Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0786

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А***********,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин геологи, уул уурхай хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б********,

Шүүх хуралдаанд: дүгнэлт бичсэн прокурор Н.А***********, хариуцагч Б.Б********, гэрч Ж.Б******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*********** нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б********ын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар дүгнэлт бичсэн байна.

Дүгнэлт гаргагч шүүхэд бичгээр ирүүлсэн дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*********** би, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин геологи, уул уурхай хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б********, Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын талаар хуульд заасан мэдээ тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хуурамч мэдээ, тайлан гаргасан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, холбогдогч М**-*** ХХК-нд торгох шийтгэл оногдуулжээ.

Материалд авагдсан М**-*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, холбогдогч Ж.Б******ий мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар М**-*** ХХК нь 2021 онд ашигт малтмалын тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон, зөрчлийн шинжтэй байна.

Гэвч эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчил үйлдсэнээс хойш Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан 3өрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арга хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно-х хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулж, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна, энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна. гэснийг зөрчиж, холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан.хуулийн буцаан хэрэглэхгүй мөн тухай үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэрэг заалтад нийцсэн байх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны, геологи, уул уурхайн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б********ын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар М**-*** ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дах хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

Дүгнэлт гаргагч прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б******** нь тусгай зөвшөөрөл эзэмшигч М**-*** ХХК-ийг ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, хуульд заасан хугацаанд хуурамч мэдээ тайлан гаргасан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл байхгүй буюу хэргийг зөрчил үйлдсэн хугацаа дууссан, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчлийн гомдол мэдээлэл зөрчил шалган шийдвэрлэх явуулж шийтгэл оногдуулсан байгаа нь хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөн шударга ёсны зарчимд нийцээгүй гэдэг үндэслэлээр дүгнэлтээ бичсэн. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна., 2 дахь хэсэгт Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна. гэж заасныг зөрчсөн нь хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. гэж зааснаар тус үйлдэл эс үйлдэхүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг тухайн зөрчлийн шинж болон тухайн хүний хувийн байдлыг харгалзан тогтооно. гэж заасныг зөрчсөн байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх прокурорын газрын хяналтын прокурор, Хуул цаазын ахлах зөвлөх Н.А*********** Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Эрх бүхий албан тушаалтын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ** дугаартай дүгнэлттэй танилцлаа.

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын Прокурор Н.А*********** нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б******** Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хуурамч мэдээ, тайлан гаргасан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, холбогдогч М**-*** ХХК-д торгох шийтгэл оногдуулжээ.

Материалд авагдсан М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч холбогдогч Ж.Б******ий мэдүүлэг хийсэн тэмдэглэл, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар М**-*** ХХК нь 2021 онд ашигт малтмалын тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон, зөрчлийн шинжтэй байна. Гэвч эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчил үйлдсэнээс хойш Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Зөрчлийг хуулийн этгээдэд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.-х хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулж , хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй гэж дүгнэлээ гэжээ.

Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Н.А***********ийн дүгнэлттэй танилцаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б******** би дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт М**-*** ХХК-аас 2022 оны 22/*** тоот албан бичгээр 2020 оны ашиглалтын үйл ажиллагааны тайланг Ашигт малтмал, газрын тосны газарт хуулийн хугацаанд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл баталгаажаагүй ба уг тайланг засварлах хүсэлтэй байгаа тухай албан бичгийг илрүүлсэн ба уг хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ашигт малтмал, газрын тосны газарт аж ахуйн нэгжийн ашиглалтын үйл ажиллагааны болон хайгуулын ажлын тайлан , төлөвлөгөөг ямар хугацаанд хянан баталгаажуулдаг эсэх баталгаажуулахдаа үндэслэл болгодог дүрэм, журмыг ирүүлэхийг хүссэн 2022 оны 09/*** тоот албан бичгийг хүргүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 6/**** тоот албан бичгээр Хайгуулын болон ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах заавар-ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн байдаг.

Уг албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт М**-*** ХХК-ийн MV-0***** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2020 оны уулын ажлын тайланг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээлэл ирүүлэхийг хүссэн 2022 оны 09/***тоот албан бичгийг хүргүүлэхэд тус газраас 2022 оны 6/**** тоот албан бичгээр холбогдох материалыг ирүүлсэн болно.

2. М**-*** ХХК-аас MV-0***** дугаартай тусгай зөвшөөрлийн 2020 оны уулын ажлын тайланг хуурамчаар үйлдэж төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн зөрчлөө өөрөө илчилж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2022 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 01/001/1*** тоот албан бичгээр хандсан.

М**-*** ХХК нь MV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2002 оны уулын ажлын тайланг хуульд заасан хугацаанд холбогдох төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн ч уг тайлангийн зарим үзүүлэлтүүд бодит байдалтай нийцээгүй , хуурамч мэдээ тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн болох нь холбогдогч Ж: Билгүүний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон болно.

3. Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 6/**** тоот албан бичгээр манайд ирүүлсэн тус газрын хайгуул, уулын ажлын тайлан, төлөвлөгөөний цахим системийн 2020 оны уулын ажлын тайлангийн шийдвэрлэлт, засварын бүртгэлээс харахад М**-*** ХХК-ийн MV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2020 оны уулын ажлын тайланг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дах хэсэгт заагдсан хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байна.

М**-*** ХХК-ийн MV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2020 оны уулын ажлын тайланг Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэн Л********* 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08:56 цагт Уурхайн цахилгаан хангамж-Маягт 6.1 хэсгийг хянаад Хуулийн хугацаанд амжиж ирүүлэх гээд хоосон илгээсэн байна. Дараа дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг анхаарна үү гэсэн тайлбартайгаар аж ахуйн нэгжид эхний удаа буцаасан бол хамгийн сүүлд Бүтээгдэхүүн борлуулалтын тайлан-Маягт 17 хэсгийг мэргэжилтэн Э***** 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15:23 цагт ААН-ийн 2022.02.24-ний өдрийн 01/00/**** тоот албан бичгийн дагуу буцаав гэсэн тайлбартайгаар аж ахуйн нэгжид буцаасан байна.

Төрийн байгууллага болон аж ахуйн нэгж хоёрын хооронд үнэн зөв тайлан мэдээг хүлээн авах дээрх үйлдэл, эс үйлдлүүд нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15:23 цаг хүртэл тасралтгүй үргэлжилсэн байх тул зөрчил үйлдэгдсэн өдрийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэж тооцсон болно.

Дээрх нотлох баримтууд болон холбогдогчийн мэдүүлгийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б******** би MV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2020 оны уулын ажлын тайлангийн зарим үзүүлэлтүүд бодит байдалтай нийцээгүй, хуурамч мэдээ тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн үндэслэлээр 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******* ;дугаартай шийтгэлийн хуудсаар MV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмшигч М**-*** ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтын дагуу арван мянга нэгжээр торгох шийтгэл оногдуулсан болно.

Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Н.А***********ийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож ******* дугаартай шийтгэлийн хуудсаар М**-*** ХХК д оногдуулсан торгуулийн шийтгэлийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан дүгнэлттэй танилцаад үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж тайлбараа гаргаж байна. Прокурор дүгнэлт бичсэн үндэслэлдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийтгэл оногдуулсан байна гэсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газарт М ХХК-д хуулийн хугацаанд мэдээ тайлангаа хүргүүлсэн боловч 2021 оны 09 дүгээр сараас эхлэн 2022 оны 03 дугаар сарын 10 өдөр буцаасан. Зөрчил гаргасан өдрийг 2022 оны 03 дугаар сарын 10-ний өдөр гэж тооцож шийтгэл оногдуулсан. Тиймээс М***** ХХК-д олгосон шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*********** нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б********ын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар дүгнэлт бичсэн байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК нь ...2020 оны уулын ажлын тайланг хуурамчаар үйлдэж төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн гэх зөрчлийг гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу 10,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

2. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь:, 2.2-т хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

3. Дүгнэлт гаргагч прокурор нь Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, дууссан байхад шийтгэл оногдуулж, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй, зөрчил анх 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарсан, харин шийтгэлийн хуудсыг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн, үүнээс үзэхэд 1 жил * сар ** хоногийн хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлан, энэ үндэслэлээр маргаж байна.

4. Харин хариуцагч нь ...зөрчил 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15:23 цаг хүртэл тасралтгүй үргэлжилсэн байх тул зөрчил үйлдэгдсэн өдрийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэж тооцсон болно гэж тайлбарлан маргаж байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:, 1.2-т энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;, 1.3-д энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн гэж хуульчилсан байна.

6. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно, 4 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж тус тус заасан байна.

7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтоохоор заасан байх ба маргаан бүхий 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар М***** ХХК-д буюу хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байх тул торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтоохоор байна.

8. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т ...хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан ба уг торгох шийтгэлийн хэмжээг 10 дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтоохоор байна.

9. Харин Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж ... торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж заасан ба тус хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хүн болон хуулийн этгээдийн аль алинд нь шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх тул уг хуулийн 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг энэ маргаанд хамааралгүй байна.

10. Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, маргаан бүхий энэ тохиолдолд ******* ХХК-ийн гаргасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоохдоо Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлахаар байх ба уг заалтаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа зөрчил үйлдсэнээс хойш 2 жил байна.

11. Үүнээс үзэхэд, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргагч прокурор маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

12. Мөн ******* ХХК нь 2020 оны уулын ажлын тайланг хуурамчаар үйлдэж төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн гэх зөрчлийг гаргасан болох нь ******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Уулын ажлын тайлан засварлах тухай 22/032 тоот албан бичиг[1], 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Уулын ажлын тайлан засварлах тухай 01/00/**** тоот албан бичиг[2], 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Уулын ажлын тайлан засварлах тухай №01/001/**** тоот[3] албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 6/**** тоот албан бичиг[4], зөрчлийн болон тус захиргааны хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

13. Иймд, дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3 дахь хэсэг, 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Б********ын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ** дугаар дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Дүгнэлт гаргагч прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ