Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2018/01157

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2018/01157

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э СӨХ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоож, ажилласан хугацааны дутуу цалин 1 060 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 900 000 төгрөг нийт 1 960 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* миний бие ******* СӨХ-д 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр харуулаар ажилд орж, 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр халагдсан. Энэ өдөр ажлаас буух өглөө дарга орж ирээд чи 70353511 утас руу гомдол гаргасан байна чамайг халлаа гэж хэлсэн. Учир нь цалингаа дутуу өгөөд байсан учир манай эхнэр 70353511 утсанд гомдол гаргасан байсан. Тэрнээс хойш цалингаа авахаар удаа шаардсан боловч битгий энүүгээр ирж лай болоод бай гээд өгөхгүй байсан учир би хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Мөн ажлаас халагдсан тушаалаа авах гэж шаардсан боловч одоо болтол надад өгөхгүй байна. Анх ажилд ороход 240 000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс нэг харуул ажлаас гарангуут үлдсэн 2 харуулыг та хоёр тулж ажилла цалинг чинь 300 000 болголоо гэсэн тул 3-6 дугаар сарыг дуустал 2 харуул 48 х 48 цагаар ажиллаж байсан. Намайг ямар үндэслэлээр халж байгаа нь тодорхойгүй, ажлаас халагдсан тушаалыг мөн өгөхгүй, ажилласан хугацааны цалингийн дутууг ч олгохгүй намайг хохироож байна. Би цалингаа нэхэж олон удаа очсон, бас утасдсан боловч өгөхгүй байна. Иймд энэ асуудлыг хянан шалгаж, ажилд эгүүлэн тогтоож, ажилласан хугацааны дутуу цалин болох 1 060 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 900 000 төгрөг нийт 1 960 000 төгрөгийг Эрдэнэт өргөө" СӨХ-с гаргуулж өгнө үү. Мөн ажлаас халагдсан тушаалыг надад өгөхгүй байгаа тул *******аас гаргуулж өгнө үү. Аймгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст мөн тушаалыг өгсөн байх гэж үзэж байна. Нэгэнт ийм дээрээ тулсан тул одоо ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжихгүй, харин ажиллаж байх хугацаанд дутуу авсан цалин болон ажилгүй байсан хугацааны цалин 1 960 000 төгрөгийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон ******* сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: *******ыг 2017 оны 10 дугаар сарын 18-нд Эрдэнэтргөө СӨХ-д манаачаар ажиллуулахаар харилцан зөвшилцөж, эрх үүрэг хариуцлага, хийх ёстой ажлыг сайн тайлбарлаж ажил хүлээлгэн өгч, гэрээ байгуулсан. ******* нь манаачаар ажиллаж байхдаа ажлын байран дээрээ согтуурч, айл өрхүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулан, ажилчдыг байнга хэл амаар доромжилж, сүүлийн үед байнга согтуу ажилдаа байдаг болсон. Айлуудын хаалгыг нүдэн мөнгө нэхэж, машиныг нь зогсоолд тавиулахгүй, элдэв бусын ааш авир гаргадаг байсан. Гэртээ харь гэхээр явдаггүй. Эхнэрт нь залгаж хэлэх гэхээр утсаа авдаггүй. Маргааш өдөр гарах байсан манаач *******г дуудан ирүүлж, манаачийн ажлын байранд унтуулсан. Айлуудаас гомдол ирээд байна гэж хэлж сануулж байсан боловч ерөөсөө засраагүй. Цагдаад дуудлага өгсөн боловч зөрчил гараагүй гээд явсан. Энэ байдлын талаар айлуудаас удаа дараа гомдол ирсэн. *******т байрандаа камер тавих болсон тул 2 хүн цалинжуулах боломжгүй, ******* та хоёрын аль нэг нь ажлаас чөлөөлөгдөнө гэж хэлж байсан. Ц.Энхбаяр нь ажлаас чөлөөлөгдөх шөнөө дундын өмчлөлийн хаалга болон гаражийн хаалгыг эвдэж сүйтгээд, өглөө ажлаасаа буусан байсан. Дараа гарах манаачийг ирэхэд эвдсэн зүйлээ би мэдэхгүй гэж хэлсэн байсан. Манаач ******* утсаар надад хэлсэн. Би ирж үзэнгүүтээ зургийг нь авч, Удирдах зөвлөлийн дарга Д.Жаргалсайханд энэ байдлын хэлсэн. 2017 оны 03 дугаар сард 11-р хороололын 8б байрны 6 тоотод оршин суугч Батчулуунаас 100 000 төгрөг авсан байсныг 2 сарын дараа оршин суугч Батчулуун нь хэлсэн. Тэр даруйд нь *******аас асуухад авсан гэж хэлсэн. Ингэж айлуудаас мөнгө түрүүлж нэхэж авч болохгүй гэж хэлсэн. Тэгээд 100 000 төгрөгийг 5 сарын цалингаас суутгасан. Энхбаяр өөрөө мэдэж байгаа. Цалингийн цэсэнд бүртгэсэн байгаа. Үйлчлэгч Эрдэнэтуяагаас байнга мөнгө нэхэж, Доржханд та хоёрт мөнгө байгаа өгөхгүй байна хэмээн байнга хэл амаар доромжилдог байсан. Удаа дараа сануулсан боловч засрахгүй байсан учраас *******ын хөдөлмөрийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 23-нд цуцалсан. Ажлаас чөлөөлөгдснөөс хойш би ерөөсөө уулзаагүй, утсаар ч яриагүй. Харин айлуудаас мөнгө орж ирвэл данс руу чинь хийчихнэ, данс чинь байгаа гэж хэлсэн. Нэхэмжлэлийн хувьд 70353511 утас руу эхнэр нь залгаж гомдол гаргасан тухай би мэдээгүй, эхнэр нь ч яриагүй, ирж уулзаагүй болохоор би эхнэрийг нь хэл амаар доромжлоогүй болно. Ажлаас чөлөөлсөн тушаалаа надаас шаардаагүй. Цалингийн хувьд бэлэн гар дээрээ авч байсан мөнгөнүүдээ тусгаагүй байна. 2017 оны 10,11,12 сарын цалинг бүтэн авсан. Харин 2018 оны 01 сард 240 000 төгрөг авах байснаас 220 000 төгрөг бэлнээр авсан. 20 000 төгрөг үлдсэн. Данс руугаа ч хийлгээгүй. 2 дугаар сард 280 000 төгрөг авах байснаас 140 000 төгрөг, 60 000 төгрөг бэлэн авсан. 80 000 төгрөг үлдсэн. 3 дугаар сард 300 000 төгрөг авах байснаас 40 000 төгрөг бэлэн авсан. 100 000 төгрөг данс руу нь хийсэн. 160 000 төг үлдсэн. 4 дүгээр сард 300 000 төгрөг авах байснаас 100 000 төгрөг бэлэн авсан. 100 000 төг данс руу нь хийсэн. 100 000 төгрөг үлдсэн 5 дугаар сард 300 000 төгрөг авах байснаас / Батчулуунаас 100 000 төгрөг авсныг суутгаад 100 000 төгрөг бэлэн авсан. 100 000 төг данс руу нь хийсэн. 100 000 төгрөг үлдсэн. 6 дугаар сард 300 000 төгрөг авах байснаас ажлаас чөлөөлөгдсөн учраас 7 гарааны 140 000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Нийт авах ёстой үлдэгдэл 600 000 төгрөг байгаа. Иймд 1 960 000 төгрөгийг өгөх боломжгүй болно. Холбогдох зураг, банкаар шилжүүлсэн баримт, засвар хийлгэсэн 600 000 төгрөгний зарлагын баримт, цалингийн тооцооны хүснэгт зэргийг хавсаргасан гэв.

Хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь Эрдэнэт Өргөө сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаж байхдаа өөрийн хариуцсан ажлын байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэж зарим эд ангийг нь сэргээн засварлах боломжгүй болтол нь эвдэж сүйтгээд явсан байсан. Уг эвдрэлийг засах боломжгүй 3 сар хаалга үүд онгорхой оршин суугчдын тав тухтай байдал алдагдаж машин тэрэг нь ил задгай иргэдийг их бухимдалтай байдалд хүргэсэн. Хаалга үүдийг засварлах хүн олдохгүй байсан учир Улаанбаатар хотоос хаалга засварын НОМОНГООХХК засварчдийг дуудан ирүүлж засуулсан. Одоо энэ компанд засварын зардал болох 600000 /зургаан зуун мянган/ төгрөг төлөөгүй байна. Уг зардалыг *******аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний бие ******* сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаж байхдаа өөрийн хариуцсан ажлын байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн явдалгүй. Харин ч гэрэл шатсан бол солих, мэдрэгч нь ажиллахгүй бол шууд холбох, хаалга үүд эвдэрсэн тохиолдолд янзалж сэлбэж ирсэн. Жишээ нь: 2017 оны 12 дугаар сард цасан шуургатай орой гаражийн хаалга хаагдахаа байлаа ирж янзал гэж СӨХ-н дарга Доржханд хэлэхэд харуул *******тэй элбэж янзлан хаасан. СӨХ-н даргаас илүү цагийн мөнгө цаас нэхэж үзээгүй, цалингаа нэхэхээр би та нарт өртэй юм уу дандаа мөнгө нэхэж байх юм гэж аашилдаг. Миний ажилласан хугацааны цалин мөнгийг өгөхгүй удаа дараа хэл амаар доромжилж гүтгэн гүжирдэж байгаад би гомдолтой. Миний бие эмчийн хяналтанд группт байдаг, амьдралын эрхэнд СӨХ-д орсон, бие сэтгэл амьдрал ахуйгаар хохирсондоо туйлын гомдолтой байна. Иймд 600 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байх хугацааны дутуу цалин 1 060 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжихгүй харин ажиллаж байх хугацааны дутуу цалин, ажилгүй байх хугацааны цалин нийт 1 960 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас дутуу олгосон цалинд 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч, хариуцан ажиллаж байсан гаражийн хаалгыг ажлаас гарахдаа эвдсэн тул түүний засварын хөлс болох 600 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг: Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог сууц өмчлөгчдийн холбоо гэж тодорхойлсон байх тул ******* сууц өмчлөгчдийн холбоо нь уг хэргийн хариуцагч, түүний гүйцэтгэх захирал ******* нь СӨХ-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 10 дугаар сард ******* сууц өмчлөгчдийн холбоонд манаачаар ажилд орсон бөгөөд тус СӨХ-ийн гүйцэтгэх захирал *******ын 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 2.5, 2.6, 2.7, 5.1, 5.2-т заанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, тушаалын хуулбараар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч *******ыг манаачийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан эсэх талаар болон цалин тогтоосон байдал, ажиллаж байсан цаг хугацааны талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* сууц өмчлөгчдийн холбооны манаачаар ажиллаж байхад 2017 онд цалин хөлсийг бүтнээр олгож байгаад 2018 оны 01 дүгээр сараас 06 сар хүртэл хөдөлмөрийн хөлс болох цалинг дутуу олгосон. Тухайлбал: 2018 оны 01 дүгээр сард 20 000 төгрөг, 02 дугаар сард 140 000 төгрөг, 03 дугаар сард 200 000 төгрөг, 04 дүгээр сард 200 000 төгрөг, 05 дугаар сард 200 000 төгрөг, 06 дугаар сард 300 000 төгрөг нийт 1 060 000 төгрөгийн цалин дутуу олгосон. Анх 240 000 төгрөгөөр цалинжихаар тохирсон байсан боловч 2018 оны 02 дугаар сард ээлжийн манаач ажлаасаа гарсаны улмаас 2 манаач үлдэж, цалинг 300 000 төгрөг болгон нэмэгдүүлнэ гэсэн. Гэвч энэ сард бүтэн ажиллаагүй тул 280 000 төгрөгөөр тооцох болсон. Цалин мөнгийг бэлнээр өгсөн тул 01 дүгээр сарын 20 000 төгрөгийг суутгасан гээд өгөөгүй, 2-4 сарын цалингийн урьдчилгаа гээд дансаар тус бүр 100 000 төгрөг өгсөн. Гэхдээ уг мөнгөнүүдийг 3-4 дүгээр сард олгож байсан. 8б дугаар байрны оршин суугч Батчулуунаас СӨХ-ийн төлбөрт 100 000 төгрөгийг, үйлчлэгч Эрдэнэтуяагаас 40 000 төгрөгийг тус тус бэлнээр авсан болохоо зөвшөөрнө. Уг мөнгийг 2 дугаар сард авсан. Ажлаас халагдсан 06 дугаар сард 7 гараа үлдэх учиргүй тул дутуу авсан цалин 1 060 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 900 000 төгрөг нийт 1 960 000 төгрөгийг хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулна, нэгэнт ийм дээрээ тулсан учир дахин ажиллах боломжгүй, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэж тайлбарладаг.

Хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Манаач ******* ажлын байранд согтуурч, айл өрхүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, сүүлийн үед байнга ажилдаа согтуу байдаг, оршин суугч Батчулуунаас мөнгө авснаа хэлээгүй, хэл амаар доромжилдог, түүнд цалинг дансаар болон бэлнээр өгч байсан, 600 000 төгрөгийн цалин дутуу олгосоныг зөвшөөрнө. Дундын өмчлөлийн эд зүйл, гаражийн хаалга эвдэлсэнийг 600 000 төгрөгөөр засаж янзалсан тул түүнд тооцоод төлөх төлбөргүй гэж тайлбарлаж байна.

*******ын Хаан банкны ******* тоот дансаар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 100 000 төгрөг цалин гэж, 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 100 000 төгрөг 3 дугаар сарын цалин гэж, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 100 000 төгрөг 4 дүгээр сарын урьдчилгаа цалин гэж олгосон болох нь зохигчдын тайлбар, *******ын дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. Дансаар орж ирсэн 300 000 төгрөг, н.Батчулуун, Эрдэнэтуяа нараас бэлнээр авсан 140 000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг ба энэ талаар маргаагүй.

Хариуцагчийн цалинг бэлнээр өгч байсан гэсэн тайлбар холбогдох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сараас бэлнээр гүйлгээ хийхгүй гээд 20 000 төгрөг суутгасан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, дансны хуулга, СӨХ нягтлан бодогчтой байсан зэргээс дүгнэвэл хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Тодруулбал хариуцагч байгууллагад ажилладаг нягтлан бодогч нь орон тооны бус байсан ч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтанд бэлнээр олгож байгаа төлбөр тооцоонд *******аар гарын үсэг зуруулж баримт бүрдүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Гэтэл бэлнээр өгсөн мөнгөний баримтанд гарын үсэг зуруулж аваагүй, энэ талаар баримтгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сард бүтэн ажиллаагүй байж 300 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. ******* СӨХ-н манаачийн 1 гараа нь 20 000 төгрөг байх бөгөөд нийт 7 хоногийн 3.5 гарааний төлбөр 70 000 төгрөгийг 300 000 төгрөгөөс хасч тооцвол 230 000 төгрөгийн цалин дутуу олгосон гэж үзнэ. Иймд нийт 990 000 төгрөгийн цалинг *******т дутуу олгосон байх тул хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* сууц өмчлөгчдийн холбооны манаачийн үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй, татгалзаж байх тул түүнийг ажлаас халсан тушаалд шүүх үнэлэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* ажилдаа эгүүлэн тогтоогдоогүй тул түүнд ажилгүй байсан хугацааны олговор олгох үндэслэлгүй юм. Иймд энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь *******т холбогдуулан хариуцсан ажлын байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох гаражийн хаалгыг манаачийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөхдөө эвдэлсэн тул засахад гарсан зардал 600 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Гаражийн хаалга эвдэрсэн нь *******ын үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь нотлогдохгүй байна. Тодруулбал: уг хаалгыг эвдсэн *******ын санаатай үйлдэл тогтоогдоогүй, *******ын үйлдийн үр дагаварт хаалга эвдэрсэн гэсэн баримтгүй, түүнийг ажлаас халагдсаны дараа хаалга эвдэрсэн нь *******тай холбоотой эсэх талаар тогтоогдоогүй байхад *******ыг буруутгах боломгүй юм. Гаражийн хаалга ердийн элэгдэлээр эвдэрсэн үү, хүний санаатай үйлдлээр эвдэрсэн үү гэдгийг тогтоох шаардлагатай бөгөөд энэ талаар ирүүлсэн нотлох баримт хангалтгүй, гэрч Д.*******гийн ...ажлаас гарсны дараа эвдэрсэн гэсэн тайлбараар *******ын гэм бурууг тодорхойлох боломжгүй юм.

Ажил олгогч цаашид хамтран ажиллахгүй талаар буюу ажлаас халах болсон тухайгаа *******т мэдэгдсэн атлаа түүнд хариуцуулсан эд хөрөнгөө хүлээж аваагүй, ажилтантай эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх талаар гэрээ байгуулаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэл болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 28 310 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э-оос дутуу олгосон цалин 990 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-т олгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 900 000 төгрөг, дутуу олгосон цалин 70 000 төгрөг нийт 970 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцсан ажлын байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох гаражийн хаалга зассаны төлбөр 600 000 төгрөг гаргуулах тухай ******* сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Э улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Э СӨХ-с 28 310 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ