2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/278

 

 

 

 

 

 

 

 

  2025        01         23                                     2025/ШЦТ/278

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,  

улсын яллагч П.Итгэл /томилолтоор/,

орчуулагч Х.Бе,

шүүгдэгч Х.Б , түүний өмгөөлөгч Ж.Иманмагзам нарыг оролцуулан 2403 0035 50449 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Х-н Б , регистрийн дугаар ................., Монгол Улсын иргэн, ам бүл 5, ................ хамт, Баян-Өлгий аймаг, .................тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б  нь 2024 оны 6 дугаар сарын 01-ны өдрийн 00 цаг 24 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мөнгөн завьяа худалдааны төвийн урд замд УАЗ Фургон маркын 00-00 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч А.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээж байна.” гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч А.Ц, гэрч М.Х нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 7416 дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 141 дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 143 дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №640 дүгнэлт, жолоодох эрхийн лавлагаа, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 1005 магадлагаа, шүүгдэгч Х.Б  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 2024/ШЗ/1303 захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 1030 магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн хугацаанд хийж гүйцэтгэн прокуророос 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 446А яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүгдэгч Х.Б  нь шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн байр суурийг нь дэмжиж оролцсон байна.

Шүүгдэгч Х.Б  нь 2024 оны 6 дугаар сарын 01-ны өдрийн 00 цаг 24 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мөнгөн завьяа худалдааны төвийн урд замд УАЗ Фургон маркын 00-00 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч А.Ц ын биед баруун өвдөгний жийргэвч мөгөөрсний урагдал, баруун өвдөгний булчингийн хальсны урагдал, дух, хацрын төвгөр, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугуй, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-10 дахь тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дахь тал),

Хохирогч А.Ц  мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 01-ны өдөр 00 цаг 20 минутын орчимд найзтайгаа уулзчихаад Мөнгөнзавъяагийн автобусны буудал дээр явган хүний зам дээр автобус хүлээгээд унадаг дугуйгаа зүүн талдаа бариад зогсож байсан. Зүүн талаас баруун чигт явж байсан T.Prius маркын тээврийн хэрэгсэл бултаж амжихааргүй хурдтай ирж мөргөсөн. Цочролд орсон байдалтай баруун хөл алхаж явж чадахааргүй зовиуртай байсан. Мөргүүлсэн газраасаа 2, 3-н алхмын зайтай сууж түргэн тусламжийн машин хүлээсэн. ...Нүүр зүүн хэсэгт зулгаралт үүссэн, 2 гарт шалбархай, баруун, зүүн хөл бүтэн гишгэж чадахгүй баруун хөл зүүнээсээ илүү хавдсан. Баруун хөлний үений шингэн алдсан гэсэн тодорхой нэршлийг нь сайн мэдэхгүй байна. Зүүн хөл зовиуртай байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Гэрч М.Х  мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 01-ны оройны 00 цаг 20 минутын орчимд зүүнээс баруун чигт Мөнгөнзавьяагийн урд нэгдүгээр эгнээнд 50км/ц орчмын хурдтай явж байсан. Гэнэт 2 дугаар эгнээнд явж байсан фургон маркын автомашин баруун дараад ороод ирсэн. Зүүн урд талаараа мөргөлдөж баруун тийш ханарсан. Тормозоо гишгээд урд хоёр дугуй бродюр мөргөөд буудчихсан. Гулссаар байгаад цаашаа дугуйтай цаашаа хараад зогсож байсан хүнийг мөргөсөн. Би машинаасаа буугаад нөгөө хүүхэд дээр очоод шатан дээр суулгасан. Тэгээд би түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нөгөө фургоны жолооч дээр очоод тэнд бүүр хүн мөргүүлчихлээ шүү дээ яаж байгаа юм бэ та гэхэд ах нь мэдэхгүй байна гэсэн. Та үнэхээр баруун эргэх гэж байгаа бол баруун эгнээгээрээ явж байгаад эргэж болно шүү гэхэд мэдэхгүй байна гээд дуугарахгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 7416 дүгнэлтэнд “...А.Ц ын биед баруун өвдөгний жийргэвч мөгөөрсний урагдал, баруун өвдөгний булчингийн хальсны урагдал, дух, хацрын төвгөр, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугуй, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дахь тал),

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 141 дүгнэлт (хавтаст хэргийн 57-64 дэх тал),

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 143 дүгнэлт (хавтаст хэргийн 71-77 дахь тал),

Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №640 дүгнэлт (хавтаст хэргийн 87-94 дэх тал),

Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 129 дэх тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 1005 магадлагаа “...УАЗ маркын 00-00 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ. гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 108-109 дэх тал),

Шүүгдэгч Х.Б  яллагдагчаар мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 01-ны өдөр 00 цагийн үед Мөнгөн завьяагийн урд зам дээр зам тээврийн осол гаргасан. Хоёрдугаар эгнээгээр явж байгаад нэгдүгээр эгнээ рүү орох үедээ машин мөргөсөн мөргөсөн машин маань дугуйтай байсан хүнийг мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 200 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж, үнэлж, дүгнэв.

Шүүгдэгч Х.Б  нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэснийг зөрчсөний улмаас М.Х гийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 00-00   ДОА улсын дугаартай Т.Приус маркын тээврийн хэрэгслийг мөргөж улмаар хохирогч А.Ц ыг 00-00   ДОА улсын дугаартай автомашин нь мөргөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Х.Б  нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

Шүүгдэгч Х.Б ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Х ийн 00-00  ДОА улсын дугаартай Т.Приус маркын тээврийн хэрэгсэлд 5.868.500 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирогч А.Ц нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжигдсэн эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан талаарх баримт хэрэгт авагдаагүйг дурьдах нь зүйтэй.

            Хохирогч А.Ц  нь “...Энэ өдрөөс одоог хүртэл гарсан миний хувийн зүгээс гарсан, хэвтрийн дэглэмтэй ажилгүй байх хугацааны болон цаашид эмчилгээний зардал 5.000.000 нэхэмжилснийг жолооч Б  төлж барагдуулж өгсөн” гэх хүсэлт (хавтаст хэргийн 141 дэх тал), хохирогч А.Ц т 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 143 дахь тал), иргэний нэхэмжлэгч Г.Х д 5.868.500 шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 141 дэх тал), хохирол барагдуулсан акт (хавтаст хэргийн 205 дахь тал) зэрэг баримтууд авагджээ.

            Шүүгдэгч Х.Б  нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Х.Б  нь урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Х.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Х.Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч Х.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Х.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х-н Б , /РД:................./-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Х.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б д оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

7. Шүүгдэгч Х.Б  нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР