Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/MA2017/0337

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0337

Улаанбаатар хот

 

Л.Наранбаярын нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 127/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Наранбаярын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 127/ШШ2017/0005 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургаа давж заалдах гомдолдоо: “Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Гранд Восток Монголиа” XXK-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургаа би давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Л.Наранбаяр нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлоо гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Л.Наранбаяр нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргад анх гомдол гаргасан байдаг юм. Маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хуулийн хугацаа өнгөрсөн байдаг бөгөөд анх “Гранд Восток Монголиа” XXK 2015 оны намар шатахуун түгээх станц барих барилгын ажлаа эхлүүлжээ. Улмаар 2016 оны 02 дугаар сараас дахин барилгын ажлаа үргэлжлүүлж, 2016 оны 06 дугаар сард шатахуун түгээх станцын барилгын ажлаа дуусгаж шатахуун түгээх станцын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Наранбаяр нь эрхээ зөрчигдсөн гэдгийг 2015 оны намар мэдсэн байх бөгөөд 2016 оны 03 дугаар сард шатахуун түгээх станцын ажил дахин явагдаж эхэлснийг маш сайн мэдсэн.

Тухайн үед нь буюу 2016 оны 03 дугаар сард барилгын үйл ажиллагаа явагдсаныг мэдсээр байж барилгын ажил дууссаны дараа гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. “Гранд Восток Монголиа” ХХК нь энэ шатахуун түгээх станцыг барьж байгуулахын тулд банкнаас 500 сая орчим төгрөгийн их хэмжээний зээл авч хөрөнгө оруулсан бөгөөд олон ажилчдыг ажлын байраар хангаж иргэдийг хямд үнэтэй найдвартай шатахуунаар хангаж байна. Гэтэл Л.Наранбаяр нь шатахуун түгээх станц барьж эхлэхийн өмнө ямар ч гомдол гаргалгүйгээр бүх ажил дууссаны дараа гомдол гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна.

2. Анхан шатны шүүх “Гранд Восток Монголиа” XXK нь Барилга, хот байгууллагын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралт, Монгол Улсын барилгын норм ба дүрэм “Шатахуун түгээх станц, Галын аюулгүй байдлын норм”-ыг зөрчиж шатахуун түгээх станцаа барьж байгуулсан гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд улсын комисс 100 хувийн саналаар шатахуун түгээх станцыг хүлээж авсан байдаг юм. Хэрэв улсын комисс шатахуун түгээх станцад тавигдах шаардлага, нормыг зөрчсөн гэж үзвэл 100 хувийн саналаар хүлээж авахгүй нь ойлгомжтой юм.

Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм стандартын 5 дугаар зүйлийн байршилд тавигдах шаардлагын Хүснэгт 13-д зааснаар хатуу түлшээр галладаг байрнаас шатахуун түгээх станцын газар доор байрлах сав хүртэлх хамгийн бага зай 50 метр байна гэж стандарт тогтоожээ. Гэтэл үзлэгээр Л.Наранбаярын байшин нь хатуү түлшээр галладаггүй нь тогтоогдсон бөгөөд хатуу түлшээр халдаггүй бол хамгийн бага зайг орон сууц барилга байгууламж хүртэл 25 метр байхаар стандарт тогтоожээ.

Өөрөөр хэлбэл шатахуун түгээх станцад тавигдах шаардлагыг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн үзлэгээр Л Наранбаярын эдэлбэр газрын хашаанаас шатахууны газар доорх сав хүртэл 55 метр 10 см байгаа нь дээрх стандартыг зөрчөөгүй болохыг тодорхой харуулж байна.

З. Анхан шатны шүүх шийдвэртээ “Гранд Восток Монголиа” ХХК нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг төсөл сонгон шалгаруулалтгүйгээр авсан гэж буруутгасныг зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь дээрх газрыг нэр бүхий 4 иргэнээс худалдаж авсан бөгөөд иргэдийн өмчилж авсан газар хот байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдах боломжгүй юм. Мөн дээрх газрыг цоо шинээр өөрийн эзэмшилд шилжүүлж аваагүй учраас төсөл, сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар эзэмшиж ашиглах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7, 31 дүгээр зүйлийн 31.1.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 56 дугаар зүйлийн 56.1, 56.3 дахь заалт, аймгийн Засаг даргын 2016 оны А/03 дугаар захирамжийг тус тус үндэслэн “Гранд восток Монголиа” ХХК нь 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Бумбатын “Б” 0-03а, 0-04, 0-05, 0-06 тоотод байрлах 2800 м2 газар дээрээ шатахуун түгээх станц, худалдаа үйлчилгээний зориулалтаар барилга барих хүсэлт гаргасны дагуу уг газрыг шатахуун түгээх станц, худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч Л.Наранбаяр тус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлын үндэслэлээ “маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг төсөл сонгон шалгаруулалтгүйгээр авсан гэж гуравдагч этгээдийг буруутгасан нь үндэслэлгүй, “Гранд Восток Монголиа” ХХК нь Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын норм ба дүрэм /БНБД 21-0714/”-ийн “шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм”-ын 5 дугаар зүйлийн байршилд тавигдах шаардлагын хүснэгт 13-д заасныг зөрчөөгүй” гэжээ.

1. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх гомдлын үндэслэлийн тухайд:

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд иргэн нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд гомдол гаргах үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан байх буюу тухайн байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад хандсан байхаар зохицуулсан байна.   

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт хандсанаар маргаан бүхий захиргааны акт болох Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар “Гранд Восток Монголиа” ХХК-д шатахуун түгээх станц барих зориулалтаар газар эзэмших эрх олгосон болохыг 2016 оны 07 дугаар сарын 22-нд мэдсэн гэдгээ нэхэмжлэлдээ дурджээ.

 Нэхэмжлэгч уг захирамжийн хүчингүй болгуулахаар 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/1594 дүгээр албан бичгээр “хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ.

Иймд нэхэмжлэгч уг албан бичгийг хүлээн аваад хуульд заасан хугацаанд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг төсөл сонгон шалгаруулалтгүйгээр авсан гэж буруутгасан гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно” гээд 31.1.1-д “өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр”, 31.1.2-т “газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “Гранд Восток Монголиа” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Содбаяр нь анх нэр бүхий 4 иргэний өмчлөлд байсан гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан авсан байх бөгөөд газруудын өмчлөх эрхээсээ Ц.Содбаяр нь өөрийн хүсэлтээр татгалзсан тул Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамж гарсан байна. Иймд Ц.Содбаярын газар өмчлөх эрх дуусгавар болжээ.

Үүний дараа Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар “Гранд Восток Монголиа” ХХК-д уг газрыг шатахуун түгээх станц, худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

Ингэхдээ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг тус тус зөрчиж, газрын үндсэн зориулалтыг өөрчилж, газар эзэмшүүлэх захирамж гаргасан байна.

Энэ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоол, тус аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 72 дугаар албан бичиг[1], Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 09 дүгээр тогтоол[2], түүний хавсралт, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 528 дугаар албан бичиг[3] -ээр тус тус тогтоогдож байна.

3. “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм”-ыг зөрчсөн эсэх талаар:

Анхан шатны шүүх хэргийн оролцогч болон хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан маргаан бүхий газрын үзлэгийг хийжээ. Үзлэгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн хашаанаас гуравдагч этгээдийн шатахуун түгээгүүр хүртэлх зай 36 метр 20 см, шатахууны газар доорх сав хүртэл 55 метр 10 см, нэхэмжлэгчийн хувийн өмчийн байшин нь төвлөрсөн шугамд холбогдоогүй болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх “Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын норм ба дүрэм /БНБД 21-07-14/”-ийн “шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм”-ын 5 дугаар зүйлийн байршилд тавигдах шаардлагыг зөрчсөн, Дорнод аймгийн Хэрлэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй /гэр бүлийн хэрэгцээний зориулалтын/ газарт, айлын амьдрах орчинд, хөрш зэргэлдээ, хашаатай нь тулгаж, шатахуун түгээх станц барихаар төлөвлөөгүй газарт барьсан ба Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга нь ийм боломж олгож “Гранд Восток Монголиа” ХХК-д Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай хууль бус захирамж гаргасан” гэж зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 127/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

 


[1] ХХ-ийн 73 дугаар хуудас

[2] ХХ-ийн 73-81 дүгээр хуудас

[3] ХХ-ийн 84 дүгээр хуудас