Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2020/00587

 

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2020/00587

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ММНБИ-д холбогдох

ММНБИ-ийн салбар, гишүүнчлэл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн төлөөлөгч М.Т, хариуцагчийн өмгөөлөгч Е.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Н миний бие ММНБИэд холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх "нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо уялдаа холбоогүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Өмнө нь нэхэмжлэлдээ дурдсанчлан, би ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Надаас үл хамаарах шалтгаанаар ажлаас минь халснаас үүдэн ажил олгогчтой цаашид хамтарч ажиллах боломжгүй гэж үзсэн тул шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Тухайн үед ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэл сонирхол байгаагүй. Ингээд миний бие Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

ММНБИэд миний бие 2012 оноос эхлэн тасралтгүй 7 жил ажилласан. Энэ хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чин шударгаар гүйцэтгэж ирсэн бөгөөд сахилгын болоод ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

2019 оны 03 дугаар сард тус байгууллагын гүйцэтгэх захирал солигдсон бөгөөд шинээр томилогдсон гүйцэтгэх захирал нь надаас аливаа хэлбэрээр өө сэв хайж, бусдын гаргасан зөрчилтэй холбогдуулан намайг буруутгадаг байсан бөгөөд хамт олны хурал зөвлөгөөний үеэр уурлаж, загнах байдлаар надад ажлын болон сэтгэл санааны дарамт үзүүлсэн, ажлын нэр хүндэд халдсан зүй зохисгүй үйлдэл гаргадаг байсан.

Улмаар ММНБИийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/79 дүгээр тушаалаар намайг ... хөдөлмөрийн гэрээг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаж, байгууллагын гишүүнчлэл бүртгэдэг программд байгууллагын гишүүн бус этгээдийг бүртгэх, гишүүдийн мэдээллийг өөрчлөх нөхцлийг бүрдүүлсэн, гишүүдийн үүргийн биелэлтийг хангах албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, олон жилийн өр авлага үүсгэсэн, тэдгээрт хяналт тавьж ажиллаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг маань цуцалсан байна. Миний бие хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийн үндэслэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх тушаалд дурдсан зөрчлийг огт гаргаагүй байхад ямар учраас намайг ийнхүү буруутгаж, хөдөлмөрийн гэрээг маань цуцлах болсныг ойлгохгүй байна. Түүнчлэн дээрх зөрчлийг ямар баримтаар нотолж буйг мэдэхгүй байна.

Мөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.5, Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэсэн байх ба миний бие дээрх зөрчлийг гаргасан гэж үзсэн тохиолдолд ч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл байхгүй юм.

Иймээс ММНБИийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/79 дүгээр тушаал нь хуульд нийцээгүй, миний эрхийг ноцтой зөрчсөн болох нь харагдаж байна.

ММНБИийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/79 дүгээр тушаал гарч, ажлаасаа чөлөөлөгдсөний улмаас миний бие сэтгэл санааны хүнд цохилтод орж, биеийн эрүүл мэндийн байдал маань илт муудаж, сэтгэл санаагаар унаж, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсний эцэст эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандахаар шийдсэн.

Иймд ММНБИын салбар гишүүнчлэл хариуцсан менежерийн ажилд намайг эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Т.Нн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зевшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Т.Ннь 2012 оноос хойш Мэргэшсэн нягтлан бодогчдын институт"-д Салбар гишүүнчлэл хариуцсан менежерийн албан тушаалд ажиллаж байсан. Салбар гишүүнчлэл хариуцсан менежерийн гол хийх ёстой түүний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үүрэг нь нийт гишүүдийн татвар төлөлтийн байдалд хяналт тавьж, татварыг бүрэн төлүүлэх ажлыг зохион байгуулах юм. Гэтэл Т.Ннь тус ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил олгогчоос удаа дараа гишүүдийн татвар төлөлт дээр анхаарч ажиллахыг анхааруулж байсан. Ингээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа Т.Н ажил, албан тушаалдаа хайнга хандан салбаруудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилаагүй гэх үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр № 28 тоот захирлын тушаалаар сануулах сахилгын шийтгэл ноогдуулж байсан.

Мөн талуудын хооронд байгуулагдсан ММНБИ-ийн нууцыг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.10 -т гишүүний буртгэлийн цахим программын админ код нь институтын нууцад хамаарахаар заасан байдаг. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 7, 8, 9-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохиогдсон спортын нэгдсэн арга хэмжээн дээр гишүүний бүртгэлийн цахим программын админ кодыг гуравдагч этгээдэд тараасан, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, институтын нууцыг задруулсан тул институтын зүгээс хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан.

Мөн ММНБИ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4 -т "Ажилтан цэргийн албанд татагдсан; Нэгж салбар татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд эрхэлж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр ажлаас халагдсан бол тэтгэмж олгохоор заасан байдаг. Гэвч Т.Нг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь дээрх үндэслэлд хамаарахгүй болно. Иймээс Т.Нн "ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч 2020 оны 2 сарын 11-ний өдөр дээр дурдсан дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч Т.Ннь удаа дараа зөрчил гаргасан тул 2019 оны 8 сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байдаг. 2019 оны 3 сарын 18-ны өдөр сахилгын шийтгэл авсан нь хавтаст хэргийн 53-р хуудсанд авагдсан байдаг. Мөн 2019 оны 6 сарын 11-ний өдөр болсон дотоод хуралдааны тэмдэглэлд дурдагдсаны дагуу дахин байгууллагын нууц мэдээллийг бусдад задруулсан зөрчил гаргасан болох нь харагддаг. Улмаар нэхэмжлэгч уг тушаалыг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд энэ нь байгууллагаас ажлаас халагдсаны тэтгэмж авахаар удаа дараа хандаж, хүсэлт гаргаж байсан ба тушаалын асуудлаар огт маргаагүй. Хөдөлмөрийн дотоод журмын дагуу түүнд тэтгэмж олгох үндэслэл байгаагүй юм. Тиймээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т зааснаар тэтгэмж авах зорилготой нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн шүүх тус нэхэмжлэлийг тодорхойгүй байна гэж үзэж хүлээн авахаас татгалзсан боловч нэхэмжлэгч дахин ажилд эгүүлэн тогтоолгохгүй зөвхөн тэтгэмж авна гэж нэхэмжлэлээ гаргасан. Энэ нь нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа ажилд эгүүлэн тогтоолгох нь хүсэл зориг нь биш байсныг харуулж байна.

Харин тэрээр гэнэт байр сууриа өөрчлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т зааснаар нэхэмжлэлээ өөрчлөн 2020 оны 2 сарын 11-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасны дагуу ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

ИХШХШТХ-ийн 3.1-т хэрэв иргэн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргахаар заасан. Энэ нь эрхээ хэрэгжүүлэхэд чиглэсэн нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх процедур буюу үүрэг болно. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т ажил олгогчийн тушаалыг гардаж авснаас хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой гэж заасан. Үүнээс гадна нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах гэх зэрэг нарийн шаардлагууд мөн хуульд заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээ 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг хавтаст хэргийн 98-р хуудсанд авагдсаны дагуу хариуцагчид гардуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2019 оны 8 сарын 28-ны өдөр тушаалыг гардаж аваад даруй 5 сар 14 орчим хоногийн дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан шаардлагыг гаргасан байна. Ийнхүү нэхэмжлэгч ИХШХШТХ-н 3.1. болон Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч харин үүнийгээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарласан байна. Гэтэл хэрэгт өгсөн баримтыг үзэхэд нэг хэсэг хугацаанд л холбогдох баримт байдаг. Мөн ИХШХШТХ-н 40.2-т шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг тодорхойлсон байх бөгөөд нотлох баримт нь үнэн зөв, эргэлзээгүй байна гэж заасан. Гэвч нэхэмжпэгчийн гаргаж өгсөн баримтын хувьд үнэн зөв гэж үзэхэд илт эргэлзээтэй. Тодруулбал, он саруудыг нь балласан, цохолсон, зассан, нэмж тодруулж зурсан байгаа нь харагддаг. Энэ нь уг баримтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй байдлыг үүсгэж байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33-р тогтоолд тайлбарласан бөгөөд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан нөхцөл байдлыг ойлгохоор байна. Тиймээс нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 8 дугаар сарын 28-аас 2020 оны 2 дугаар сарын 11-ны өдөр хүртэлх хугацаанд гомдол гаргах боломжгүй байсан, хууль зүйн туслалцаа авах боломжгүй байсан, бусдаас тусламж авах боломж бололцоо байхгүй байсан гэдгээ хөдөлшгүй нотлох ёстой.

Түүнчлэн энэ баримтыг үнэн гэж үзсэн ч 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарсан баримт байна. Үүнээс гадна Улсын дээд шүүх хууль мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж тэмдэглэсэн байдгийг дурдах нь зүйтэй билээ.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Т.Нн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гаргасан ММНБИийн салбар гишүүнчлэл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Нхариуцагч ММНБИэд холбогдуулан тус институтын салбар, гишүүнчлэл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, түүнийг ажлаас чөлөөлөх тухай ММНБИ-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Б/79 тоот тушаал нь хууль бус болсон буюу тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргаагүй гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан учир тушаал хууль ёсны болсон гэж маргаж байна.

Зохигчид Т.Нг ажлаас халсан тушаалыг тэрээр 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан үйл баримт болон анх нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 12 сарын 26-ны өдөр гаргасан үйл баримтуудын тухайд маргаагүй болно. Хариуцагч тус нөхцөл байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч шүүхэд удаа дараа гаргасан нэхэмжлэлдээ түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус болсон талаар дурдсан атлаа ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулахаар шаардлагаа тодорхойлж байжээ. Улмаар анхны нэхэмжлэлээ дээрх байдлаар гаргахад шүүх нэхэмжлэлийн үндэслэл ба шаардлага уялдаа холбоогүй байгааг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг баримтлан хүлээж авахаас татгалзсан талаар зохигчид маргаагүй байна. Нэхэмжлэгч хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан боловч шаардлага, үндэслэлийн уялдаа холбоотой байх алдааг залруулаагүй байх хэдий ч шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ.

Хариуцагч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 02 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх замаар шүүхэд гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч холбогдох хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй явдалд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал нөлөөлсөн талаар тайлбарлаж, уг үйл баримтыг нотлохоор Хувь хүний нууцын тухай хуулийн хүрээнд хэрэгт холбогдох нотлох баримтыг өгчээ.

Нэхэмжлэгч эмнэлгийн байгууллагаар оношлогдсон өвчний улмаас 2019 оны 07 дугаар сараас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 2019 оны 09 дүгээр сараас хэвтрийн дэглэм сахих эмчилгээтэй байсаар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эмчид үзүүлж харьцангуй сайжирсан даруйд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч нэхэмжлэгч анхнаасаа тушаалыг хүлээн зөвшөөрч гагцхүү ажлаас халагдсаны тэтгэмж авах зорилгоор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байсан гэж үзэн шүүх хуралдаанд мэтгэлцсэн болно.

Шүүх нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болон 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус нэхэмжлэл гаргахдаа түүнийг ажлаас халсан тушаал хууль бус болохыг дурдаж байсан нөхцөл байдлыг болон тушаалыг гардаж авснаас хойш төдийлөн удалгүй хэвтрийн дэглэм сахих шаардлагатай өвчний онош тогтоогдож, 2019 оны 11 дүгээр сарын дунд үе хүртэл тогтмол эмчлүүлж байсан үйл баримтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасантай нийцнэ гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Тодруулбал, тус заалтад нэхэмжлэлийн шаардлагын төрлийг тухайлан дурдаагүй бөгөөд ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд шилжүүлсэн талаарх хүсэл зоригоо илэрхийлж гомдол гаргасан байхаар ойлгогдож байна.

Нэхэмжлэгч өвчний улмаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлээ гаргаж чадаагүй байх бөгөөд улмаар биеийн байдлаа дээрдмэгц буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, энэ тухай захирамжийг 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан байна. Улмаар дараагийн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна.

Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх 7 хоногийн хугацаа болон шүүгчийн захирамж бичгээр гарах, тэдгээрийг холбогдох этгээдэд гардаж авах зэрэг хуульд заасан болон ердийн боломжит хугацааг тооцон үзвэл нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дээрх хоёр нэхэмжлэлийн хооронд дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ. Үүнд:

1.  Зохигчдын хэн аль нь талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд Т.Ннь 2012 оноос ММНБИ-д салбар гишүүнчлэл хариуцсан менежерээр ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй болно. Түүнчлэн Т.Ннь институтын захирлын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай тушаалаар салбаруудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан, тус тушаалд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон үйл баримтыг зөвшөөрч байна.

 

2.  Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Нг (1) 2019 оны 06 дугаар сард байгууллагын дотоодод зохиогдсон спортын уралдаан тэмцээний үеэр гишүүдийн мэдээллийг өөрчлөх, гишүүн бус этгээдийг бүртгэх нөхцлийг бүрдүүлж, байгууллагын гишүүнчлэлийг удирдан бүртгэдэг программын админы нууц үгийг бусдад дамжуулсан (2) олон жилийн өр авлага үүсгэсэн, энэ байдалд хяналт тавьж ажиллаагүй зөрчлийг тус тус гаргасан, эдгээр зөрчлүүд болон өмнө гаргасан сануулах шийтгэл ногдуулсан зөрчлийн хамтаар давтан зөрчилд тооцогдож Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар халах шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч ийнхүү зөрчил гаргасныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, учир нь эдгээр зөрчлийг гаргаагүй гэж хариу маргаж байна.

Хавтаст хэргийн 58 дугаар талд 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдөр гүйцэтгэх захирлын өрөөнд болсон хурлын тэмдэглэл нотлох баримтаар авагдсан байх ба тус тэмдэглэлээр дээр дурдсан зөрчлийг Т.Нгаргасан нь шалган тогтоогдсон гэж үзэхэд хангалтгүй байна. Аливаа эрх зүйн зөрчлийг тэдгээрийн нийгэмд учруулах хор уршиг, цар хүрээ, гэм буруугийн байдал, зөрчил гаргасан субьектын байдлаас шалтгаалан шалган тогтоох өөр өөрийн онцлог бүхий энгийн буюу хялбар, эсхүл харьцангуй төвөгтэй процесс ажиллагаа шаардана. Энэхүү ажиллагааны дүрэм журмыг ягштал баримтлах нь тухайн зөрчлийн улмаас хохирол арилгуулах, хариуцлага шийтгэл ногдуулах материаллаг эрх зүйн хэм хэмжээний нэгэн адил хууль зүйн ач холбогдолтой. Иймд зөрчил шалган тогтоох журамтай бол уг журмаа зөрчихгүй байх, ийм журамгүй бол энэ ажиллагааг анхан шатны түвшинд хүний эрхийг зөрчихөөргүй байдлаар хэрэгжүүлэх нь шийтгэл, хариуцлага ногдуулсан шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд нэгэн адил нөлөөлж, хууль ёсны ба хууль бус гэж үзэх үндэслэл болох юм.

Хариуцагч хуулийн этгээд ийнхүү сахилгын зөрчлийг илрүүлсэн, хэлэлцсэн, дүгнэлт тайланг зөрчил гаргагчид танилцуулж, өөрийнх нь тайлбарыг сонссон, авсан зэрэг наад захын зүй ёсны ажиллагааг хийгээгүй байгаа нь эдгээр зөрчлийг гаргасан гэж дүгнэх боломжгүй байдлыг үүсгэж байна.

Энэхүү үндэслэл, үйл баримтаар нэхэмжлэгч Т.Ннь хариуцагчийн буруутгаж байгаачлан сахилгын зөрчлийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ММНБИ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/79 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус гэж үзэн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаал болох салбар, гишүүнчлэл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоох үндэстэй гэж үзлээ.

3.  Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангасантай холбогдуулан түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт тусгагдсан сүүлийн 3 сарын цалингийн дунджаар нэг сарын дундаж цалин хөлс /5,505,091:3=1,835,030:22=83,410/-ийг тооцон 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 7 сар 3 хоногийн хугацаанд нийт 13,095,443 төгрөг /1,835,030*7+83,410*3/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэстэй байна.

4.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийг ажилгүй байсан 7 сар 3 хоногийн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч ММНБИ-ээс 223,427 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Т.Нг ММНБИын салбар, гишүүнчлэл хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,095,443 төгрөгийг хариуцагч ММНБИээс гаргуулан нэхэмжлэгч Т.Н-долгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Т.Нг ажилгүй байсан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ММНБИэд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч ММНБИээс 223,427 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.БАЯРМАА