Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 520

 

“Т У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0591 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0723 дугаар магадлалтай, “Т У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0591 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.5-д заасныг тус тус баримтлан “Т У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдох “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Т У” ХХК-д NE-026407 дугаар өргөдлийн дагуу L-48-106 дугаар планшетийн кодтой, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдын нутагт байрлах “Хад овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0723 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.3, 19.2.5, 19.5-д заасныг тус тус баримтлан “Т У” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, “Т У” ХХК-д NE-026407 дугаар өргөдлийн дагуу L-48-106 дугаар планшетийн кодтой, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдын нутагт байрлах “Хад овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалын хянавал хэсэгт “хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэгэнт түрүүлж гаргасан өргөдлийн талбайн зарим хэсгийг сүүлд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх тул орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтой байтал олголгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараах шаардлагыг хангасан байна” гээд 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” гэж зааж хуульчилсан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасан. Кадастрын хэлтэс дээр дурдсан хуулийн заалтыг хэрэгжүүлэн үүргээ биелүүлж 295 дугаар шийдвэрээр “Т У” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбарыг тал бүрээс нь хянан судалж хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0723 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Нэхэмжлэгч “Т У” ХХК нь “тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдын нутаг, L-48-106 планшетийн кодтой “Хад овоо” нэртэй 3986 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн “өргөдлийг нь шийдвэрлэсэн акт” гаргасантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа “Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах” гэж өөрчилжээ.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6/7777 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумын “Хад овоо” нэртэй 3994.55 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэх мэдэгдлийг Дундговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн, Дундговь аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дугаар саналаар “орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай гэх үндэслэлээр уг талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн хариу ирүүлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Дундговь аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолоор Ханын хэц, Цагаан суварга, Дэлийн хад, Загийн ус, Бан цохио, Ханангийн хяр, Хатуу уул нэртэй газруудын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, уг шийдвэрийг Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/229 дүгээр албан бичгээр хүргүүлсэний дагуу хариуцагч нь тусгай хэрэгцээнд авсан дээрх газруудыг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн, нэхэмжлэгчийн хүсэлт болгосон “Хад овоо” нэртэй газрын 3994.55 талбай нь уг тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газарт хэсэгчлэн давхацсан нь тогтоогджээ.

Түүнчлэн Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дугаар “дэмжихгүй” гэх саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэний дараа 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/1578 дугаар “дэмжиж байна” гэх санал гарсан байх боловч энэ саналыг албан ёсоор Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлээгүй, тус газар нь Засаг даргаас “дахин” санал авахаар шийдвэрлээгүйн зэрэгцээ уг саналын хүчинтэй байдлыг үгүйсгэсэн талаарх баримт хэрэг авагдсан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх, Дундговь аймгийн Засаг дарга нь “дэмжихгүй” саналаа дараа нь “дэмжиж байна” гэж өөрчилж, өмнөх шийдвэрээ зассан захиргааны акт гаргасан, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайн дийлэнх хэсгийг хамарч байгаа Гурвансайхан сум уг газрыг тусгай хэрэгцээнд аваагүй, тухайн сумаас санал ирээгүй байхад аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал гаргасныг хариуцагч тодруулаагүй гэх зэрэг дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Үүний зэрэгцээ Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...”, 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэснийг зөрчөөгүй, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/1578 дугаар “дэмжсэн” саналын талаар нэхэмжлэгч нь “орон нутгийн удирдлагуудтай багагүй хугацаанд хэлэлцсэний үр дүнд” гаргуулсан гэж тайлбарласан байхад “өмнөх шийдвэрээ зассан захиргааны акт гаргасан” гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь аймгийн Засаг дарга “...тухайн талбай байрших Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрт үндэслэн санал өгөх” талаарх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасанд нийцэхгүй болжээ.

Нэхэмжлэгч “Т У” ХХК-ийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргахаас өмнө Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар тогтоол гарсан байсан, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тодорхой газрыг хэдийд ч тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрхтэй, уг тогтоол тухайн үед хариуцагчид “мэдэгдээгүй” байснаас нэхэмжлэгчийн өргөдөлд тусгасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, энэ талаар Дундговь аймгийн Засаг даргад мэдэгдэх, түүний саналыг авах ажиллагааг хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-д заасны дагуу явуулсан байх боловч энэ нь хууль хэрэгжүүлсэн хариуцагчийн бүрэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, “Т У” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаар шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ...тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ...талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасанд нийцсэн, хууль ёсны шийдвэр гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх “...өргөдөл гаргасны дараа талбайн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, ...нэхэмжлэгчийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2/01 дугаартай албан бичгээр ...давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн, ...түрүүлж гаргасан өргөдлийн талбайн зарим хэсгийг сүүлд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх тул ...давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтой байтал олголгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус” гэсэн дүгнэлт хийж, уг дүгнэлтээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэж зааснаас үзвэл талбайн давхцалыг арилгаж дахин өргөдөл гаргаж болох бол хуулийн 19.2.3-т заасан тохиолдолд ийм боломж байхгүй, давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт мөн зүйл, заалтын агуулгыг алдагдуулсан шинжтэй буруу болсон байна.

Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “...магадлалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон” гэх гомдол үндэслэлтэй тул уг гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0723 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ          

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ