| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 183/2018/03010/и |
| Дугаар | 438 |
| Огноо | 2019-03-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 438
“СӨ” СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02421 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “СӨ” сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 570.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч СӨ СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨ СӨХ-ны гишүүн Б.Б нь дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 570.103 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжлэл гаргасан. Миний бие 2016 онд СӨ СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлыг авахад СӨХ байгуулагдсанаас хойших хугацааны төлбөрөө төлөөгүй өртэй байсан бөгөөд намайг ажил авсанаас хойш төлбөрөө төлж байгаа. Өмнөх СӨХ-ны захиралд бэлнээр 90.000 төгрөг өгсөн гэдэг боловч энэ нь нотлогдохгүй байгаа. 2017 онд иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч шүүхийн дуудлаганд ирээгүй гэсэн шалтгаанаар буцаасан болно. СӨХ-оос төлбөрөө төлөхийг сар бүр шаардаж мэдэгдэл, шаардлага өгч байсан боловч биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар тус СӨХ-ны гишүүн 43А байрны 805 тоотын сууц өмчлөгч Б.Б-гаас 2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 02 дугаар хүртлэх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын үлдэгдэл 570.103 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Булганхангайгаас 570.103 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СӨ СӨХ-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжинд 17.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “СӨ” СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа 2013 оны 12 дугаар сараас эхлэн СӨХ-ний хураамжийг төлөөгүй гэж маргадаг бөгөөд " СӨ " СӨХ нь Хан-Уул дүүргийн Засаг дарга 2014 оны 03 дугаар сарын 28-ний өдөр 14/08 дугаар Гэрчилгээ олгож бүртгэж авсан байдаг бөгөөд энэ өдрөөс эхлэн иргэний эрх зүйн харилцаанд орж иргэд оршин суугчидтай гэрээ байгуулан хураамж авах эрх хуулийн хувьд нээгдсэн байдаг /хх-ийн 7 тал/. СӨХ-ний оршин суугчдаас авдаг хураамжийг Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн тогтоодог хуулийн зохицуулалттай бөгөөд өмнөх СӨХ-ний гүйцэтгэх захирал Г.Отгонсүх 2014 оны 3 дугаар сараас эхлэн СӨХ-ны хураамжийг авахдаа өөрийн дур зоргоор янз бүрийн үнийн дүнтэй, ямар нэгэн баримт өгөлгүй бэлнээр хураан авдаг байсан тул оршин суугчид бид суугч бүр нэг үнийг дүнгээр өгч байхаар тохирч илүү төлсөн үнийн дүнгээ дараагийн төлбөрт нөхөн тооцож байхаар тохирсон болно. 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сар буюу нийт 9 сарын СӨХ-ны хураамжийг бүрэн төлсөн бөгөөд харин 55.848 төгрөгийн илүү төлөлттэй байсан болно. Үүнд: 2014 онд нэг сарын 30.100 төгрөг буюу нийт 9 сарын хураамжинд 278.622 төгрөг төлөхөөс илүү төлсөн 98.022 төгрөг, 2014 онд төлсөн 236.448 төгрөгийг нэмээд 334.470 төгрөгийг төлсөн байна. 2015 оны СӨХ-ны хураамжийг оршин суугч миний зүгээс бүрэн барагдуулсан. 2015 оны 12 дугаар сард 90.000 төгрөг бэлнээр төлж 2015 оны тооцоо дуусгасан болно. 2016 оны эхний 4 сарын төлбөр хураамжийг тухай бүрд нь бүрэн төлж байсан харин тус " СӨ " СӨХ нь хэнээс хэдэн төгрөгийн хураамж авсан таалаарх нэгдсэн тооцоо бүртгэл хөтлөлгүй иргэд биднийг хохироосоор байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн асуултанд хариулахдаа 2013 оны 12 сараас 2016 оны хоорон дахь төлбөр хураамжийг нэхэмжилсэн гэж мэдүүлдэг. Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн төлөөлөгч “...2016 оны 4 дүгээр сард би уг ажлыг авсан. Миний өмнөх өр ...СӨХ-ны даргад 90.000 төгрөг бэлнээр өгсөн гэж хэлсэн. Намайг энэ ажилд орсноос хойш төлбөрөө төлж яваа. 2013 оны 12 дугаар сараас 2016 оны хоорондох төлбөр бусдыг сайн мэдэхгүй” гэж хариулсан байдлаас харахад 570.103 төгрөгийн хураамжийг төлсөн эсвэл эс төлсөн талаар нэхэмжлэгч өөрөө сайн мэдэхгүй гээд шүүх хуралдаан дээр мэдүүлээд байгаа дээр нь шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт байсаар байтал хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн тооцооны баримтаар тогтоогдож байна гээд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлээд байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна. 2014 оноос 2016 оны хооронд оршин суугчдаас хураамж авсан талаарх санхүүгийн анхдагч баримтыг шүүхэд ирүүлээгүй, дээрх онуудад СӨХ-ны хураамжийн нэг сард төлөх төлбөрийн тогтоосон Бүх гишүүдийн хурлын шийдвэр, түүнийг нотолсон баримт байхгүй, бэлнээр хураамж авч байсан санхүүгийн баримт байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэх үндэслэл бөгөөд ийм тохиолдолд хууль тогтоогч шүүгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл 38.9 дэх хэсэгт зохицуулсан байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “СӨ” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Б-д холбогдуулж дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 570.103 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагч Б.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэжээ.
Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасан.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч “Саруул өргөө” СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар уг асуудлыг хэлэлцсэн гэх байдал тогтоогдоогүй байна.
Сууц өмчлөгчийн төлөх зардлыг тогтоосон СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тус СӨХ-ны дүрэм хэрэгт авагдаагүй тул сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг хэрхэн тогтоосныг тодорхойлох боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйийн 25.2.2-т зааснаар сууц өмчлөгчид ногдох зардлын хэмжээг хуульд зааснаар тогтоосон болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч хариуцагч мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасан үүргээ мөн биелүүлээгүй байгаа хэргийн нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Н.БАТЗОРИГ