Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/07

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

2021         02             17                                         2021/ДШМ/07

 

                                                   Д.Мт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.М,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Мт холбогдох 2038005780440 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, М овогт Даваагийн М, 1982 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЕ............../.

Шүүгдэгч Д.М нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “Халуун ус” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.36 шоо метр хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн, 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, ойн санд 809,550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч М овогт Д М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Д-ийн М-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 64 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Доржсүрэнгийн Амарсанаад 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер маркийн тээврийн хэрэгслийг буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 3.36 шоо метр түлээний зориулалтайгаар бэлтгэсэн хуурай шинэс модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 2038005780440 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,840,000 /гурван сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Маас гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: ... Миний үйлчлүүлэгч Д.М нь гэм буруугаа болон оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа боловч харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,840,000 /гурван сая найман зуун дөчин мянган/ төгрөгийг шүүгдэгч Д.Маас гаргуулж улсын орлого болгох”-оор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно”гэж заажээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заажээ.

Иймд 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,840,000 /гурван сая найман зуун дөчин мянга/ төгрөгөөс ойн санд учруулсан хохирлын мөнгө 809,550 төгрөгийг хасаж хохирлоос илүү гарсан 3,030,450 төгрөгийг улсын орлогод оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.М нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “Халуун ус” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.36 шоо метр хуурай шинэс модыг БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн, 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, ойн санд 809 550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хохирогч Х.Бямбадоржийн мэдүүлэг, гэрч Д.Амарсанаа, Э.Цогтсайхан, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Мыг “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэн хэрэглэх ёсгүй хууль хэрэглэжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасныг баримтлан торгох ял төлөх хугацааг шүүх тогтоох нь хууль хэрэглээний хувьд зөв юм.

Шүүх торгох ялын хугацааг тогтоогоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэсэн заалтыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлах учиртай.

Энэхүү хуулийн заалтыг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль баримталсан нь буруу байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ шүүгдэгч Д.Маас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай.” шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заахаар хуульчилсан ба шүүх хуульд байхгүй нэр томъёог хэрэглэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хугацаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсан заалтуудад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 3 840 000 төгрөгийг шүүгдэгч Д.Маас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан тул ...тээврийн хэрэгслийн үнэ болох  3 840 000 төгрөгөөс ойн санд учруулсан хохирлын мөнгө 809 550 төгрөгийг хасаж хохирлоос илүү гарсан 3 030 450 төгрөгийг улсын орлогод оруулж өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Д.М нь хууль бусаар 3.36 шоо метр мод бэлтгэж, уг модыг гарал үүслийн гэрчилгээгүй Мөрөн сум руу тээвэрлэхдээ 74-84 ХӨВ улсын дугаартай Мицибуши Кантер загварын тээврийн хэрэгсэл ашигласан, уг тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж  ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгох, хэрэв уг тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдвол тээврийн хэрэгслийг үнэлж, шүүгдэгчээс гаргуулахаар зохицуулсан байна.

Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл /Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ/, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл /Шударга ёсны зарчим/-д  нийцсэн байна.

            Нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.М нь ойн санд учруулсан хохирол болох 809 550 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3 840 000 төгрөгөөс ойн санд учруулсан хохирлыг хасаж тооцох боломжгүй тул өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн  өмгөөлөгч  Д.Оюунбилэгийн  давж  заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн 4 дэх заалт нэмсүгэй.

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “байцаан шийтгэх ажиллагааны” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны” гэж өөрчилсүгэй.

г/ Шийтгэх тогтоолын 4, 5, 6, 7, 8, 9, 10 дахь заалтын дугаарыг 5, 6, 7, 8, 9, 10, 11 болгож өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Н.БАЯРХҮҮ