| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/01068/И |
| Дугаар | 142/ШШ2019/01130 |
| Огноо | 2019-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2019/01130
| 2019 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 142/ШШ2019/01130 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ТБ
Хариуцагч: Л.Б
Гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 3 188 043.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Э.С, хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Онар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ний Бүрэнбүст тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цагаан-Уул ургийн овогтой А Б /ИЙ:--/ Л.Б нар нь 2017 оны 06 сарын 07-нд Төрийн банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвөөс № тоот зээлийн гэрээ байгуулан 7 000 000 /Долоон сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сар /3 жил/ -ийн хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх 36 сарын цалингийн орлого, зурагт, хөргөгч барьцаалсан. Зээлдэгч нь 2017 оны 07 дугаар сарын 22-нд нас барсан бөгөөд зээлийг 2019 оны 04 дүгээр сар хүртэл хамтран зээлдэгч төлж уг хугацаанаас хойш зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Ийм учраас зээлдэгч А.Б хамтран зээлдэгч Л.Б нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахгүй байгаа тул зээлийн гэрээний 3.2.4, 6.2.1, 6.2.2 дахь заалтыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч Цагаан-Уул ургийн овогтой А Б /ИЙ--/, хамтран зээлдэгч Эрхий мэргэн ургийн овогтой Л Б /- / нартай байгуулсан № тоот зээлийн гэрээг цуцлах. Үндсэн зээлдэгч А Б нь нас барсан тул хамтран зээлдэгч Л Б гаар зээлийн үндсэн зээлийн төлбөр 3 131 543.10 төгрөг, үндсэн зээлийн хүү 56 021.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 478 82 төгрөг нийт 3 188 043.57 / Гурван сая нэгзуун наян найман мянга дөчин гурван төгрөгтавин долоон мөнгө /-ийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л.Б нь 2012 оноос хойш одоог хүртэл Хот тохижуулах газарт зам талбайн үйлчлэгчийн ажлыг хийж гүйцэтгэж байна. 2016 оноос ачигч ажилтай А.Баяртайтай хамтран амьдарч эхэлсэн. А.Б Баянцагаан банкны Хаан банкнаас 3 100 000 төгрөгийн цалингийн зээл авсан байсан. 2017 онд Хот тохижуулах газар нь цалингаа төрийн банкнаас авч өөрчлөгдөх үед А.Б нь төрийн банкнаас зээл авч би батлан даагч нь болж 7 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тийм учир урьд авсан цалингийн зээл болох Хаан банкны тооцооны төвөөс авсан зээл буюу батлан даагч А.Б эгчийн хүүхэд болох тэр хүнээр даалгасан зээлийг төлж чадахгүй. Харин бидний хамтран амьдарсан хугацаанд Төрийн банкны зээлийг төлж байгаад дуусаж байна. Иймд энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ний Бүрэнбүст тооцооны төв нь хариуцагч Л.Б д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэл 3 188 043.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зээлдэгч А.Баяртай, хамтран зээлдэгч Л.Б нар нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк ХХК-ний Бүрэнбүст тооцооны төвтэй № дугаартай зээлийн гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй, барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого, гэрийн тавилга эд зүйлс, телевизор, хөргөгч барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна./хх 6-8/
Зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд 7 000 000 төгрөг авсан эсэх талаар зохигчид маргаагүй, харин хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б уг мөнгийг А.Б аваад өмнөх Хаан банкны зээлийг төлсөн тул би хариуцан төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.
Зээлдэгч А.Б № тоот дансаар зээлийн төлбөр болох 7 000 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкнаас шилжүүлсэн бөгөөд А.Б нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь зээлийн дансны хуулга, 6101000395 дугаарт бүртгэгдсэн нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх 10-11, 23/
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ний Бүрэнбүст тооцооны төв нь хариуцагч Л.Б гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь шаардах эрхтэй хэдий ч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...зээлийн гэрээг цуцлах тухайгаа байнга хэлж байсан гэх боловч хэрэгт энэ талаар баримтгүй, хариуцагчаас гэрээ цуцлах болсон тухай анхааруулга, мэдэгдэл ирж байгаагүй гэсэн тайлбараар үгүйсгэгдэж байна.
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах боломжгүй байх тул зээлийн үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь гаргуулах үндэслэлгүй юм.
Иймд зээлийн эргэн төлөлтийн үүргээ зөрчсөн хугацааны зээл, хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 807 978.08 төгрөгийг хариуцагч Л.Б гаас гаргуулж, Төрийн банк ХХК-ний Бүрэнбүст тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон 2 380 065.49 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тодруулбал: хариуцагч Л.Б гийн өрх толгойлсон, өөрөө бас зээл төлдөг байх нь зээлийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлага хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргийг Л.Б д хариуцуулан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 65 959 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б гаас 23 941 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ний Бүрэнбүст тооцооны төвд олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Б гаас 807 978.08 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ний Бүрэнбүст тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон 2 380 065.49 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 959 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б гаас 23 941.47 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ний Бүрэнбүст тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ