| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 106/2024/0679/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/85 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Ариунтөр, шүүгдэгч Ө.*********, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилцогт, Д.Амаржаргал, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ы *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402000540180 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*********” ХХК-д хангамжийн ажилтан ажилтай, ам бүл 3, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13В дугаар байрны 132 тоотод оршин суух хаягтай, урьд нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, 1 жилийн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, бие эрүүлж, ухаан бүрэн, ********* овогт *********ы ********* /РД: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.********* 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хашаатын 8 дугаар байрны авто зогсоолд байрлуулсан ********* УАА улсын дугаартай “Тоёота 4 Раннер” загварын тээврийн хэрэгсэл дотор 2 ширхэг тариурын хамт нийт 7.4 грамм жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “MDMB-4en-PINACA” бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Ө.*********: “...2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “*********” лоунжид хоёр найзын хамт очсон, тэнд үйлчлүүлж байгаа ганцаараа 00 орсон, 00-н суултуурын хажууд хоёр ширхэг тариуртай шингэн байсныг би авч халаасандаа хийсэн, тэгээд шөнө 01 цагт харьсан, тухайн шингэнийг би цахилгаан тамхинд хийж татна гэж бодож байсан, хийлгүй унтаж амарсан. Тухайн үед өмсөж байсан гадуур хувцсыг 04 дүгээр сарын 09-ний өдөр өмссөн. Манай найзын машины доороос тосол гоожсон байсан, би машиных нь доогуур тонгойж харахад миний цээжинд нэг зүйл тулахаар нь харахад нөгөө тариур байсан, шалавчныхаа доогуур шидсэн, машинаа асаагаад хөдлөхөд цагдаагийн алба хаагчийн ирсэн, тэгээд тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээд ажиллагаа явагдсан. Тухайн үед миний унаж явсан тээврийн хэрэгсэл нь “*********” ХХК-ийн захирлынх, би тухайн компанид уурхайн хангамжийн ажилтан учир гадуур явж бараа цуглуулдаг, тэгэхдээ хаяа компанийн машиныг хэрэглэдэг, гэм буруу дээр маргахгүй, машинд хадгалаагүй, машиныхаа шал руу шидсэн, шалавч нь өндөр учир хажуугаар нь уначихсан. Би сард 1,800,000 төгрөгийн цалинтай, эхнэр ажил хийдэг байсан, одоо ажлаасаа гарсан, сая 10 сард ипотекийн зээл авсан...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Гэрч М.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед би ********* рүү залгаж уулзъя гэж хэлээд бид хоёр Төмөр замын тэнд уулзахаар тохирсон. Ингээд бид хоёр 14 цагийн үед Төмөр замын тэнд уулзсан. ********* ганцаараа машинтайгаа ирсэн ба надад гадуур амжуулах ажил байсан тул *********ий машинтай хамт ажлаа амжуулаад орой 20 цагийн үед Төмөр замын зогсоол дээр миний машиныг асаах гэж ирсэн. *********ий машиныг миний машинд холбож асаасан. Тэгээд байж байсан чинь цагдаагийн алба хаагч нар ирээд *********ийг баривчлаад аваад явсан. ...Тухайн үед *********ий биед болон машинд нь мансууруулах бодис байсныг би мэдээгүй...” /хавтас хэргийн 38-39 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Ө.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 09-ний орой 19 цагийн үед “Ханбүргэдэй” дэлгүүрийн үүдэнд найз *********ий машиныг холбож өгчхөөд машиндаа суугаад хөдлөх гэж байхдаа цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Надад цагдаагийн алба хаагч сайн дураараа гаргаж өгөх мансууруулах бодис байгаа юу гэж асуухаар нь би хоёр ширхэг тариуртай шингэнийг машины жолоочийн суудлын шалавчны хажууд тавьчихсан байгаа гэж хэлээд сайн дураар гаргаж өгсөн. Өөр ямар нэгэн хууль бус эд зүйл байгаагүй.
...Би 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр найз Пүрэвдорж, Энхгал нартай уулзаж “Holiday” зочид буудлын хамгийн дээд давхарт байрладаг “********* лоунж”-д орсон. Тухайн үед би ганцаараа ариун цэврийн өрөө рүү ороход суултуурын хажууд гялгар уутанд хийсэн 2 ширхэг тариурыг олж хараад хэн нэгэн мартаад орхиод явсан байх гэж бодоод шууд халаасандаа хийгээд аваад явсан. Хамт байсан Пүрэвдорж, Энхгал нарт олж авсан юмны талаар яриагүй. ...Би хэрэглэе гэж бодож байсан...” /хавтас хэргийн 76-77 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2248 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн “Ө.********* ********* 2024.04.10” гэж хаягласан хуванцар савтай шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ө.********* ********* 2024.04.10” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” /хавтас хэргийн 49-50 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №2238 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2. Ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг тариуртай шингэнээс MDMB-4en-PINACA илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын” 2 дугаар жагсаалтад багтдаг болно.
3. Шинжилгээнд ирүүлсэн нил ягаан тариуртай шингэний тариуртай үеийн жин 3,5 грамм, улбар шар өнгийн тариуртай шингэний тариуртай үеийн жин 3,9 грамм байна....” /хавтас хэргийн 64-65 дахь тал/ гэсэн,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №387 дугаартай дүгнэлт “...1. Ө.********* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Ө.********* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Ө.********* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4. Ө.********* нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Ө.********* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Ө.********* нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж илрээгүй байна.
7. Ө.********* нь мансууруулах сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” /хавтас хэргийн 49-50 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 19-21 дэх тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 12-16 дахь тал/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухайн тэмдэглэл /хавтас хэргийн 17-18 дахь тал/,
- Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 26-27 дахь тал/,
- Тоёото 4 раннер загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ /хавтас хэргийн 61-67 дахь тал/,
- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 91-98 дахь тал/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтас хэргийн 100 дахь тал/,
- Шүүгдэгч Ө.*********ий хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Буянхишиг, Э.Энхгал нарын мэдүүлэг /хавтас хэргийн 29-30, 35-36 дахь тал/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 101 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 96 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 102 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 105-112 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 113 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 114 дэх тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 115 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Ө.********* 2024 оны 4 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хашаатын 8 дугаар байрны авто зогсоолд байрлуулсан ********* УАА улсын дугаартай, “Тоёота 4 Раннер” загварын тээврийн хэрэгсэл дотор хоёр ширхэг тариурын хамт нийт 7.4 грамм жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “MDMB-4en-PINACA” бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хэрэгт авагдсан гэрч М.*********ий: “...Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед би ********* рүү залгаж уулзъя гээд бид хоёр Төмөр замын тэнд уулзахаар тохирч, тэнд уулзсан. ********* ганцаараа машинтайгаа ирсэн ба надад гадуур амжуулах ажил байсан тул *********ий машинтай хамт ажлаа амжуулаад орой 20 цагийн үед Төмөр замын зогсоол дээр миний машиныг асаах гэж ирсэн. *********ий машиныг миний машинд холбож асаасан. Тэгээд байж байхад цагдаагийн алба хаагч нар ирээд *********ийг баривчлаад аваад явсан. ...Тухайн үед *********ий биед болон машинд нь мансууруулах бодис байсныг би мэдээгүй...” /хавтас хэргийн 38-39 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Ө.*********ий: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 09-ний орой 19 цагийн үед “Ханбүргэдэй” дэлгүүрийн үүдэнд найз *********ий машиныг холбож өгчхөөд машиндаа суугаад хөдлөх гэж байхдаа цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Цагдаагийн алба хаагч надад сайн дураараа гаргаж өгөх мансууруулах бодис байгаа юу гэж асуухаар нь би 2 ширхэг тариуртай шингэнийг машины жолоочийн суудлын шалавчны хажууд тавьчихсан байгаа гэж хэлээд сайн дураар гаргаж өгсөн. Өөр ямар нэгэн хууль бус эд зүйл байгаагүй. ...Би 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр найз Пүрэвдорж, Энхгал нартай уулзаж “Holiday” зочид буудлын хамгийн дээд давхарт байрладаг “********* лоунж”-д орсон. Тухайн үед би ганцаараа ариун цэврийн өрөө рүү ороход суултуурын хажууд гялгар уутанд хийсэн 2 ширхэг тариурыг олж хараад хэн нэгэн мартаад орхиод явсан байх гэж бодоод шууд халаасандаа хийгээд аваад явсан. Хамт байсан Пүрэвдорж, Энхгал нарт олж авсан юмны талаар яриагүй. ...Би хэрэглэе гэж бодож байсан..” /хавтас хэргийн 76-77 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2248 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “Ө.********* ********* 2024.04.10” гэж хаягласан хуванцар савтай шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ө.********* ********* 2024.04.10” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” /хавтас хэргийн 49-50 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2024 оны №2238 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг тариуртай шингэнээс MDMB-4en-PINACA илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын” 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн нил ягаан тариуртай шингэний тариуртай үеийн жин 3,5 грамм, улбар шар өнгийн тариуртай шингэний тариуртай үеийн жин 3,9 грамм байна....” /хавтас хэргийн 64-65 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 19-21 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 12-16 дахь тал/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 26-27 дахь тал/, “Тоёото 4 раннер” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ /хавтас хэргийн 61-67 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүйн дээр тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Ө.********* нь ********* УАА улсын дугаартай, “Тоёота 4 Раннер” загварын тээврийн хэрэгсэл дотор хоёр ширхэг тариурын хамт нийт 7.4 грамм жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “MDMB-4en-PINACA” бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ө.*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
2. Шүүгдэгч Ө.*********ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутайд этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар заасан бөгөөд шүүгдэгч Ө.********* гэмт хэрэг үйлдэхдээ буюу тухайн үед өөрөө унаад явж байсан ********* УАА улсын дугаартай, Тоёота 4 Раннер загварын тээврийн хэрэгсэл дотор хоёр ширхэг тариурын хамт нийт 7.4 грамм жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “MDMB-4en-PINACA” бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан, цагдаагийн алба хаагч нарыг очиход тээврийн хэрэгслээс тухайн хоёр ширхэг тариур хураагдсан болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 19-21 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 12-16 дахь тал/, шүүгдэгч Ө.*********ий мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдох бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ тухайн тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй.
“Тоёота 4 Раннер” загварын ********* УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь А.Төрбаяр гэх хүний нэр дээр бүртгэлтэй байх тул тээврийн хэрэгслийн үнэ болох 116,963,000 /хавтас хэргийн 61-67 дахь тал/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.
Эрүүгийн 2402000540180 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2 хоёр ширхэг тариуртай шингэн /тариуртай үеийн жин 3.5 грамм болон 3.9 грамм/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Ө.********* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас ...шүүгдэгч нь хоёр ширхэг тариурын хамт нийт 7.4 грамм жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “MDMB-4en-PINACA” бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ********* УАА улсын дугаартай, Тоёота 4 Раннер загварын тээврийн хэрэгсэлд хадгалаагүй, өөртөө, биедээ хадгалж байсан, цагдаагийн алба хаагчийг ирэхэд тээврийн хэрэгслийн багажний хэсэг рүү шидсэн гэж мэтгэлцэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүйн дээр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 19-21 дэх тал/-ээр няцаагдаж байгааг тэмдэглэж байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********ы *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********ы *********ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*********д шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*********ээс 116,963,000 /нэг зуун арван зургаан сая, есөн зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн 2402000540180 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2 хоёр ширхэг тариуртай шингэн /тариуртай үеийн жин 3.5 грамм болон 3.9 грамм/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн 2402000540180 дугаартай хэрэгт сиди ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.********* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.*********д авсан хувийн баталгаа гаргах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэр болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР