| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2024/0536/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/217 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/217
2025 01 20 2025/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч Б.И нарыг оролцуулан эрүүгийн 2302 00533 0184 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, Б. И ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.И нь 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .............. тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол буюу “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 46.4 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И мэдүүлэхдээ “...Би гэм буруугаа хүлээж байгаа. Донтолтод орсон бол надад хэцүү байх байсан байх. Надад дахиад нэг хэрэг байгаа. Би байцаалт өгөхдөө, прокурор дээр байхдаа хэргээ нэгтгэх тухай хүсэлтээ гаргасан. Тэгээд хэргийг маань нэгтгээгүй одоо хүртэл ингэж яваад эрх зүйн байдал маань дордоод байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Харамсаж байна.” гэжээ.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, эд зүйл, эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрч Н.А , Б.Х , Ц.М нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4124 дугаартай дүгнэлт, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3145 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3144 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Б.И ийн мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын 505 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурьдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Б.И :
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх байр суурьтайгаар оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.И нь 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .............. тоотод 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хийсэн нэгжлэгийн явцад эд мөрийн баримтаар хураан авсан /Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 35 тогтоолоор Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 3145 дүгнэлтээр “... “Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн ургамал мэт зүйлээс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Шинжилгээнд илэрсэн бодис дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно.” (1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дахь тал), мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 3144 дүгнэлтээр “... “Б.И ” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. ... “Б.И ” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илрэв. ...Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцид багтдаг болно.” (1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дэх тал) гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын хуулиар хориглосон өвс гэх нэршилтэй 46.4 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал), хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал),
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Уг хэрэг болсон гэх газар нь ногоон өнгийн сараалжан төмөр, хашаа байх ба урд талдаа 040 хаалгатай байв. Уг хашаагаар ороход бор өнгийн бие засах нойл байх ба хажууд нь цагаан өнгийн, шар өнгийн гэр байв. Уг гэр цоожтой байв. Түүний хажууд өндөр саглагар мод байх ба тус модны хажууд цаад хашааны айлын байшингийн дээвэр дээрээс ногоон өнгийн өвс байх ба гадуураа цагаан өнгийн ууттай зүйл байв. Уг зүйлийн гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Хэргийн газраас хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл илрээгүй болно.” (1 дүгээр хавтаст хэргийн 18-21 дэх тал), Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Тестийн савны 2 талын нийт 10 ширхэг баганын THС хэсэгт 1 ширхэг улаан зураас гарч байгаа нь Б -н И (.............. ) нь урьдчилсан байдлаар тестний үр дүнд байрлуулсан 10 төрлийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын үр дүнгээс ТНС мансууруулах бодис хэрэглэсэн байна гэж байгааг тэмдэглэлд тусгав. Шээсний дээж авсан савыг хаяглан битүүмжлэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. Тестээр үзсэнээс хойш 3 минутын дараа тестийн үр дүнг гар утасны камер ашиглаж гэрэл зураг авч бэхжүүлсэн болно.”, “...Б.И -г Мөрдөн байцаах албаны өрөөнд 00 өрөөнд дагуулан орж, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /МОР, МЕТ, КЕТ, НЕR, AMP, THC/ мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх зориулалт бүхий “Multi-Drug Screen Test Cup” тест ашиглах талаар танилцуулж, тестны битүүмжлэлийг харуулан задалж, тестийг өгч, шалгуулахад “татгалзах зүйл байна уу” гэж асуухад татгалзах зүйл байхгүй гэснээр ЭХХШтХ-ийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10 дугаар багананд 2 улаан зураас тодорч СӨРӨГ, 5 дугаар багананд 1 улаан зураас ЭЕРЭГ гэж заасан болохыг тэмдэглэлд тусгаж, Б.И -н шээсийг хаяглаж, битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Ш.Ш.Е.Г-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов. Ажиллагааны явцад Айфоне-11 загварын гар утсаар 36 сек минутын дүрс бичлэг, 3 кадр гэрэл зураг авч бэхжүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэглэлийг оролцсон Б.И -т уншуулж, танилцуулан гарын үсэг зуруулав.” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 25, 83-85 дэх тал), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан дээрх ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 35 тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал)-оор хүчинтэйд тооцсон байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Дугаар 4124 дүгнэлтээр “... “ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “И .............. ” гэж хаягласан шээсний дээж, “М .............. ” гэж хаягласан шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дахь тал), мөн хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд болох хэргийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “...2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн .............. тоотод үзлэг хийсэн хураан авсан өвс мэт зүйлийг ШШЕГ-т хүргүүлж 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3145 дугаартай дүгнэлтээр тетрагидроканнабинол /delta-9/ илэрсэн байх тул эд мөрийн баримтаар тооцсугай.” (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 505 дугаартай дүгнэлтээр “...Б.И нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ... Б.И нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Б.И нь мансууруулах болон сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...Б.И нь болсон явдлыг зөв тусган мэдүүлэг өгөх чадвартай байна. ... Б.И нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дэх тал),
Гэрч Н.А мэдүүлсэн “... би байшингийн дээвэр лүү өвс шидээгүй. Хэн шидсэнийг мэдэхгүй ... намайг гэрт байхад тэр гурав муудалцаад байсан шүү дээ ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас),
Гэрч Б.Х мэдүүлсэн “... 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн өгсөн мэдүүлэг... И , М хоёр хоёулаа өвс хэрэглэдэг байсан. Цагдаа дууддаг өдөр тэр хоёрыг боль гээд хэлэхэд хашааны гадаа гараад нууцаар татаад байсан. Тэр өвс И ийн өвс байгаа юм. И өвсөө Эрдэнэтээс очиж авдаг. Би И ийг 1 жил гарангийн өмнөөс мэддэг болсон. И өд дандаа өвс байдаг. Түүнийгээ Эрдэнэтээс авч ирсэн гэдэг. И өөрөө Эрдэнэт хотынх юм. Хэрэг болдог өдөр би цагдаагийн байгууллагад зодуулсан гэж дуудлага өгөөд цагдааг ирэхэд Мөнх-Эрдэнэ, И хоёрыг өвс хэрэглэдэг гэдгийг нь хэлсэн. Тэгээд баахан цагдаа нар ирээд өвсийг нь хайгаад олохгүй байхаар нь гэрт дотор хайгаад олохгүй бол дээвэр дээр гараад үзчих гээд хэлсэн чинь дээвэр дээрээс И ийн өвсийг олсон. Ингээд цагдаа дээр ирээд цагдаагийн гадаа сууж байхдаа И бид нарын өвс биш гэж хэлээрэй гээд байсан. Тэгээд би биш гэж хэлээгүй. Цэнхэр ууттай өвс байж байгаад цагаан ууттай өвс болсон байна гэж хэлсэн. Тэр өвс угаасаа цагаан ууттай байсан юм. Би уутных нь өнгийг худлаа хэлсэн юм. Тэгээд би цагдаа дээрээс өөр тийшээ явсан. Ингээд маргааш нь уулзахад И тэр өвсийг бүгдийг нь мэдэхгүй, биднийх биш гэж хэлээрэй гээд байсан... би өвс хэрэглэдэггүй ... надад өвс байгаагүй ... тэр өвс Б.И ийн өвс байсан ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас),
Гэрч Ц.М мэдүүлсэн “... 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн өгсөн мэдүүлэг... 2023 оны 7 дугаар сарын эхэн үеэр яг өдрийг нь санахгүй байна. Би Увс руу явж ажил хийж байгаад Хөвсгөлөөр яваад Эрдэнэт гэртээ ирээд байж байгаад Улаанбаатар хот руу замын унаанд сууж ирсэн. Улаанбаатар хотод ирээд нэг хоноод байж байтал найз И хорооллын эцэст хүрээд ирээч гэж чат бичээд уулзсан. И тэй уулзаад сонин сайхан ярилцаад сууж байгаад бичлийн байрны дунд модтой саадад очоод дэлгүүрээс хоёр пиво аваад пиво уунгаа И ийн гаргаж ирсэн өвсийг сорсон. Тэгээд И өөс хаачих вэ? гээд асуусан чинь мань энд найз охинтойгоо буудал авчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд буудалд нь очиход И ийн найз охин А ганцаараа орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд дахин дэлгүүр орж пиво аваад ууж байгаад унтаж амарцгаах уу? гээд байж байтал шөнийн 03-04 цагийн үед И ийн утас дугараад утсаа авахад Х гэх охин яриад хаана байгаа юм бэ? Гэж асуусан. Тэгээд ирэхээр болоод уух зүйл авч ирээрэй гэж хэлээд тасалсан. Тэгээд удалгүй Х пиво авч орж ирсэн. Тэгээд би Х гэх охинтой танилцсан. Тэр буудалд 4 хоносон санаж байна. Буудалд байхдаа И , Х бид гурав өвс хэрэглэсэн. А бол хэрэглээгүй. Тэгээд ингэж буудалд байж байхаар байр түрээслэхээр болоод зар харж байгаад түрээсийн байр олсон. Зурагтад түрээслэх байран дээрээ очоод пиво ууцгаасан. Тэгээд хэрүүл маргаан болоод Х цагдаа дуудсан. Энэ үед би И ийг нөгөө өвсөө хаяараарай гэж хэлчхээд Х гийн араас гараад явсан. Х гудамжинд үхнэ гээд айлгаад байхаар нь зууралдаж байгаад гэрт буцаж орж ирээд нөгөө өвсөө хаясан уу? гээд И өөс асуухад А аар хаяулсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас), шүүгдэгч Б.И ийн яллагдагчаар мэдүүлсэн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцлаа. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Би цагдаагийн байгууллагад ирээгүй алга болсон нь үнэн. ...Тэр байранд амьдрахаар түрээсийн гэрээ хийж амжаагүй байсан. Тэр байрнаас олдсон өвс минийх байгаа юм. Тэр өвсийг хорооллын Фламинго нэртэй бааранд зөөгч хийж байхдаа үл таних хүнээс авсан. Би одоо тэр хүнийг хараад танихгүй. ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй, хангалттай бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах үйл ажиллагааг хориглоно гэсний 13.1.6 дахь заалтанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх, 13.1.8 дахь заалтанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр ...хадгалах гэж хуульчилжээ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтанд "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заажээ.
Шүүгдэгч Б.И ийн биед үзлэг хийхдээ мөрдөгч үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авч, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж, тэмдэглэл үйлдэн, битүүмжлэн хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасныг баримталсан, прокурорын тогтоолоор энэхүү ажиллагааг хүчинтэйд тооцсон байх тул нотлох баримтаар үнэлж, дүгнэх боломжтой байна. Үзлэгийн үед хураан авч эд мөрийн баримтаар тооцож бэхжүүлсэн “өвс” гэх нэршилтэй бодис нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 3145 дүгнэлтээр “... “Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн ургамал мэт зүйлээс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Шинжилгээнд илэрсэн бодис дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт хийгдсэн байна.
Монгол Улс нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-д нэгдэн орсон, Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил хүчинтэй олон улсын эрх зүйн баримт бичигт тусгагдсанаар сэтгэцэд нөлөөт бодист тооцогдсон энэ төрлийн бодисыг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасан зорилгоор зөвхөн тусгай зөвшөөрөлтэйгээр хадгалах, ашиглах, хэрэглэх зэргийг зөвшөөрсөн байна. Иймд шүүгдэгч Б.И нь худалдаалах зорилгогүйгээр дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай бодисуудыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдэл нь хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч Б.И нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.И ийн хувьд дээрх бодисуудыг бусдад дамжуулсан, худалдан борлуулсан болон борлуулах гэсэн аливаа сэдэлт, санаа, зорилго тогтоогдоогүй байх тул түүнийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.И өд холбогдох эрүүгийн 2302 00533 0184 дугаартай хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Б.И ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.И ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.И ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учруулсан хохирол тогтоогдохгүй байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид заавал шаардахгүй юм. Монгол Улсад хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь хүний уураг тархи, төв мэдрэлийн тогтолцоонд шууд нөлөөлж, допамины хэмжээг эрс нэмэгдүүлж, адреналиныг ихэсгэж, донтох эмгэг үүсгэдэг хүний биеэ барих чадварыг алдагдуулдаг, тархины эд эсийг үхжүүлж, хэвийн бодох сэтгэх үйл ажиллагааг доголдуулдаг, хэрэглэх тусам донтох үйлчилгээ нь тэлж, бие махбодийг хамрах хүрээ нь өргөжиж сэтгэцийн эмгэг үүсгэх аюултай байдлаар энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж илрэх бөгөөд мөн бусдыг мансууралд уруу татах, бусдад өгч хэрэглүүлэх замаар хэрэглэгчдийн хүрээг тэлж нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зэргээр энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж нь тодорхойлогдоно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.И өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.И ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэдийгээр шүүгдэгч Б.И нь урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан (1 дүгээр хавтаст хэргийн 191 дэх тал), энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж гэмт үйлдлээ үргэлжлүүлж удааширсан гэмт хэрэг үйлдэж байгаа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Харин шүүгдэгч Б.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.И өд хорих ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын сонгох төрлөөс хорих ялыг сонгон оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.И өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэхүү хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Б.И нь эрүүгийн 2302 00533 0184 дугаартай хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхийн шатнаас оргон зайлсан тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 2024/ШЗ/1266 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахаар шийдвэрлэж, мөн тус шүүхийн 2024 оны 10 дугаар дугаар сарын 10-ний өдрийн Дугаар 2024/ШЗ/1641 захирамжаар хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахаар шийдвэрлэж тус тус эрэн сурвалжлах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд даалгаж, мөн тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №1/679, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №1/985 тус тус албан тоотоор шүүгчийн захирамжийг хүргүүлсэн байна. Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №10з/15104 албан тоотоор “...Таны 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1266 дугаартай захирамжаар шүүгдэгч Б.И (рд:.............. )-ыг эрэн сурвалжилж олж тогтоон 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгсөн болохыг үүгээр мэдэгдье” гэх албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 248 дахь тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар 2024/ШЗ/1998 Хэргийг түдгэлзүүлснийг сэргээх тухай захирамж (1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дахь тал) зэрэг нотлох баримтуудтай танилцахад шүүгдэгч Б.И нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч нийт 58 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.И нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин нь 46.4 грамм жин бүхий “өвс” мэт зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б -н И /РД:.............. /-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И өд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И өд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин нь 46.4 грамм жин бүхий “өвс” мэт зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И ийн цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугй.
6. Шүүгдэгч Б.И нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР