| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 195/2025/0242/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/303 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/303
2025 01 29 2025/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402006270422 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2402006270422 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн шалгах тасагт 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн ***аас гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),
2. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
3. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал)
4. 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал)
5. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нагац дүү болох *** гэх хүнээс машиныг нь өөрийн хүү ***ыг явуулан авхуулсан. Тухайн машиныг авч ирээд өөрийн хашаа болох Хан-Уул дүүргийн 05 дугаар хороо яармагийн ***тоотод байлгаж байсан. 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тухайн машиныг унаагүй хөдөлгөөгүй бөгөөд 09 дүгээр сарын 01-ний өдөр сонсголонгийн шинэ Анагаах ухааны их сургууль руу охиныг хүргэж өгөхөөр явсан. Тухайн машинтай би өөрийн машиндаа сэлбэг хайгаад Алтай хотхоны орчим оччихоод ирсэн. Маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөн тухайн машинаар өөрийн хувийн хэрэгцээ болох хоол хүнс зэргийг цуглуулахдаа унаж явсан бөгөөд машины багажид худалдан авсан хүнсний гурилыг хийсэн байсан бөгөөд гэрийнхээ гадаа ирээд машины багажийг нээж хүнсээ буулгаад багажны дотор талыг хартал ногоон өнгийн тэгш өнцөгт хэлбэртэй таглаатай хайрцаг байсан. Тухайн хайрцгийг нээж үзэхэд дотор нь өвс, ургамал маягийн зүйл байсан. Би тухайн зүйлийг машинаас гарган гэрийн үүдэнд байрлах амбаарын доор нуусан. Маргааш нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө тухайн машинаар ажилдаа яваад ээлжтэй хоноод 09 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн бөгөөд тухайн хайрцагтай зүйлийг юу гэдгийг мэдэхгүй байсан тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад ирсэн байна. Нагац дүү *** нь нөхөр хүүхдийн хамт Алтай хотхоны орчим оршин суудаг. ***гийн нөхөр *** нь надад их хэмжээний мөнгөний өртэй. *** болон *** нар нь хоорондоо эд хөрөнгө буюу тухайн тээврийн хэрэгсэл дээр маргаантай байсан. Би *** гэх хүнээс мөнгөний авлагатай байсан тул тухайн тээврийн хэрэгслийг нагац дүү ***тай ярилцаж байгаад ***гаас очиж авсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь Таван богд финанс ББСБ-н нэр дээр байдаг. Хэзээ, хаанаас худалдан авсан талаар нь мэдэхгүй байна. ...Тухайн хайрцгийг нээж үзэхэд хайрцаг дүүрэн ногоон өнгийн бондгор булцуутай ургамлууд байсан бөгөөд шарилж ургамлаас арай өөр үнэртэй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №5228 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн.
- Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтана.
- Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 814,3 грамм, цэвэр жин нь 811,4 грамм байсан ба 0,1 гр-ыг шинжилгээнд зарцуулав. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
7. Шүүх сэтгэц эмгэг судлалын 1051 дугаартай:
- *** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
- *** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
- *** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
- *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
- *** нь мансууруулах сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-65 дахь тал),
8. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтнээр өгсөн: *** улсын дугаартай Lexus gs450 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. 2024 оны 03 дугаар сард худалдаж авсан. Би тээврийн хэрэгслээ 2024 оны 07 сар хүртэл яг өөрөө унасан. Тэрнээс хойш эхнэр унаж байгаа. 2024 оны 06 сарын сүүлээр Орхон аймгийн Хангал суманд амрахаар явсан юм. Тэгээд тэндээсээ тухайн ургамлыг түүсэн. Түүчхээд өөрийн тээврийн хэрэгсэлдээ хадгалж байсан. Тухайн ургамал нь мансууруулах үйлчилгээтэй ургамал байгаа юм. Би өөрөө хэрэглэхээр түүсэн. Би өмнө нь тухайн ургамлыг интернэт орчноос харж байсан болохоор мөн байж магадгүй гэж бодоод түүсэн. Тухайн ургамлыг түүхдээ ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
9. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “Прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг ойлгож мэдлээ. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Болсон асуудлын тухайд гэвэл би сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. ...би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө тухайн өвс гэх нэршилтэй ургамлаа Орхон аймгийн Хангал сумаас түүсэн гэж андуурч хэлсэн байна лээ. Хангал сум нь Орхон аймгийнх биш Булган аймгийн сум юм байна лээ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал),
10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал), Иргэний үнэмлэхийн, гэрлэсний бүртгэлийн, регистрийн дугаарын, Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаанууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 105-112 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 116 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “Шүүгдэгч *** нь 2024 оны 6 сарын сүүлээр Булган аймгийн Хангал сумын нутгаас түүж бэлтгэн 2024 оны 9 сарын 4-ний өдөр хүртэл хугацаанд сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Таван Богд финанс” ББСБ-ын эзэмшилд байх 5120 улсын дугаартай “Лексус 350” маркийн тээврийн хэрэгсэл нь үнэлгээгээр 20.181.875 төгрөгөөр тогтоогдсон. Иймд 20.181.875 төгрөгийг ***ээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулах. Шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн байцаах газарт хадгалагдаж байгаа 811,4 гр жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор устгахыг даалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зардалгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай “Lexus GS350” загварын тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж улсын орлогод оруулах гэсэн дээрх саналуудыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүдэгч *** нь Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт амарч явахдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/-ын агууламжтай 811.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2024 оны 6 дугаар сарын сүүлээр түүж бэлтгэсэн улмаар “Таван богд финанс ББСБ” ХХК-ын эзэмшлийн *** улсын дугаартай “Lexus GS350” маркийн тээврийн хэрэгсэлд 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн шалгах тасагт 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн ***аас гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),
- 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
- 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал)
- 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал)
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №5228 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 1051 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 64-65 дахь тал),
- Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоосон хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.1 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хориглосон... сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн, олж авсан” бол гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодис нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд аюул занал учруулж, нийгэмд хортой, ноцтой үр дагавартай, улмаар улс төр, эдийн засаг, соёлын үндэст сөргөөр нөлөөлдөг учраас тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.
Иймээс энэ төрлийн бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан авахаас бусад үйлдлийг хууль бус гэж үзнэ.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч гэх зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol)-ны агууламж бүхий цэвэр жин нь 811.4 грамм олсны ургамал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдсон, улмаар шүүгдэгчийн бэлтгэсэн, хадгалсан бодис нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох нь эргэлзээгүй нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан гэж үзэв.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
1.2 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
1.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн гаргасан ялын саналтай мэтгэлцээгүй.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ***ийг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, нийгэмд үзүүлэх хор уршгийн шинж чанар, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Таван Богд финанс ББСБ” ХХК-ын эзэмшилд байх *** улсын дугаартай “Lexus GS350” маркийн тээврийн хэрэгсэл нь үнэлгээгээр 20.181.875 төгрөгөөр тогтоогдсон. Иймд 20.181.875 төгрөгийг ***ээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулах. Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж улсын орлогод оруулах гэсэн санал гаргасныг шүүх хүлээн аваагүй болно. Учир нь:
Шүүгдэгч ***ийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг Таван богд финанс ББСБ-ын эзэмшлийн *** улсын дугаартай “Lexus GS350” маркийн тээврийн хэрэгслийн багажид хадгалж байсныг иргэн *** нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үед буюу хожим илэрсэн, мөн тухайн бодисын жин хэмжээ бусад байдлаар зөвхөн тээврийн хэрэгсэлд хадгалах, тээвэрлэхээс өөр боломжгүй нөхцөл байдлууд илрээгүй, түүнчлэн тээврийн хэрэгслийг анхнаасаа сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах, хадгалах, өөрийн гэмт үйлдлийг хөнгөвчлөх, учрах саадыг арилгах зорилго, зориулалтаар буюу гэмт хэрэг үйлдэх “арга хэрэгсэл, агуулах, нуувч” байдлаар эзэмшсэн, ашигласан гэж үзэх үндэслэл баримтгүй байх тул тээврийн хэрэгслийг хураах, эсхүл үнийн дүнг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох боломжгүй гэж үзэв.
Харин үнэлгээгээр тогтоогдсон 20.181.875 төгрөгийг “Таван богд финанс ББСБ” ХХК-ийн иргэний нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болохыг дурдах нь зүйтэй.
3. Бусад шийдвэрлэвэл зохих асуудлын талаар:
3.1 Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа цэвэр жин нь 811.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг тогтоолд тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ***ийг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа тетрагидроканнабинол (delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай 811.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН