Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, 

улсын яллагч З.Энхжаргал,

шүүгдэгч Д.Төрдамба,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далхжавын Төрдамбад холбогдох эрүүгийн 201625032375 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Балданцэрэн овгийн Далхжавын Төрдамба, 1988 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж ах дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-15 дугаар гудамжны 336 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ88100816.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Төрдамба нь 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 17-18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аррle караоке пабын үүдэнд хохирогч Б.Энхбаярыг урьд нь харьцаад байдаггүй, насаар дүү атлаа “юу байна хөгшөөн” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Төрдамба шүүх хуралдаанд: “…Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Энхбаяр мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 12 дугаар сарын 5-ны орой 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аррle нэртэй пабын гадаа Хуягаа гэдэг таньдаг дүүтэй таараад машинаар нь гэр рүүгээ хүргүүлэх гээд зогсож байхад зүс таних Төрдамба нойлоос гарч ирээд миний хажууд ирсэн. Тэгэхээр нь би Төрдамбыг зүс таних учраас юу байна хөгшөөн гэсэн чинь Төрдамба би чамайг танихгүй юм байна, чи намайг хөгшөөн гэдэг хэн бэ гэхээр нь би за за танихгүй бол яахав дээ, чи бид хоёр бие биенээ мэдэхгүй биш гэж хэлчихээд мөрөн дээр нь гарынхаа алгаар хүрчихээд эргэж хараад явах гэсэн чинь араас өвдөг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад өөдөөс нь заамдаад авсан чинь Төрдамбатай хамт явж байсан залуу миний араас боосон, тэгсэн Төрдамба миний нүүр рүү мөргөсөн. Миний хамраас цус гарахаар нь доошоо тонгойсон чинь өвдөглөөд татаад газар унагаад нүүр рүү өшиглөөд дэвссэн, толгойгоор газар мөргүүлсэн. Тэгсэн писи тоглоом ажиллуулдаг Дууяа гарч ирээд та нар больцгоо хүн аллаа гэхээр нь би Дууяад Цээгийг дуудаарай гэж хэлсэн чинь Төрдамба намайг босгочихсон. Удалгүй Цэрэнтогтох гарч ирээд салгасан. Миний зүүн талын нүд тойрч битүү хавдсан, зүүн нүдний доод талын яс нь хугарсан, дээд үүдэн 1 дүгээр шүд хөдөлчихсөн байсан. Мөн тухайн үед хамраас цус гарсан байсан. ...Намайг зодуулж байхад Хуягаа, Бааска, Төрдамбын найз нь гээд залуу бид хэд л байсан. Сүүлд нь Дууяа, Цэрэнтогтох хоёр гарч ирсэн. ...Би архи уугаагүй эрүүл, өмнө нь уусан байсан болохоор жаахан шартчихсан явж байсан. Төрдамба болон хамт явж байсан залуу нь архи уусан үнэртэж байсан /хх-10-11/, ...Төрдамба миний зүүн хөл рүү өшиглөсөн тэгсэн найз нь миний араас татаад боосон тэрийг нь би Төрдамбатай нийлж зодож байна гэж бодсон. Сүүлд нь камерын бичлэг харахад Төрдамбатай хамт явж байсан залуу нилээн согтуу байсан. Тэр залуу салгах гээд араас барихдаа хоолойд гар нь тулаад боолт орсон байсан юм. Намайг бүлэглэж зодоогүй. Би цэнхэр өнгийн үстэй яг дотуураа цэнхэр өнгийн малгайтай цамцтай, саравчтай малгай, доогуураа жинсэн өмд өвлийн бойтиг өмссөн байсан. Төрдамба хар өнгийн куртиктэй, доогуураа жинсэн өмдтэй явж байсан. Харин хамт явсан найз нь шар өнгийн урт куртиктэй явж байсан…” гэжээ /хх-12-13/.

Гэрч У.Батхуяг мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Apple нэртэй караоке, биллъярд, писи тоглоомын газарт тоглож байгаад гараад тамхи татаад үүдэнд зогсож байхад Энхбаяр ах ирээд надтай мэндлээд ахыгаа гэрт хүргээд өгчих 2000 төгрөг өгье гэхээр нь дүү нь машингүй явж байгаа гэж хэлсэн. Тэгсэн Төрдамба ах нойлоос гарч ирсэн. Энхбаяр ах Төрдамба ахыг юу байна хөгшөөн гэсэн чинь Төрдамба чи чинь хэн билээ гээд танихгүй байсан. Энхбаяр ах за болилдоо хөгшөөн, чи бид хоёр бие биенээ мэдэхгүй биш гээд өөдөөс нь инээсэн чинь Төрдамба энэ хэн юм бэ Хуягаа гээд надаас асуухаар нь писи тоглоом тоглодог Итгэл ахын найз нь ш дээ гэсэн чинь Энхбаяр ах за за танихгүй байгаа бол яахав дээ гээд мөрөн дээр нь гараараа хүрээд явах гэсэн чинь Төрдамба ах хойноос нь өшиглөсөн чинь Энхбаяр ах эргэж хараад тэр хоёр бие биенээ заамдаад байж байхад Төрдамбатай хамт явж байсан найз нь Энхбаяр ахын хойноос боохоор нь би нөгөө ахыг нь татаад холдуулсан юм. Баскааг наад хоёроо салгаач гэсэн чинь айгаад хөдөлж чадахгүй байсан. Төрдамба ах Энхбаяр ахын нүүр рүү нь мөргөчих шиг болсон. Тэгсэн хамраас нь цус гараад доошоо тонгойсон чинь Төрдамба ах Энхбаяр ахыг газар унагаад нүүр рүү нь хөлөөрөө өшиглөөд нуруу руу нь дэвсээд байхаар нь писи тоглоом руу орж хүн дуудах гэсэн чинь Төрдамба ах байж бай пизда минь, яах гээд байгаа юм гэхээр нь айгаад хүн дуудаж чадаагүй. Удалгүй Дуламсүрэн гарч ирээд та нар болиоч ээ гэж хэлж байгаад буцаж орж ирээд Цэрэнтогтох ахыг дуудаж гаргаж ирээд салгасан. Тэгээд Цэрэнтогтох ах Энхбаярыг аваад дотогшоо орсон чинь Төрдамба болон хамт явж байсан залуу хоёр машинд суугаад яваад өгсөн. Маргасан шалтгаан нь Энхбаяр ах Төрдамба ахын мөрөн дээр нь хүрээд танихгүй байгаа бол яахав дээ гэж хэлсэн түүнээс болоод зодсон байх. ...Төрдамба ах Энхбаярыг газар унагаад нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн дээрээс нь гутлынхаа өсгийгөөр дэвсээд байсан. Хяналтын камерын бичлэгийн харахад Төрдамба ах дээгүүрээ хар өнгийн куртиктэй, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй явж байсан. Энхбаярын зүүн талын хөл рүү өшиглөж байгаа нь Төрдамба ах мөн байна. Энхбаяр ахыг ямар хувцастай явж байсан гэдгийг санахгүй байна. Төрдамба ахтай явж байсан найз нь шар өнгийн урт куртиктэй явж байсан…” гэжээ /хх-14-16/.

Гэрч З.Баасандорж мэдүүлэхдээ: “...Apple нэртэй караоке пабын доод талын писи тоглоомын газар тоглож байгаад тамхи татах гээд гадагшаа гарсан үүдэнд Төрдамба ах намхан биетэй Энхбаяр ахтай маргалдаад зогсож байсан. Нэгнийгээ таньж мэдэхгүй гээд байсан. Би тухайн үед тамхи татаад өөр тийшээ харчихсан зогсож байсан учир нээх анзаараагүй. Тэгсэн Төрдамба ахтай хамт явж байсан ах Энхбаяр ахыг араас нь боогоод авсан чинь Төрдамба ах Энхбаярын нүүр рүү мөргөчихсөн, тэгсэн Энхбаяр ахын хамраас нь цус гараад доошоо тонгойсон. Би айгаад тэд нар руу ойртоогүй. Харин Батхуяг Төрдамба ахтай хамт явж байсан залууг нь салгаад холдуулсан. Тэр залуу нь зодоонд бол оролцоогүй. Батхуяг Энхбаяр ахтай хамт явж байсан ахыг дуудах гээд дотогшоо орох гэсэн чинь Төрдамба ах оруулаагүй. Удалгүй писи тоглоомыг ажиллуулдаг Дуламсүрэн эгч араас нь Цэрэнтогтох ах гарч ирээд тэд нарыг салгаад Энхбаярыг дотогшоо аваад орсон. Төрдамба ах архи уусан байсан. Харин нөгөө Энхбаяр ах нь архи уусан байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Батхуяг, Төрдамба ах, Энхбаяр ах, Төрдамба ахтай явж байсан танихгүй залуу бид нар байсан, өөр хүн байгаагүй, сүүлд нь Дуламсүрэн эгч Цэрэнтогтох хоёр гарч ирсэн. Камерын бичлэгийг харахад хар өнгийн куртиктэй Төрдамба ах Энхбаяр ахыг өшиглөж байна, тэр өдөр өөр зодоон болоогүй. Тухайн үед Д.Төрдамба ахтай хамт явж байсан тэр ах өөрөө нилээн согтуу бараг хөл дээрээ тогтож чадахгүй байсан ба зодоонд оролцоогүй бөгөөд Энхбаяр ахыг цохиогүй. Харин салгах гээд амьхандаа Энхбаяр ахын араас нь татаад байсан. Батхуяг та цаанаа байж бай гээд холдуулаад байсан. Тэрийг нь Энхбаяр ах боосон гэж яриад байгаа байх…” гэжээ /хх-17-19/.

Гэрч И.Цэрэнтогтох мэдүүлэхдээ: “...Намайг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Apple нэртэй караоке паб дотор писи тоглоомын газар тоглож байхад писи тоглоомыг ажиллуулдаг Дууяа буюу Дуламсүрэн орж ирээд гадаа үүдэнд Энхбаярыг Төрдамба зодоод байна гэхээр нь гарсан чинь пабын үүдэнд Төрдамба Энхбаярыг заамдчихсан Энхбаярын хамраас нь цус гарчихсан зүүн талын нүд нь хавдаад хөхөрчихсөн байдалтай байхаар нь салгасан. Тухайн үед Төрдамбатай хамт явж байсан гэх Энхбаяртай ойролцоо 25-26 орчим насны залуу зогсож байсан. Тэгээд би Энхбаярт утсаа өгөөд цагдаа дуудуулчхаад Энхбаярыг авч орж цусыг нь угаачхаад гараад ирсэн чинь Төрдамба нөгөө найзыгаа дагуулаад зогсож байсан. Төрдамба архи уусан байсан айхтар согтуу байгаагүй, хажууд нь явж байсан залуу нилээн согтуу байсан. Энхбаяр архи уугаагүй эрүүл байсан…” гэжээ /хх-20/.

Гэрч Б.Дуламсүрэн мэдүүлэхдээ: “...Би Apple нэртэй тоглоомын газарт писи тоглоомын ажилтан нь байгаа юм. 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Төрдамба танихгүй залуугийн хамтаар биллъярдны газар орж ирсэн, архи уучихсан халамцуу байдалтай байсан. Тэгээд 30 минут аваад тоглож байгаад гараад явчихсан, араас нь гарсан чинь Төрдамба, Энхбаяр хоёр хоорондоо маргалдаад байгаа бололтой Төрдамба нь Энхбаярт томроод байсан. Хажууд нь Батхуяг эрүүл зогсож байхаар нь эрүүл хүн байгаа юм чинь гайгүй байх гэж бодоод буцаад орсон. Тэгээд дотор байж байгаад гарсан чинь Төрдамба Энхбаярыг газар унагачихсан нүүрийг нь дараад зогсож байхаар нь би очоод салгах гэсэн чинь салж өгөхгүй байсан. Тэгсэн Энхбаярын хамраас нь цус гарчихсан байхаар нь буцаж ороод Энхбаярын найз Цэрэнтогтоход хэлсэн юм. Төрдамба архи уух нь уусан байсан, айхтар гуйвж дайвсан согтуу байгаагүй. Энхбаяр тухайн үед эрүүл явж байсан. Намайг гарахад Төрдамба Энхбаярыг байж бай гээд л байсан. Энхбаяр нь гэр рүүгээ харих гээд байгаа бололтой байсан. Энхбаярын зүүн талын нүд нь таглараад хавдчихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Намайг гарч ирэхэд Төрдамба, Энхбаяр, Батхуяг, Бааска нар байсан. Төрдамбатай хамт явж байсан залууг анзаарч хараагүй, нилээн согтуу орж гараад яваад байсан...” гэжээ /хх-21-22/.

Гэрч Л.Баярцэцэг мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 5-ны орой Энхбаярын ээж надруу утсаар Энхбаярыг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах Apple нэртэй караоке пабын гадаа зүс таних хүн зодсон байна гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ яваад ирсэн чинь Энхбаярын зүүн талын нүд нь таглараад хавдчихсан юм харж чадахгүй болчихсон байсан. Тухайн үед манай дүү цагдаад өргөдөл өгсөн. Apple караокены гадна Д.Төрдамба гэх залууг Энхбаяр "юу байна хөгшөөн" гэж хэлсэн чинь чи намайг хөгшөөн гэж хэллээ гээд зодсон байсан. Тэр өдөр Энхбаяр архи уугаагүй эрүүл явж байсан. Харин зодсон залуу нь архи уусан байсан гэсэн…” гэжээ /хх-23/.  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ¹16491 дүгээр дүгнэлт:

“1. Б.Энхбаярын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чихний дэлбэн ба ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салст, зүүн хацар, хүзүүний цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 1 шүдний эмтрэл, сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-28/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, оршин суух хаягийн тодорхойлол /Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хх-45/, Сиди-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/, хохирогч Ц.Баярсайханаас ирүүлсэн СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/, хохирогч Б.Энхбаярын “…шүүгдэгч Д.Төрдамбад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэх хүсэлт /хх-72/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Төрдамба нь 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 17-18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аррle караоке пабын үүдэнд хохирогч Б.Энхбаярыг урьд нь харьцаад байдаггүй, насаар дүү атлаа “юу байна хөгшөөн” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ¹16491 дүгээр дүгнэлт болон шүүгдэгч Д.Төрдамбын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлөөгүй байхад шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Д.Төрдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

            Шүүх, шүүгдэгч Д.Төрдамбад ял шийтгэхдээ түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлсөн, хохирогч Б.Энхбаяр нь гомдол саналгүй болсон зэргийг харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Балданцэрэн овгийн Далхжавын Төрдамбыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төрдамбад 3 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төрдамбад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Төрдамбад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Төрдамбад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН