Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0762

 

 

                                    

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Э**** *******" ХХК

Хариуцагч: Монголбанк,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н**********, М.Н*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэлийн шаардлага: “Муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хасахаас татгалзсан Монголбанкны 2021 оны 10 дугаар сарын **-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” Б-**/*** тоот албан бичиг хууль бус болохыг тогтоолгох, уг муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хассан шийдвэр гаргахыг Монголбанканд даалгах”

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Э**** *******" ХХК нь 2000 онд байгуулагдсан бөгөөд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуй нэгж юм. Дотоодын компаниудын үйл ажиллагаа явуулах санхүүгийн үндсэн эх үүсвэрийн голлох байр суурийг арилжааны банк, санхүүгийн байгууллагууд эзэлдэг гэдэгтэй маргах хүн цөөн.

Энэ ч үүднээсээ арилжааны банкнаас зээл авах, зээлийн эргэн төлөлт хамтын ажиллагааны итгэлцлийг удаан хугацаанд хадгалах нь бизнес хэвийн явагдах үндсэн нөхцөл гэж үзэн үйл ажиллагаандаа урьтал болгосоор өнөөдрийг хүрсэн юм.

Гэвч харилцагч арилжааны банкнаас манай компанийн нэр дээр муу ангилал бүхий зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй талаар бидэнд мэдэгдсэн юм. Манай компани болон бидэнтэй хамаарал бүхий компаниуд арилжааны банкнуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд саяхныг хүртэл буюу 2021 оны ** сарын **-ны өдрийн байдлаар зээл судлуулахад энэхүү мэдээлэл огт байгаагүй болно.

Уг муу ангилал бүхий зээлийн мэдээлэл нь хэдийд үүссэн, ямар зээл болохыг судлан үзвэл 2001 оноос Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн алт хөтөлбөрийн хүрээнд олон улсын зах зээл дээр үнэт металлын арилжаанд оролцсонтой холбоотой үүссэн гэх тоон дүнгүүд байгаа юм. Монгол банк олон улсын зах зээлд өдгөө барагцаагаар 20-иод жилийн өмнө явуулсан үйл ажиллагааныхаа үр дагаврыг дотоодын компанид үүрүүлэх, тэдний нэр дээр авлага хэлбэрээр бүртгэл үүсгэчихээд түүнийгээ төлөх ёстой төлбөр мэтээр асуудалд хандаж байгаа нь бүдүүлэг хэрэг гэж үзэж байна. Энэхүү төлбөр гээд байгаа тоон дүнгүүд нь ямар нэгэн зээл, төлбөрийн үүрэг огтоос биш юм. Манай компани Монгол банкнаас огт зээл авч байгаагүй, ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээж байгаагүй болно.

Тэрчлэн уг асуудал нь өдгөө Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа буюу талуудын дунд үүсээд байгаа маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй, үүрэг хүлээх этгээд тодорхойгүй байгаа юм.

Гэтэл Монголбанк өөрт байгаа эрх мэдэл, боломжоороо далайлган зээлийн мэдээлэлд уг маргаантай асуудлын тоон дүнг үндэслэлгүйгээр мэдээллийн санд байршуулах замаар манай компанид шахалт, дарамт үзүүлэх, нөгөө талаар манай компанийн зээлжих зэрэглэлийг санаатайгаар зориуд унагаж байгаа хууль бус үйлдэл гэж харж байна. Уг асуудал нь зээлийн мэдээллийн тухай хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангахгүй байх тул уг мэдээллийг залруулж, мэдээллийн сангаас хассан тухай шийдвэр гаргахыг 2021 оны 10 дугаар сарын **-ны өдрийн албан бичгээр хандсан боловч татгалзсан тухай 2021 оны 10 сарын **-ны өдрийн Б-**/*** дугаартай бичгийг бидэнд ирүүлээд байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаартай нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай захирамжийн дагуу нэхэмжлэлд зохих өөрчлөлтийг оруулан дахин үүгээр хүргүүлж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг буюу нэхэмжлэгч компанитай холбоотой төлбөрийн гэх мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас хассан тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Э**** *******" ХХК нь 2000 онд байгуулагдсан бөгөөд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгж юм. Дотоодын хөрөнгө оруулалттай компаниудын нийтлэг тулгардаг бэрхшээл нь санхүүгийн үндсэн эх үүсвэрийг шийдвэрлэх, үүнтэй холбоотойгоор арилжааны банкнуудаас зээл авах, зээлийг эргэн төлөх, зээлийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулах гэдэг бол дотоодын компаниудын зайлшгүй байнга харилцдаг ийм үйл ажиллагаа байдаг. Үүнтэй холбоотойгоор зээлийг эргэн төлөх, зээлийн чанаргүй аль нэг ангилал руу шилжих нь өөрөө бизнесийн үйл ажиллагаа тогтворгүй байдалд хүрэх, бизнесийн үйл ажиллагаа зогсох хэмжээнд очдог ийм үр дагавартай чухал асуудлууд байдаг. Тэгэхээр энэ компанийн хувьд бол компанийн зээлдэгч зэрэглэл гэдэг бол хамгийн өндөрт тавигддаг чухал зүйл юм. Гэтэл Монголбанкны зүгээс 2021 оны 7 дугаар сард зээлийн мэдээлэлд муу ангилал бүхий зээлийн утга бүхий мэдээлэл оруулсан гэдгийг бид харилцагч арилжааны банкнаас олж мэдсэн. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкнаас зээлийн мэдээллийн сан дахь мэдээллийг авахад 7 мэдээлэл ирдэг. Дээрх мэдээллүүдээс 3 нь муу ангилал бүхий мэдээлэл ирдэг. Энэ мэдээллүүд нь А*** **** ХК-аас шилжиж ирсэн авлага гэдэг утга тайлбартайгаар бичигдсэн мэдээлэл ирдэг. Энэ мэдээллийн хүрээнд хэзээ бүртгэгдсэн болон хаанаас гаргаж ямар эх сурвалжаар бүртгэгдсэн талаарх лавлагааг мөн дээрээс нь энэ нь өөрөө ямар нэгэн зээл, төлбөрийн өр бол биш юм. Энэ бол Монголбанктай 2001 оноос 2006 оны хооронд хамтарч ажиллаж байсан хамтын ажиллагааны хүрээнд бий болсон тоон дүнгүүд байна гэж харсан. Харамсалтай нь Монголбанк бол татгалзсан хариу ирүүлсэн. Эдгээрийг ярихаас өмнө тодорхой хэдэн ойлголтуудыг ярих нь зөв байх. Зээлийн мэдээллийн санд мэдээлэл бүрдүүлэх, сангийн мэдээлэлд хяналт тавихтай холбоотой харилцааг бол Зээлийн мэдээллийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг юм байна. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйл дээр зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд гээд 4 дүгээр зүйлийн 4.1.5 дээр заачихсан байна. Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэсэн байна. Өөрөөр хэлбэл энд банк санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа явуулаад чанаргүй бол холбогдох мэдээллийг Монголбанканд нийлүүлнэ гэдэг юм уу. Зээлийн мэдээллийн санд мэдээллийг нь шууд бүртгэх эрхтэй ийм тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд байна гэдгийг зохицуулжээ. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг хэлнэ гэж заасан байна. Тэгэхээр энэ тохиолдолд миний харж байгаагаар мэдээлэл нийлүүлэгч гэдэг нь өөрөө Монголбанк юм байна. Монголбанк бол зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хяналт тавьж оролцдог. Мэдээлэл нийлүүлэгч статусаар оролцдог юм байна гэсэн үг юм. Бидний зүгээс энэ зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд тодорхой баримталдаг зарчим байна. Энэ дээр 5 дугаар зүйлийн 5.1.4 дээр мэдээлэл үнэн зөв, тэгш, тэнцвэртэй байх гэдэг зарчим байгаа. энэ зарчим хангагдаагүй бөгөөд бодит бус мэдээллийг оруулсан байна. Үүнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Монголбанк зээлийн мэдээллийн сангаа шинэчлээд хэрэгт гаргаж өгсөн. Юу гэж шинэчилсэн бэ гэхээр бид нарын урд авсан мэдээллээр бол 7 төрлийн мэдээлэл бүртгэсэн гэж байсан чинь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 26 төрлийн дараалал бүхий мэдээллийг оруулсан. Энэ мэдээллүүд дотор Монголбанкны маргаан бүхий мэдээллүүдийг муу ангилалтай хэвээр нь, тайлбар гэдэг хэсгийг нь А*** **** гэдгийг нь өөрчлөөд Монголбанк гээд оруулаад ирж байгаа юм. Тэгээд энэ Кредит банктай холбоотой зээлийн асуудлууд бол аль хэдийн 2011 онд дуусчихсан. Гэтэл үүн дээр муу ангилалтай гээд оруулаад ирчихсэн байгаа. Монголбанк өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж байна гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл маргааны бүхий энэ захиргааны актыг дураараа өөрчилж, дээрээс нь мэдээллийг нь нэмж баяжуулж, дууссан Кредит банкны асуудлыг хүртэл муу ангилал бүхий гээд дурын активын ангиллыг өөрчилж оруулж ирж байгаа нь өөрөө манай компанийн зээлжих зэрэглэлийг ноцтой зөрчиж, банкнууд бол нэмж зээл манайд олгохгүй байгаа. Урьд байгуулсан зээлийн гэрээний сунгалтыг хийх ажлыг хойшлуулах зэргээр иймэрхүү сөрөг үр дагаварт хүргэж байна. Дээрээс нь "Э**** *******" ХХК-тай хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд байдаг. Эдгээрийн зээлжих зэрэглэлд мөн адил нөлөөлөөд танай нэгдмэл сонирхолтой компаниуд чинь ийм муу ангилал бүхий зээлийн мэдээлэлтэй байгаа учраас зээл олгохоос татгалзаж байна гэдэг ийм байдлыг танилцуулаад байна. Энэ нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн зүйл байна. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгөх гэж заасан байгаа. Зээлийн мэдээлэл хөтлөхтэй холбоотой, зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг асуудлыг бол Зээлийн мэдээллийн тухай хуулиар зохицуулах юм. Зээлийн бүтээгдэхүүнүүд тэдгээрийн чанар, ангилал бол тэр активын журмаар зохицуулагдана. Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам дээр ангиллыг нь заагаад өгчихсөн байгаа. Муу ангилал, эргэлзээтэй, анхаарвал зохих гээд заагаад өгсөн байгаа. Ер нь бол хуулиар энэ харилцааг зохицуулж байгаа. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгнө гэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зээлдэгч гэдэг нь хуулийн тодорхойлолт дээр болохоор манайхыг хамруулж ойлгоод байгаа. Хэдийгээр зээл аваагүй боловч зээл, төлбөрийн үүрэг гэсэн байгаа. Тэгэхээр төлбөрийн үүрэг гэж үзээд л мэдээлэл оруулаад байх шиг байгаа юм. Тэгэхээр 9.1.2-ыг харахаар зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн зээлийн мэдээллийн санд өгнө гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ ерөөсөө ямар ч зөвшөөрөл авагдаагүй. Мэдэгдээгүй байсан. Бид нар болохоор арилжааны банкнаас л мэдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ нь яг хэзээ орсон мэдээлэл юм бэ гэхээр энэ маргаан чинь өөрөө 2001-2006 оны хооронд болсон Монгол банкны хэрэгжүүлсэн алтны арилжаанд ашигласан санхүүгийн үүсмэлийн тоон үзүүлэлтүүд байхгүй юу. Энэ нь өөрөө ашиг юм уу, алдагдал юм уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй. Үүнтэй холбоотой маргаан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянаж байгаа. Өөрөөр хэлбэл төлбөрийн үүрэг хариуцах үүрэгтэй этгээдийг олж тогтоогоогүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэн хариуцах эсвэл хариуцахгүй вэ гэдгийг шийднэ гэсэн үг юм. Үүнтэй холбоотой баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан байгаа. Манайх Монголбанкнаас зээл огт авч байгаагүй. Төлбөрийн үүрэг хүлээж байгаагүй. Энэ ч утгаараа иргэний хэргийн шүүх дээр маргаантай асуудлаа шийдүүлэх гээд явж байгаа. Бид нар өнөөдөр зээлийн үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Бусдын өмнө хүлээсэн мөнгөн болон төлбөрийн хэрэгслүүдийн тодорхой үүрэг хүлээх өр төлбөр гэж ойлгоод байна. Тэгэхээр заавал банк, банк бус биш, ерөөсөө өр төлбөрийн л үүрэгтэй бол төлбөрийн үүрэг гэж ойлгоод байгаа. Хуулийн өөрийнх нь нэр томьёоны тодорхойлолт нь бол ерөөсөө тийм байхгүй юу. Тэгэхээр жишээлбэл зээлийн мэдээллийг оруулаад байна шүү дээ. Монголбанкны зүгээс манай компанийн нэр дээр гэхээр энэ харилцаа чинь өөрөө Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулиар зохицуулагдах нь гарцаагүй. Энэ дээр бол маргаан байхгүй. Бид нарын зүгээс болохоор энэ нь өөрөө төлбөрийн үүрэг биш юм. Төлбөрийн үүргийг Монголбанкны өмнө бид хүлээгээгүй юм. Эднийхээс зээл аваагүй юм. Гэтэл төлбөрийн үүрэг гээд томьёолоод орж ирж байгаа тохиолдолд өөрөө хэлбэл мэдээллийн санд мэдээлэл байршуулаад байгаа бол зээлдэгчээс зөвшөөрөл авах ёстой юм байна. Зээлдэгч гэдгийг хуулиар төлбөрийн үүрэг хүлээсэн этгээд гэж ойлгох юм байна. Тэгэхээр биднийг хуулиар бол тэгж хамааруулж л бүртгэсэн юм байлгүй дээ. 2001-2006 оны хооронд үүссэн асуудал өөрөө 2007, 2008 онуудад яагаад бүртгэж болоогүй юм бэ. Үнэхээр тэгж мэдээлэл оруулах ёстой байсан бол яагаад 2010-аад оны үеүдэд яагаад оруулж болоогүй юм бэ. Гэтэл энэ мэдээллүүд чинь өөрөө өмнө нь огт урьд нь орж байгаагүй мэдээллүүд юм. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр анх бүртгэсэн гэдэг тайлбар лавлагааг Монголбанкны зүгээс өгдөг. Монгол банк өөрт олгогдсон давуу байдлаа ашиглаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа маргаанд нөлөөлж байгаа юм уу. Эсвэл бидэнд шахалт үзүүлж байгаа юм уу. Манай нөгөө зээлдэгч зэрэглэлд зохиомлоор нөлөөлж байгаа байхгүй юу. Энэ нь өөрөө Зээлийн мэдээллийн тухай хуулиар бол хориотой юм. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйл дээр зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэх гэдэг талаар байгаа. Харин 17.1.6 дээр бол зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд нийлүүлж болно гэж байгаа. 17.2-т болохоор хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хориглоно гэж байгаа. Өөрөөр хэлбэл зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд тийш нь нөгөө мэдээллээ мэдээлэл нийлүүлэгчээр дамжуулж оруулах асуудал яригдаж байгаа болохоос биш өөрөө санаачлаад мэдээлэл нийлүүлэгч нь өөрөө зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хориглоно гэдэг ийм зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл бид нар банкнаас зээл авсан бол тэр банк нь өөрөө мэдээллээ оруулна. Мэдээлэл нийлүүлэгч нь өөрөө тэр дээр хяналт тавьдаг юм уу бүртгэлийг нь хөтлөөд ингээд явах ёстой. Гэтэл өөрсдөө оруулаад байгаа байхгүй юу. Нийлүүлэгч мөн. Мэдээлэл нийлүүлэгч нь зээлийн мэдээллийг мэдээллийн санд нийлүүлэхийг хориглоно гэсэн зохицуулалттай байхгүй юу. Хуулиар хориглосныг бол Монголбанк зөрчсөн байна. Нөгөө талаар энэ нь захиргааны актад тавигддаг Захиргааны ерөнхий хуульд заасан ерөнхий шаардлагууд тавигдах ёстой. Энэ бол захиргааны үйл ажиллагаа мөн. Энэ дээр бол маргаан байхгүй. Тэгэхдээ захиргааны үйл ажиллагааг захиргааны акт гаргах нөхцөл байдал бий болсон үеэс хойш тоолдог. Гэтэл энэ өөрөө 2006 онд болсон эрх зүйн үйл явдалтай холбоотой асуудлаар 2021 онд захиргааны акт гаргах үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Нарийвчилсан хуулиар зохицуулсан зохицуулалт байхгүй байгаа ч гэсэн энэ нь бол дур зоргын, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тордуулахад чиглэсэн үйл ажиллагаа байна гэж харж байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл дээр заасан захиргааны актыг мэдэгдэхтэй холбоотой ажиллагаа хийгдээгүй байна. Тус хуулийн 43.1-т захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Бид нар юу гэж үзэж байгаа вэ гэхээр урд нь зээлийн мэдээллийн санд оруулж явж байсан асуудлыг дахиж шинэчилж оруулж байгаа бол маргаан байхгүй. Учир нь гэвэл урд нь орж байсан мэдээлэл байна гээд өөрөөр хэлбэл захиргааны үйл ажиллагаа өмнө нь хэрэгжиж байсан юм байна гэдэг асуудлыг энэ дээр ярих ёстой. Гэтэл огт хэрэгжиж байгаагүй буюу урд нь тавигдаж байгаагүй асуудлыг нэмж оруулж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулж байна. Энэ тохиолдолд хэрвээ эрх ашиг хөндөгдөж болзошгүй этгээд байгаа бол 43.1-т заасны дагуу захиргааны байгууллага мэдэгдэх үүрэгтэй. Актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан байгууллага өөрөө хариуцна гэж байгаа. Тэгэхээр хуульд заасан ерөнхий шаардлагууд бол энэ дээр хэрэгжих ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс тэр иргэний шүүх дээр хэн хариуцах, төлбөр төлөх юм уу үгүй юу, тэр этгээд нь тодорхой болоод шүүхийн шийдвэр гарах юм бол энэ чинь өөрөө Иргэний хуулиар зохицуулагдаад явж байгаа харилцаа юм. Тэгээд үүнтэй холбоотой асуудал нь тус процессоор хянаж байгаа шүүх нь байгаа тул тэр асуудал нь ердийн журмаар шийдэгдээд явах ёстой. Харин тэнд явж байгаа маргааныг зээлийн мэдээлэл гэж үзээд өөрт олгогдсон давуу эрхээрээ ингэж болохгүй. Анхнаасаа үнэхээр зээлийн үйлчилгээ үзүүлж байгаа А*** ****наас зээлийн мэдээлэл нь шилжсэн бол маргаан байхгүй. Гэтэл ийм асуудал байхгүй гээд ирэнгүүт энэ актаа залруулаад засаад ирээд ингээд Монголбанк ороод ирж байгаа байхгүй юу. Монголбанк чинь өөрөө энэ мэдээллийн санг хөтөлж байгаа этгээд байж өөрөө энэ мэдээллийн нийтлэх эрхтэй этгээд юм уу гэхээр хуулиар бол хориглолт тогтоочихсон байгаа юм. Банк, банк бус санхүүгийн байгууллагатай зээл, зээлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд юм. Сүүлийн үед үүрэн телефоны оператор компаниуд хүртэл жишээлбэл мэдээллээ нийлүүлж оролцоод байсан. Шинэчилсэн журам, юм хумаар тэдгээр байгууллагуудыг зээлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдээс хасах тийм асуудал яригдаж байх шиг байгаа юм. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, зээл олгох эрх бүхий этгээдүүд бүгд байгаа. Мэдээлэл нийлүүлэгч гэдгийг хуулийн зохицуулалтаас харах юм бол зээлийн мэдээлэл үзүүлэгч этгээдтэй буюу банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр гэж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл банк бол Монголбанкны мэдээллийн сан байгаа шүү дээ. Тэр сан руу мэдээлэл шууд оруулах эрхтэй этгээд юм. Гэрээний үндсэн дээр юм. Тэр эрхтэй этгээдүүд нь мэдээлэл оруулах тусгай зөвшөөрлөө Монголбанкнаас авдаг. г энэ Зээлийн мэдээллийн тухай хуулиар бол журам нь арай өөр юм. Тус тусдаа энэ чинь хойш хойшоо эрх үүргүүд нь байгаа юм. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.8 дээр мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг хэлнэ гэж байгаа. Монголбанк гэдэг нь төрийн байгууллага гэдэгт орж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Төрийн байгууллага өөрөө мэдээлэл нийлүүлэх боломжтой байгаа байхгүй юу. Хуулийн нэр томьёоны ойлголтоор бол ийм байгаа. Тэгэхээр Монголбанк өөрөө нийлүүлэгч этгээд юм. Тэгсэн мөртлөө нийлүүлэгч этгээд өөрөө шууд дангаараа мэдээллийг мэдээллийн санд оруулахыг хориглохоор заасан байгаа юм. Шүүхээс нэг зүйлийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Актын өөрийнх нь агуулга, утгыг тэр чигт нь өөрчлөөд байгаа байхгүй юу. Тийм учраас энэ маргаан бүхий актыг Монголбанк дангаараа өөрчилж байгаа нь өөрөө өөрчлөгдсөн актын хүрээнд маргаан бүхий асуудал яригдаж байна гэж үзэж байгаа. Актын үйлчлэл өөрөө нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа боловч актын агуулга нь өөрчлөгдөөд яваад байх боломжтой байгаа юм. Нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлэхээс өмнө 7 төрлийн зээлийн мэдээллийн агуулга байсан бол одоо гэтэл 27 болоод гараад ирсэн байхгүй юу. 27 чинь зөвхөн Монголбанкны муу мэдээлэл байж байгаад дээрээс нь 2 нэмэгдээд Кредит банкных ороод ирж байгаа байхгүй юу. 16,17 дээр нь муу ангилал бүхий гээд энэ дээр байгаа байхгүй юу. 19 нэмэгдээд ирсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш нөгөө маргаан бүхий акт чинь утга агуулгын хувьд өөрчлөгдөөд ороод ирлээ шүү. Тэгэхээр хуулиар хориглосон хориглолтыг зөрчсөн байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Дээрээс нь энэ захиргааны акт нь захиргааны актад тавигдах шаардлагуудыг мөн адил зөрчсөн байна. Тэр нэмж оруулсан нь бол дуусчихсан асуудал учраас бид нар албан тоот өгөөд хасуулчих юм. Шүүхийн шийдвэртэй энэ чинь угаасаа дуусчихсан асуудал юм. 2021 оноос бол энэ нь ер нь байгаагүй юм. Тэгэхээр 2014, 2015 онд бол энэ байсан байх. Тэгэхээр яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр маргаан бүхий акт чинь ингээд өөрчлөгдөөд байна шүү. Та нар хэрвээ энэ асуудлаар маргах юм бол манайх нэмж оруулаад өгчихнө шүү гээд байна шүү дээ” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “"Э**** *******" ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “2001 оноос Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн алт хөтөлбөрийн хүрээнд олон улсын зах зээл дээр үнэт металлын арилжаанд оролцсонтой холбоотой үүссэн гэх тоон дүнг өөрт байгаа эрх мэдэл, боломжоороо далайлган зээлийн мэдээлэлд үндэслэлгүйгээр оруулсан нь хууль зөрчсөн тул нэхэмжлэгч компанитай холбоотой төлбөрийн гэх мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас хассан тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү" гэсэн нэхэмжлэл гаргажээ. "Э**** *******" ХХК-ийн Монголбанканд төлөх ёстой өр төлбөр буюу зээлийн мэдээлэл үүссэн талаар тодруулбал:

 Монголбанк алтны салбарын үйл ажиллагааг дэмжих эдийн засгийн тодорхой арга хэмжээг 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь зохих үр дүнд хүрч алт олборлолт жил ирэх бүр өсч байсан. Эдгээр арга хэмжээний нэг нь дотоодын алтны компаниудын даалгавраар олон улсын үнэт металлын зах дээр арилжаа хийх байсан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 301 дүгээр тушаалаар батлагдсан алт, зэс олборлогчдын хүсэлтээр хэджинг хийхэд баримтлах түр журмын дагуу Монголбанк алтны компаниудын нэрийн өмнөөс 2001 оноос эхлэн алтны арилжаа буюу алтны форвард, опшин, своп хэлцэл хийж байсан. Монголбанк "Э**** *******" ХХК-тай 2002 оны 04 дүгээр сард байгуулсан худалдааны хэлцэл, гэрээний дагуу түүний нэрийн өмнөөс 2002 оны 07 дугаар сараас эхлэн олон улсын зах зээл дээр алтны арилжаа хийж, хэлэлцээр 2007 он хүртэл үргэлжилсэн. 2003 онд алт олборлогч компаниудын нэрийн өмнөөс арилжаа хийх харилцааг зохицуулах зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тушаалаар үнэт металл олборлогч, арилжаалагчдын хүсэлтээр арилжаа хийхэд мөрдөх журмыг баталж, мөрдөж эхэлсэн. Дээрх журам батлагдсанаас хойш Монголбанк, "Э**** *******" ХХК хооронд 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус арилжааны ерөнхий гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээний дагуу арилжаанууд хийгдсэн. Арилжааны явцад Монголбанк, "Э**** *******" ХХК-д ***,*** ам.долларын арилжааны урамшуулал шилжүүлсэн бөгөөд эдгээр арилжаанаас нийт Монголбанканд *,***,*** ам.доллар, **,***,*** төгрөгийн авлага үүссэн болно.

Дээр дурдсан авлагыг төлүүлэхээр Монголбанк 2019 оноос хойш Иргэний хэргийн шүүхэд хандаж уг хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдэн Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд тус хэргийг шүүхээс түр түдгэлзүүлээд байна. "Э**** *******" ХХК-д Монголбанкны зүгээс удаа дараа өр төлбөрөө төлөх талаар хандаж, шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

            "Э**** *******" ХХК-ийн Монголбанканд төлөх өр төлбөрийн мэдээлэл нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.1-т заасан "зээлийн мэдээлэл"-д хамаарах мэдээлэл Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.11-т заасны дагуу Монголбанк нь төрийн байгууллагад хамаарах тул Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28.2-т "Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгөх" гэж заасны дагуу "Э**** *******" ХХК-ийн өр төлбөрийг Зээлийн мэдээллийн санд өгсөн болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн зээлийн мэдээллийг мэдээллийн санд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж маргаж байна. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хориглоно гэж заасан байна. Хуулиар зөвшөөрөөгүй учраас энэ мэдээллийг оруулсан нь буруу юм гэж маргаж байна. Монголбанк алтны салбарын үйл ажиллагааг дэмжих эдийн засгийн тодорхой арга хэмжээг 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь зохих үр дүнд хүрч алт олборлолт жил ирэх өсөж байсан. Эдгээр арга хэмжээний нэг нь дотоодын алтны компаниудын даалгавраар олон улсын үнэт металлын зах дээр арилжаа хийх байсан бөгөөд Монголбанкны ерөнхийлөгчийн 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн *** дүгээр тушаалаар батлагдсан алт, зэс олборлогчдын хүсэлтээр хэджинг хийхэд баримтлах түр журмын дагуу Монголбанк алтны компаниудын нэрийн өмнөөс 2001 оноос эхлэн алтны арилжаа буюу алтны форвард, опшин, своп хэлцэл хийж байсан. Монголбанк "Э**** *******" ХХК-тай 2002 оны 4 дүгээр сард байгуулсан худалдааны хэлцэл, гэрээний дагуу түүний нэрийн өмнөөс 2002 оны 7 дугаар сараас эхлэн олон улсын зах зээл дээр алтны арилжаа хийж, хэлэлцээр 2007 он хүртэл үргэлжилсэн. Гэрээ бол 2 удаа байгуулагдсан. 2003 онд алт олборлогч компаниудын нэрийн өмнөөс арилжаа хийх харилцааг зохицуулах зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тушаалаар үнэт металл олборлогч, арилжаалагчдын хүсэлтээр арилжаа хийхэд мөрдөх журмыг баталж, мөрдөж эхэлсэн. Дээрх журам батлагдсанаас хойш Монголбанк ХХК, "Э**** *******" ХХК хооронд 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус арилжааны ерөнхий гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээний арилжаанууд хийгдсэн. Арилжааны явцад Монголбанк, "Э**** *******" ХХК-д ***,*** ам долларын арилжааны урамшуулал шилжүүлсэн бөгөөд эдгээр арилжаанаас нийт Монголбанканд *,***,*** ам.доллар, **,***,*** төгрөгийн авлага үүссэн болно. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг хэлнэ гэж заасан. Зээлийн мэдээлэл гэдэгт төлбөрийн талаарх мэдээлэл мөн ордог гэсэн үг юм. Зөвхөн зээлдэгч зээлдүүлэгчийн хооронд болсон зээлийн харилцаа бус нэмээд хууль буюу гэрээнд заасны дагуу үүссэн төлбөрийн талаарх мэдээлэл хамаардаг. Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг хэлнэ гэж байгаа. Тэгэхээр мэдээлэл нийлүүлэгч дотор бол төрийн байгууллага ордог юм байна. Төрийн байгууллагад нь ямар этгээдүүд ордог вэ гэхээр Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.11-д зааснаар төрийн байгууллага гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хэлнэ гэсэн байгаа. Тэгэхээр мэдээлэл нийлүүлэгч дотроо төрийн байгууллага ордог. Төрийн байгууллагад нь Монголбанк ордог юм байна. Тэгэхээр Монголбанк бол мэдээлэл нийлүүлэгч юм байна. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд гэж Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж байгаа. Энэ хуулийн этгээд бол Монголбанкнаас заасан шаардлагыг хангаад тусгай зөвшөөрөл авч ажилладаг. Саяхныг хүртэл Монгол Улсад зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээд байгаагүй. Сая хоёр компани л авсан. Дөнгөж эхлүүлж байгаа гэсэн үг юм. Монголбанк мэдээлэл нийлүүлэгч юм. Гэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар нэг тусгай бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тэр нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан Монголбанкны зээлийн мэдээллийн сантай мэдээлэл солилцох чиг үүрэг байгаа. Хуулийн 28.1-д Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна гэж заасан. Мөн 28.2-т нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө гэж заасан. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.1-д мөн гэж зааж өгсөн байгаа. Тэгэхээр Монголбанк бол мэдээлэл нийлүүлэгч мөн юм. Мэдээлэл нийлүүлэгчээс гадна Монголбанк өөрөө зээлийн мэдээллийнхээ санг эрхлэх бүрэн эрхтэй юм байна. Тэр зээлийн мэдээллийн санд нь төрийн байгууллага буюу мэдээлэл нийлүүлэгч нь нөгөө зээлдэгчээсээ мэдээлэл нийлүүлэх зөвшөөрөл авсан эсэхээс үл хамаараад мэдээллээ тогтмол нийлүүлж байх ёстой юм байна.  Төлбөрийн мэдээлэл гэдэг нь Иргэний хуулийн ойлголтын дагуу хууль буюу гэрээний дагуу нөгөө этгээдийн өмнө хүлээж байгаа үүрэг юм. Заавал зээлийн гэрээний дагуу биш бусад гэрээний үндсэн дээр ч төлбөр үүснэ. Тэр утгаар юм. Монголбанк бол мэдээлэл нийлүүлэгч юм. "Э**** *******" ХХК-ийн төлбөрийн мэдээлэл нь бол зээлийн мэдээлэл мөн юм. Монголбанк өөрийн эрхэлдэг зээлийн мэдээллийн сангаа хуулийн 28.2-т заасны дагуу зээлдэгчээс зөвшөөрөл авахгүйгээр зээлийн мэдээллийг нэгтгэж оруулах эрхтэй. Иймд бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд өгсөн байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч талын яриад байгаа шиг нэхэмжлэл гаргангуут нэмж зээл бүртгэсэн гэх тийм зүйл байхгүй. Зүгээр л манайх зээлийн лавлагааг нь гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг нэмж зээл бүртгэсэн, ямар нэгэн байдлаар далайлгаж, сүрдүүлсэн гэх зүйл огт байхгүй. Зээлийн мэдээллийн тухай хуульд зээлийн мэдээллийн сангийн зорилго нь төлбөртэй этгээдэд санхүүгийн сахилга бат хариуцлагатай байж өр төлбөрөө төлж дуусгах, санхүүгийн сахилга баттай байлгах зорилготой юм. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дээр зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн

зээл, төлбөрийн талаарх мэдээллийг хэлнэ гээд тодорхойлчихсон. Ямар мэдээллийг оруулах талаар 6 дугаар зүйл дээр нь иргэн, хуулийн этгээдийнх гээд ангилаад өгчихсөн байгаа. Ямар мэдээллийг огт оруулж болохгүй вэ гэдгийг 8 дугаар зүйл дээр заагаад өгчихсөн. Татан буугдсан А*** ****ны өр төлбөрийг барагдуулж Монголбанк ажилладаг юм. Тэрнийхээ дагуу буруу бүртгэснийг л залруулсан байгаа.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч: Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг буюу нэхэмжлэгч компанитай холбоотой төлбөрийн гэх мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас хассан тухай шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хасахаас татгалзсан Монголбанкны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” Б-**/*** тоот албан бичиг хууль бус болохыг тогтоолгох, уг муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хассан шийдвэр гаргахыг Монголбанканд даалгах” гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч нь: “2001 оноос Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн алт хөтөлбөрийн хүрээнд олон улсын зах зээл дээр үнэт металлын арилжаанд оролцсонтой холбоотой үүссэн гэх тоон дүнгүүдийг зээлийн муу ангиллаар зээлийн мэдээллийн санд оруулсан нь хууль бус, манай компани нь Монголбанкнаас зээл огт авч байгаагүй, ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээж байгаагүй, ийнхүү зээлийн муу ангиллаар зээлийн мэдээллийн санд оруулсан нь манай компанийн зээлжих зэрэглэлийг зориуд унагаж байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байна” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Харин хариуцагч нь: “... Арилжааны явцад Монгол банк, Э**** ******* ХХК-д ***,*** ам.долларын арилжааны урамшуулал шилжүүлсэн бөгөөд эдгээр арилжаанаас нийт Монгол банканд *,***,*** ам.доллар, **,***,*** төгрөгийн авлага үүссэн болно. Дээр дурдсан авлагыг төлүүлэхээр Монгол банк 2019 оноос хойш Иргэний хэргийн шүүхэд хандсан. Э**** ******* ХХК-ийн төлөх өр төлбөрийн мэдээлэл нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.1-т заасан "зээлийн мэдээлэл"-д хамаарах мэдээлэл, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.11-т заасны дагуу Монгол банк нь төрийн байгууллагад хамаарах тул Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28.2-т заасны дагуу Э**** ******* ХХК-ийн өр төлбөрийг Зээлийн мэдээллийн санд өгсөн болно” гэж тайлбарлан маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Монголбанк болон Э**** ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан Арилжааны гэрээнээс[1] үүссэн төлбөрийн асуудал нь “зээлийн мэдээлэл” гэсэн ойлголтод хамаарахгүй байна. Үүнийг тайлбарлавал:

2. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, хэрэглэгчид зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

3. Мөн дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зээлийн мэдээлэл" гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг”, 4.1.2-т "зээлийн мэдээллийн сан" гэж Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг” гэж тус тус заасан байна.  

4. Дээрх Зээлийн мэдээллийн тухай хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, зээлийн гэрээний дагуу төлөх зээлдэгчийн зээл, үүний улмаас үүссэн төлбөрийн асуудал зээлийн мэдээлэл гэх ойлголтод хамаарахаар байна.

5. Иймд арилжааны гэрээнээс[2] үүссэн төлбөрийн асуудал нь “зээлийн мэдээлэл” гэсэн ойлголтод хамаарна гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

6. Өөрөөр хэлбэл арилжааны гэрээнээс үүссэн авлагатай холбоотой асуудал нь Зээлийн мэдээллийн тухай хуулиар зохицуулах харилцаанд хамаарахгүй байна.

7. Түүнчлэн, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн 6.3.1-6.3.4-д заасан мэдээлэлд “арилжааны гэрээнээс үүссэн авлагын асуудал” хамаарахгүй байна.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

9. Харин нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Монголбанкны нэхэмжлэлтэй, Э**** ******* ХХК-д холбогдох арилжааны гэрээнээс үүссэн авлагыг гаргуулахтай холбоотой иргэний хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа гэж тайлбарладаг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн иргэний хэргийг шийдвэрлэж дуустал тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэсэн ба энэхүү шүүхийн шийдвэр нь тус иргэний хэрэгтэй хамааралгүй болохыг тэмдэглэж байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Э**** *******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Муу ангилал бүхий зээлийн мэдээллүүд /Зээлийн мэдээллийн лавлагааны хүснэгтийн 1-3-д заасан Монголбанкны авлагууд/-ийг зээлийн мэдээллийн сангаас хасахаас татгалзсан Монголбанкны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” Б-**/*** тоот албан бичиг хууль бус болохыг тогтоож, уг муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хассан шийдвэр гаргахыг Монголбанканд даалгасугай.

 

                 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э**** ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголбанкнаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.БАТЗОРИГ

 

 

[1] Хавтаст хэргийн 53 дугаар хуудас,

[2] Хавтаст хэргийн 53 дугаар хуудас,