| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2024/0732/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/341 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/341
2025 01 30 2025/ШЦТ/341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурор Г.Булаг-Ундралаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
хяналтын прокурор Г.Булаг-Ундрал,
хохирогч Т.Н , түүний өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг,
шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан эрүүгийн 2411 00000 1142 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нээлттэйгээр хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “........... ” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц-н Г /РД:............./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас яллагдагч Ц.Г ын тэжээж байсан нохой нь 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн ........... гудамжинд хохирогч Т.Н рүү дайрч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...12 сард очиж үзүүлэхэд дахин хадаас хадуулж магадгүй гэсэн. 2025 оны 4 дүгээр сард хагалгаанд орно. Сэргээн засах эмчилгээнд шүүгдэгчийн өгсөн мөнгөөр орсон. Ажилгүй байсан хугацааны буюу 9, 10 дугаар сарын цалингаа нэхэмжилж байгаа.” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Т.Н , гэрч Х.М , гэрч Б.У нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 10866 тоот дүгнэлт, шүүгдэгч Ц.Г яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.
Шүүгдэгч Ц.Г нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Ц.Г ын эзэмшлийн нохой нь 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн ........... гудамжинд хохирогч Т.Н рүү дайрч зүүн шууны богтос, шуу ясны ил хугарал, баруун хөхний шарх, баруун гуяны шарх, цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн Дугаар 10866 тоот дүгнэлтээр “...Т.Н -н биед зүүн шуу ясны ил хугарал, баруун хөхний шарх, баруун гуяны шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 30-32 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч Т.Н н биед Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хүндэвтэр хохирол учирсан байна.
Энэхүү хүндэвтэр хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:
Хохирогч Т.Н мэдүүлсэн “...2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байдаг ахмадын төвөөс халуун сав авах гээд гарсан. Би гэрээсээ гарахдаа түлхүүрээ мартчихсан байсан. Тэгээд би түлхүүрэ гэрээсээ авах гээд буцаад явсан. Хашааны үүдэнд ирэхэд нээлттэй байсан. Тэгээд би түлхүүрээ гэрээсээ авах гээд буцаад явсан. Хашааны үүдэнд ирэхэд нээлттэй байсан ба би гайхаад орох гэсэн чинь миний урдаас нэг том юм юу юугүй цоройгоод дайрсан. Манай хашааны үүдэнд хүргэн У ын портер машин байсан ба намайг тэр машины хажууд дараад унагаасан. Тэр нохой шууд миний хоолой руу дайрсан ба би зүүн талын гараараа тулсан чинь бугуй хэсгэээс нь зуугаад сэгсэрсэн. Тэр үед миний гар хугарч байгаа нь мэдэгдсэн. Бугуйнаас зууж байгаад тавьснаа тохойноос мэрээд хазаад сэгсэрсэн. Би орилоод байж байтал манай нөхөр М гарч ирээд нэг юм барьчихсан цохиод байсан тэгэхэд намайг тавихгүй байсан ба манай хүн машинаас нэг зүйл авч ирээд толгой руу нь цохьтол намайг тавиад хашааныхаа тэнд очоод зогсчихсон. М намайг гэрт авч ороод хүүхдүүдрүүгээ утасдаж хэлээд боолт тавьсан. Хүүхдүүд цагдаа болон эмнэлэгийн байгууллагад дуудлага өгсөн байсан. ...Бид нарыг хазсан нохой нь манай урдаас харсан хашааны хашааны Г гэж хүний нохой байсан. Г нь тухайн үед гэр бүлээрээ хөдөө явчихсан байсан. ...Би гомдолтой байна. Нохойд хазуулснаас үүдсэн зардлаа гаргуулж авмаар байна. Би насаараа гаргүй болж байх шиг байна. Намайг дахиад хагалгаанд ор гэсэн. Тухайн айлыг хөдөө явж байхад нь манай хүн нохойгоо яах гэж байгаа юм бэ гээд асуухад хашаандаа сул үлдээгээд явна гэж хэлсэн гэсэн“ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Гэрч Х.М хохирогчоор мэдүүлсэн “...2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 21 цаг 40 минутын үед манай хөгшин гэртээ ирж байсан тул би тосох гээд гэрээсээ гартал нэг хар юм үсрээд ирсэн. Би газарт унасан чинь дээрээс ноцож эхэлсэн. Тэгээд би нохой байна гэж мэдсэн. Тэр нохой нүүр лүү дайраад байхаар нь би нэг гараараа хамгаалаад нэг гараараа хоолой хэсэг рүү түлхсэн. Тэр нохой нь их том биетэй нохой байсан бөгөөд миний биеийн зүүн гарын шуу хэсгээс 1 удаа хазсан. Зүүн талын хөх махны доод хэсэгт, баруун хөлний өвдөгний гадна талд хазуулаад ярагдсан дотор хэсэгт хазаад 2 соёо орсон байсан. Намайг ноцож байсан. Байгаад гэнэт болиод хашаанаас гарсан чинь манай эхнэрийг дээш нь харуулаад унагаачихсан бас ноцож байсан. Би очоод тэр нохойг гараараа 2 цохисон чинь тоохгүй дайраад байсан. Би сандраад хашааны гадна байсан хүргэний машин дээр байсан панер олж аваад тэр нохойг цохьтол манай эхнэрийн гарыг хазаж сэгсэрч байгаад больчихсон. Болихоор нь би эхнэрээ аваад гэртээ орсон. Гэртээ орсон чинь зүүн талын гар нь санжчихсан баруун талын хөхнөөс хазчихсан баруун талын хөхнөөс хазчихсан баруун талын зузаан гуянаас нь хазчихсан байсан. Тэгээд би хүүхдүүд рүүгээ хэлээд манай хүүхдүүд түргэн дуудсан байсан. ...Бид нарыг хазсан нохой нь манай өөдөөс харсан хашааны Г гэж хүний нохой байсан. Тухайн үед эзэн нь байгаагүй хөдөө явчихсан байсан. Тэр нохой нь хашааныхаа банзыг хуга татаад гарчихсан юм шиг байна лээ. Тэгээд манай хашаанд явж байгаад бид нарыг ноцсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Гэрч Б.У мэдүүлсэн “...2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр орой 22 цагийн үед гэртээ байж байсан. Тэгсэн чинь хадам аав М над руу залгаад би нохойд хазуулчихлаа гээд залгасан. Тэгээд би гэрт нь эхнэртэйгээ хамт яваад орох гэсэн чинь аав болон Н эгч 2 биенээс нь маш их хэмжээний цус гоожчихсон байсан. Хоёулаа орилж чарлаад уйлж сууж байсан. Тэгсэн чинь хадам аав намайг машинаа асаагаарай эмнэлэг явна гэсэн. Тэгэхээр нь би машинаа асаах гээд хашааныхаа гадна талд гарсан чинь нэг нохой над руу дайраад миний хүзүү, мөр, гар, цээж хэсгээс хазаж ноцсон. Би тухайн нохойг хөөж явуулах гээд ноцолдож байтал манай эхнэр Д гартаа хүрз барьж гарч ирээд нөгөө нохой руу орилсон чинь над руу дайрсан нохой хашаа руугаа яваад өгсөн. Би тэндээс холдоод хашаа руугаа орсон. Буцаад аавын гэрт орсон чинь нөгөө 2 чинь намайг хараад бас хазуулчихсан уу гээд асуусан. ...Би тэр нохойг харж байгаагүй. Хүзүүндээ ямар нэгэн гинжгүй байсан. Хадам аав хэлэхдээ тэр нохойны эзэн нь манай урд айлын нохой бөгөөд эзэн нь хөдөө явчихсан хөдөө явахдаа хооллож байгаарай гэж хэлээд явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дахь тал),
Шүүгдэгч Ц.Г мэдүүлсэн “...2024 оны 8 дугаар сарын 05-ны орой Архангай аймаг ороод цаашаагаа Увс аймаг явсан. Би гэрээсээ явах үедээ өөрийнхөө нэг тал нь блокоор өрсөн, үлдсэн 3 тал нь модон хашааг дотроос нь түгжээд явсан. Манайх гүйдэг төмөр хаалгатай манай хашаанд онгорхой цоорхой хэсэг байхгүй учраас нохойгоо уяанаас нь сул тавиад сул орхисон. Намайг Увс аймагт явж байх үед миний гар утсанд мессеж ирсэн байна. Тухайн мессежийг уншиж үзэхэд манай хөрш айлын М ын охиноос нь танай нохой манай аав, ээж, хүргэн ахыг хазчихлаа одоо эмнэлэгт бие нь муу байна. Хурдан яаралтай хотод ирэх хэрэгтэй байна гэж ирсэн байна. Би тэр үед М ах руу утсаар залгаад юу болсныг мэдээд хот руу гараад явсан боловч машин эвдрээд замаасаа буцсан. Дараа нь 4 хоногийн дараа очсон. Би хотод ирэх үед М ах гэртээ байсан би гэрт нь орж М ахтай уулзаад маргааш нь эмнэлэг орж М ахын эхнэр Н эгчийг эргэсэн. ...Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар 2024/ШЗ/1879 захирамжийн дагуу хийгдсэн нэмэлт ажиллагааны хүрээнд дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Т.Н дахин мэдүүлсэн “...Би тэр 2024 оны 8 дугаар сарын 09-ны өдөр гэрлүүгээ орох гэж явж байгаад яг хашааныхаа үүдэнд хаалгаа нээгээд орох гэж байхад том саарал нохой ирээд намайг дараад авсан. Тэгээд миний цээжний хөхний хэсэгт хазсан, би арай гэж холдуулаад босох гэтэл миний гуя хэсэгт хазсан тэгээд миний хоолой руу дайраад байсан. Би босох гэхэд миний зүүн гарын шуу хэсгээс тэр нохой хазсан. Би тавиулах гэсэн боловч тавихгүй байсаар байгаад миний зүүн гарын шууг хугалсан. Тухайн үед яс хугарч байгаа нь надад өөрт мэдрэгдсэн. Тэгээд намайг гарнаас зуугаад цааш нь чирсэн. Тэгээд тусламж дуудаад орилсон. Манай нөхөр миний дууг сонсоод хашаанаас гарч ирээд миний дээр нохой гарчихсан гарнаас зуугаад тавихгүй байхыг хараад намайг салгаж авах гэж нэлээн ноцолдоод арай гэж салгаад хашаа руу намайг өргөж оруулаад гэрт оруулсан. ...Би өөрийн даатгалаараа 2024 оны 8 дугаар сарын 09-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн төв эмнэлэгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. Би тухайн эмнэлэгээс төв гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжиж сарвууны тасагт яаралтайгаар 5 удаагийн хагалгаанд орсон. Тухайн үйлчилгээ нь даатгалаас төлөгдсөн. Гадуурх эмчилгээг бүгдийг нь би өөрийн хувийн зардлаар гаргасан. Тухайн баримтуудыг би шүүхэд жагсаалтаар нь гаргаж өгсөн. Одоо эмчилгээ цаашид хийгдсээр байгаа тул тухайн баримтуудыг гаргаж өгнө. Би одоогоор сарын дараа дахин зүүн гарын шууны ясыг хадуулах хагалгаанд орох болсон. Одоо би гэмтэл согог судлалын үндэсний төв дээр хяналтанд байгаа байнга очиж үзүүлдэг” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Ц.Г нь өөрийн тэжээж байсан орчиндоо аюул учруулж болох амьтан нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Т.Н рүү тухайн нохой дайрч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3."гэрийн тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад амьтныг; ойлгохоор, мөн хуулийн зүйл хэсгийн 3.1.1 дэх заалтад 3.1.1."асран хамгаалагч" гэж гэрийн тэжээвэр амьтныг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах болон нохой, муурыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн иргэнийг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад "тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглах зорилгоор гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг ойлгохоор тус тус хуульчилжээ. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт асран хамгаалагчийн үүргийг хуульчилсны дотор 9.1.2 дахь хэсэгт гэрийн тэжээвэр амьтан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх гэж хуульчилжээ. Шүүгдэгч Ц.Г нь хуульд заасны дагуу өөрийн тэжээж байсан нохойны асран хамгаалагч болох бөгөөд хуулиар тухайн тэжээвэр нохойг бусдад аюул учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүрэг хүлээх юм. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцахын зэрэгцээ хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээнээс хамаарч Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Шүүгдэгч Ц.Г ын гэрийн тэжээвэр нохой нь гэрийн тэжээвэр амьтан гэх агуулгаараа түүний ашиг шимийг ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн амьтан гэх ангилалд хамаарч байна. Үүнээс орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт уг амьтныг гаршуулан тэжээж буй зориулалт, амьтны төрөл зүйл зэргээс хамаарч хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц амьтадыг тусгайлан ойлгодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй буюу тор, хүзүүвч, хашаа, хороо, хошуувч, уяагүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан эс үйлдэхүй, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байх шинжээр тодорхойлогдоно. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ц.Г нь өөрийн нохойг зохих хамгаалалтгүй буюу өөрийн хашаанд сул орхисны улмаас нохой нь хашаанаас гарч улмаар хохирогч Т.Н рүү довтлон дайрч хазах зэргээр гэмтээсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Хохирогч Т.Н н эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд өөр бусад шалтгаан нөхцөл нөлөөлсөн, шалтгаант холбооны хөгжилт тасалдсан эсэх талаар баримт авагдаагүйн дээр шүүгдэгч Ц.Г ын эзэмшлийн нохой биш байсан эсэх, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 10796 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.У ын эрүүл мэндэд “...хүзүү, зүүн мөрөнд шарх, хүзүү, цээж, зүүн бугалга шуу, алга, өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 11006 тоот шинжээчийн дүгнэлтээр Х.М ын эрүүл мэндэд “...цээж, хэвлий, зүүн шууны, баруун гуя өвдөг, хоёр тохойд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал) тус тус авагдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ. Дээрх үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бол Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахаар заажээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №1/4038 албан тоотоор “...Эрүүгийн 2411000001142 дугаартай хэргээс зарим баримтыг хуулбарлаж зөрчлийн гомдол, мэдээлэлд бүртгэж шалгуулахаар хүргүүлэв” гэсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №0119383 шийтгэлийн хуудсаар холбогдогч Ц.Г т холбогдох зөрчлийн хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан тул гэмт хэргийг болгоомжгүй үйлджээ.
Шүүгдэгч Ц.Г ын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Г ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ц.Г ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Хохирогч Т.Н гээс эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой 2.686.121 төгрөгийн баримтыг хангах үндэслэл тогтоогдов. Хохирогч Т.Н гээс шүүхэд ирүүлсэн нийт баримтаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан, шашны зан үйлтэй холбоотой гарсан, мөн зарцуулалт тодорхойгүй зэрэг зардлын баримтыг шүүх хангаж шийдвэрлэхээс татгалзсан. Учир нь гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарах зардалд хамаарахгүй гэж дүгнэсэн болно. Хохирогч Т.Н гээс өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилсэн нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өмгөөлөгчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна. Мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засийн азрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 161 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын Хоёрын 2.6 дахь хэсгийн 2.6.6 дахь заалтад зааснаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг буруутай этгээдээс гаргуулахаар заасан байх тул хохирогч Т.Н н өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг гаргуулах үндэслэл тогтоогдоогүй болно.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар 2024/ШЗ/1879 захирамжийн дагуу хохирогч Т.Н д гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгасан байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №13/150 албан тоотоор “...Шинжлүүлэгч Т.Н гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтооход Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг хангахгүй байна” гэх албан тоотыг ирүүлжээ. Мөн шүүгдэгч Ц.Г ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамд заасан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-д хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Т.Н нь ажилгүй байсан үеийн цалин хөлс, түүнтэй адилтгах олговор, цаашид хийлгэх эмчилгээний зардал зэргийг нэхэмжилсэнтэй танилцахад гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвар алдагдах, эмчилгээ хийлгэх зэргээр ажил хөдөлмөр эрхэлж чадаагүйн улмаас олох ёстой байсан орлого, дутуу авсан цалин хөлс зэрэг нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд хамаарахгүй харин Иргэний хуульд заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн төрөлд хамаарах тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 501 дүгээр зүйл болон холбогдох хуульд заасан үндэслэлээр буруутай этгээдээс жич нэхэмжлэх, мөн цаашид хийлгэх эмчилгээний зардлын хэр хэмжээг баримтаар тооцсон нэхэмжлэл, санхүүгийн баримт зэргийг ирүүлээгүй, дээрх баримтууд хэрэгт авагдаагүй, шүүхээс тооцоолон олгох боломжгүй байх тул мөн дээр дурьдсан үндэслэлээр буруутай этгээдээс Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хохирогч Т.Н нь эрүүл мэндийн даатгалын сангаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийтдээ 3.527.080 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг санхүүжүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №01/224 албан тоотоор “...хохирлыг прокурор буруутай этгээдээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын байгууллага буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь хуульд нийцэхээр байна” гэх албан бичгийг ирүүлж өөрт хуулиар олгогдсон шаардах эрхийг прокурорын байгууллагад итгэмжлэн шилжүүлсэн байх тул улсын яллагчаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгч Ц.Г аас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Г аас 3.527.080 төгрөгийг гаргуулж Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Т.Н д 1.500.000 төгрөгийг төлсөн талаар шүүгдэгч, хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь хохирогч Т.Н д учирсан хохирлыг нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд уг хугацаанд 1.186.121 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц.Г нь урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (хавтаст хэргийн 69 дэх тал), мөн тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Г ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц-н Г /РД:............../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г т оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Г аас 3.527.080 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
6. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Н д хавтаст хэргийн хүрээнд тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Т.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан үеийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал зэргийг буруутай этгээдээс Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР