| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 194/2025/0103/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/220 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/220
2025 01 20 2025/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “А” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурор Н.Түвшинбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
хохирогч Н.А ,
шүүгдэгч С.Х нарыг оролцуулан эрүүгийн 2411 00000 1492 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нээлттэйгээр хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Баянгол дүүргийн .................... тоотод түр оршин суудаг гэх, урьд Баян-Өлгмй аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, С.Х /РД:....................... /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Х нь 2024 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э........” караокед хохирогч Н.А тэй маргалдан түүний толгой руу вискиний шилээр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирол нэхэмжлэхгүй. Одоо гомдол санал байхгүй.” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Н.А , гэрч Н.Сп нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Дугаар 12270 тоот дүгнэлт, шүүгдэгч С.Х гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч С.Х д холбогдох урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч оролцоно гэх байр суурийг хохирогч Н.А нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх байр суурийг илэрхийлсэн ба прокуророос шүүгдэгч С.Х д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах тухай санал гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтанд зааснаар шүүх хуралдааныг хялбаршуулж явуулахаар тогтоож мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулахаар тогтоож шийдвэрлэсний дагуу шүүгдэгч С.Х д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Х гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.
Шүүгдэгч С.Х нь 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 4 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э........” караокед хохирогч Н.А тэй маргалдан түүний толгой руу вискиний шилээр цохиж хүний эрүүл мэндэд баруун зулайн гадна хэсэгт шарх, цус хуралт, баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун гарын дунд хурууны 3-р үений доод хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 6525 тоот дүгнэлтээр “...Н.А ийн баруун зулайн гадна хэсэгт шарх, цус хуралт, баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун гарын дунд хурууны 3-р үений доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. ...Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 24-25 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч Н.А ийн биед Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн хохирол учирсан байна.
Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:
Хохирогч Н.А мэдүүлсэн “...Би Чингэлтэй дүүргийн 5 хороо Э..... караокед шөнийн 3 цаг 30 минутын үед найз Б , А нартай хамт үйлчлүүлэхээр орсон караокены нэг өрөөнд ороод нэг шил виски захиалаад сууж байсан би тэр вискинээс нилээн бага зэрэг уусан, тэгээд манай 2 найз караокены өрөөнд тасраад унтаад өгсөн түүний дараа нь бие засах гээд ариун цэврийн өрөө рүү орсон гэтэл казак 3 эрэгтэй байсан тэгээд намайг дуудаад бид 4 хоорондоо юм ярьсан би гараад явсан гэтэл 1 цагийн дараа би дахин ариун цэврийн өрөө орсон, дахин нөгөө 3 эрэгтэй ариун цэврийн өрөөнд орж ирсэн бид 4 хоорондоо юм ярьж байгаад маргалдсан тэгээд намайг жоохон даапаалаад байсан, тэгээд намайг зүгээр зогсож байхад М /онцгой байдалд ажилладаг эрэгтэй/ би уруул руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон, тарган биетэй сахалтай шар царайтай залуу /Х / нь миний зүүн чих шанаа хавьцаа гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг дээрэлхээд томроод байхаар нь би 2 найзыгаа дуудах гээд өрөө рүү орсон чинь 2 найз нам унтаж байсан, тэгээд би Б1 давхараас дээшээ 1 давхар руу гараад танил ах Б руу залгаад "ахаа та хүрээд ирээч намайг 3 залуу зодоод байна" гэж хэлсэн чинь ах баянбүрдийн тойрог дээр ойрхон явж таараад төд удалгүй хүрээд ирсэн. Би ахыгаа дагуулаад өрөө рүү орж байтал нөгөө М , С , Х гэдэг 3 залуутай үүдэн дээр таарсан тэгээд манай өрөө рүү орсон өрөө рүү явах явцад С буюу /хар сахалтай тарган биетэй бор царайтай эрэгтэй/ миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон, тэгээд М /онцгой байдалд ажилладаг эрэгтэй/, /Х / нар нь миний толгой руу гараараа нийлж байгаад цохисон, тэгээд хамгийн сүүлд /Х / нь жак даниелс гэдэг нэртэй вискиний шилээр цохиж миний толгойг хагалсан. Энэ үйл процессыг манай 2 найз ерөөсөө хараагүй гэхдээ Б ах бүгдийн харсан салгаж авсан болно. Ерөнхийдөө М , С , Х гэдэг 3 залуу нийлж байгаад миний толгой руу цохиж, нүүр рүү гараараа цохиж, Х нь хамгийн сүүлд миний толгойг хагалсан. Миний толгой, нүүр, уруул хэсэг л одоо өвдөж байна, бусад бие эрхтэн зүгээр байна.“ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
Гэрч Н.Сп мэдүүлсэн “...Би 14-ний өдөр нь миний төрсөн өдөр байсан. Тэгээд Тэнгис кино театрын хойно байх караоке одоо нэрийг нь санахгүй байна тийшээ орсон. М болон Х бид 3 караокены өрөөнд сууж байгаад тамхины өрөөнд орсон ороод тамхи татаж байхад нэг шар царайтай залуу орж ирсэн. Тэгээд тэр залуутай мэндлээд юм ярьсан. Тэгэхэд шар царайтай залуу Монголд 150000 гаруй казак хүмүүс амьдардаг зарим тэр даварсан монголчуудыг зодох хэрэгтэй гэх мэт буруу үзэл бодолтой юм ярьсан. Би тэр залууд чи одоо юу яриад байгаа юм. Монгол эх орондоо төрчихөөд юу яриад байгаа юм гээд хэлээд байж байтал Х тэр залууг нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд би салгаад М , Х хоёрыг аваад караокены өрөөндөө орсон. Бид дуулаад байж байхад өрөөний хаалгыг хүчтэй нүдсэн тэгэхээр нь би очоод хаалгыг онгойлгоход өнөө тамхины өрөөнд муудалцаад байсан залуу хаалга онгойлгоход шууд миний дух руу 1 удаа цохисон. Би толгойгоо бариад байж байхад Х гүйж гарч явсан. Тэгээд би жоохон байж байгаад араас нь очиход аль хэдийн зодолдоод дууссан байсан. Сүүлд сонсоход Х тэр залууг зодож архины шилээр толгой хэсэг рүү нь цохисон гэж байсан. Тэгээд М салгасан гэсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
Шүүгдэгч С.Х гэрчээр мэдүүлсэн “...Би 2024 оны 9 дүгээр сарын 13-14-ний шилжих шөнө найз Т, И нартай ЧД-ийн Э..... караоке д очсон юм, тэгээд ариун цэврийн өрөөнд М , С нартай би юм яриад зогсож байтал гаднаас үл таних эрэгтэй ганцаараа /А / казак залуу ороод ирсэн “орж ирээд хачин хачин юм яриад байсан та нар монголчуудыг тэгэж болохгүй ээ, чи казактаа очоод тэгж хэлж чадахгүй ээ” гэх зэргээр би тайлбарлаж хэлж өгөөд гаргасан. Тэгээд билд нар өрөөндөө орсон дахин нөгөө А гээд залуу ороод ирсэн “том том дугараад чи ми болоод ирсэн” тэгсэн чинь миний өөдөөс гөлөг минь гэж дуудаад байхаар нь би толгой руу нь цохисон, ам руу нь нэг цохиод 2 гаргасан, М , С 2 зодоонд оролцоогүй ерөөсөө цохиогүй салгаад явуулсан. Тэгээд бид нар ариун цэврийн өрөөнөөс гараад өрөөндөө ороод суусан цагийн мэдэхгүй төд удалгүй нэг хүн ирээд манай хаалгыг өшиглөсөн манай ах С хаалга онгойлгосон гэтэл нөгөө А орж ирээд С ахын нүд рүү нь гараараа цохисон тэгэхээр нь уурлаад цаанаас би босож ирээд зодоон эхэлсэн. Тэгээд би тухайн А гээд залууг нүүр толгой гээд бүх хэсэг рүү нь би гараараа зөндөө цохисон байхаа, тэгээд ширээ нь дээр байсан Жак даниелс архины шилийг аваад толгой руу нь цохиод хагалсан. ...Зодоонд оролцоогүй ээ би л ганцаараа цохиж зодсон юм. Энэ 2 харин ч салгаад л гүйгээд байсан, М архи ерөөсөө уугаагүй жолооч байсан юм харин С нь бол архи уусан байсан, миний бие тэр А гэх залуу гар хүрээгүй хэл амаар доромжлоод даажигнаад байсан юм тэгэхээр нь би зодсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
Шүүгдэгч С.Х яллагдагчаар мэдүүлсэн “...Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй байна. Тухайн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, архи согтууруулах ундааны зүүйл хэрэглэсэн нь миний буруу байна. Хохирогч А гэдэг хүн рүү асуудал болсноос хойш тэгсэн чинь ерөөсөө холбогдохгүй ярихгүй утсаа ч авахгүй байна лээ, хохирогчид учирсан эмнэлгийн зардлыг 100 хувь төлж барагдуулах хүсэлтэй байна. Надад өөр нэмт ярих зүйл байхгүй болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Х нь хохирогч Н.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай, хөдөлбөргүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Х нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.
Шүүгдэгч С.Х гийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Х гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч С.Х гийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Хавтаст хэрэгт хохирогч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2.000.000 төгрөгийг 1 сарын 17-ны өдөр хохирол авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Х нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хавтаст хэргийн 58 дахь талд хохирогч Н.А ийн эрүүл мэндийн даатгалаар 148.640 хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл авагджээ. Шүүгдэгч С.Х гийн үйлдлийн улмаас хохирогч Н.А ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчилэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй боловч прокурор нь материаллаг шаардах эрхийг хэрэгжүүлэх төрийн байгууллага байсаар атал шаардах эрхийг шилжүүлсэн итгэмжлэлгүйгээр төрийн нэрийн өмнөөс хохирол, төлбөрийг нэхэмжлэх шаардах эрх үүсэхгүй юм. Иймээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Х нь урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, мөн тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч С.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Х г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагын санал зэргийг харгалзан шүүгдэгч С.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Х /РД:....................... /-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.А эд төлөх төлбөргүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР