Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

 

 

 

 

 

 2020             12           24                                          2021/ДШМ/10                                                                                                      

 

Н.Д-т холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Д-т холбогдох 2003003380258 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-ийн Д-, Улаанбаатар хотод 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 000 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан.

Н.Д- нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд замд согтуугаар “Тoyota kluger” загварын 29-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д  “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчин эсрэг урсгал сөрж явган зорчигч А.А-ыг мөргөн амь насыг нь хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Н.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Д-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жил 6 сарын хугацаагаар хасаж, 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 сарын хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, шүүгдэгчийн эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CD-г хэрэгт үлдээж, BCDE ангиллын 486518 дугаартай Н.Д-ийн жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж, маш их харамсаж байна. Амь хохирогчийн оршуулгын зардалд 4,000,000 төгрөг өгч, бусад зүйлээр ар гэрт нь туслаж, хохирогчийн талаас нэхэмжлэх, маргах зүйлгүй гэсэн байдаг. Би дээрх гэмт хэрэгт холбогдохоос өмнө эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан. Эхнэр ажил хийдэг учраас би хүүхдүүдийн сурлага хүмүүжилд анхаарч, сайн эцэг байхыг хичээдэг байсан. Мөн гэр бүлийн харилцаа тогтвортой байх талд санаа зовж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулж, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял нь түүний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Ялын бодлогын гол зорилго нь хүнийг нийгэмшүүлэх, хохирол төлүүлэхэд оршдог тул болгоомжгүй үйлдсэн хэрэгт ялын доод хэмжээг оноож өгнө үү. Түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжих хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу оногдуулаагүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нарандэлгэр тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Давж заалдах гомдолтой танилцлаа. Д- нь хэрэг үйлдсэн үеэс эхлэн биднээс уучлалт гуйж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Бид ямар нэгэн гомдол саналгүй тул ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг анхан шатны шүүхээс хүссэн боловч 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд давж заалдсан гомдлуудыг дэмжиж байна. Хуульд заасан хамгийн бага ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Д- нь болгоомжгүй болон санаатай гэмт хэргийг үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Н.Д- нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд замд согтуугаар “Тoyota kluger” загварын 29-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д  “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчин эсрэг урсгал сөрж явган зорчигч А.А-ыг мөргөн амь насыг нь хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Х.Анх-Очир, Б.Баттөр нарын “Мөнгөн завьяа” дэлгүүрийн автобусны буудал орчимд автомашин урсгал сөрж хүн мөргөөд, ослын газраас явсан байсныг харсан талаар өгсөн мэдүүлгүүд /1-р хх 62-63, 65/,

гэрч А.Мөнгөнжигүүрийн “Н.Д- согтууруулах ундаа хэрэглэсний дараа автомашин жолоодож явахдаа урсгал сөрж хүн мөргөсөн. Орос руу хил гарахаар явж байгаад Сэлэнгэ аймагт цагдаад баригдсан” талаарх мэдүүлэг /1-р хх 75-76/,

хохирогч А.А- нь зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 1293 тоот дүгнэлт /1-р хх 154-159/,

шүүгдэгч Н.Д-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн а, б, г, 3.7 дугаар зүйлийн а, 11.5 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэх мөрдөгчийн 82 тоот магадлагаа /1-р хх 174-175/,

зам тээврийн осол болсон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураглал, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 4-6, 7-20/, яллагдагч Н.Д-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 185-166/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Н.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж согтуугаар автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгал сөрж явган зорчигчийг мөргөн амь насыг нь хохироосон, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан үйл баримт, гэм буруутай үйлдлүүдийн талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргүүдийн шинж, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байх ба шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрүүд, хувийн байдалд тохирсон байна.

Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь зам, орчны байдлыг бодитоор үнэлж тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх, аюулыг зайлуулах чадваргүй байдалд хүргэж, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан, нөхцөл болж, хүний амь нас хохирсон хохирол хор уршигт хүргэжээ. 

 Иймд шүүгдэгч Н.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жил 6 сарын хугацаагаар хасч, 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.  

Харин жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хэзээнээс эдлэх талаар шийтгэх тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ... хугацааг тоолно” гэж заасныг зөрчсөн байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг хүлээн авч тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ял нэмж нэгтгэсэн мэтээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т оногдуулсан эрх хасах ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан “... ял хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БАТЗОРИГ        

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН