| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2024/0864/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/280 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Сэргэлэнбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/280
2025 01 23 2025/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сэргэлэнбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,
шүүгдэгч Ш.Б , түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2402 00567 0339 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш-н Б /РД:.............. /, Монгол Улсын иргэн, ........., ам бүл 3, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн .............. тоотод оршин суух хаягтай,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 299.2 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчид б-7 дугаар гудамжны 271 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч Ш.Б гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 5078 дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 5080 дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №876 шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ш.Б гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурьдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцээтэй, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нь дээрх байр суурийг дэмжиж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын дүгнэлт, тайлбар мэдүүлгээс дүгнэхэд нь шүүгдэгч Ш.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 299.2 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид б-7 дугаар гудамжны 271 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...тус тоот хашааны баруун хойд хэсэгт байрлах модон амбаарын хаалгыг нээж газарт байх ногоон өнгийн ууттай өвс мэт зүйлийг гаргаж өгснийг №1 гэж дугаарлан дуу дүрсний бичлэгт тусган хураан авав. Мөн манай гэрт нэг зүйл байгаа гэж хэлээд тус тоот хашааны зүүн хойд талд байрлах үүд хаалга хэсэг нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай байх нэг давхар байшин руу орж том өрөөний хэсэгт байрлах цагаан өнгийн 5 давхар, нэг давхартаа 2 шургуулгатай шүүгээний 5 давхрын наад талын шургуулгыг татаж эрээн өнгийн алчууранд боосон цагаан өнгийн гялгар уутанд хийсэн байсан улаан өнгийн тагтай, дотроо өнгөгүй шингэн зүйлээр бохирлогдсон хуванцар сав-1 ширхэг, хэрэглээгүй зүүний тариур 2 ширхэг, хэрэглээгүй 22 мл хэмжээтэй тариуртай зүү-1 ширхэг, "Units" гэсэн бичиглэлтэй дотроо шингэн зүйлээр бохирлогдсон хэрэглэсэн зүүтэй тариур-1 ширхэг, " Units" гэсэн бичиглэлтэй дотроо цагаан өнгийн шингэн агууламж бүхий зүйлтэй, хэрэглээгүй зүүтэй тариур-1 ширхэг зэргийг гаргаж өгснийг №2 гэж дугаарлан дуу дүрсний бичлэгт тусган хураан авав” (хавтаст хэргийн 14-19 дэх тал),
Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ашигласан эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт "... 1,3,5,6 дугаар багананд 2 улаан зураас тодорч тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэх утгыг илэрхийлээгүй бөгөөд 2, 4 дүгээр багананд 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгаж ...” шээсийг битүүмжпэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж хүргүүлэхээр тогтов” (хавтаст хэргийн 25-27 дахь тал),
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 37 дахь тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 5078 дүгнэлт “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Ш.Б .............. 2024.09.03" гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) болон Метамфетамин (Меthаmphetamine) илэрсэн. Тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) болон Метамфетамин (Меthаmphetamine) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II-р жагсаалтад багтана.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-54 дэх тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 5080 дүгнэлт “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд "277 Ш.Б гийн гэрээс хураан авсан шингэнтэй тариур, зүү тариур, хэрэглэсэн тариур, сав д/ч Г.Бат-Эрдэнэ 2024.09.03" гэж хаягласан зип лок уутанд хийж ирүүлсэн 1 мл-ийн зүүтэй тариур, 1 мл-ийн тунгалаг өнгөтэй шингэн агуулсан зүүтэй тариур, улаан өнгийн тагтай хуванцар сав тус бүрээс МDМВ-INАСА гэх бодисын агууламж илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1961 оны "Мансууруулах эмийн тухай конвенц"-ын жагсаалт, 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын жагсаалт, 1988 оны "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлтийн эсрэг" конвенцын жагсаалтад багтаагүй болно. 2 ширхэг зүү, 20 мл-ийн зүүтэй тариур тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. "1 Тусгай тэмдэглэл: Б.Тэргэлийн гэрээс нэгжлэгээр хураан авсан №1 гэсэн дугаартай 320 грамм бүхий ногоон өнгийн ууттай өвс ургамал мэт зүйл" гэж хаягласан шар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамлаас делта-9-тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. ...Шинжилгээнд ирүүлсэн 1 мл-ийн зүүтэй тариурт байгаа тунгалаг өнгөтэй шингэний хэмжээ нь 0.54 мл, шар өнгийн гялгар ууттай ургамлын цэвэр жин нь 299.2 грамм байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-67 дахь тал),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №876 шинжээчийн дүгнэлт “...Ш.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Ш.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Ш.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Ш.Б нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ... Ш.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. ...Ш.Б нь мансууруулах болон сэтгэц идэвхт эм, бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-59 дэх тал),
Шүүгдэгч Ш.Б яллагдагчаар мэдүүлсэн “...Яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би тогтоолтой санал нийлж байна. ...Тухайн ууттай өвсийг би гудамжнаас олсон. Тиймээс хэргээ хурдан хугацаанд шийдвэрлүүлмээр байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй, хангалттай бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь үйл ажиллагааг хориглоно гэсний 13.1.6 дахь заалтанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх, 13.1.8 дахь заалтанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр ...хадгалах гэж хуульчилжээ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтанд "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заажээ.
Шүүгдэгч Ш.Б н гэрт үзлэг, нэгжлэг хийхдээ мөрдөгч үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авч, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж, тэмдэглэл үйлдэн, битүүмжлэн хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасныг баримталсан, прокурорын тогтоолоор энэхүү ажиллагааг хүчинтэйд тооцсон байх тул нотлох баримтаар үнэлж, дүгнэх боломжтой байна. Үзлэгийн үед хураан авч эд мөрийн баримтаар тооцож бэхжүүлсэн “өвс” гэх нэршилтэй бодис нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 5080 дүгнэлт “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд "...нэгжлэгээр хураан авсан №1 гэсэн дугаартай 320 грамм бүхий ногоон өнгийн ууттай өвс ургамал мэт зүйл" гэж хаягласан шар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамлаас делта-9-тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно ...шар өнгийн гялгар ууттай ургамалын цэвэр жин нь 299.2 грамм байна” гэх дүгнэлт хийгдсэн байна.
Монгол Улс нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-д нэгдэн орсон, Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил хүчинтэй олон улсын эрх зүйн баримт бичигт тусгагдсанаар сэтгэцэд нөлөөт бодист тооцогдсон энэ төрлийн бодисыг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасан зорилгоор зөвхөн тусгай зөвшөөрөлтэйгээр хадгалах, ашиглах, хэрэглэх зэргийг зөвшөөрсөн байна. Иймд шүүгдэгч Ш.Б нь худалдаалах зорилгогүйгээр дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдэл нь хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч Ш.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 7 дугаар гудамжны 271 тоотод явуулсан нэгжлэгийн үед хураан авсан, 1 мл-ийн зүүтэй тариур, 1 мл-ийн тунгалаг өнгөтэй шингэн агуулсан зүүтэй тариур, улаан өнгийн тагтай хуванцар сав тус бүрээс MDMB-INACA гэх бодисын агууламж илэрсэн ба илэрсэн бодис нь НҮБ-ийн 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенц, 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалт, 1988 оны Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцын жагсаалтад багтаагүй болно гэж Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 5080 дүгнэлтээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа болно.
Шүүгдэгч Ш.Б н хувьд дээрх бодисуудыг бусдад дамжуулсан, худалдан борлуулсан болон борлуулах гэсэн аливаа сэдэлт, санаа, зорилго тогтоогдоогүй байх тул түүнийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Б д холбогдох эрүүгийн 2302 00533 0184 дугаартай хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Ш.Б н үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.Б г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч Ш.Б н үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид заавал шаардахгүй юм. Монгол Улсад хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь уураг тархинд шууд нөлөөлж, допамины хэмжээг эрс нэмэгдүүлж, адреналиныг ихэсгэж, донтох эмгэг үүсгэдэг хүний биеэ барих чадварыг алдагдуулдаг, тархины эд эсийг үхжүүлж, хэвийн бодох сэтгэх үйл ажиллагааг доголдуулдаг, хэрэглэх тусам донтох үйлчилгээ нь тэлж, бие махбодийг хамрах хүрээ нь өргөжиж сэтгэцийн эмгэг үүсгэх аюултай байдлаар энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж илрэх бөгөөд мөн бусдыг мансууралд уруу татах, бусдад өгч хэрэглүүлэх замаар хэрэглэгчдийн хүрээг тэлж нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зэргээр тодорхойлогдоно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ш.Б нь урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан (хавтаст хэргийн 76 дахь тал), энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж гэмт үйлдлээ үргэлжлүүлсэн удааширсан үйлдэлтэй байгаа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.
Харин шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн 2024 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн №876 шинжээчийн дүгнэлтэд “...Ш.Б нь мансууруулах болон сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт, шүүгдэгч Ш.Б н Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-д “...Тус төвийн тоолуур техник үйлчилгээний хэсгийн монтёр (засвар үйлчилгээний) Ш-н Б (.............. ) нь тус байгууллагад 1 жил 5 сар үндсэн ажилтнаар ажиллаж байгаа болохыг тодорхойлов.” гэх ажлын газрын тодорхойлолт, гэр бүлийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатан сайн дураар хүлээн мэдүүлж байсан, шүүгдэгч Ш.Б н хууль бусаар хадгалсан хориглсон бодис болох өвс гэх нэршилтэй бодисын хэмжээ, тун болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бусад баримтууд зэргийг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд шүүгдэгчид хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэж түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж нийгэм, гэр бүл, хамт олны дунд нийгэмших, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, зан үйлээ засах боломжийг олгож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв. Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Б д хорих ял оногдуулахаар гаргасан саналыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Б д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийг тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох боломжтой ялын төрөл хэмжээний дотор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Б г эмнэлэгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, шүүгдэгч Ш.Б д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Б д сануулав.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт баривчилсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 299.2 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, MDMA-INACA” гэх бодисын агууламжтай 1 мл-ийн хэмжээтэй зүүтэй тариур, 1 мл-ийн хэмжээтэй дотроо 0.54 грамм тунгалаг өнгийн шингэнтэй зүүтэй тариур, улаан өнгийн тагтай хуванцар сав, 2 ширхэг зүү, 20 мл-ийн хэмжэтэй зүүтэй тариур зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн, улсын яллагчийн саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш-н Б /РД:.............. /-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ш.Б г эмнэлэгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Б д сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 299.2 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, MDMA-INACA” гэх бодисын агууламжтай 1 мл-ийн хэмжээтэй зүүтэй тариур, 1 мл-ийн хэмжээтэй дотроо 0.54 грамм тунгалаг өнгийн шингэнтэй зүүтэй тариур, улаан өнгийн тагтай хуванцар сав, 2 ширхэг зүү, 20 мл-ийн хэмжэтэй зүүтэй тариур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, баривчилсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР