| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2025/0037/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
улсын яллагч Э.Баасанбаяр,
шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн эрүүгийн 2406 00038 2851 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Н тай Х гэх фейсбүүк хаягаар холбогдон “юань сольж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны ... дугаарын данс руу 250,000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уг гэмт хэргийн үйлдэл нь 2023 оны үйлдэл. Би 2023 онд бусдыг хуурч мөнгө авсан үйлдлүүд дээрээ 2024 онд шүүхээр орж нийтэд тустай ажил хийх ял авсан. Энэ гэмт хэргийн үйлдэл нь өмнөх буюу 2023 оны гэмт хэргийн үйлдлүүдийн нэг нь тухайн үед энэ үйлдлийг нэгтгэж шалгуулаагүй байсан юм. Би 2024 онд шүүхээс ял авснаасаа хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг 54 минутад ... дугаараас “Хаан банкны ... данс руу 250,000 төгрөг юань болгох гээд шилжүүлсэн чинь залилуулсан” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 15/, хохирогч БН-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цаг 20 минутад Х Г. гэх фейсбүүк хаяг руу 250,000 төгрөгөөр юань авахаар холбогдож Хаан банкны ... С гэх данс руу 250,000 төгрөг гүйлгээний утган дээр ... гэх утгатай шилжүүлээрэй гэж хэлээд би мөнгөө өөрийн эзэмшлийн Хаан банкны ... гэх данснаас шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу шилжүүлсэн гэж хэлсэн ч мөнгө нь ороогүй намайг хуурч залилсан. Би фейсбүүк дээр хүмүүст анхааруулах үүднээс зар оруулсан сэтгэгдэл хэсэгт нь хүмүүс би бас залилуулсан цагдаад мэдэгдээрэй гэж бичсэн байсан. Намайг найзаас хассан юм байхгүй, бүр намайг блоклоогүй. Миний бичсэн чатыг харчихаад юм бичихгүй байгаа. Өөр хүнээр валют авна гээд бичүүлэх гээд чат бичүүлтэл зарна, шилжүүлнэ гээд яг тэр утгаараа чат бичиж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эдгээр устгасан чатан дунд Т.Т /Т.Т / гэх утгатай мөнгө шилжүүлэг хийсэн гэсэн нэртэй хэрэглэгчийн чат устчихсан байгаа учраас тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, Э.С-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга /хх-ийн 24-31/, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хаан банкны дансны мэдээлэлд үзлэг хийсэн “Хаан банкны ... тоот дансны 2023 оны 11 дүгээр сарын 25-28-ны өдрийн хоорондох гүйлгээний мэдээлэлд үзлэг хийв. Дээрх дансны хуулгад үзлэг хийхэд Э.С-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу Б.Н гийн эзэмшлийн ... тоот данснаас 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийн орлого орж ирж байгаа нь харагдаж байна. Мөнгө хаашаа гарсан болох нь харагдах боломжгүй байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 32-33/, шүүгдэгч Т.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 11 дүгээр сард фейсбүүкээр Хятад дахь Монголчууд гэсэн групп дээр алипей цэнэглэнэ гэж пост оруулсан. Уг постыг өөрийн нээсэн Г.Х гэх нэртэй хуурамч фейсбүүк хаягнаас оруулсан. Пост оруулсны дараа үл таних нэгэн фейсбүүк хаягаар холбогдоод юань авах талаар чат бичсэн, тэр хүнд би юань зарна гээд onexbet цахим тоглоомын сайтын агентийн дансыг өгч 250,000 төгрөгийг шилжүүлүүлж авахуулсан. Гүйлгээний утга хэсэгт нь өөрийн onexbet цахим тоглоомын сайтын ID кодоо бичиж шилжүүлсэн. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлээс өөрөөр надад бусдыг хуурч мэхлэн гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/,
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04-Б/1075 дугаартай “... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Т.Т нь 400 цагийн хуацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгджээ. Нийтэд тустай ажил хийлгэх ялтай Т.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 305 цагийн ялыг эдэлж 95 цагийн үлдэгдэлтэй байна” гэх албан тоот зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Т.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Н тай Х гэх фейсбүүк хаягаар холбогдон “юань сольж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны ... дугаарын данс руу 250,000 төгрөг авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н д 250,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Т.Т өөс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна..” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Т.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Н тай Х гэх фейсбүүк хаягаар холбогдон “юань сольж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны ... дугаарын данс руу 250,000 төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг 54 минутад ... дугаараас “Хаан банкны ... данс руу 250,000 төгрөг юань болгох гээд шилжүүлсэн чинь залилуулсан” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 15/, хохирогч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цаг 20 минутад Х Г. гэх фейсбүүк хаяг руу 250,000 төгрөгөөр юань авахаар холбогдож Хаан банкны ... Д.С гэх данс руу 250,000 төгрөг гүйлгээний утган дээр ... гэх утгатай шилжүүлээрэй гэж хэлээд би мөнгөө өөрийн эзэмшлийн Хаан банкны ... гэх данснаас шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу шилжүүлсэн гэж хэлсэн ч мөнгө нь ороогүй намайг хуурч залилсан. Би фейсбүүк дээр хүмүүст анхааруулах үүднээс зар оруулсан сэтгэгдэл хэсэгт нь хүмүүс би бас залилуулсан цагдаад мэдэгдээрэй гэж бичсэн байсан. Намайг найзаас хассан юм байхгүй, бүр намайг блоклоогүй. Миний бичсэн чатыг харчихаад юм бичихгүй байгаа. Өөр хүнээр валют авна гээд бичүүлэх гээд чат бичүүлтэл зарна, шилжүүлнэ гээд яг тэр утгаараа чат бичиж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эдгээр устгасан чатан дунд Т.Т /Т.Т / гэх утгатай мөнгө шилжүүлэг хийсэн гэсэн нэртэй хэрэглэгчийн чат устчихсан байгаа учраас тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, Э.С-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга /хх-ийн 24-31/, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хаан банкны дансны мэдээлэлд үзлэг хийсэн “Хаан банкны ... тоот дансны 2023 оны 11 дүгээр сарын 25-28-ны өдрийн хоорондох гүйлгээний мэдээлэлд үзлэг хийв. Дээрх дансны хуулгад үзлэг хийхэд Э.С-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу Б.Н гийн эзэмшлийн ... тоот данснаас 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийн орлого орж ирж байгаа нь харагдаж байна. Мөнгө хаашаа гарсан болох нь харагдах боломжгүй байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 32-33/, шүүгдэгч Т.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 11 дүгээр сард фейсбүүкээр Хятад дахь Монголчууд гэсэн групп дээр алипей цэнэглэнэ гэж пост оруулсан. Уг постыг өөрийн нээсэн Г.Х гэх нэртэй хуурамч фейсбүүк хаягнаас оруулсан. Пост оруулсны дараа үл таних нэгэн фесбүүк хаягаар холбогдоод юань авах талаар чат бичсэн, тэр хүнд би юань зарна гээд onexbet цахим тоглоомын сайтын агентийн дансыг өгч 250,000 төгрөгийг шилжүүлүүлж авахуулсан. Гүйлгээний утга хэсэгт нь өөрийн onexbet цахим тоглоомын сайтын ID кодоо бичиж шилжүүлсэн. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлээс өөрөөр надад бусдыг хуурч мэхлэн гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Залилах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч Т.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Н гаас “юань сольж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан 250,000 төгрөг шилжүүлж авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Т ийг “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н д 250,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Н д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө нэхэмжилж байна” гэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авсан ба уг хугацаанд хохирогчид хохирол төлбөр барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Т.Т өөс 250,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Н д олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүхээс шүүгдэгч Т.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдал, хохирол, төлбөрөө төлсөн эсэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьд эдэлж дуусаагүй 95 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг уг ялтай нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 495 цагаар тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Т.Т “Би хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг энэ долоо хоногтоо төлж барагдуулна. Миний хичээл эхлэх гэж байгаа хичээлийнхээ хажуугаар нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэхэд хүндрэлтэй байдаг. Тийм учраас надад торгуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Т өд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.Т нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Т.Т өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 95 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 335 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Т өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тугсай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр .... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 49.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 95 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.Т ийн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 335 цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 335 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т өөс 250,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Н д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО