Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0772

 

 

 

 

 

2022 10 18 128/ШШ2022/0772

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М***, нэхэмжлэгч cг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*** нарыг оролцуулан Н.Б-н нэхэмжлэлтэй, *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н*** овогтой Б***, РД: /*** /

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Э***

Хариуцагч: *** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т***

Нэхэмжлэлийн шаардлага: *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/1***дүгээр захирамжийг хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгож иргэн Н.Б*** намайг *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/1***дүгээр захирамжийг хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгож иргэн Н.Б*** намайг *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/23*** дүгээр тушаалаар Н.Б***ийг Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн даргын албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангасан гэж Н.Б***ийг тухайн албан тушаалд томилж,

2.2. Өмчийн харилцааны газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/0*** дугаар тушаалаар Н.Б***ийг Өмчийн төлөөлөл, менежментийн хэлтсийн мэргэжилтэн Н.Б*** нь өөр албан тушаалд шилжин ажиллах болсон тул 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгож үүрэг ажлаас чөлөөлсөн.

2.3.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/2*** дугаар тушаалаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж,

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/13*** дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Б*** нь *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд шилжин ажиллах болсон тул 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс шилжүүлжээ.

2.4.Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны Б/0*** дугаар тушаалаар Н.Б***ийг *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилж, ТЗ-9-5 ангиллаар цалинжуулахаар шийдвэрлэсэн..

2.5.Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 06 дугаар сарын 09-ний Б/1***дүгээр тушаалаар *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н*** ын Б***ийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.6. Нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад, мөн өдөр тус шүүхэд *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/1***дүгээр захирамжийг хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгож иргэн Н.Б*** намайг *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2022/5*** дугаар бүхий захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Н.Б***ээс *** дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргасан.

2.8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 555 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2022/5*** дугаар захирамжийг хүчингүй болгосон.

2.9.Нэхэмжлэгчээс *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/1***дүгээр захирамжийг хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгож Н.Б***ийг *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлд тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2022/6334 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

2.10. Тус шүүх иргэн Н.Б-н гаргасан *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/1***дүгээр захирамжийг хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгож иргэн Н.Б*** намайг *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээр *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Б*** миний бие нь тухайн албан тушаалд томилогдохдоо Төрийн тухай хуульд заагдсан болон тухайн маргаж буй албан тушаалд тавигдах шаардлагуудыг бүрэн хангаж томилогдсон тул албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцээгүй болно. Би тухайн албан тушаалд хуулиар тавигдсан шаардлагыг бүрэн хангасан гэдгээ дараах байдлаар нотолно. 

H.Б*** миний бие нь *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажилд *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/0*** дугаар захирамж, *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны 09 дүгээр тогтоолоор томилогдсон. 

Уг захирамж ба тогтоолд намайг ажилд томилсон үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 буюу Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагат 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэсний дагуу төрийн жинхэнэ алба хаагч надтай тохиролцож энэ албан тушаалд томилсон. 

Ингэхдээ миний хувийн хэрэгт байгаа төрийн алба хаасан, тухайн албан тушаалд тэнцсэн баримт, нотолгоог хамтран судалж шийдвэр гаргасан. Би дараах байдлаар Төрийн жинхэнэ болон хаагчийн нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байсан. Үүнд: Тусгай шаардлагуудын хувьд: 

Анх би Оросын Холбооны Улсын Москва хотын Б*** их сургуулийг 1991 оны 07 дугаар сард төгсөж ирээд тухайн үеийн Мах импекс пүүсийн захирлын 1991 оны 143 дугаар тушаалаар хиам консервын үйлдвэрт тухайн оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс ажилчнаар томилогдон хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш улсад тасралтгүй 31 жил ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Өмчийн харилцааны газарт ажиллаж байхдаа 2009 онд төрийн албаны шалгаруулалтад тэнцэн тангараг өргөсөн болно. Тус газарт мэргэжилтэн, хэлтсийн даргаар 2001-2017 онуудад ажилласан. 

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 2013 онд орж, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох шаардлагыг хамгийн сайн хангасан тул Өмчийн харилцааны газрын даргын 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/23*** дүгээр тушаалаар Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. Өөр ажилд шилжин ажиллах болсон тул Өмчийн харилцааны газрын даргын 2017 оны Б/0*** дугаар тушаалаар чөлөөлөгдсөн.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/2*** дугаар тушаалаар тус Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Уг албан тушаалыг хашиж байсан албан хаагч ажлаас хууль бус чөлөөлөгдсөн гэж шүүхэд хандсан байсан тул намайг хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчээр шүүхэд хандсан байсан тул намайг хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/13*** дугаар тушаалаар тус Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлсэн. 

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/0*** дугаар захирамжаар *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд томилогдсон. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор баталгаажуулан томилсон.

Ингэснээр би төрийн удирдах албан тушаалд 2013 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн тул Төрийн албан хаагчид тавигдах тусгай шаардлагыг бүрэн ханган ажиллаж ирсэн. 

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Нийтлэг шаардлагуудын  хувьд: Монгол Улсын иргэн байх-Би Монгол улсын иргэн, дээд боловсролтой байх-1985-1991 онуудад хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Б*** Их сургууль, 1998-2001 онд санхүү банкны Өлзийт коллеж тус тус төгссөн.

Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх-ял шийтгэлгүй, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх-чадвартай, сэтгэцийн өвчин, эмгэггүй байх-31 жил төрийн алба хашсан бөгөөд энэ хугацаанд сэтгэцийн өвчин илрээгүй.

Маргаан бүхий захирамжийн улмаас Н.Б*** миний дараах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болно.

Маргаж буй албан тушаалд Төрийн албаны тухай хуулиар тогтоосон түр орлон гүйцэтгэгчийг томилон ажиллуулах зүйл заалтын дагуу томилогдсон тул Монгол улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулиар Төрийн жинхэнэ албан хаагчид олгосон эрхийг эдэлж үүргийг хүлээнэ гэж үзэж байна. Иймээс миний дараах эрхийг зөрчсөн байна. Үүнд: 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан /Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, .... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах... гэх эрхийг эдэлж шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй.

Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан: албан тушаалд тавигдах шаардлага болон ажиллах нөхцөл, албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаалын тодорхойлолттой тухайн албан тушаалд томилогдмогц албан ёсоор танилцах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах; энэ хуульд заасны дагуу үйл ажиллагааны үр дүнг үнэлэхийг харьяалах дээд шатны удирдах ажилтнаас шаардах, үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх; хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолт, холбогдох баримт бичигтэй танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх; өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах гэсэн эрхүүдийг зөрчсөн гэж үзэж  байгаа.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 13 ба 15-д заасан журмын дагуу сонсгол хийж хуульд заасан журмын дагуу тухайн албан тушаалын чухам ямар шаардлагыг хангаагүй болохыг танилцуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, оролцуулаагүй тул миний эрхийг зөрчсөн.

Төрийн албаны тухай хуулийн 31.1, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөхдөө тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудыг бүрэн хангасан байхад хангаагүй гэж үзсэн нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар 38.1-д заасан Төрийн албан хаагч миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Энэ албан тушаалд ажиллаж байхад 2021 оны ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн гэж урамшуулал олгосон атлаа ямар ч үндэслэлгүйгээр тэнцэхгүй гэх үндэслэл гаргаж ирсэн нь хууль бус юм.

Төрийн албанд ажиллаж хөдөлмөрлөсний хувьд ажлаас чөлөөлөгдөх бол ажлын үр дүнгээ дүгнэх, хуулийн дагуу ээлжийн амралт эдлэх, Төрийн албан хаагчийн хувьд тэтгэмж авах, ашиг сонирхлоо хамгаалан тайлбар гаргах зэрэг Төрийн албаны хуулийн 38.1.2, 38.1.5 -аар надад олгосон эрхийг зөрчсөн.

Хөлөө хугалж бэртэл авсны улмаас 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд эмнэлгийн магадалгааны дагуу эмчилгээ хийлгэж өвчтэй байх үед ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 38.1.2, 38.1.5-д заасан эрх ашиг сонирхлоо хамгаалан тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй зөрчсөн.

Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тохиолдолд Н.Б*** миний төрийн албанд шударгаар ажиллах, хөдөлмөрлөх эрхээ эдлэх, төрийн албанд тасралтгүй 32 жил ажилласны эцэст Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах эрхээ эдлэх, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үүнтэй уялдан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга нь Хурлын нарийн бичгийн даргын үүргийг шууд гүйцэтгэх тул энэхүү албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөр шинэчлэн батлуулж, үүнийг үндэслэн тухайн албан тушаалын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын үүрэгт албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг бүрэн хангасан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Н.Б*** миний бие шууд томилогдох боломжтой байгаа эрхээ эдлэх болно.

Би 2022 оны эхний 5 сарын төсвийн санхүүжилтийн төлөвлөгөөнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны төсвийг 1 тэрбум төгрөгөөр хэмнэсэн, энэ 1 тэрбум төгрөгийг намайг ажлаас чөлөөлснөөс хойш үтэр түргэн гаргаж авсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хоёрдугаарт: Энэ мөнгийг дураараа захиран зарцуулахын тулд өмнө өөрийн хамт ажиллаж байсан хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсоноос хойш тус албанд ажиллаж байсан хүмүүсийн ихэнхийг ажлаас нь чөлөөлж шинэчилсэн. Ингэж шинэчилсэн албан хаагчдад төрийн албаны тусгай шалгалтад тэнцсэн хүн огт байхгүй. Эдгээр хүмүүсийг намайг томилохгүй байх гэж айн хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж ойлгож байгаа.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа

Нэхэмжлэгчийг тухайн албан тушаалын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Энэ шаардлагад төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой, төрийн албаны нөөцөөс томилох, эсхүл төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгүүлэн томилох боломжтой байдаг. Нэхэмжлэгч Н.Б***ийг сэлгүүлэн томилсон тухай 3 тушаал хэрэгт авагдсан. Нэгдүгээрт, *** дүүргийн Тамгын газрын Төрийн захиргааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тушаал байдаг. *** дүүргийн Засаг дарга өмнө нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа нэхэмжлэгчийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх үед хамтарч ажиллаж байсан учраас нэхэмжлэгчид санал тавьсан. Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар албан бичгийн дагуу нэхэмжлэгч нь төрийн албаны тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Үүнээс хойш Н.Б*** нь төрийн удирдах албанд тушаалд тасралтгүй ажилласан. Ингээд шаардлага хангасан төрийн албан хаагчийг сэлгүүлэн авчрах үндэслэлээр Н.Б***ийг тухайн албанд тушаалд томилсон. Хоёрдугаарт, Хариуцагч талаас нэхэмжлэгчийг хувийн хэргээ өгдөггүй, тухайн албан тушаалд тэнцэх эсэхээ нотолдоггүй гэж тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн хувийн хэрэг авагдсан байдаг. *** дүүргийн хүний нөөцийн ажилтан нэхэмжлэгчийн хувийн хэргийг баяжуулж гарын үсгээ зурсан баримт байдаг. Үүнээс харахад нэхэмжлэгч нь өөрийн хувийн хэргээ *** дүүргийн Засаг даргын Тамгын газар авчирч өгсөн, мөн тухайн албан тушаалд ажиллах шаардлагыг хангасан гэдгээ нотолсон. Харин сэлгэн ажилласны дараа хувийн хэргийг нь авч баяжуулаагүй. Нэхэмжлэгч нь хувийн хэргээ өгөөгүй, төрийн албаны шаардлага хангаагүй гэж гүтгэж ажлаас нь халсан. Н.Б*** нь хувийн хэргээ өгөхөөс татгалзсан, зугтсан тухай баримт огт байхгүй.

Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус гэдгийн нотолгоо бол Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Н.Б***т та энэ албан тушаалд тэнцэхгүй байна, холбогдох баримтаа гаргаж өг гэж огт мэдэгдээгүй. Хавтаст хэрэгт гарын үсэг зурсан тухай баримт байдаг. Н.Б*** нь тухайн хүнд сонсох ажиллагааны мэдэгдэл хүлээн авах тухай итгэмжлэл огт олгоогүй. Хариуцагчаас сонсох ажиллагааг нэхэмжлэгчийн гэрт очиж, эсхүл утсаар мэдэгдэх зэргээр хуульд заасан олон арга хэлбэрүүдийг хэрэглээгүй. Н.Б*** нь маргаан бүхий захиргааны акт гарах үед хөлөө хугалсан буюу өвчтэй байсан талаарх эмчийн магадалгаа байгаа. Энэ талаар хариуцагчаас сайн мэдэж байсан. Ингэж хууль бусаар халсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Хариуцагч талаас шуудангаар хүргүүлсэн бол сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэнд тооцно гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгчийн гэрийн хаягаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэсэн боловч тухайн шууданг хүлээн авсан хүн нь ажлын албан ажилтан н.А*** гэж хүн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн гэрт н.А*** амьдардаггүй. Тийм учраас хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж боломжгүй. Хоёрдугаарт, Нэхэмжлэгчийг тогтоол болон захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан шаардлагыг хангасан гэж тухайн албан тушаалд томилчхоод бүтэн жилийн дараа шаардлага хангаагүй гэж чөлөөлсөн. Гэтэл яг тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгч томилсон. Мөн хуульд нэр томьёоны өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс тайлбар гаргахдаа сонгон шалгаруулалт зарлаж болно, мөн тухайн албан тушаалд ажиллаж байгаа хуулийн шаардлага хангасан албан тушаалтныг шууд томилж болно гэж заасан байдаг. Тийм учраас нэхэмжлэгч нь төрийн албаны хуульд заасан баталгааг эдлэх эрхтэй учраас тухайн баталгааг хангаж өгнө үү. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан албан тушаалын шаардлагыг хангахгүй байгаа тухайд: Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаал нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолд зааснаар ТЗ-10 зэрэглэлд хамаарах Ахлах түшмэлийн ангилалтай албан тушаал юм. 

Нэхэмжлэгч нь *** дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжин ирж ажилласан. 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан *** дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолд зааснаар ТЗ-8 зэрэглэлд хамаарах дэс түшмэлийн ангилалтай албан тушаал юм. 

Н.Б*** нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ ... Тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргаар ажиллаж байсан Ж.И*** нь хүүхэд асрах чөлөөтэй байсан тул түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Гэхдээ Ж.И*** нь 2022 оны 04 сард Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хэлтсийн даргаар томилогдож өөр ажилд очсон.

Ингэснээр Төрийн албаны тухай хуулийн зохих журмын дагуу *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга буюу Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд одоо ажил гүйцэтгэж Төрийн албаны тухай хуулийн бүх шаардлагыг хууль ёсны дагуу хангаж байгаа Н.Б*** намайг шууд томилох эрх зүйн үндэслэл бүрэн үүссэн байгаа тул ... гэх үндэслэлийг гаргажээ. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаал ангилал хооронд шилжих тохиолдолд авна гэж заасан байдаг. 

Н.Б*** нь 2013 оноос хойш ТЗ-8, дэс түшмэлийн албан тушаал дээр ажилласан байсан ба түүнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар шууд томилох эрх зүйн зохицуулалт байхгүй. Учир нь Н.Б*** нь албан тушаалын ангилал хооронд шилжих нээлттэй сонгон шалгаруулалт бүхий тусгай шалгалтыг өгөөгүй, мөн анх Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн Нийслэлийн Өмч харилцааны газраас ямар учир шалтгааны улмаас чөлөөлөгдсөн, хэдэн онд чөлөөлөгдсөн нь тодорхойгүй. 

Төрийн албаны тухай хуулийн 46.6-д Төрийн түр албанаас чөлөөлөгдсөн хүнийг төрийн албаны нөөцөд байгаа тооцно. Нэхэмжлэгч Н.Б*** нь төрийн албан хаагчийн хувийн хэрэг бүрдүүлэхэд дээрх тушаал, шийдвэрийг өгч байгаагүй өгөхөөс татгалзаж байсан тул түүний хувийн хэрэг иргэдийн Хурлын Ажлын албанд байхгүй болно. 

Төрийн албаны тухай хуульд төрийн албаны нөөцөд байх хугацаа 3 жил байхаар заажээ. Иймээс Н.Б-н Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ямар үндэслэлээр хэдэн онд чөлөөлөгдсөн тухайн үеэс хойш албан тушаалд жинхлэн томилогдсон эсэх, хэрэв 3 жилийн хугацаанд албан тушаалд томилогдоогүй тохиолдолд төрийн албаны нөөцөөс хасагдсан, төрийн албан хаагч биш гэж үзэх боломжтой юм. 

Иймд Н.Б***ийг албан тушаалд шууд томилох ямар ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд төрийн албан хаагчийн албан тушаалд томилогдох эсэх талаар маргах эрхгүй юм. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2022 оны 05 сарын 10-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны нийт ажилтан албан хаагчдыг цуглуулж Засгийн газрын 375 дугаар тогтоол, мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар тогтоолыг танилцуулж, нийт ажилтан алба хаагчдад албан тушаалаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг гардуулсан.

Тухайн өдөр Н.Б*** ажилдаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас олон хоног ирээгүй байсан ба Хурлын дарга тус хурал дээр Н.Б***т шуудангаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэх үүрэг өгсний дагуу 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Н.Б-н гэрийн хаяг болох *** дүүргийн 17 дугаар хороо 703-1204 тоотод суух хаягт шууданд хийж хүргүүлсэн.

Мөн Н.Б***ийг мэдэгдэх хуудсанд заасан 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөх захирамжийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрт нь гардуулж Төрийн албаны тухай хуульд заасан тусгай сонгон шалгаруулалт өгөхийг зөвлөсөн.

Иймд Н.Б***ийг ажлаас чөлөөлөхөд Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн үйлдэл байхгүй болно. 

Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэх албан тушаал байхгүй болж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга гэх албан тушаал бий болсон. Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан. 

Ингээд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Зөвшөөрөл олгох тухай Нийслэлийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолтыг хавсралт ёсоор батлахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвшөөрсөн 533 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Төрийн албаны нийслэл дэх салбар зөвлөлд албан тушаалын тусгай шалгалтын сонгон шалгаруулалтыг зарлуулах саналаа өгсөн болно. 

Нэхэмжлэгч нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний Б/1***захирамжийг хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх боловч хуульд заасан аль үндэслэлээр хүчингүй болгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийн алийг нь зөрчсөн болохыг дурдаагүй, мөн нэхэмжлэлийн үндэслэлд заасан үйл баримтыг нотолсон нотлох баримт байхгүй. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад тухайн сонсох ажиллагаа явагдах захиргааны актыг гардуулдаг өдөр өвчтэй чөлөөтэй байсан тухай ямар ч зүйл мэдэгдээгүй. Мөн тухайн хэрэгт авагдсан эмчийн магадалгаа нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эмчээс авсан байсан. Энэ нь маргаан бүхий захирамжийг гардуулснаас хойш 4 хоногийн дараа эмчийн магадалгаа авсан байсан. Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан өвтэй байхад нь ажлаас нь чөлөөлсөн гэдэг тайлбар үндэслэлгүй юм. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно гэж заасан. Нэхэмжлэгчээс 2013 оноос хойш тасралтгүй удирдах албан тушаал хашсан гэж тайлбарлаж байна. Гэтэл 2017 оны Нийслэлийн өмчийн харилцааны газрын Б/2 дугаар тушаалд өмчийн менежмент хариуцсан мэргэжилтэн Н.Б*** гэж дурдсан байдаг. Нэхэмжлэгч нь 2013 онд хэлтсийн даргаар томилогдсон боловч тус албан тушаалд сэлгэн ирэхдээ мэргэжилтэн байсан. Нэхэмжлэгч нь жирэмсний амралттай байсан хүний албан тушаалд сэлгэн ажиллахаар ирсэн гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Ингэж сэлгэн ажиллахад эргээд тухайн албан тушаалд буюу Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаал журамд заасны дагуу хэвээр хадгалагдаж үлдэх ёстой. Тийм учраас жирэмсний амралттай байсан хүний албан тушаалд шууд томилогдон ажиллах ёстой гэж маргах эрхгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгчээс хувийн хэргээ өгөөч гэж хариуцагчаас удаа дараа шаардсан, мөн шүүхээс ч энэ талаар шаардсан боловч 2001 онд төрийн албаны хувийн хэрэг, төрийн албан хаагчийн анкет, 2001 онд хамгийн анх төрийн албанд томилогдсон тушаалаас өөр нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Гэтэл нэхэмжлэгч нь 2013 онд хэлтсийн даргаар томилогдчихоод 2017 онд яагаад мэргэжилтэн болсон гэдэг нь тодорхойгүй. Ямар шаардлага үндэслэлээр мэргэжилтэн болсон гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй. Үүнийг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын хүний нөөцийн мэргэжилтэн хувийн хэргийг нь баяжуулсан гэж тайлбарлаж байна. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба бол тусдаа бие даасан байгууллага юм. Нэхэмжлэгчээс хувийн хэргээ гаргаж өгөх талаар асуухад гаргаж өгдөггүй, нэхэмжлэгч нь 2013 онд хэлтсийн даргаар томилогдсон байна, 2017 онд мэргэжилтэн болсон байна. Гэтэл энэ дунд ямар үндэслэлээр мэргэжилтэн болсон гэдэг нь тодорхойгүй байна, тийм учраас нэхэмжлэгчийг удирдах албан тушаалд тасралтгүй ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу ангилал зэрэглэлд шилжин ажиллаж байгаа тохиолдолд заавал сонгон шалгаруулалт явуулж, томилогдох ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас шууд томилогдох ёстой байсан гэж ямар хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй тайлбар өгч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь шаардлага хангасан төрийн албан хаагчийг сэлгүүлэн авчрах үндэслэлээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон, сэлгэн ажилласны дараа хувийн хэргийг нь авч баяжуулаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа огт хийгээгүй, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан шаардлагыг хангасан гэж тухайн албан тушаалд томилчхоод бүтэн жилийн дараа шаардлага хангаагүй гэж чөлөөлсөн атлаа тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь ойлгомжгүй, Ж.И*** нь 2022 оны 04 сард Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хэлтсийн даргаар томилогдож өөр ажилд очсон. Ингэснээр Төрийн албаны тухай хуулийн бүх шаардлагыг хууль ёсны дагуу хангаж байгаа Н.Б*** намайг шууд томилох эрх зүйн үндэслэл бүрэн үүссэн гэж, хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу ангилал зэрэглэлд шилжин ажиллаж байгаа тохиолдолд заавал сонгон шалгаруулалт явуулж, томилогдох ёстой, нэхэмжлэгч нь албан тушаалын ангилал хооронд шилжих нээлттэй сонгон шалгаруулалт бүхий тусгай шалгалтыг өгөөгүй, нэхэмжлэгч нь 2013 онд хэлтсийн даргаар томилогдчихоод 2017 онд яагаад мэргэжилтэн болсон нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг удирдах албан тушаалд тасралтгүй ажилласан гэж үзэх үндэслэлгүй, сэлгэн ажиллахад эргээд тухайн албан тушаалд буюу Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаал журамд заасны дагуу хэвээр хадгалагдаж үлдэх ёстой. Иймд жирэмсний амралттай байсан хүний албан тушаалд шууд томилогдон ажиллах ёстой гэж маргах эрхгүй, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэх албан тушаал байхгүй болж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга гэх албан тушаал бий болсон гэж тус тус маргажээ.

3. Нэхэмжлэгч Н.Б*** нь Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Албан тушаалд томилох тухай Б/23*** дүгээр тушаалаар Өмчийн харилцааны газарт өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллажээ.

4. Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Н.Б-н шилжүүлэн ажиллуулах тухай Б/0*** дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Б***ийг өөр албан тушаалд шилжин ажиллах болсон гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна.

5. *** дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Н.Б***ийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/2*** дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Б***ийг *** дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулжээ.

6. *** дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Н.Б***ийг шилжүүлэн ажиллуулах тухай Б/13*** дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Б***ийг *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

7.Нийслэлийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Тэргүүлэгчдийн нарийн бичгээр дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай Б/0*** дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол, 2019 оны 275, 472 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Б***ийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

8.Нийслэлийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Тэргүүлэгчдийн нарийн бичгээр дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай 09 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол, 2019 оны 275, 472 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Б***ийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж шийдвэрлэсэн байна.

9. Гэтэл маргаан бүхий *** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Н.Б***ийг ажлаас чөлөөлөх тухай Б/1***дүгээр захирамжаар нэхэмжлэгч Н.Б***ийг төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэжээ. 

10. Дээрх маргаан бүхий захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6, 52.1.7 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх:, 52.1.6.Хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх; гэж зааснаас үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх эрхтэй байна.

12. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл. Хориглох зүйл, 31.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно:, 31.1.1.энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж тус тус заажээ.

13. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй этгээдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх томилон ажиллуулахыг хориглосон зохицуулалтай байна.

14. Гэтэл маргаан бүхий тохиолдолд, дээрх хуулийн заалтыг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болжээ.

15. Тодруулбал, нэхэмжлэгчийг анх тус албан тушаалд *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/0*** дугаар захирамжаар түр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасныг үндэслэн томилсон атлаа маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй гэж чөлөөлж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

16. Мөн нэхэмжлэгчийг тус маргаан бүхий албан тушаалд томилсон *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байхад маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг чөлөөлж байгаа нь үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны актаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгчийг чөлөөлсөн атлаа 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/1*** дугаар захирамжаар өөр түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь мөн ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

17. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/1***дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

18. Харин нэхэмжлэгчийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

19. Учир нь тус шүүхийн шийдвэрээр маргаан бүхий *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/1***дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь тус албан тушаалд анх томилогдсон *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/0*** дугаар захирамжийн үйлчлэлээр тухайн албан тушаал дээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон хөдөлмөрлөх харилцаагаа үргэлжлүүлэх боломжтой гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, *** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Н.Б***ийг ажлаас чөлөөлөх тухай Б/1***дүгээр захирамжийг хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэгч Н.Б***ийг *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ