Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 436

 

“БД” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/00110 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “БД” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ШГ ХХК-д холбогдох

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “БД” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнххишиг нь 2016 оны 08 дугаар сарын     16-ны өдөр “ШГ” ХХК-тай Г/91 дугаартай батлан даалтын гэрээ байгуулж “САБ” ХХК болон “ШГ” ХХК-ийн хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний “САБ” ХХК-ийн үлээсэн үүрэг болох 24.000 литр шатахууны үнэ буюу 41.741.600 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд компанийн нэрийн өмнөөс батлан даалт гаргаж, “Соёмбо Ай Би” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд “БД” ХХК нь үүргийн гүйцэтгэл болон гэрээнээс үүссэн алтваа хохирол, анзыг хариуцан арилгахаар хэлцэл хийсэн байна. “БД” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Б.Мөнххишигтэй ХК16/04 тоот контрактын гэрээ байгуулж компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “БД” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Б.Мөнххишигтэй байгуулсан хөдөлмөрийн контрактын 3.5, 3.5.11-д заасан их хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөс их хэмжээний хэлцэл хийх тохиолдолд компанийн ТУЗ-аас албан ёсоор зөвшөөрөл авч шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэвч Б.Мөнххишиг нь дээрх заалтыг зөрчиж контрактын гэрээгээр олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн, ТУЗ-өөс албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр их хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөс давсан хэлцэл хийж “Соёмбо Ай Би” ХХК-ийн бусдын өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргасан байна. Хэрэв зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч “Соёмбо Ай Би” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй бол Б.Мөнххишигийн хөдөлмөрийн контрактад заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн хийсэн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Г/91 дугаартай хэлцлийн дагуу “БД” ХХК-д 41.741.600 төгрөгийн хохирол учрах болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохилдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тухай заажээ. Иймд “БД” ХХК болон “ШГ” ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Г/91 дугаартай батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Хариуцагч “ШГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Ш шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ШГ” ХХК нь “Соёмбо Ай Би” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах,худалдан авах гэрээ байгуулан тухайн гэрээний үүргийг батлан даахаар “БД” ХХК-тай Г/91 тоотбатлан даалтын гэрээ байгуулан ажилласан. Бидний зүгээс “БД” ХХК-ийг “Соёмбо Ай Би” ХХК-ийн үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүх хүлээн авч гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Бидний хувьд “БД” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулсан. Дээрх гэрээнд “БД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнххишиг нь гарын үсэг зурж баталгаажуулан компанийн тамга, тэмдгээ дарсан байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж заасан байдаг. Үнэхээр эрх хэмжээгээ хэтрүүлэн буруу зүйл хийн компанийг хохироосон бол гүйцэтгэх захирлаасаа шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг Улсын Дээд шүүх тайлбарласан бөгөөд дээрх үндэслэл тухайн компанийн захирал хэдэн төгрөгийн, ямар эрх мэдэлтэй эсэх нь тухайн гэрээг байгуулахад мэдэх боломжгүй, мөн энэ нь зөвхөн тухайн компанийн дотоод асуудал юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БД” ХХК, хариуцагч “ШГ” ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 366.658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ШГ”        ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 366.658 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БД” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч “ШГ” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд нь хариуцагчтай батлан даалтын гэрээ байгуулахад зайлшгүй зөвшөөрөл авах ёстой гэсэн хуулийн шаардлага байхгүй байхад хуульд заагдсан зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Байгууллагын дотоод дүрэм болон контрактын гэрээгээр зөвшөөрөл шаардлагатай байсан нөхцөл байдлыг хариуцагч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан нөхцөл байдал үүсэн байсан гэж тогтоогдох ямар ч үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч “БД” ХХК нь давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компани нь нэхэмжлэлийн гол үндэслэл болгосон, иргэн Б.Мөнххишигтэй 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ХК16/04 тоот хөдөлмөрийн контрактын гэрээний холбогдох зүйл заалтыг талууд өөр өөрөөр ойлгосон байх тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа болно. Иймд хуулийн холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хариуцагч “ШГ” ХХК давж заалдах гомдол гаргасны дараа шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч “БД” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн тул түүний хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт “Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/00110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “БД” ХХК нь хариуцагч “ШГ” ХХК-д холбогдох 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Шунхлай говь” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366 660 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                Н.БАТЗОРИГ