ч**************ийн “ ... Би тус цэцэрлэгт тогоочоор ажилд ороод 2 жил болж байна гэхдээ манай гэр цэцэрлэгийн хажууд байдаг болохоор өглөө эрт онгойлгох, орой хаах ажлыг давхар хариуцаж ажилладаг юм. Э************ багш намайг ажилд орсоноос хойш 1 сар орчмын дараа бүлгийн багшаар орж байсан харин Энхтуяа нь 2023 онд 2 сар орчим ажиллаад ажлаасаа гарсан.
Нэг илүү түлхүүрийг эрхлэгч надад өгч байсан. Манай гэр цэцэрлэгийн хажууд байдаг мөн би хамгийн эрт ирж, сүүлд явдаг болохоор сантехникийн ямар нэгэн асуудал гарах юм бол хэрэг болно гээд эрхлэгч өгч байсан юм. Үгүй ээ надаас өөр хүн илүү түлхүүр байдаггүй юм. Бүлгийн багш Э************ болон туслах багш Э**** нар нь бүлгийнхээ хүүхдүүдийг цохиж зодох асуудал тийм зүйл анзаарагдаж байгаагүй.
Олон жил ажилласан хүн болохоор хамт олонтойгоо их эелдэг харьдаг хүн байгаа юм. Х************ гэх хүүхдийн эхтэй хүүхэд авч, өгч байхад их л таарч байсан. Харин сүүлд эрхлэгчийн өрөөнд цоож онгойлгодог хүнээр онгойлгуулж С***** багш, би, Х************ийн аав ээж нь бид дөрөв орж хяналтын камерийн бичлэгийг үзэхэд хэдний гэдгийг нь мэдэхгүй байна нилээн олон хоногийн бичлэг байхгүй байсан. Тэгээд хүүхдийнхээ нэг өдрийн бичлэгийг үзнэ гээд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн бичлэгийг үзсэн би тухайн үед нь хоолны цаг таарч байсан болохоор орж гараад байж байсан харин Э************ багш Х************ийг хажуу талын сандал руу авч суулгасан, нүүр гарыг нь угааж байгаа бичлэгнүүд харагдаж байсан. Энхтуяа багшийн хувьд 2 сар л ажилласан байх түүнийг бол сайн мэдэхгүй байна. Надад түлхүүр байдгийг багш нар мэддэг, гэхдээ надаас нэг ч багш түлхүүр авч байгаагүй юм...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 105-106 дахь тал/
Гэрч Б.С********ын “ ... Тухайн өдрийн өглөө 08 цагаас ажил дээрээ ирсэн бөгөөд тус тусын ангидаа хүүхдүүдээ хүлээж аваад шинэ жилийн арга хэмжээнд бэлдэх явцад 10 цагийн орчимд тогооч багш руу Х************ийн ээж, аав нь залгаад камер шүүж үзмээр байгаа талаар яриа гарсан ба эрхлэгч намайг очтол хүлээж байгаарай гэсэн байсан.
Тэгээд удалгүй ээж, аав нь цэцэрлэг дээр ирчихсэн түлхүүр тааруулдаг хүмүүсээр хаалгийг нь онгойлгуулмаар байна гээд эрхлэгчтэй ярихад эхлээд эрхлэгч зөвшөөрөхгүй байсан ба Х************ийн ээж, аав нь уурлаад одоо үзмээр байна гээд байсан тул эрхлэгч зөвшөөрөөд түлхүүр тааруулдаг хүнээр эрхлэгчийн хаалгийг нь нээлгүүлээд тогооч, би, Х************ийн ээж, аав бид орсон.
Тухайн үед тогооч эрхлэгчтэй спикерээр ярьж байсан болохоор би сонсож байгаад кодыг нь хийгээд яаж шүүхийг нь аав, ээжид нь зааж өгөөд анги руугаа орсон. Тэгээд удалгүй болохгүй байна гээд намайг дуудсан ба би ч гэсэн орж үзэхэд болохгүй байсан тул эрхлэгчид хэлсэн. Уг нь өдрөө сонгохоор гарч ирдэг байсан харин тухайн өдөр өдрийг нь сонгоход гарч ирэхгүй байсан тэгэхээр нь би тогооч болон Х************ийн ээж, аавд нь болохгүй байгаа талаар нь хэлээд ангидаа орсон. Тэгээд хүүхдүүдээ унтуулчихаад эргээд очиж уулзахад аав ээж нь явчихсан байсан харин удалгүй эрхлэгч ирсэн тухайн өдөр ийм асуудал болсон юм....” гэсэн мэдүүлэг. /хэргийн 108 дахь тал/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 26 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт:
“1. 2024.01.02-ны өдрийн 841 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна.
2.3. Т.Х************ийн биед тархи доргилт, хоёр бугалга, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл учирчээ.
4. Т.Х************ийн биед учирсан дээрхи цус хуралт гэмтэл нь эмнэлзүйн шинж илэрсэн, биеийн нийт гадаргуугийн 1 хувь хүрэхгүй цус хуралт байна.
5. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл биш
6.7. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.
8. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
9. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 58-59 дэх тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт. /хэргийн 62-63дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“1. Т*************ий Х************ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан стресст үзүүлэх айдас түгшилтийн хариу урвалын шинжүүд илэрч байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэсэн дүгнэлт /хэргийн 129-132 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудаар
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э************ нь 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж*************таун хотхоны Ж*********** цэцэрлэгт багшийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бага насны хохирогч Т.Х************ийг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж хохирогчийн биед нь тархи доргилт, хоёр бугалга, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2. Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.Э************ нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас бага насны хохирогч Т.Х************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Э************гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Бага насны хохирогч Т.Х************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 113 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт бага насны хохирогч Т.Х************ийн хууль ёсны төлөөлөгчөөс нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 15,000,000 төгрөг нэхэмжилсэн байх ба уг хохирлыг шүүгдэгч Д.Э************ нь төлж барагдуулсан.
Хохирогчийн төрсөн эх болох М.Б********* нь “хохирлын нөхөн төлбөрт 15,000,000 төгрөг авсан, Цаашид гомдол саналгүй” гэсэн баримт гаргаж өгсөн байна.
Иймд шүүгдэгч Д.Э************гаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Э************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Э************д анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учирсан хор уршиг болох 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
2.3. Бусад асуудал
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Э************ баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Д.Э************д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “асран хамгаалах үүрэг бүхий туслах багшийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч М*********** овогт Д************ын Э************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э************г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э************ нь торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э************д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.Э************ баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ