| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/01008/И |
| Дугаар | 142/ШШ2019/01089 |
| Огноо | 2019-09-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2019/01089
| 2019 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2019/01089 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Н.М
Гэм хорын хохиролд 1 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н , хариуцагч Н.М , иргэдийн төлөөлөгч Д.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 06 дугаар сарын 12-нд 23 цаг 40 минутын орчимд Б багийн нутаг дэвсгэрт /тосгонд/ миний бие нь төв замаар хөдөлгөөн оролцож байгаад зам дагуу зогсож байхад араас согтуу жолоочтой /crown/ маркийн автомашин маш хурдтайгаар хүчтэй мөргөсөн. Дугуйны обуд хагарсан, төмөр тэвш нь хагарч бид гурав маш их доргилт авсан. Машинд охин болон дүү явж байсан. Иймд бидний эрүүл мэнд, эд материалд хохирол учирсан тул 1 120 000 төгрөгийг Н.М аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагт болсон автомашины ослын бүх үр дагаварыг миний бие Н.М хариуцаж хариуцлагыг өөрөө үүрсэн байгаа. Б.Н ын машиныг авто засварын газарт бүх гэмтэл согогыг янзлуулж хүлээлгэж өгсөн. /нэхэмжлэгч өөрөө гомдолгүй гэж хэлсэн/ Мөн Цагдаагийн автын байцаагч Өлзийбүрэн дээр очиж байцаагдахад нэхэмжлэгч Б.Н нь шүүх эмнэлэг охиныг минь цаашид эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзлээ гэж намайг хамт байхад хэлсэн. Нэхэмжлэгчийн Prius маркийн машины авто засварын хөлсөнд 600 000 төгрөг, сэлбэгт 830 000 төгрөг, дугуйг солих гэх мэт нийт 1 500 000 төгрөг төлсөн байгаа. Иймд миний бие Н.М нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үл зөвшөөрч, бүх гомдлыг барагдуулчихсан гэж үзэж байгаа боловч хүүхдийн толгойн зураг авахуулах төлбөр болон толгой бариулсны хөлс, хойд гуперийн төлбөрт нийт 450 000 төгрөг төлбөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Н.М т холбогдуулан гэм хорын хохиролд 1 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч Н.М нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн толгойн томографи зургийн үнэ болон толгой бариулсан хөлс, машины гуперийн үнэ болох 450 000 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
2019 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 23 цаг 40 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Б багийн нутаг дэвсгэрт нэхэмжлэгч Б.Н нь охин болон дүүгийн хамтаар өөрийн өмчлөлийн автомашинаар зорчиж явахад хариуцагч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож мөргөсний улмаас нэхэмжлэгчийн унаж явсан автомашины дугуйны обуд хагарч, тэвш хугарч, зорчигч болон нэхэмжлэгч доргилт авсан гэжээ.
Уг ослын улмаас зорчигч болон нэхэмжлэгч нарын толгойн томографи зураг авахуулах шаардлага гарсан ба толгой бариулсны төлбөр, машины гупер, обудын төлбөрт нийт 1 120 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.
Хариуцагч Н.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтээр цаашид эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэснийг цагдаагийн байцаагчид Б.Н өөрөө хэлсэн бөгөөд машины эвдрэлийг засуулж өгсөн тул дахин мөнгө төлөх үндэслэлгүй, харин охины толгойн зураг авахуулах болон толгой бариулсны төлбөрийг машины гуперийн үнэ нийт 450 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь хэсэгт заасан өөрийн шаардлагын үндэслэл болсон байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Уг үүргээ нэхэмжлэгч Б.Н биелүүлээгүй гэж үзнэ.
Осол болсон хийгээд хариуцагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл явдлын талаар буюу гэм буруугийн талаар талууд маргаагүй тул маргаагүй үйл баримтанд шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Нэхэмжлэгч Б.Н нь зорчин явсан дүүгийнхээ өмнөөс эрүүл мэндийн хохиролыг шаардан гаргуулах эрхгүй, автомашинд учирсан хохиролын талаар болон эрүүл мэндийн хувьд зайлшгүй хийгдэх эмчилгээний төлбөр байсан эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй хэдий ч хариуцагч Н.М өөрийн гэм бурууг ухамсарлан нэхэмжлэгчийн охины цаашид үзүүлэх толгойн томографийн төлбөр болон эмчилгээ үйлчилгээний төлбөр, автомашины засварт нийт 450 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35 030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Н.М аас 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 670 000 /зургаан зуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35 030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М аас 14 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
Б.БЯМБАСҮРЭН
Р.ҮҮРИЙНТУЯА