| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/149 |
| Огноо | 2025-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/149
2025 01 13 2025/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
улсын яллагч Л.Наранхүү,
хохирогч А.Н,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн эрүүгийн 2406 03691 3694 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаарЛ.Н сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... тоотод А.Н-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогчийн толгойн тус газар архины шилээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зулайн хуйханд шарх, 2 бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн гарын 2 хурууны өндөг хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч А.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Энэ үйл явдал болсон өдрийн өмнөх өдөр би багийнхаа найзтай уулзсан. Манай багийн найз гадаад улсаас ирээд удаагүй байсан учраас бид хоёр бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд гэртээ харих гэхэд манай найз надад хандаж “согтуу байгаа юм чинь гэр лүүгээ яваад яах юм бэ” гэж хэлээд найзынхаа танилынд очсон. Би тэр айлын хүмүүсийг зүс таних төдий л мэднэ. Тэр айлд очиход тэнд байсан хэсэг хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байцгааж байсан. Манай найз бид хоёр бага зэргийн архи уусан тодорхой хэмжээнд халаалттай байсан учир тэнд архи ууж байгаа хүмүүстэй хамт архи ууж суусан. Хамт архи уугаад сууж байх хугацаанд Б.М гэх энэ эмэгтэйн багийн найз “нохой .... ” гэх хүн нь намайг маш их доромжилсон. Намайг доромжлоод байсан учраас би нохой .... гэх хүнтэй хэрэлдсэн. Намайг нохой .... гэх хүнтэй хэрэлдэж байхад Б.М гэх энэ эмэгтэй дундуур орж ирээд хэрүүл өдөж миний дух хэсэгт ширээгээр хатгасан. Миний духанд сэрээ зоодог өдөр цагдаа ирсэн би цагдаад гомдол саналгүй гэж хэлээд дуудлагаар ирсэн цагдаад явуулсан. Би ямар учиртай гомдол саналгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлсэн бэ гэвэл би өөрөө ч согтууруулах ундааны зүйл хэрэглээд хэрүүл маргаан хийсэн учир цагдааг явуулсан. Би найзынхаа гар утсыг аваад явсан байсан учир маргааш өдөр нь найзынхаа гар утсыг өгөх гэж нөгөө газраа дахиж очсон. Би маргааш өдөр нь Б.М д хандаж “чи яагаад заавал миний духанд сэргээгээр гэмтэл учруулсан юм бэ. Би чинь эмэгтэй хүн сорви үлдээд муухай биз дээ” гэж ууртай хэлсэн. Үүнээс болж бид хоёрын дунд дахин хэрүүл маргаан үүссэн, энэ эмэгтэй миний толгой руу чихрийн тавгаар цохисон, миний хөл, гар хөхөрсөн, хавдсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 00 цаг 43 минутад .... дугаараас “намайг зодчихлоо” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 9/, хохирогч А.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 9 цагийн орчим найз Б гийн хамт ...... тоотод Б гийн найз гэх хүнийд очсон. Очтол 7 хүн байсан. Тухайн хүмүүс архи ууж байсан. Би тухайн айлд орж ирэхдээ өөрийн худалдаж авсан нүдний шил, пүүз хоёроо авч ирсэн. Тухайн айлд ортол байхгүй болчихсон. Гэтэл удалгүй тухайн айлд байсан хүмүүс миний эд зүйлийг аваад нуусан байсан ба хэсэг хугацааны дараа Б.М гэх эмэгтэй миний эд зуйлийг гаргаж өгсөн. Нохой .... гэх эрэгтэй надад хандаж “чи үхлээ юу ац минь” гэж хэлсэн. Гэтэл цаанаас нь Б.М гэх эмэгтэй босч ирээд архины шил зуухан дээр хагалаад чи миний найзтай ингэж ярихгүй гэж хэлсэн. Тухайн архины шилээр миний биед халдаагүй ба найзыгаа өмөөрөөд уурлаад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг зуухны хажууд зогсож байхад миний дух руу сэрээ зоосон. Удалгүй цагдаа нар орж ирээд Б.М бид хоёрыг дагуулж яваад бид хоёр цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Би тухайн гэмтэл дээр шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тэгээд маргааш нь гэртээ унтаж байтал Б над руу залгаад чи найзынхаа утсыг аваад ирээч найз нь нөхөртэйгээ ярих хэрэгтэй байна гэж хэлсэн. Би түүнд утсыг нь аваачиж өгөхөөр ахин ...... тоотод очсон. Очтол манай найз Б их согтолттой байсан. Би очоод архи согтууруулах ундаа хэрэглэсэн ба тухайн үед манай найз Б , гэрийн эзэн гэх Б. унтаж байсан. Тэр хооронд өмнөх өдрийн пүүз, нүдний шилний хэрүүл болоод Б.М гэх эмэгтэй бид хоёр дахин хэрэлдсэн. Нохой .... гэх эрэгтэй над руу дахин уурлаж агсам тавиад байсан. Хэрэлдэж байтал Б.М хүрч ирээд би сувилагч сэхээтэн айлын хүүхэд гэж хэлсэн. Би хариуд нь “Би чамтай ерөөсөө яриагүй” гэж хэлсэн. Гэтэл Б.М босч ирээд чи ямар ядаргаатай юм бэ гэж хэлсэн. Би хариуд нь чиний найз өөрөө надтай хэрүүл өдөөд байна гэж хэлсэн. Б.М над руу уурлаад босч ирээд архины шилээр миний толгой руу нэг удаа л цохисон. Мөн ахиад миний толгой руу тавгаар цохих гээд дайраад байсан. Би цагдаа болон дүүгээ дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7531 дугаартай “А.Н ын биед тархи доргилт, дух, зулайн хуйханд шарх, 2 бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн гарын 2 хурууны өндөг хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/, яллагдагч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Тамирчин 6-38 тоотод найз Б. гийн гэрт нь найзуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед гаднаас Б. гийн найзууд гэх үл таних 25-30 орчим насны 2 эмэгтэй ирэд бид нар нийлж 0,75 литрийн 2 шил архи уусан. Улмаар өөрийгөө Н гэх эмэгтэй нь агсам тавьж маргаан гарсан бөгөөд миний бие гарах гээд гэрийн үүд рүү алхаж байх үед миний араас Н гэх эмэгтэй юм шидээд оноогүй. Тэгээд би зөрүүлээд гэрийн гал тогооны шүүгээний тавцан дээр байсан шаазан аяга авч Н гэх эмэгтэй рүү шидэж толгойг нь онож хагалсан. Улмаар түргэн тусламж дуудаж эмчилгээ хийлгүүлсэн. Уг гэмтлийг миний бие А.Н ын биед учруулсан бөгөөд өөрийн гаргасан гэм бурууг хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/,
Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 45/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Баатар овогтой Мөнхзул /РД:УИ9504264/ нь Мангут эмнэлэгт хөтөч албан тушаалд ажилладаг нь үнэн болно..” гэх Магнут эмнэлгийн тодорхойлолт, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 49,920 төгрөг төлсөн тухай баримт бүхий 4 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.М нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... тоотод А.Н тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогчийн толгойн тус газар архины шилээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зулайн хуйханд шарх, 2 бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн гарын 2 хурууны өндөг хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. хохирол, төлбөрийн тухайд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогч нь цаашид гаргах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Сэтгэл санааны хохирлын тухайд хохирогч А.Н ын сэтгэл санаанд сэтгэцийн эмгэгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Уг зэрэглэлд тогтоогдсон хувь хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр сэтгэл санааны хохирлыг гаргуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.М нь хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... тоотод А.Н тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогчийн толгойн тус газар архины шилээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зулайн хуйханд шарх, 2 бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн гарын 2 хурууны өндөг хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 00 цаг 43 минутад .... дугаараас “намайг зодчихлоо” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 9/, хохирогч А.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би түүнд утсыг нь аваачиж өгөхөөр ахин ...... тоотод очсон. Очтол манай найз Б их согтолттой байсан. Би очоод архи согтууруулах ундаа хэрэглэсэн ба тухайн үед манай найз Б , гэрийн эзэн гэх Б. унтаж байсан. Тэр хооронд өмнөх өдрийн пүүз, нүдний шилний хэрүүл болоод Б.М гэх эмэгтэй бид хоёр дахин хэрэлдсэн. Нохой .... гэх эрэгтэй над руу дахин уурлаж агсам тавиад байсан. Хэрэлдэж байтал Б.М хүрч ирээд би сувилагч сэхээтэн айлын хүүхэд гэж хэлсэн. Би хариуд нь “Би чамтай ерөөсөө яриагүй” гэж хэлсэн. Гэтэл Б.М босч ирээд чи ямар ядаргаатай юм бэ гэж хэлсэн. Би хариуд нь чиний найз өөрөө надтай хэрүүл өдөөд байна гэж хэлсэн. Б.М над руу уурлаад босч ирээд архины шилээр миний толгой руу нэг удаа л цохисон. Мөн ахиад миний толгой руу тавгаар цохих гээд дайраад байсан. Би цагдаа болон дүүгээ дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7531 дугаартай “А.Н ын биед тархи доргилт, дух, зулайн хуйханд шарх, 2 бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн гарын 2 хурууны өндөг хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/, яллагдагч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би зөрүүлээд гэрийн гал тогооны шүүгээний тавцан дээр байсан шаазан аяга авч Н гэх эмэгтэй рүү шидэж толгойг нь онож хагалсан. Улмаар түргэн тусламж дуудаж эмчилгээ хийлгүүлсэн. Уг гэмтлийг миний бие А.Н ын биед учруулсан бөгөөд өөрийн гаргасан гэм бурууг хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Б.М ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч А.Н ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Мөн шүүгдэгч Б.М нь хохирогч А.Н ын нүүрэн тус газарт шаазан чихрийн таваг авч шидсэн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, дух, зулайн хуйханд шарх, 2 бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн гарын 2 хурууны өндөг хэсгийн зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.М ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт компьютер томографикт үзүүлнэ гэх боловч энэ талаар баримтаа гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч А.Н ын сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99% дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 3,300,000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авсан ба 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч А.Н ын Хаан банкны ... дугаарын дансанд 3,300,000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн шилжүүлгийн мэдээлэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч А.Н нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.М аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүхээс шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.М нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлоо төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх блон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.М д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.М нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Хохирогч А.Н нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.М аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО