| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/108 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/108
2025 01 10 2025/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410044341560 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: “2024 оны 10 дугаар сарын 21-ний орой цахим системтэй худгаас ус авах гэж картаа 3-4 удаа уншуулахад болохгүй, ажиллахгүй байсан ба сэтгэл санаа тавгүй байсан учир цохиж хагалсан” гэсэн мэдүүлгийг гаргасан.
Хоёр. Эрүүгийн 2410044341560 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Худгийн ус авдаг шилэн төхөөрөмжийн дэлгэцийг хагалсан байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
2. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7 дахь тал),
3. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр НТL ХХК-ийн гүйцэтгэх захирал *** хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр *** /РД:***/-ыг томилсон тухай албан бичиг (хавтаст хэргийн 10 дахь тал),
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “Өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 20-21-ны шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 6-р хороо Нүхтийн 28-р гудамжинд байрлах 315-р худгийн ус түгээх самбарыг тухайн үед ус авч байсан иргэн хагалсан байсан. Өнөөдөр өглөө 09 цагт тухайн ус түгээх худгийн түгээгч нь манай байгууллагад залгаж хэлсэн. Би 315 дугаар худаг дээр ирээд хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 30-35 орчим насны эрэгтэй хүн тохойгоороо дэлгэцийг хагалж байгаа нь харагдаж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн ус түгээгч хяналтын самбар нь зах зээлийн үнээр 700,000 төгрөг байдаг. Тухайн хүнийг өмнө харьж байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
5. “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №ХУ2-24-624 дугаартай Эд хөрөнгөд учирсан хохирол 700,000 төгрөг гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
6. Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 20-21-нийг шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 28 дугаар гудамжинд байрлах 315 дугаар гүний ус түгээх газраас ус авахаар очсон. Тэгэхэд худгийн ус авахдаа ашигладаг зориулалтын картыг 2-3 удаа уншуулахад ажиллахгүй байсан бөгөөд тухайн өдөр гэр бүлийн маргаан болон хүүхдийн асуудлаас болж сэтгэл санаа тогтворгүй их бухимдалтай байж байгаад усны төхөөрөмж хүртэл ажиллахгүй болохоор нь дахин бухимдаж баруун гараараа нэг удаа гарынхаа тохой хэсгээр цохисон. Намайг цохисны дараа гар утасны дэлгэц цуурдаг шиг тухайн 315 дугаар худгийн карт уншдаг төхөөрөмжийн дэлгэц нь цуурсан байдалтай харагдсан. Гэхдээ би тухайн төхөөрөмжийг эвдлэх ямар нэгэн санаа зорилгогүй байсан. Миний бие хийсэн үйлдэлдээ их гэмшиж байгаа. Дахин ийм төрлийн алдаа гаргахгүй байх тал дээрээ анхаарна. Би тухайн байгууллагад хохирол болох 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 14-15-ны хооронд өөрийн Хаан банкны *** тоот данснаас тухайн байгууллагын Хаан банкны данс руу шилжүүлсэн бөгөөд уг дансны дугаарыг нь мэдэхгүй байна. Шаардлагатай гэвэл дансны хуулгыг гарган өгч болно. Би урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 14-21 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээх, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ “НТL” ХХК-ийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо Нүхтийн 28 дугаар гудамжинд байрлах 315 дугаар худгийн ус түгээх самбарыг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гараараа цохиж дэлгэцийг нь хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Худгийн ус авдаг шилэн төхөөрөмжийн дэлгэцийг хагалсан байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
- 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
- “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №ХУ2-24-624 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
- Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” бол гэж тодорхойлсон ба хохирол учирснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар хуульчилсан.
Хууль зүйн ойлголтоор эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гаднын хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг “устгах” гэж ойлгохоор; бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд шүүгдэгч нь худгийн ус түгээх самбарын дэлгэцийг тохойгоороо цохиж хагалсан үйл баримт тогтоогдож байх ба тухайн эд хөрөнгийг сэргээн засварлах боломжгүй, дахин ашиглах боломжгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй харин гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн шинжийг хангасан улмаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Түүнчлэн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл ухамсарт үйлдлээр хийгдэж байгаа тул санаатай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн гэмтээсэн эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 700,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон нь хуульд заасан бага хэмжээ буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч нь тухайн үед үүссэн уур бухимдлаа захирч чадаагүй мөн согтууруулах ундаа хэрэглэсэн, гэр бүлийн маргаантай байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Улсын яллагч шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Хан-Уул дүүргийн 6 хороо Нүхтийн 28 дугаар гудамны 315 дугаар худгийн ус түгээх самбарыг цохиж, гэмтээн дэлгэцийг нь хагалж хохирол учруулсан гэж харин тогтоох хэсэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас гэж хоёр өөр байдлаар дүгнэж ирүүлснийг шүүх бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас гэж зөвтгөсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох үндэслэл болохгүй гэж үзсэн болно.
Учир нь: “НТL” ХХК-ийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо Нүхтийн 28 дугаар гудамжинд байрлах 315 дугаар худгийн ус түгээх самбарыг шүүгдэгч *** нь гараараа цохиж хагалсан үйл баримт байгаа хэдий боловч тухайн эд хөрөнгийг устгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн НТL ХХК-ийн гүйцэтгэх захирал ***гийн албан бичигт “...гадна дэлгэцийг хагалж гэмтээсэн...” талаар дурдсан зэргээс дүгнэж устгасан шинж үгүйсгэгдэж байна гэж үзсэн.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
Тус хэргийн улмаас хохирогч “Эйч Ти Эл” ХХК-д 700,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд “Эйч Ти Эл” ХХК нь гомдол саналгүй, хохирол төлбөр барагдуулсан талаар тодорхойлолт /хавтаст хэргийн 32 дахь тал/ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ын “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй талаар илэрхийлсэн, гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН