Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/00612

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/00612

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БГ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О холбогдох,

1.022.797 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Ж.Г, хариуцагч Б.О, нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Иргэн Б.О нь тус компанитай 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №ХУ-8137 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 1 сарын 4,9 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн байна. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн 9834 УБЕ H.Accent, 6319 УНҮ K.Optima маркийн автомашин буюу хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байдаг.

Зээлдэгч Б.О нь гэрээний хугацаанд зээл авснаас хойш сар бүр графикийн бус төлөлт хийсэн, хүү төлж сунгасан ба зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн байна. Зээлдүүлэгч БГ ХХК-аас зээлдэгч Б.О сар бүр зээлийн хугацааг хэтрүүлэн хүүгийн төлөлтийг хийдэг боловч компанийн зүгээс алданги тооцож байгаагүй хэдий ч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж чадаагүй, тэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Зээлийн төлөлт үлдэгдлийн тухайд:

1. 2016 оны 9-р сарын 29-ний өдрөөс 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 98.000 төгрөгөөс 2016 оны 11-р сарын 7-ны өдөр 171.000 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 1.927.000 мянган төгрөгийн үлдэгдэлтэй.

2. 2016 оны 10-р сарын 28-ны өдрөөс 2016 оны 11-р сарын 29-ний хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 1.927.000 мянган төгрөг, хүүгийн үлдэгдэл 94.500 төгрөгөөс 2016 оны 10-р сарын 30-ны өдөр 121,500 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 1.900.000 төгрөг үлдсэн.

3. 2016 оны 11-р сарын 30-ний өдрөөс 2016 оны 12-р сарын 29-ний өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 1.900.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 93.000 төгрөг байснаас 2016 оны 12-р сарын 28-ний өдөр 210.000 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 1.783.000 төгрөг үлдсэн.

4. 2016 оны 12-р сарын 30-ний өдрөөс 2017 оны 03-р сарын 02-ний өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 1.783.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 87.367 төгрөг, хугацаа хэтэрсэний алданги 16.633 төгрөгөөс, 2017 оны 02-р сарын 09-ний өдөр 104.000 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 1.783.000 төгрөг үлдсэн.

5. 2017 оны 02-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 01-р сарын 28-ний өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 1.783.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 87.367 төгрөг, 2017 оны 03-р сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 1.770.000 төгрөг үлдсэн.

6. 2017 оны 03-р сарын 03-ны өдрөөс 2017 оны 04-р сарын 01-ний өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 1.770.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 87.000 төгрөг, 2017 оны 04-р сарын 10-ны өдөр 200.000 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 1.657.000 төгрөг үлдсэн.

7. 2017 оны 04-р сарын 02-ны өдрөөс 2017 оны 05-р сарын 01-ний өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 1.657.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 81.000 төгрөг, 2017 оны 05-р сарын 10-ны өдөр 300.000 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 1.438.000 төгрөг үлдсэн.

8. 2017 оны 05-р сарын 02-ны өдрөөс 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 1.438.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 70.000 төгрөг, 2017 оны 06-р сарын 09-ний өдөр 200.000 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 1.308.000 төгрөг үлдсэн.

9. 2017 оны 06-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 06-р сарын 30-ны өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 1.308.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 64.000 төгрөг, 2017 оны 06-р сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 1.272.000 төгрөг үлдсэн.

10. 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 07-р сарын 30-ны өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 1.272.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 60.000 төгрөг, 2017 оны 08-р сарын 10-ны өдөр 100.000 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 1.188.000 төгрөг үлдсэн.

11. 2017 оны 07-р сарын 31-ний өдрөөс 2017 оны 08-р сарын 30-ны өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 1.188.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 58.200 төгрөг, хугацаа хэтэрсэний алданги 78.800 төгрөг, 2017 оны 09-р сарын 29-ний өдөр 137.000 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 1.188.000 төгрөг үлдсэн.

12. 2017 оны 09-р сарын 21-ний өдрөөс 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдэл 1.188.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 58.212 төгрөг үүнээс хүү чөлөөлөн 15.523 төгрөгөөр тооцож нийт 1.203.523 төгрөгнөөс, 2017 оны 11-р сарын 13-ны өдөр 702.000 төгрөгийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл 501.523 төгрөг үлдсэн.

Дээрхээс өөрөөр дахин төлөлт хийгээгүй, зээл авснаас хойш сар бүр хугацаа хэтрүүлдэг, графикийн дүнд хүрдэггүй, хүү төлж сунгуулдаг, зээлийн эргэн төлөлт хангалтгүй, зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн, хариуцлаггүй хандсан бөгөөд өөрийн ..............., . мөн эхнэрийн............. нь......... утсаар зээл хариуцсан ажилтан зээлээ төлөхийг байнга сануулж байсан ч шаардлага хүлээж авдаггүй, гэрээний дагуу барьцаа хөрөнгө шалгуулахаас зайлсхийдэг, нуун дарагдуулдаг, 2017 оны 11-р сарын 13-ны өдрөөс хугацааг хэтрүүлэн зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлээ төлөх талаар хэлсэн, гэрээнд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх тухай мэдэгдэх хуудас 2018 оны 04-р сарын 06-ны өдөр биечлэн хүргүүлсэн байна. Тэрээр төлнө гэж олон удаа хугацаа тохирсон боловч төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

2019 оны 1 дүгээр сарын 22-ны байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 501.523 төгрөг + үндсэн хүү 270.513 + Алданги 825.000 төгрөг /алданги тухайн сард төлөх ёстой графикийн төлөлтийг өдрийн 0,49 хувиар тооцож нийт хугацаа хэтэрсэн хугацаа хэтэрсэн 329 хоног хугацаа хэтэрч нийт хаагдах дүн 1.597.036 төгрөг/ зээлдэгч Б.О нь Зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтын дагуу төлөхөөр байгаа гэхдээ Иргэний хуулийн 232.4-т зааснаар алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангийг үндсэн зээлийн 50 хувь буюу 250.761 төгрөг болгон бодож Зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1-д заалтын дагуу Зээлдэгч Б.О нь нийт 1.022.797 төгрөгийг төлөхөөр байна.

Зээлдэгч Б.О нь 9834УБЕ H.Accent маркийн автомашиныг эвдэрсэн, засварт байгаа, огт явахгүй байгаа гэх мэтээр барьцаа хөрөнгийн байршилыг зааж өгөхгүй нуун дарагдуулж байгаа.

Иймд Зээлдэгч Б.О нь зээлдүүлэгчтэй байгуулсан ХУ-8137 тоот Барьцаат зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн нийт дүн болох 1.022.797 төгрөгийг зээлдэгч Б.Оаас гаргуулж, БГ ХХК-д олгуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Онь нэхэмжлэгч гэх БГ ХХК-аас 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн нийт 8 удаа зээл авч санхүүгийн тусламж авч ирсэн.Тус байгууллагад баярлаж явдаг байсан.

Миний бие уг байгууллагаас 6319-УНҮ улсын дугаартай согтуугаар жолоодож яваад журамлагдсан автомашиныг доорх тохиролцооны үндсэн дээр зээлээр авсан юм. Үүнд журмын хашаанд байсан хоногийн төлбөр болон ачиж журамлуулсан төлбөр мөн машинд учирсан эвдрэл /согтуу жолооч жалганд үсэрч орсон учир дотор эд анги ихээр эвдэрсэн мөн аккумляторгүй, түлхүүргүй байсан/ гэх зэргийг би өөрөө хариуцаад тус ХХК-аас уг тээврийн хэрэгсэлд 384.000 төгрөгийн торгуулийг төлүүлэхээр бус байгууллагын Бүрд салбарын эрхлэгч асан Үүрийнцолмонтой түншлэлийн гэрээ амаар байгуулаад тус машинд төлсөн бүх баримт болон торгуулийн хуудас зэргийг хүлээлгэн өгсөн.

Миний бие тухайн байгууллагад зээлсэн мөнгө болон эд хөрөнгийн төлбөрийг хугацаа алдсан ч төлсөөр ирсэн ба төлөх ч болно гэдгээ хэлж байсан. Уг ХХК-аас 2016 оны 9 дүгээр сард 27-68 УНР улсын дугаартай Верна автомашиныг журамлагдсан байхад нь авсан. Уг машин нь осолд орж бүтэн эд анги нэг ч байхгүй байсан бөгөөд тус машиныг би авахаас татгалзсан хэдий ч тус ХХК-аас хоёр албан тушаалтан ирж нүдээр үзээд Та засаад авчих гээд надад тус машиныг зээлийн үлдэгдэл 1.170.000 төгрөг ба түүн дээр нэмээд 1.000.000 сая төгрөгийг нэмж зээлдүүлсэн. Энэ бүх эрсдлийг би нуруундаа үүрч төлж дуусгая гээд 2017 оны 11-р сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгтэй өөрийн 98-34 машинаар шилжүүлж авахаар очсон боловч 702.000 төгрөгийг төлөөд үлдсэн мөнгөө тус компанид төлөх байсан 384.000 төгрөгийг 63-19УНҮ машины торгуульд төлөөд мөнгө дууссан.

Миний бие тус ХХК-д зээлийн жинхэнэ үлдэгдэл 114.000 төгрөгийг төлөхөд хэзээд бэлэн ба тус компанийн хариуцлагагүйгээс болсон учир уг зээлийн үлдэгдэлдээ хүү болон алданги төлөхгүй гэдгээ хэлсээр өдий хүрлээ. Миний бие уг 384.000 төгрөгийн талаар тус байгууллагад удаа дараа хандсан боловч тухайн үед байсан салбарын эрхлэгч ажлаасаа гарсан, бид мэдэхгүй зэргээр мэлзэж өдийг хүрсэн. Тус компани нь 2018 оны 5 сард өөрийн хуулийн ажилтанаа ирэхээр шийдэж өгнө гээд 6319 УНҮ машины торгуульд төлсөн 384.000 төгрөгийн баримт болон тухайн зөрчил гаргасан иргэний бичиг баримтыг бүгдийг бүрдүүлж аваад шийдэж өгнө гэсэн ба харин одоо шийдэж чадахгүй гэдгээ хэлж надаас хүү, алданги завших оролдлого хийж байна. Хэрэв БГ ХХК нь хуулийн дагуу ажиллаж санхүүгийн баримтаа шалгуулдаг бол 6319 УНҮ автомашинтай холбоотой баримтууд тус байгууллагад байгаа.

Уг байгууллага нь надад санхүүгийн үлэмж их эрсдэл үүсгэн үндэслэлгүй их мөнгө төлүүлэхээр шүүхэд хандсан байна. Компани нь нэхэмжлэлдээ өөрийн давуу байх баримтууд оруулсанаас биш 2768 УНР машинаа нэг ч удаа дурьдаагүй ба тус 384.000 төгрөгийн торгуулийг төлөхгүйн тулд дурьдаагүй байна. Мөн нэхэмжлэлдээ өөр хүний нэр оруулсан байна (Б.Эрдэнэсүрэн). Иймд миний бие зээлийн жинхэнэ үлдэгдэл болох 114.000 төгрөгийг шүүх дээр ч төлж болно. Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгээ хэлье гэв.

Шүүх, хэргийг хянан хэлэлцээд талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч БГ ХХК нь хариуцагч Б.Оад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 022 797 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь гэрээний дагуу зээл аваад түүнийг төлөөд үлдсэн 501 523 төгрөгийн үлдэгдлийн талаар маргаагүй боловч энэ мөнгөнөөс 63 19 УНҮ дугаартай машины торгуульд төлсөн 384 000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 114 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хүү, алданги гэх мөнгийг нь зөвшөөрхгүй гэж маргасан.

Хариуцагч буюу зээлдэгч Б.О нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ХУ-8137 дугаартай Барьцаат зээлийн хоёр гэрээг Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч БГ ХХК-тай байгуулж, машин засах зориулалтаар тус тус 1 000 000 төгрөг буюу нийт 2 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.9 хувийн хүүтэй, мөн тухайн өдрөө ХУ-8137 дугаартай барьцааны хоёр гэрээг байгуулж, 9834 УБЕ улсын дугаартай, Н.Verna маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн, 2008 онд орж ирсэн цагаан өнгөтэй, 00653834 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй автомашин, мөн 6319 УНҮ улсын дугаартай, K.Optima маркийн, 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд орж ирсэн, цагаан өнгөтэй 00912058 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй автомашин зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.\хх-6-9\

Хариуцагч нь ...зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, гарын үсэг зурсан нь үнэн боловч зээлсэн гээд байгаа 2 000 000 төгрөгийг аваагүй, 1 000 000 төгрөг л зээлж авсан, 9834 УБЕ улсын дугаартай, Н.Verna автомашиныг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээл авахдаа барьцаалсан сүүлд зээл авахад 2768 УНР улсын дугаартай шар өнгөтэй автомашин барьцаалсан байхад үүнийг барьцаалсан талаархи гэрээ байхгүй байна. Зээлийг төлөөд үлдэгдэл нь 501 523 төгрөг үлдсэнийг зөвшөөрнө, үүнд маргахгүй. Энэ мөнгөнөөс эднийхээс авсан автомашины торгуульд төлсөн 384 000 төгрөгийг хасаад, үлдэх 114 000 төгрөгийг төлөхөд бэлэн тул илүү нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй гэж,

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...барьцааны зүйл нь 2 автомашин байсан тул зээлийн болон барьцааны гэрээг тус тусд нь хоёр, хоёр гэрээг хийсэн нь хэрэгт баримтаар авагдсан байхад хариуцагч ямар ч баримтгүйгээр үндэслэлгүй худал тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, 156 дугаар зүйлийн 156.4 дэх хэсэг, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч нар биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол тухайн гэрээний 4.1-т заасны дагуу алданги төлөх үүргийг тус тус хүлээх учиртай.

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь нийт 2 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгч Б.Оад шилжүүлэн өгсөн болох нь хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан ХААН банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн 11 дүгээр хуудсанд авагдсан зарлагын баримтаар тус тус тогтоогдсон бөгөөд энэхүү үйл баримтын талаар хариуцагч нь ...нэхэмжлэгчээс 2 000 000 төгрөгийг аваагүй, зөвхөн 1 000 000 төгрөг авсан... гэж маргаж буй нь хэрэгт үгүйсгэгдсэн ба хариуцагч татгалзаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Хариуцагч нь БГ ХХК-аас 2 000 000 төгрөгийн зээлийг аваагүй гэж марган, татгалзаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадахгүй байх тул хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Оын дансаар 1 000 000 төгрөгийг, зарлагын баримтаар 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн гэж үзэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн зээлийн гэрээний 4.1-т Зээлдэгч нь зээл болон хүүгийн төлбөрийг графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч зээлийн хугацааг 2016 оны 10 сарын 31-ний өдрөөс 2016 оны 11 сарын 29-нийг хүртэл, 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 сарын 02-ныг хүртэл, 2017 оны 04 сарын 02-ны өдрөөс 2017 оны 05 сарын 02-ныг хүртэл, 2017 оны 05 сарын 02-ны өдрөөс 2017 оны 05 сарын 31-нийг хүртэл, 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 сарын 30-ныг хүртэл, мөн 2016 оны 11 сарын 30-наас 2016 оны 12 сарын 29-нийг хүртэл, 2016 оны 12 сарын 30-наас 2017 оны 01 сарын 28-ныг хүртэл, 2017 оны 03 сарын 03-наас 2017 оны 04 сарын 01-нийг хүртэл тус тус 2 зээлийн гэрээг сунгуулсан болох нь Зээлийн гэрээний сунгалт хэсэгт бичигдэж, хариуцагч Б.О гарын үсэг зурсан баримтаар тус тус нотлогдож байх тул хариуцагчийг 2 000 000 төгрөгийг БГ ХХК-аас аваагүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Барьцаат зээлийн болон барьцааны \фидуци\ хоёр гэрээнүүд нь тодорхой хугацаатайгаар байгуулагдсан ба гэрээний хугацааг тус тус сунгасан байх бөгөөд Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 2017 оны 03 сарын 29-ний өдөр зээлийг төлж дуусахаар талууд тохиролцжээ. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбогдуулан гэрээний нөгөө тал буюу зээлдүүлэгч нэг талаас гэрээнд заасан үүргийг нь гүйцэтгүүлэхээр үндсэн зээлдэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь хуульд нийцнэ.

Хариуцагч нь зээлийг 2016 оны 11 сарын 07-ны өдөр 171 000 төгрөг, 2016 оны 11 сарын 30-ны өдөр 121 500 төгрөг, 2016 оны 12 сарын 28-ны өдөр 210 000 төгрөг, 2017 оны 02 сарын 09-ний өдөр 104 000 төгрөг, 2017 оны 03 сарын 13-ны өдөр 100 000 төгрөг, 2017 оны 04 сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 2017 оны 05 сарын 10-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 06 сарын 09-ний өдөр 200 000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-ны өдөр 100 000 төгрөг, 2017 оны 08 сарын 10-ны өдөр 100 000 төгрөг, 2017 оны 09 сарын 29-ний өдөр 137 000 төгрөг, 2017 оны 11 сарын 13-ны өдөр 702 000 төгрөг буюу нийт 2 445 500 төгрөгийг төлж, төлөөгүй үлдсэн 501 523 төгрөгийн талаархи тооцооллыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаангүй байна.

Нэхэмжлэгч нь зээлдэгч Б.Оаас гаргуулах зээлийн үлдэгдэл төлбөрийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:- зээлийн үндсэн төлбөр 501 523 төгрөг, үндсэн хүү 270 513 төгрөг, алданги 250 761 төгрөг, нийт 1 022 797 төгрөг гаргуулахыг шаардсан боловч тооцоолол нь зөрүүтэй байна.

Нэхэмжлэлийн тооцоог дурдвал, үндсэн зээлийн үлдэгдэл 501 523 төгрөг, хүүг 2018.02.28-наас 2019.01.23-ныг хүртэл нийт 329 хоногоор тооцсон гэж хариуцагч тайлбарлан 270 513 төгрөгийг нэхэмжилсэн боловч 269 780 төгрөг болж байна, алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 250 761 төгрөгийг буюу нийт 1 022 064 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 733 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг болон 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэг, 286.5 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцсэн тул гэрээний үүргийн дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнээд хариуцагч Б.Оаас 1 022 797 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БГ ХХК-д олгож, үлдэх 733 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Б.О нь автомашины торгуульд төлсөн гэх 384 000 төгрөгийг төлсөн гэж маргадаг боловч энэ талаар бичгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд нотлох баримтыг гаргуулах талаар хүсэлт гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг заасан үүргээ хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 286.5-т заасныг тус тус баримтлан Б.Оаас 1 022 064 төгрөгийг гаргуулан БГ ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 733 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29100 төгрөгийн улсын төсвийн орлого болгож, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамж 29100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БГ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ