Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2019/01043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн “Б” цэцэрлэгт холбогдох,

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 7.193.057 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.”““, түүний өмгөөлөгч Б.”““, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.”““, түүний өмгөөлөгч Ч.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн. 2015 онд зарын дагуу сонгон шалгаруулалт өгөөд “Б” цэцэрлэгт нярваар орсон. 2015 оны 10 сард ажилдаа ороход 2 өрөө байсан. Аль ч өрөөнд нь тавилга байгаагүй учраас би удирдлагаасаа өрөөнүүдийг тохижуулахын тулд яах вэ? цаанаасаа тохижуулж өгөх үү гэхэд тийм зүйл байхгүй гэсэн. Чи өвлийн идэш хүнд амлаж орж ирсэн байлгүй, тэр мөнгөөрөө өөрөө тохижуулчих гэж хэлж байсан. 2016 оны 2 сард нэг өдрийн чөлөө гуйтал надад чөлөө өгөөгүй. Манай ажил шинийн 3, 4-нд ажлаагүй байсан. Шинийн 4-ний өдөр миний хөлийн хумс шигдэж орчихоод асуутал ажил руу залгатал хүүхдүүд цуглаагүй ээ, бид нар айлуудаар золголтоо хийгээд явж байна гэсэн хариу өгсөн болохоор би очоогүй. Намайг маргааш нь ажилдаа очиход элдвээр хэлж, намайг загнасан. Танай нөхөр чинь бүхэл бүтэн замын цагдаа байж ямар арчаагүй юм. Ганц машин олоод ээж, аавдаа очоод золгочиж чаддаггүй юм уу гэж намайг загнасан. Мөн 2017 оны 9 сард эрхлэгч мах худалдаж авч надад хүлээлгэж өгсөн. Тухайн үед уг мах нь ямар нэг үнэр ороогүй байсан. Тэгээд хүлээж авчхаад бүх яснаас нь салгаж, янзлаад халуун ажиллагаанд оруултал үнэр орчихсон байсан. Тэгэхээр нь би эрхлэгчээ нөгөө махчин үнэр орчихсон байна, буцаах боломж байгаа юу гэж асуухад одоо хүнээс мах авчхаад яаж буцаах гээд байгаа юм бэ та нар гэж уурласан. Мах зарсан хүн нь манай эрхлэгчийн найз Тогтохбаяр гэж Дэнжийн цэцэрлэгийн эрхлэгч байсан. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр мах зарсан хүн нь нэхэмжлэх зарлагын баримтаа өгье гэхэд нь мах чинь жоохон үнэр орчихсон байсан. Тийм болохоор би үхрийн махыг нь 5500 төгрөгөөр, хонины махны 4500 төгрөгөөр авна шүү гэдгийг нь хэлэхэд нөгөө хүн утсаа салгасан. Удалгүй эрхлэгч намайг өрөөндөө дуудаад чи хүний юмыг дур мэдээд үнийг нь буулгадаг хэн юм бэ гэж загнасан. 2017 оны 04 дүгээр сард багш нарын илтгэлийн уралдаан болсон. Би илтгэлийн уралдаанд орж болох уу гэхэд эрхлэгч чамд хамаагүй, чи өөрийнхөө урдах ажлыг хийж барахгүй байж гэж загнасан. 2017 оны 06 сард хамт олноороо зугаалгад явъя гээд ажилчдаараа хоорондоо ярилцаад эрхлэгчид хэлтэл чи намайг сургалтад явахыг мэдсээр байж албаар ингэж зохион байгууллаа гэж тогооч, жижүүр хоёрын хажууд намайг элдвээр хэлсэн. Тухайн үед би сургалтад явах гэж байгаа гэдгийг нь мэдээгүй байсан. Янз бүрийн арга хэмжээ болохоор нярав гэх утгаараа би зохион байгуулдаг. Удаа дараа намайг арчаатай, арчаагүйгээр дуудаж дарамталж загнасан. 2018 оны 12 дугаар сард манай жижүүр архи зардаггүй өдөр пиво уусан байсан. Тухайн үед би уусан гэдгийг нь мэдээгүй, мөн уулзаад цуг уусан зүйл байгаагүй. Бага сургуулийн ар талын машин угаалгын газар би машинаа тавьдаг юм. Тэр газар намайг 20:00 цагаас өмнө машинаа тавиараа гэж надад хэлсэн. Намайг уусан, уугаагүй гэдгийг гэрчлэх хоёр хүн байгаа. Мөнх-Од гэх багшийг би гэрт нь хүргэж өгсөн, “Б” гэх жижүүрийн эхнэрийг охиных нь хамт хүргэж өгсөн. Тэгээд машинаа тавиад би гэртээ очоод амарсан. Би гэртээ хариад 22:00 цагийн үед унтсан. Хүү минь утсаар минь тоглох гээд утасны минь дууг хаасан байсныг би мэдээгүй юм. Тэгтэл эрхлэгч над руу 24:00 өнгөрч байхад залгасан байсан. Маргааш нь над руу манай жижүүр залгаад өчигдөр Цогоо ах, “Б” ах нар баригдчихлаа, чи цагдаа дээр очих арга байна уу гэхэд би цагдаа дээр оччихоод буцаад гараад иртэл эрхлэгч дахин залгасан байсан. Тэгэхээр нь би эрхлэгч рүү буцаад залгатал чи хүн амьтан уруу татаж ууж, идчихээд цагдаа барингуут нь чи хаяад явсан байна гэж намайг элдвээр хэлээд загсан. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй шүү дээ, би ууж, идээгүй гэхэд чи тийм юм бол яахаараа намайг шөнө залгахад утсаа авдаггүй юм бэ гэж уурласан. Тухайн үед ажлын бус цаг байсан, би унтаж амарч байсан гэж тайлбарлахад намайг элдвээр хэлсэн. Маргааш нь би ажил дээр очиход мах ирчихсэн байсан. Тэгэхээр нь тогооч нартайгаа махаа янзлах гээд ажил очиход эрхлэгч өглөөгүүр ирсэн нотлох баримт цуглуулна гээд хогийн сав ухаад явж байсан. Намайг ер нь хүн гэж тоож харьцдаггүй, намайг ямар нэг зүйл хэлэхэд хэзээ ч хүлээж авдаггүй. Би бас удирдлагатайгаа муудаад байж болохгүй шүү гэж бодоод 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр нөхөртэйгөө ярьж байгаад нэг цэцгийн баглаа, ил захидал бичээд өөрөө өгөх зүрх хүрэхгүй болохоор нь би нөхрөө явуулсан. Тэгтэл манай нөхрийг загнаад явуулсан байсан. Маргааш нь би цэцэрлэгийн үүдэн дээр эрхлэгчтэй таараад эрхлэгчээ уучлаарай гэхэд чамтай яриад байх юм байхгүй, чамайг би зайлуулна, би чамтай ясаа цайтал заргалдана гэж хэлсэн. Ажлаас халах үндэслэл нь зөвхөн бид хоёрын хооронд үүссэн таагүй харилцаа юм. Надтай нийлдэг, миний ойр тойронд байдаг хүмүүсийг байнга дарамталж харьцдаг. Надад энэ хүнийг нотлоход, гэрчлээд өгөх хүн тэр байгууллагад байхгүй. Учир нь хэрвээ хэлбэл энэ хүн эргээд дарамтлах учир надад асуулгах хүн байхгүй. Намайг хувийн өс хонзонгоор ажлаас халсан гэж үзэж байна. Намайг гэнэт л дуудаад ажлаас халсан. Өмнө нь дуудаад ийм, тийм арга хэмжээ авч байна гэж огт хэлж танилцуулаагүй. Энэ болсон үйл явдлаас болж саяхан жирэмсэн байж байгаад сэтгэл санааны хямралаас болоод хүүхдээ алдсан 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, “Б” цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7.193.057 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа. 12 дугаар сарын 1-нд архи ууж, согтуурсан асуудал байхгүй байгаа. Ажил тасалсан гэдэг дээр өвчний шалтгаантай байсны улмаас ажилдаа очоогүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Б” цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 тоот тушаалыг эрх зүйн актынх нь хувьд хууль зүйн шаардлагад нийцээгүй, хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн дотоод журам болоод хөдөлмөрийн гэрээний тодорхой заалтуудыг буруу үндэслэсэн дараах нөхцөл байдлууд байна гэж үзэж байна. Тодруулбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасан заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш. 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д тус заасан 2 заалтыг сонгож, хэрэглэсэн байдаг. Энэ 2 заалтыг сонгож хэрэглэснээр Д.”““г 3 төрлийн зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дээр сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж байгаа. Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь Д.”““ 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “““д сахилгын зөрчил оногдуулсан байдаг. Энэ шийдвэрийг Д.”““ мэдээгүй. Сахилгын арга хэмжээг бүрэн гүйцэд нотолж чадаагүй. Дараа нь ямар зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүй. Тэрийгээ мөн адил хуулийн дагуу бүртгэж аваагүй. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдгээ ажил олгогч хүүхдийн тоо зассан гэдэг асуудал яридаг. Бид хэргийн материалыг шинжлэн судлаад, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлэг зэргээс харахад хүүхдийн тоо зассан асуудал ажил олгогч буюу “““тэй өөртэй нь шууд хамааралтай асуудал. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа бол “““ гуай ч гэсэн өөрөө ноцтой зөрчил гаргасан. Яагаад гэвэл хүүхдийн тоо зассан асуудлыг өөрөө хянаж баталгаажуулж, гарын үсэг зурдаг нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ч нотлогддог. Энэ ялимгүй зүйл байсан. Д.”““ гэдэг хүн нярвын албан тушаал хашдаг. Энэ хүн бол мөнгөтэй харьцдаггүй. Ямар нэгэн санхүүгийн гүйлгээтэй харьцдаггүй. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг барих хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа хуулийн нэг л үндэслэлийг барих ёстой. Гэтэл 2, 3 хуулийн үндэслэлийг баримталж байгаа нь хуульд нийцэхгүй, оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулсан, хуулийг буруу сонгож хэрэглэсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагаа алдаж байгаа гэж үзэж байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг үндэслэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хуулийг тайлбарлаж хэрэглэсэн. Ажлаас халах гэдэг нь сахилгын шийтгэлийг нэг хэлбэр. Түүнээс хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа асуудал биш. Мөн тушаалын тэргүүн хэсэг дээр ажлаас халах тухай гэсэн. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ийм харилцаа байдаггүй. Д.”““ нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Б/09 дугаартай тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа гэж байгаа. Энэ сахилгын шийтгэл нь яг ямар сахилгын зөрчил гаргасан. Хэзээ, хаана, ямар газар үүнийг баталгаажуулсан талаар зөрчлийг шалгасан тэмдэглэл нь тодорхойгүй. Мөн энэ тушаалаа танилцуулаагүй. Тушаалыг танилцуулсан гэдгээ нотолж чаддаггүй. Хэргийн материалд танилцуулсан талаар баримт байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд л асуудлыг ярих ёстой. Мөн үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлийг зааж өгсөн байдаг. Үүрэгт ажлаа хэзээ хэрхэн ямар арга замаар хангалтгүй биелүүлсэн, байгууллагад ямар хохирол учруулсан гэдэг нь тодорхойгүй байдаг. Байгууллагын хамтарсан сургалттай холбоотой хүүхдийн тоог зассан гэдэг. Хүүхдийн тоог зассан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ноцтой зөрчил гэдгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбартай нийцээгүй. Хүүхдийн тоо зассан гэдэг асуудал дээр байгууллагын эрхлэгч хамааралтай гэдэг нь олон талаараа нийцдэг. Санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг эрх бүхий хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг эрүүгийн журмаар шалгуулсан. Үүнд ажил олгогч буюу захиргаа үнэлэлт дүгнэлт өгөх ямар ч боломжгүй. Ноцтой зөрчлийг давтан гаргасан гэдэг ойлголт хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 40 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг үндэслэлийг заасан. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа юм уу эсвэл сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байдаг. Энэ хугацаанд Д.”““ нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр аваарт орсон. Үүнийг нотолсон баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж, хэргийн материалд баримт авахуулсан. 2 дугаар сарын 1, 2-нд өвчтэй байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолдог. 2 дугаар сарын 3, 4-ны өдөр амралтын өдөр байдаг. Ингэхээр 40 цаг гэдэг асуудал үндэслэлгүй байна. Хаанаас ийм их цаг гаргаж ирсэн нь тодорхойгүй. Дээрээс нь ажил олгогч хэрвээ 40 цаг тасалсан гэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Тодорхой баримтууд, гэрчийн мэдүүлэг, эсвэл цахим хурууны бүртгэлээр нотлох ёстой. Үүнийг нотолсон баримт хэргийн материалд байдаггүй. Тэгэхээр энэ бол учир дутагдалтай ойлголт гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Ийм зөрчил байхгүй гэж би түрүү хэлсэн. Ийм учраас Д.”““тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Тушаалаас үзэхэд байгууллагад хохирол учруулсан, ноцтой зөрчил гаргасан мэтээр харагддаг. Гэтэл хуулийн үндэслэл байхгүй. Үүнийгээ баталгаажуулсан баримт байхгүй. Д.”““ гэдэг хүн хэрвээ байгууллагад хохирол учруулсан бол ямар нэгэн тооцоо хийгээгүй. Д.”““г ажлаас халах тухай гээд тэргүүгээ буруу бичсэн. Ийм учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 17 сарын цалинтай тэнцэх хэмжээний 7.193.057 төгрөг гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сараас эхэлж “Б” цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан. Бүх ажилтан, албан хаагчтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж, албан ёсоор гарын үсэг зуруулсан. Ажлын байрны тодорхойлолт гэж байдаг. Одоо албан тушаалын тодорхойлолт гэдэг болсон. Уг тодорхойлолтод нярав хүний үндсэн чиг үүргийн хүрээнд хийх ёстой ажлууд нь багтдаг. Д.”““ нь энэ байгууллагын эд хөрөнгө хариуцсан нярав хүн. Энэ хүнтэй мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Ийм байдлаар хамтран ажиллаж эхэлсэн. Намайг дарамталсан, үгээр доромжилсон гэж ярьж байна. Үүнийг би гэрчтэй, баримттай яриасай гэж хүсэж байна. Өмнөх шүүх хуралдаанд дээр ч би зөндөө гүтгүүлсэн. Дотоод журмын хувьд бүх ажилчдаа цуглуулж байгаад нэгдсэн хурал хийгээд танилцуулаад зарим нэг зүйл заалт дээр өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юу гэдэг дээр бүгдээрээ хэлэлцээд дотоод журмаа баталж гарын үсгээ зурдаг. Би бүгдэд нь танилцуулсан. Надад 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хийсэн хуралдаанаар Д.”““ нь дотоод журамтай танилцаад гарын үсгээ зурсан баримт байна. Д.”““ өмнө нь ч гэсэн хөдөлмөрийн гэрээ байгуулаад надад нэг хувийн өгөөгүй гэж намайг гүтгэсэн. Энэ хүний хавтас хэрэгтэй баримт бичиг байгаа. Нэг хувийн өөртөө ав, би нэг хувийн архивд хийнэ гээд бүх холбогдох баримт бичгүүдийг хоёр хувь үйлдсэн. Д.”““ ажлаас чөлөөлөгдлөө гээд тушаалаа аваад явахдаа ах өмгөөлөгч авсан хөдөлмөрийн гэрээгээ авчир гэсэн гээд надаас албан ёсоор хөдөлмөрийн гэрээгээ аваад явсан. Одоо болтол аваагүй гээд шүүхийн өмнө хүн гүтгэж байгаа нь эвгүй санагдаж байна. Энэ хүнийг ажлаас чөлөөлсөн гэх асуудлын хувьд энэ хүн өөрөө архидан согтуурах асуудалд оролцсон. Анхны пивыг Д.”““ нь авчирч өгсөн гэдгийг жижүүр  “Б” нь хэлдэг. Гэрчээр дуудаж асуусан ч болно. Өөрөө уудаггүй юм аа гэхэд багш нарт аягалж өгсөн үйлдлийг гаргасан байдаг. Энэ хууль бус үйлдэл гаргасан дээр нь би хариуцлага тооцсон. Бид нэгдсэн журмаар байгууллага хамт олноороо 100 хувийн ирцтэйгээр хуралдсан. Энэ хурал хэн нь хэнийгээ дарамталж, хэл амаар доромжилсон бэ гэдгийг бүх хүн харсан. 1 дүгээр сарын 23-ны өдөр хүүхдийн тоо нэмсэн асуудалтай холбоотой бүх багш нарыг, нярав Д.”““гийн хамт дуудаад хүүхдийн тоо зассантай холбоотой асуудал үүсгэсэн. Д.”““ нь 9, 10, 11, 12 дугаар сарынхаа санхүүгийн баримтыг 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл баримтаа гаргаж өгөөгүй. Би Д.”““д ажил үүргийнх нь хувьд шаардлага тавьдаг болохоос биш надад энэ хүнд санасан өс хонзонгийн зүйл байхгүй. Хүүхдийн тоо нэмсэн байсан зөрчлийг би илрүүлээд юу болоод байгаа юм бэ? яагаад ингэсэн юм бэ? гэж асуухад аудитыг шалгалт ирэх гэтэл бүх журналаа зассан байгаа учраас би хотоос журнал авчирч хуулуулж байна гэсэн тайлбарыг надад өгсөн. Хэрэг бишдээд ирэнгүүтээ шөнийн 01, 02 цаг хүртэл сууж байгаад 1 дүгээр сарын 26-ны өдөр 9, 10, 11, 12 дугаар сарын санхүүгийн баримтуудаа барьж орж ирсэн. Одоо надад энэ санхүүгийн баримтууд нь бүгд байна. Тухайн үед би тэр санхүүгийн баримтууд дээр нь гарын үсэг зурахгүй гэж бодож байснаа за за жилийн эцэс болоод тайлан тооцоо гарах гэж байна, энэ баримт дээр чинь би 1 дүгээр сарын 26-ны өдөр гэж бичиж байгаад гарын үсгээ зурлаа шүү, чи ингээд ажлын байрныхаа чиг үүргийн хүрээнд ажлаа хийж өгөхгүй байгаа шүү гэж би өөрт нь хэлсэн. Ингээд тоо зассан асуудлыг би илрүүлээд дотоод аудитын газар луу албан тоот өгөөд үүний дагуу шалгасан. Үүний дагуу Д.”““ гэх хүн нь хүүхдийн тоог авсан бараа материалынхаа дүнд тааруулж багш нараар хуулуулж, хуурамч бичиг баримт үйлдсэн байна гэдэг нь нотлогдсон. Манай байгууллага нь төрийн аудитын газар ачаалал ихтэй байдаг учраас гэрээт, хувийн Уваа-Уул гэх аудитын газраар шалгалт хийлгэдэг. Үүнийг би албан ёсоор танилцуулж байсан. Уваа-Уул аудитын газар нь шалгалт хийгээд юу гэж дүгнэсэн бэ гэхээр санхүүгийн баримтад гарын үсэг зураагүй, нэгтгэл дүн тоог нь нэгтгээгүй гэх зэрэг зөрчил илэрсэн тул холбогдох хүмүүст нь мэдэгдэж хариуцлага тооц гэсэн зөвлөмж өгсөн. Энэ нь Д.”““гийн санхүүгийн баримт хуурамчаар үйлдэж, байгууллагын итгэл эвдсэн гэх үйлдлийг нотолж байгаа юм. Мөн Д.”““гийн ажил тасалсан гэх ярианы хувьд 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлээд 2 хоног ямар ч хэл чимээгүй алга болсон. Би байгууллагын дарга хүн, ядаж над руу би ингэсэн шүү, тэгсэн шүү гэх шалтгаанаа бичээд мессеж үлдээж болох байсан. Д.”““ нь өнөөдөр шүүх дээр ингэж ярьж байгаа ч гэсэн өөрөө дотроо бол маш ёс зүйгүй хүн. Дараагийн удаад хүүхдийн тоо зассан гэх ноцтой хэрэг илрэнгүүт ямар ч хэл чимээгүй, өөрийнх нь дотнын найз байгууллага дотроо найзалдаг, байнга хамт явдаг Наранцэцэг гэх энэ найздаа амралтынхаа өдрөөр складныхаа түлхүүрийг өгөөд явсан байсан. Өөрөө 3 хоног байх хугацаандаа мөн бараа материалаа гаргаж өгөөгүй. 8 хоногийн хугацаанд Наранцэцэг агуулахаас тогоочид тухайн өдрийн хүүхдийн ирцээр хоол хүнсийг нь гаргаж өгсөн. Энэ баримт нь мөн хавтас хэрэгт байгаа. Тухайн үед Д.”““г өвчтэй, чөлөөтэй гэж нэг ч хүн надад хэлээгүй. Байгууллага дотроо бол Наранцэцэг ямар нэг зүйл хэлсэн л байгаа байх, би бол огт мэдээгүй. 3 хоногт нь өөрөө өглөө нь ирчихээд бараа материалаа ч гаргаж өгөөгүй явсан. Д.”““гийн хувьд 8 хоног ажил тасалсан асуудал яригддаг. Байгууллагын дотоод журам дээр 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчил гэж үздэг. Нэг хоногийн чөлөөг албан ёсоор амаараа хэлээд авч болдог. Архидан согтуурсантай холбоотой сахилгын шийтгэл ногдуулсан асуудлын хувьд өөрийнхөө хууль бус хийсэн зүйл дээрээ хэзээ ч гарын үсгээ зурдаггүй. Хэзээ ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэр битгий хэл 5 хүний ажлын хэсэг байгуулаад бараа материал хүлээж авахад чи ч гэсэн хамт хүлээлцэж авсан, бүх гар бичмэл дээрээ гарын үсгээ зур гэхээр зурахгүй гээд зурдаггүй. Эцэстээ ингэснээрээ хүнийг гүтгэх байдлаар ашигладаг гэж үзэж байна. Мөн тэр өвлийн идэш гэх яриаг би зүгээр тоглоомоор өвлийг идэш амлаж ажилд ордог гэсэн, өвлийн идэш биш юмаа гэхэд байгууллагадаа хэрэгцээтэй нэг юм авчихъя л даа гэж би тоглоомоор хэлсэн. Гэтэл түүнийг өрөөндөө дуудаад өвлийн идэш амлаж ажилд орсон гэж загнасан мэтээр ярьж байгаад нь гомдолтой байна. “Б” цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан Д.”““ ажлаас халагдсан үндэслэл нь 3 зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Ажлаас халагдсан үндэслэл бол 3 зөрчил алдаа гаргасныг улмаас ажлаас чөлөөлсөн. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан. Дахин зөрчил гаргасан гэдэг маань байгууллага дээр 12 дугаар сарын 1-ний өдрийн архидалт, дээрээс нь тэр үйл ажиллагаанд оролцсон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Энэ хүн үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Байгууллагын хурал дээр ёсгүй авирлаж, баримт материалууд дээр гарын үсэг зураагүй. Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь 2017 оны 11, 12, 1 дүгээр сарын тайлан мэдээг гаргах хугацаандаа гаргаагүй. Энэ хэрэг зөрчил нь илэрсэн өдөр буюу 1 дүгээр сарын 26-ны өдөр бөөнөөр нь барьж орж ирж байсан зэрэг нь үүрэг ажлаа хангалтгүй биелүүлж байсан гэдгийг нотолж байгаа. 40 цагийн ажил тасалсан гэдэг нь би тухай үед 8 хоног өөр хүн хүнсний бараа бүтээгдэхүүн гаргаж байсныг мэдээгүй. 2 дугаар сарын 5-ны Даваа гарагт мэдсэн. Энэ үндэслэлээрээ 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр яаралтай байгууллагын ёс зүйн хороог байгууллагын багш, ажилтнуудын төлөөлөлтэй хуралдуулж, Д.”““д арга хэмжээ авах талаар 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр мэдэгдсэн байгаа. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан. Д.”““ нь байгууллагын нярав, эд хариуцагч хүн. Хүүхдийн тоог засаж байгаагийн цаад талд мөнгө, хүүхдийн эрүүл мэнд явж байгаа. Тухайн өдөр хүүхдэд өгөх хоол тэжээлийн илчлэг, норм бүх зүйл хамаарч байгаа гэдгийг би өмнөх хурал дээр бас хэлсэн. Ажлаас халсан шалтгаан нь тухайн өөрийнхөө зассан тоогоо хий 5 хүүхдээр нэмээд, хүнсний бараа бүтээгдэхүүнийг дутаасан зүйлүүдээ зарлагадсан. Үүнийг би тухайн үед нь таслан зогсоосон. Хэрвээ би таслан зогсоогүй бол энэ хүн үлдэгдэл 1.700.000 төгрөгийн зүйлийг хүүхдүүдээр зарлагадаад, өөрөө алдаа зөрчил гаргаагүй мэтээр байж байх байсан. Д.”““г санхүүгийн хуурамч материал бүрдүүлж, ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйл ажиллагаа гаргасан. Би цагдаагийн газар шалгуулсан. Прокурорын тогтоол дээр ч хүүхдийн тоог засаж, засварласан гэдэг нь тогтоогдсон. Дээрээс нь миний зөрчлийг арилгуулахтай холбоотой Төв аймгийн Санхүү, дотоод хяналтын албанд өгсөн албан бичгийн дагуу хийсэн шалгалтанд Д.”““ хүүхдийн тоо засаж, хуурамчаар бүрдүүлсэн гэдэг нь тогтоогдсон. Эдгээр үндэслэлээр Д.”““г ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогч 3 үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан. Хоёрдугаарт, мөн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг үндэслэлээр халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь анхны зөрчлийг ажилтан Д.”““ нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/09 тоот тушаалаар ажлын байран дээр архидан согтуурсан, архидан согтуурах арга хэмжээг зохион байгуулж, хүмүүст архи хундагалж өгсөн гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсан байдаг. Сануулах арга хэмжээ авагдсан талаар багш, ажилчдын хурлын тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа. Энэ хуралд Д.”““ оролцсон. Удирдлагатай маргаж муудалцаж, гарын үсэг зураагүй гэдэг нь нотлогддог. 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн сануулах арга хэмжээ авагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна. 2 дахь зөрчил бол 2018 оны 1 сард болсон. Энэ нь 2017 оны 11 сард ирсэн хүүхдийн тоог зассан. Энэ зөрчлийг гаргасан гэдэг нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоно. Гэрчээр орж ирсэн бүлгүүдийн багш нар гэрчилсэн. Хавтаст хэрэгт тоог зассан байдал, шинэ дэвтэр дээр хуулсан 2 дэвтрийг аль алийг нь гаргаж өгсөн. Д.”““г зөрчлийг давтан гаргасан гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдож байгаа. Хуульд заасан зөрчлүүдийн хоорондох хугацаа бол хуульд заасан шаардлагыг хангаж байгаа. 6 сараас хэтрээгүй, хугацааны хувьд ямар нэгэн зөрчил байхгүй. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд хариуцлагыг тусгасан. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэдэгт ажил таслах гэсэн байгаа. Тухайлбал, цэцэрлэгийн эрхлэгчээс зохих журмын дагуу чөлөө авалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг 3 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан тохиолдолд үүнийг ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байна. 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хугацаанд ажил тасалсан. 1 дүгээр сарын 24-ний өдөр даваа гараг, 2 дугаар сарын 2-ны өдөр Баасан гараг байсан. Хагас, бүтэн сайн өдөр өнгөрөөд, 2 дугаар сарын 5-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч ажил дээрээ ирээд, өнгөрсөн долоо хоногт ажилдаа бүтэн ирээгүй болохыг мэдээд, тэр даруй багш ажилчдын хурлыг хуралдуулж, хуралдаанаар дээрх зөрчлийг гаргасан болохыг илрүүлээд, арга хэмжээ авахаа мэдэгдсэн байдаг. Энэ хурлын тэмдэглэл, хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан байгаа. Энэ авагдсан тэмдэглэлээр 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл тасралтгүй 8 хоног ажил тасалсан болохыг 2 дугаар сарын 5-ны өдөр илрүүлээд, зөрчлийг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор сахилгын шийтгэл оногдуулах ёстой. Ингээд арга буюу 3 дугаар сарын 5-ны өдөр буюу хамгийн сүүлийн өдөр тушаалаа гаргасан байна. Энэ хугацаанд яагаад тушаал гаргаагүй талаар асуухад боломж бололцоо олгож, харсан. Д.”““ бол өөрийнхөө зөв гэж зүтгэдэг. Өөрийнхөө гэм бурууг хүлээдэггүй. Ингээд арга буюу хамгийн сүүлийн өдөр 3 дугаар сарын 5-ны өдөр тушаалаа гаргасан юм байна лээ гэдгийг тодотгож хэлмээр байна. Ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг нь нярав хүнд байж боломгүй үйлдэл гаргасан. Энэ нь цэцэрлэгийн хүүхдүүдийн ирцийг өөрчилж, багш нараар хуулуулж байгаа нь ажил олгогчийнхоо итгэлийг алдаж байгаа ноцтой үйлдэл. Эдгээр 3 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. 3 үндэслэлийн ядаж 1 үндэслэл нь хангалттай шалтгаан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх, нэхэмжлэгч Д.”““гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Д.”““ нь хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын “Б” цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байх бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн ба тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 7.193.057 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 19-нийы өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын “Б” цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.”““г 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/09 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, байгууллагын хамран сургалттай холбоотой хүүхдийн тоог засаж, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн ноцтой зөрчил давтан гаргасан, мөн 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийтдээ 40 цагийн ажлыг хүндэтгэн үзэх шатгаангүйгээр тасалж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан, мөн байгууллагын хамран сургалттай холбоотой хүүхдийн тоог засаж, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлж ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 2.3.2, 2.3.3, 3.1.1, 3.1.5, Байгууллагын дотоод журмын 4.17 дахь хэсгийн 10 гэсэн заалтуудыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, нярвынүүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлож, нэхэмжлэл, 1027384 нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 дугаар тушаал, иргэний үнэмлэхний хуулбар, Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар тогтоолын хуулбар, “Б” цэцэрлэгийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургууд, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Боловсрол соёлын газрын даргад Д.”““гаас гаргасан өргөдөл, амбулаториор эмчлүүлэгсдийн картны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж ирүүлсэн байна.

 

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлож, Аудитын тайлан, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгах тухай албан шаардлага, Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 311 дугаар Хариу мэдэгдэх хуудас, 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 тоот Ажлаас халаах тухай тушаал, хавсралт, 2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 2 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 8 хоногийн хүүхдийн хоолны орцны бүртгэл, тус цэцэрлэгийн 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Б/18 тушаал Д.”““г ажилд томилох тухай тушаал, Тус цэцэрлэгийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний хавсралт, Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 09 тоот Төв аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд явуулсан албан бичиг, тус албаны 2018 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 33/11 дугаар албан бичиг, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 33-19 дугаар танилцуулга, Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 33-02-06 дугаар албан шаардлага, тус цэцэрлэгийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/09 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаа, 2017 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн Багш, ажилчдын нэгдсэн хурлын тэмдэглэл, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Багш ажилчдын нэгдсэн хурлын тэмдэглэл, 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн байдлаарх хүнсний бүртгэл, Агуулахад дутсан хүнсний жагсаалт, 2017 оны 11 дүгээр сарын ирцийн бүртгэл, 2018 оны 1 дүгээр сар ирцийн бүртгэл, 2018 оны 1 дүгээр сарын цалингийн хүснэгт, Цалин олгосон баримт, төлбөрийн хүснэгт, 2018 оны 2 дугаар сар ирцийн бүртгэл, 2018 оны 2 дугаар сарын цалингийн хүснэгт, цалин олгосон баримт, төлбөрийн хүснэгт, “Б” цэцэрлэгийн нярвынажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ, бүлгүүдийн ирцийн бүртгэлүүд зэрэг нотариатаар гэрчлүүлсэн баримтуудыг гаргаж ирүүлсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ.

 

Ажил олгогч тушаалын үндэслэлдээ хөдөлмөрийн гэрээ, болон дотоод журамд заагдаагүй 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/09 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн,

- байгууллагын хамран сургалттай холбоотой хүүхдийн тоог засаж, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн ноцтой зөрчил давтан гаргасан

- байгууллагын хамран сургалттай холбоотой хүүхдийн тоог засаж санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлж ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан зөрчлүүдийг бичсэн байна.

 

Ажил олгогч байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд тушаал шийдвэр гаргасан байх бөгөөд тушаалд хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажилтны гаргасан зөрчлүүдийг нэг бүрчлэн дурдсаныг эрх зүйн актын хувьд хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Ажил олгогчийн тушаалын үндэслэл болгож буй ажилтны гаргасан зөрчлүүд нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд талуудын харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил-д тооцогдох /ажил тасалсан/ зөрчлийг ажилтан гаргасан байна.

 

Талууд харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-3.1.6-д хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлүүдийг тусгасан байх ба үүнд Ажил таслах /Цэцэрлэгийн эрхлэгчээс зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхин ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан бол/-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил-д хамааруулах,

 

Мөн гэрээний Дөрөв: Чөлөө зөвшөөрөл 4.1-д ажилтан 3 хоногоос дээш чөлөө хүссэн тохиолдолд цэцэрлэгийн эрхлэгчид өргөдөл гаргана 4.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй 1 хоног хүртэл хугацааг холбогдох байгууллага, албан тушаалтнаас олгосон албан ёсны магадалгааг үндэслэн түүнийг чөлөөтэй байсанд тооцно. Бусад тохиолдолд цэцэрлэгийн эрхлэгчид мэдэгдэж чөлөө авсанд тооцохоор гэрээндээ зохицуулсан байна.

 

Талуудын тохиролцсон гэрээнээс үзэхэд ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлож буй баримтаа ажил олгогчид үзүүлж, чөлөө авахаар заасан байна.

 

Нэхэмжлэгч Д.”““ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх амбулаториор эмчлүүлэгсдийн карт-ны нотариатаар гэрчлүүлсэн баримтыг зөрчил гэж үзэхээс өмнө ажил олгогчид гаргаж өгөөгүй нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлоогүй бөгөөд шүүх хуралдаанд гарсан аваарт орсон, эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн гэж түүний тайлбарлаж буйгаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна гэж үзэх боломжгүй байна.

 

Д.”““гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картны нотариатаар гэрчлүүлсэн баримтаар түүнийг 3 дээш хоног эмчилгээ хийлгэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд ажилтан Д.”““г ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн ажил олгогчийн ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад журмыг баримтлан тушаал гаргахыг хуульчилсан.

 

Төв аймгийн “Б” цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг баримталж тушаал гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцэж байна.

 

Мөн нэхэмжлэгч тухайн өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх хэдий ч байгууллагын дотоод журамд зааснаар ажил олгогчид урьдчилан мэдэгдэж, зохих журмын дагуу чөлөө олгох эсэх, ажил үүргийг дараагийн хүнд шилжүүлэх эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжийг хангах нь түүний гэрээгээр хүлээсэн үүрэг юм.

 

Нэхэмжлэгч Д.”““ нь шүүх хуралдаанд эрүүл бус таагүй харилцаа үүссэн, дарамт шахалт үзүүлдэг үүнээс болж ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.”““гийн “Б” цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгох, тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Ажилгүй байсан хугацааны олговорт 7.193.057 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажлаас буруу халсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацааны олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болсон тул дээрх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: нэхэмжлэгч Д.”““ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.”““гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 7.193.057 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ