| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 195/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/222 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/222
2025 01 21 2025/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,
улсын яллагч Ж.Цээрүүгүндүү /томилолтоор/
шүүгдэгч ***,
шүүгдэгч/хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308032161510 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ***
2. Монгол Улсын иргэн, ***/.
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэцгээв.
Хохирогч ***: “2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр таньдаг буудалд ажилладаг хүн намайг дуудаад байсан. Очиж уулзаж караокед орсон. Нэг шил архи авсан. Зөөгч охидуудтай маргасан, харилцаа муутай байсан. 3 шил архи уусны дараа юу болсныг санахгүй байна. Энэ хүн надаас уучлалт гуйгаагүй. Маргааныг хурдан дуусгахын тулд л ингэж байгаа. Хохирол гэх зүйл нэхэмжлээгүй. Нойлоос гарч ирээд маргасан гэж хэлээд байгаа юм. Би юу ч санахгүй байна. Намайг аймаар зодсон байсан. Тухайн үед цагдаа дуудаад өг гэхэд зөөгч дуудахгүй байхаар нь зурагтыг нь хагалсан” гэв.
Хоёр. Эрүүгийн 2308032161510 дугаартай хэргээс:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:
1. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-68 дахь тал),
2. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр10 цагийн үед найз *** хоёр эрэгтэй найзтайгаа хамт байна. Нэгийг нь би таньдаг юм. Чи ирээд танилцаад найзууд бол гээд дуудаад байсан. Дахиад залгаад байхаар нь Хилчин хотхоны үүдэнд байдаг гурван давхар улаан тоосгон зочид буудалд ганцаараа очсон. Би эрүүл байсан бөгөөд 10 тоот өрөөнд нь *** түүнтэй хамт танихгүй 2 эрэгтэй байсан. Нэг эрэгтэй нь өөрийгөө *** гэж танилцуулсан. Тэр нь ***ийн таньдаг хүн нь гэсэн. Нөгөө залуу нь юу ч ярихгүй байсан. Тэр хэд архи уугаад согтуу байсан. Намайг хамт уу гээд байхаар нь уугаагүй. *** найз гэртээ харилаа гээд түрүүлээд явсан. Тэр 2 залуу гарч караоке оръё гэхээр нь Хилчин хотхоны гадна зам дээрээс 15 цагийн үед такси бариад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайкун” нэртэй караокены нийтийн зааланд суусан. Эвок нэртэй 1 шил архи 3 ундаа захиалаад хамтдаа уусан. Надтай танилцаагүй намхан залуу нь миний хажууд, нөгөө *** гэж өөрийгөө танилцуулсан залуу нь урдаас хараад сууж байсан. Хажууд сууж байсан 45 орчим насны залуу согтуурхаад юм ярихаар шаагаад бай гээд сонин сонин юм яриад байсан. Би *** гэж өөрийгөө танилцуулсан залуутай юм яриад сууж байсан. Би авсан архинаас 3, 4 татаад ганцаараа 00-ийн өрөө орчхоод гарч ирээд ширээн дээр суусан үеэс хойш болсон зүйлээ санахгүй байгаа. Маргааш өглөө нь дүү Энхмягмарын гэрт сэрэхэд хоёр нүд, шанаа хөхрөөд хавдчихсан байсан. Би хэнд зодуулсан гэдгээ мэдэхгүй байхаар нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Тайкун нэртэй караокены зөөгч хоёр охинтой уулзахад намайг дахиад 00 орчоод гарч ирэхдээ намхан залуутай нь маргалдаад байсан гэсэн. Нөгөө намхан залуу нь миний өөдөөс салаавч гаргахаар нь түлхсэн гэж караокены зөөгч охин хэлсэн. Би яаж цохиулаад яаж зодуулснаа санахгүй байгаа бөгөөд караокены охидуудын хэлснээр хамт орж ирсэн хоёр залуугийн өндөр буюу надтай танилцсан залуу зодсон юм шиг байсан. Намхан залуу нь бол миний биед гар хүрээгүй, өндөр залуу нь зодоод байсан гэсэн. Тэр хоёр залуу тооцоогоо хийчхээд яваад өгөхөөр нь би зодуулсандаа цагдаа дуудаж өгөхгүй байна гээд уурлаад караокены зурагтыг хагалсан гэж зөөгч охидууд хэлсэн. Зөөгч охидууд миний газар унасан утас, машины түлхүүрийг аваад хадгалсан байсан. Миний санаж байгаагаар намайг зодуулж байхад та нар яагаад цагдаа дуудаж өгөөгүй зодсон хүнийг явуулсан юм бэ? гээд Тайкун караокены ажилчид руу уурлаад зурагтыг чинь хагалчихвал та нар цагдаа дуудах юм уу гээд би зурагтыг нь хагалсан юм шиг санагдаж байна. Дараа нь найз ***ийн утас руу нь залгаад болсон асуудлынхаа талаар хэлээд хамт караоке орсон хоёр залуугийн утасны дугаарыг нь асуухад ***гийн дугаар нь ***гэж хэлсэн. Тэгээд ***дугаар руу нь манай Энхмягмар дүү 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр залгаад эгчийг ямар аймаар зодсон юм бэ? ирээд эгчийг хараа гэхэд нөгөө эрэгтэй нь согтуу өгдөг газар нь өг гэж хэлсэн гэсэн. Бид нар цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ шүү гэхэд яасан мөнгө авах гээд байгаа юм уу? гэж дүүд хэлсэн гэсэн. Миний биеийн эгэмний яс эвгүй болсон, баруун хацрын хавдар буухгүй, чихний арын үс халцарсан байна. Би дахин шүүх эмнэлэгт үзүүлмээр байна. 150,000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлсэн, шүүх эмнэлэгт 8,000 төгрөгөөр үзүүлсэн төлбөрөө намайг зодсон хүнээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
3. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 15-ны орой 16 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теком” нэртэй бааранд үл таних нэг эмэгтэй 2 эрэгтэй хүн ирж үйлчлүүлсэн ба, өрөө авалгүй нийтийн заалны 4 дүгээр ширээн дээр суусан юм. Тэгээд Евок нэртэй 0,75 граммын архи 1 ширхэг, 4 ширхэг кола авч уугаад сууж байсан ба 18 цагийн үед 4 дүгээр ширээн дээр сууж байсан эмэгтэй хүн 00-ийн өрөө ороод гарч ирээд хамт явж байгаа 4 дүгээр ширээн дээр сууж байсан залуу руу дайрч тухайн залууг зодоод байсан. Тухайн үед нөгөө зодуулж байсан залуугийн хажууд сууж байсан залуу босож ирээд тухайн эмэгтэй хүнийг гараараа 2 удаа алагдаад тооцоогоо хийчхээд 2 залуу гараад явсан ба тухайн үед нөгөө үл таних эмэгтэй нийтийн заалны баруун талд байх LG загварын 62 инчийн зурагтын залгуурын утсыг татаж байгаад зурагтын дэлгэц рүү хэд хэдэн удаа цохиж дэлгэцийн эвдэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн хүмүүс яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Тухайн эмэгтэй 00-оос гарч ирээд хамт явж байсан 2 залууг учиргүй зодоод эхэлсэн. Манайд хамгаалагч байхгүй тул би очиж тухайн эмэгтэй хүнийг болиулах гэхэд дайраад байхаар нь болиулж чадаагүй. Эвдэрсэн зурагтыг хаанаас, хэзээ, хэдэн төгрөгөөр авч байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Манай захирал мэдэж байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
4. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №13217 дугаартай:
- ***гийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны зүүн хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхи, баруун хацар, шанаа, уруул, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 2 дугаар шүдний сулрал, зүүн бугалган, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дахь тал),
5. ***гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: Би Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдагийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2308032161510 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хилчин хотхоны ойролцоо зочид буудалд найзуудын хамт орсон. Би зочид буудлын ресейпшнтэй уулзаж дуудлагаар ирэх эмэгтэй байдаг эсэхийг асуухад нэг үл таних эмэгтэйг дуудаж өгсөн. Уг эмэгтэйтэй анх удаа танилцсан болохоор одоо нэрийг нь санахгүй байна. Баянхонгор аймгийн залуу Доржоо, дуудлагаар ирсэн эмэгтэйн хамт бид гурав 21-р хороолол орчимд караоке руу ороход гэгээтэй байсан. Цагийг тодорхой санахгүй байна. Нэг шил архи, ундаа, ус авсан. Намайг 00-ийн өрөө орчхоод ирэхэд тухайн эмэгтэй согтсон байсан ба Доржоотой маргалдаж алгадаад хамраас нь цус гарсан сууж байсан. Юу болоод байгаа талаар асуухад тухайн эмэгтэй миний хүзүүнээс маажсан. Би зөрүүлээд тухайн эмэгтэйд уурлаж нүүрэн тус газарт нь алгадаж, хоёроос гурван удаа цохисон. Караокены хананд өлгөөтэй байсан зурагтыг тухайн эмэгтэй цохиж эвдэлсэн. Яагаад зурагт эвдэлснийг мэдэхгүй байна. Би гарахдаа карт уншуулж тооцоог өгсөн. Үүнээс хойш тухайн эмэгтэйтэй дахиж уулзаагүй. Тухайн үед би улаан саравчтай малгайтай байсан. Өмд, цамцныхаа өнгийг санахгүй байна. Биеийн тамирын өмдтэй байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 182 дахь тал),
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:Иргэний үнэмлэхийн, төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 126-127 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах (хавтаст хэргийн 117 дахь тал)
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 120-123 дахь тал),
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 190-191 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Согтуу эмэгтэй зурагт эвдчихлээ” гэх утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал),
2. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-68 дахь тал),
3. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайкун” нэртэй караокены захирал юм. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай караокед үйлчлүүлж байсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй хоорондоо маргалдаж 1 эрэгтэй нь хамт явж байсан эмэгтэйгээ зодсон асуудал гарсан. Үүний улмаас зодуулсан эмэгтэй нь караокены нийтийн заалны 62 инчийн LG маркийн зурагтыг залгуураар олон удаа цохиж хагалсан байсан. Тухайн үед үндсэн бармен Оогий /91868699/, дагалдагчаар зөөгч хийж байсан Заяа нар ээлжид гарч байсан бөгөөд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Манай зурагтыг хагалсан эмэгтэй нь айфон маркийн гар утсаа сууж байсан буйдангийнхаа хойд талын буйдан дээр унагааж үлдээгээд, машины түлхүүрээ үүдний тек рүү шидсэн байхад нь бармен Оогий авч хадгалсан байсан. Дээрх болсон асуудал хяналтын камерт бичигдэж үлдсэн бөгөөд би бичлэгийг нь хэрэгт тусгуулахаар авч ирсэн. Би 62 инчийн LG маркийн зурагтаа 10-р хорооллын караокены төхөөрөмж зардаг “Жоны мастер” ХХК-аас 800,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын сүүлийн 10 хоног гэж санаж байна. 800,000 төгрөгөөр үнэлнэ.” (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
4. “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 835 дугаартай: Эд хөрөнгөд учирсан нийт хохирол 800,000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46 дахь тал),
5. ***гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “Би Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдагийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2308032161510 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайкун” нэртэй караокед тухайн өдөр танилцсан үл таних 2 залуугийн хамт архи уусан. Тухайн хоёр залуугийн нэг нь өндөр нөгөө нь намхан нуруутай байсан бөгөөд нэрсийг нь санахгүй байна. Намхан нуруутай залуу нь сонин үг хэлээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгсэн чинь өндөр нуруутай залуу нь намайг нийтийн караокены өрөөнд цохиж, зодоод явчихсан. Цагдаа дуудах гэсэн чинь гар утас байгаагүй. Тэгэхээр нь караокены зөөгчийг цагдаа дуудаад өг гэж хэлсэн чинь намайг яв гээд хөөгөөд байхаар нь уурандаа тухайн нийтийн караокены зурагтыг залгуураар цохиж хагалсан. Зурагтыг чинь хагалчихсан юм чинь одоо та нар цагдаа дуудна биз дээ гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн. Би зурагтын төлбөр болох 800.000 төгрөгийг өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 172 дахь тал),
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:Иргэний үнэмлэхийн, гэрлэсний бүртгэлгүй, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаанууд, эрүүл мэндийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 92-97 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах (хавтаст хэргийн 90 дэх тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***г мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайкун” караокед 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч ***тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны зүүн хажуу, ханад цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, баруун хацар, шанаа, уруул, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 2 дугаар шүдний сулрал, зүүн бугалган гуянд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-68 дахь тал),
- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
- Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №13217 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дахь тал),
- Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 182 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайкун” караокед 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлчлүүлж байх үедээ хамт үйлчлүүлж байсан хүнд зодуулсан байхад цагдаа дуудаж өгсөнгүй гэх шалтгаанаар тус караокены заалны хананд байрлуулсан 62 инчийн LG загварын зурагтын дэлгэцийг залгуураар нь цохиж гэмтээсний улмаас 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Согтуу эмэгтэй зурагт эвдчихлээ” гэх утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал),
- 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-68 дахь тал),
- Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
- “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 835 дугаартай: Эд хөрөнгөд учирсан нийт хохирол 800,000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46 дахь тал),
- Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 172 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***гийн эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч нь хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тэдгээрийн хооронд маргаан үүсгэх улмаар хүний биед халдах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
1.2.1 Эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэргийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” бол гэж тодорхойлсон ба хохирол учирснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар хуульчилсан.
Хууль зүйн ойлголтоор эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гаднын хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг “устгах” гэж ойлгохоор; бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд шүүгдэгч нь караокены зааланд байрлах зурагтын дэлгэцийг гараараа цохиж гэмтээсэн үйл баримт тогтоогдож байх ба тухайн эд хөрөнгийг сэргээн засварлах, дахин ашиглах боломжгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй харин гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн шинжийг хангасан улмаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Түүнчлэн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл ухамсарт үйлдлээр хийгдэж байгаа тул санаатай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн гэмтээсэн эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 800,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон нь хуульд заасан бага хэмжээ буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн биеэ хянах чадваргүй болсон нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр толгойн тодосгогчгүй дүрс оношилгоо хийлгэсэн 150,000 төгрөгийн баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн (хавтаст хэргийн 74 дэх тал) байх ба хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч байгууллагад 800,000 төгрөгийн хохирол учирсан (хавтаст хэргийн 46 дахь тал) байх ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаар мэдүүлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хурлын тов мэдэгдэхэд хохирол төлбөр барагдуулсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 2 удаагийн ял шийтгэлтэй байх ба уг ял дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч ***гийн хувийн байдлыг тодруулсан буюу цагдаагийн байгууллагын сангаас авсан лавлагаа, баримтаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаар тэмдэглэгдсэн байх тул шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ***г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаанд тогтоож, ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
2. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- Шүүгдэгч ***г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
- мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч ***г өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч *** нь хохирогч ***д төлөх төлбөргүй, шүүгдэгч *** хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН