| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/01052/И |
| Дугаар | 142/ШШ2019/01195 |
| Огноо | 2019-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2019/01195
| 2019 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 142/ШШ2019/01195 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Д
Хариуцагч: Д.Б
1 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.Д миний бие өөрийн төрсөн ахын хүүхэд Д овогтой Б 2014 онд байшингаа барьж дуусгах гэсэн юм эгчээ надад хүүтэй ч хамаагүй 5 000 000 /таван сая/ төгрөг олоод өгөөч гэж гуйсны дагуу өөрийн газрын гэрчилгээгээ барьцаанд тавьж мөнгө олж өгч байсан. /2 сая, 1 сая, 1 сая, 1 сая гээд цувуулж авсан. Байшин барьсан, машин эвдэрсэн, торх авчраад зарна гм авсан/ Тухайн үедээ дүүдээ тус болж байна л гэж бодож байсан юм. Ингээд Д.Б нь байшингаа ч барьж дуусаж байшиндаа орсон. Ингээд мөнгөний хүү болон мөнгөө өгөхгүй байсаар 2015 оны 05 дугаар сар хүргэсэн. Мөнгө зээлүүлсэн хүн байнга мөнгөө нэхэж дарамттай байсан. Би хүнийг хохиролгүй болгох мөн газрын гэрчилгээгээ олж авахын тулд Д.Б болон Д.Б ээж н.Б нартай гэрээ байгуулсан. Д.Б ээж н.Б нь хүүгээ батлан дааж хугацаандаа төлнө гэсэн юм. Тухайн үедээ зээлсэн мөнгөний хүү маш өндөр гарч байсан учир ярилцаж тохироод 2 200 000 төгрөг болгосон. Нийт үндсэн мөнгөтэйгөө 7 200 000 төгрөг болсон. Үүнийг Д.Б болон түүний ээж н.Б нар зөвшөөрч 1 жилийн хугацаанд төлөхөөр болсон юм. Энэ 7 200 000 төгрөгөө хүү бодохгүйгээр 1 жилийн хугацаанд сард 600 000 төгрөг төлөхөөр тохирсон тул манай нөхөр цалингийн зээл авч Бямбамаагийн өрийг дарж газрын гэрчилгээгээ авсан. Тухайн үеэс одоог хүртэл мөнгийг н.Б цувуулж өгсөөр 1 450 000 үлдсэн. Үүнийг одоо төлөхгүй гэсэн учир шүүхэд хандаж байна. Д.Б одоо боломжийн ажил төрөлтэй болсон тул энэ төлбөрийг түүгээр төлүүлнэ гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Б миний бие 2014 онд гэр бүлийн хүн болох Норов овогтой Отгончимэгийн хамт хашаа байшингаа барьж дуусгах шаардлагаар авга эгч З.Д аас эхлээд 2 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр тохиролцож зээл авсан. Уг зээлсэн 4 000 000 төгрөгийн 3 000 000 төгрөгийг зээлийн хүү болох 600 000 төгрөгийг 2-3 удаагийн хүүгийн хамт төлж дуусгасан үлдсэн 1 000 000 төгрөгийг манай эхнэр Н.Отгончимэг байшингийн мод /торх/ зараад үлдсэн 1 000 000 төгрөгийг төлнө гэж хэлээд намайг хөдөө ажил хийх гээд явсан хойгуур хүү бид хоёрыг орхиод Турк улс руу яваад өгсөн. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул 1 450 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. 4 000 000 төгрөг авсныг 5 750 000 төгрөг болгон буцаан төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Д нь хариуцагч Д.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 онд байшин барих гэсэн юм гэж Д. Бгуйж хүссэний дагуу өөрийн газрын гэрчилгээг барьцаалж түүнд 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн хүүний төлбөр өндөр байсан учраас тооцоо нийлж 7 200 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сар бүр 600 000 төгрөгийн хэмжээгээр төлөхөөр тохиролцож манай гэр бүлийн хүн Б.Б , Д.Б ээж н.Б бид 4 сууж байгаад гэрээ байгуулсан. Бид цалингийн зээл авч дээрхи өрийг төлсөн бөгөөд н.Б шилжүүлсэн болон бэлэн өгсөн мөнгийг хасч 1 450 000 төгрөг үлдэж байна. Одоо Д.Б ажил хөдөлмөр эрхлэж байгаа боломжтой болсон тул үлдэгдэл төлбөрийг хариуцах ёстой гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Д.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний бие Д.Б нь өөрийн гэр бүл болох О хамтаар авга эгч З.Д аас 4 000 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй тохиролцож авсан. Зээллэсэн мөнгөний хүүг 600 000 төгрөгөөр 2-3 удаа төлж байсан. Үлдэгдэл 1 000 000 төгрөгийг эхнэр төлнө гэсэн боловч хүү бид хоёрыг хаяад намайг хөдөө явах хойгуур Турк улс руу явчихсан байсан. Зээлийн гэрээнд хүү тохирсон бол бичгээр гэрээ байгуулахаар зохицуулсан байдаг. Иймд зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй мөн 4 000 000 төгрөгийг 5 750 000 төгрөг болгож төлсөн учраас төлөх төлбөргүй гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Зээлдүүлэгч З.Д нь Д.Бямбамаад 2014 оны 08 дугаар сараас эхлэн нийт 5 000 000 төгрөг өгсөн гэж, зээлдэгч Д.Б нийт 4 000 000 төгрөг авсан гэж талууд маргаж байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй, 5 750 000 төгрөг төлсөн учраас төлөх төлбөргүй, гэрээнд зурсан гарын үсэг Д.Б биш гэж мэтгэлцэж байна.
Зохигчид нийт зээллүүсэн мөнгөн дүнгийн талаар маргаж байх боловч 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр талууд тооцоо нийлж, нийт төлөх төлбөрийг 7 200 000 төгрөг байхаар тогтоож, энэ төлбөрийг 12 сарын турш сар бүр 600 000 төгрөгийн хэмжээгээр төлөхөөр болжээ. Уг гэрээ /хэлцэл/-г байгуулахад нэхэмжлэгч З.Д түүний гэр бүл Б.Б /гэрлэлтийн гэрчилгээтэй/, хариуцагч Д.Б түүний ээж н.Б нар байлцсан бөгөөд гэрээг хэвлэмэл хэлбэрт шилжүүлсэн хэсэгт Д.Б гарын үсэг зураагүй боловч анх тохиролцсон бичмэл хэлбэртэй гэрээнд гарын үсэг зурсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч няцааж чадаагүй. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3.-д хуульд өөрөөр заагаагүй боловч хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.-т Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно гэжээ.
Хариуцагч Д.Б болон түүний батлан даагч н.Б нь 7 200 000 төгрөгийг сар бүр 600 000 төгрөгийн хэмжээгээр төлөхөө илэрхийлж гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд 5 750 000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон дансаар З.Д д шилжүүлж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэгчийн Хаан банкны -- дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гар бичмэлээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нийт төлөх мөнгөн дүн болон эргэн төлөлтийг хүлээн зөвшөөрч төлж байсан болох нь холбогдох баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан учраас Д.Бямбамаагаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Иймд гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл төлбөр болох 1 450 000 төгрөгийг хариуцагч Д.Бямбамаагаас гаргуулан нэхэмжлэгч З.Д д олгож, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Бямбамаагаас 1 450 000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Д д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 150 /гучин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б 38 150 /гучин найман мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Д д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ