Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

 

 

 

 

 

 2020             12           24                                          2021/ДШМ/9                                                                                                        

 

С.Б-т холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/916 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 68 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн С.Б-т холбогдох 2005012491488 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн С-ын Б-, Дорнод аймагт 1985 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Алтан өлгийн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Толгойтын 000 дугаар гудамжны 00 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/,

С.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Б-гийн эзэмшлийн гар утсыг гуйж түр хэрэглэх үедээ цахим хэтэвчнээс Төрийн банк дахь 260500077690 тоот дансандаа 500,000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр хохирогч С.Б-гийн Голомт банк дахь 1705155617 тоот данснаас Хаан банк дахь 5166384219 тоот дансанд 200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, нийт 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэснийг шийтгэх тогтоолд дурдаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй тул өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч С.Б- нь хохирогч С.Б-гийн гар утсыг түр хэрэглэхээр гуйж авах үедээ “Lend.mn” цахим хэтэвчний мэдээллийг нь нууцаар, хууль бусаар олж авч 2020 оны 02 дугаар сарын 04, 18-ны өдрүүдэд хамаарал бүхий хүмүүсийн дансанд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 700,000 төгрөгийг хууль бусаар шилжүүлж авсан болох нь:

хохирогч С.Б-гийн “... Голомт банк дахь дансанд орлого орсон захидал гар утсанд ирэхээр нь нээж үзэхэд хадгаламж барьцаалсан зээл авсан байсан. Энэ талаар лавлахад “Ёндонжамцын Хаан банк дахь дансанд орсон байна” гэсэн. Өөрийн Lend.mn рүү орж цахим хэтэвчээ шалгахад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Болорчимэг гэх хүний эзэмшлийн Төрийн банк дахь дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” /хх 22/,

гэрч Д.Ёндонжамцын “...С.Б- “Дансаа өгөөч, 200,000 төгрөг шилжүүлээд,  ярьж байгаад очоод авъя” гэсэн...” /хх 27/,

гэрч С.Болорчимэгийн “... төрсөн эгч С.Б- 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “500,000 төгрөг шилжүүлье, буцаагаад миний данс руу шилжүүлээд өг” гэхээр нь би зөвшөөрсөн. Удалгүй Lend.mn”-ээс мөнгө орж ирснийг Б-ийн данс руу шилжүүлсэн...” /хх 29-30/ гэх мэдүүлгүүд,

“Лэндмн ББСБ” ХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг /хх 32-35/, хохирогч С.Б-гийн Голомт банк дахь дансны хуулга /хх 36-40/, Төрийн банкны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 026/5921 тоот албан бичиг, хавсралт /хх 41-44/ болон шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 51-52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Б- нь хохирогчийн гар утсыг түр хэрэглэх үедээ санхүүгийн хэрэгслийн мэдээллийг нууцаар, хууль бусаар олж авч улмаар уг мэдээллийг ашиглан өөртөө мөнгө шилжүүлэн авсан үйл баримтын талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байгаа боловч тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд хэрхэхийг шийтгэх тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчиж байна. Энэ тухай улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/916 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.”  гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ         

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН