| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00339/И |
| Дугаар | 142/ШШ2018/00400 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2018/00400
| 2018 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2018/00400 | Орхон аймаг | ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг Шандын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,
4300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Д.*******, гэрч .............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2017 оны 06 дугаар сард Эрдэнэ багийн 32-8-1 тоот хашааг худалдаж авахаар болж урьдчилгаа буюу 2,250,000 төгрөгийг өгсөн. Дараа нь ээж нь утасдаж хэл ам хийгээд байхаар нь 2,000,000 төгрөгийг нэг хонины махтай хамт хүнд хөдөөнөөс өгч явуулсан. Мөн 2017 оны 08 дугаар сарын 28-нд ээж маань өвчтэй хагалгаанд явах гэж байгаа хурдан мөнгөө авмаар байна гээд 1,850,000 төгрөгийг авсан. Эдгээр мөнгийг авахдаа би та нарт 08 дугаар сарын 10 гэхэд газрын гэрчилгээг гаргаж өгнө эс тэгвээс та нар мөнгөө буцаагаад ав гэж хэлж байсан. Гэтэл зөндөө утасдаж мөнгө асууж ажлын газар дээр нь очсон боловч утсаа унтраагаад алга болчихсон. Эсвэл маргааш хүнээс асуугаад өгье гэж худлаа хэлсээр байгаад одоог хүрлээ. Иймд 4,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний ээж Маруся нь 2017 оны 06 дугаар сард өөрийн сууж байсан хашаагаа зарахаар болоод зар өгсний дагуу иргэн Х.******* авахаар болж ээж хашааны бичиг баримтыг 8 сард гаргаж өгөхөөр тохиролцон наймаа хийсэн. Гэтэл ээжийн бие муудаж хот руу үзүүлэхээр явсан. Тэгэхэд элэгний хорт хавдар гэх онош гарч Улаанбаатар хотод эмчлүүлээд тохирсон хугацаанд бичиг баримтыг нь гаргаж өгч чадаагүй. Х.******* нь өдөр шөнөгүй хашааны бичиг баримтаа нэхээд байхаар нь ээж газрын даамал хариуцсан Уянгаатай уулзахад кадастрын зургийг миний нэр дээр гаргаж өгсөн. Би хэвтэрт байгаа ээжийгээ хараад бичиг баримт хөөцөлдөж чадаагүй. Ингээд ээж маань 1 сарын 30-нд нас барсан. Х.******* нь ээжийн хашаанд 9 сард буугаад одоо хүртэл амьдарч байгаа. Би Х.*******ийн нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломжгүй, хашааны бичиг баримтыг гаргаж өгнө гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 8-1 тоот хаягт байрлах газар худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 2250000 төгрөгийг Есөн-Эрдэнэ зах дээр Д.*******ад хүргэж өгсөн. Дараа нь Д.*******ын ээж нь утасдаад хэл ам хийгээд байхаар нь 200000 төгрөг, нэг хонины махтай өгсөн. Мөн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Д.******* ээжийн бие муу хагалгаанд оруулах гэж байна гээд 1850000 төгрөгийг нөхөртэйгөө хамт аваачиж өгсөн. Анх газрын гэрчилгээг шууд миний нэр дээр гаргаж өгнө гэж хэлээд миний бичиг баримтыг авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээ гаргаж өгөөгүй. Би хөдөө амьдарч байсан. Байгаа малаа зараад Орхон аймагт амьдрахаар орж ирсэн. Одоо Д.*******аас 4300000 төгрөг гаргуулж авмаар байна гэв.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх манай хашаа хоосон байсан. Мөнгөний хэрэг гараад хашаагаа зарахаар болсон. Ээж маань эмчилгээ хийлгэж хагалгаанд орох болж, бичиг баримтыг нь гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авсан. Ээж маань нас барж би хөгжлийн бэрхшээлтэй дүү, охинтойгоо үлдсэн. Хамаатны эгчээс туслалцаа гуйж холбоо барьж үзсэн. Газрын гэрчилгээ гаргуулахаар газрын албаны дарга Уянгатай уулзсан. Газрын гэрчилгээ гаргаж өгөх боломжтой гэсэн. Би ганцаараа ажил хийж ээжийнхээ тэтгэврийн зээл төлдөг. Бэлэн мөнгө өгөх боломжгүй байгаа. Тохиролцсоноороо хашааны газрын гэрчилгээг гаргаж өгнө. Х.******* манай хашаанд 8 сард очиж буусан. Одоо хүртэл тэндээ амьдарч байгаа. Хашаа бариад 6 жил болсон. Энэ хугацаанд хэн ч энэ манай газрын талаар маргаан гаргаж ирж байгаагүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Х.******* анх шүүхэд хариуцагчийг Хандаа гэдэг нэрээр нэхэмжлэл гаргасан. Учир нь Д.*******ыг Хандаа гэж дууддаг байсан. Сүүлд жинхэнэ нэрийг нь мэдэж Д.*******аар солиулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч 4300000 төгрөгийг Д.*******аас гаргуулахаар нэхэмжилсэн. Учир нь Х.******* нь бүх малаа зараад Эрдэнэтэд амьдрахаар гэр бүлээрээ нүүж ирсэн. Гол зорилго нь С.Нэргүй, Х.******* нар 4 настай охиноо цэцэрлэг сургуульд хамруулж боловсрол эзэмшүүлчих юмсан гэсэн бодолтойгоор зах зээлийн ханшаа судлахгүй хариуцагчийн ээжтэй тохиролцож газар авсан. Гэвч тухайн газар нь хариуцагч болон түүний ээжийн нэр дээр байдаггүй өмчлөлийн газар биш байсан. Тухайн газрын талаар кадастрын зурагнаас өөр нотлох баримт байдаггүй. Хэн, ямар хүн эзэмшиж байгаа нь тодорхойгүй. 2017 оны 05 дугаар сарын 01-ээс хойш нөхөн олговроор энэ газрыг бусдад өмчлүүлж өгвөл нэхэмжлэгч Х.*******, Нэргүй нар цаашид энэ газар дээр амьдрах боломжгүй болно. Хариуцагч Д.******* мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч хариуцагчид мөнгө өгсөн гэдгээ нотолсон. Хариуцагч гэрчилгээ гаргаж өгнө гэж байгаа боловч хэдийд гаргаж өгөх эсэх талаар нотлох баримтаа ирүүлээгүй. Газар зүгээр өмчлөх, гэрчилгээ нь өөрийнх нь нэр дээр гараад өмчлөх өөр асуудал. Гэрч 4300000 төгрөгөө бэлэн мөнгөөр өгсөн гэдгээ тайлбарлаж ярьсан. Яагаад хариуцагчийн дансанд хийхгүй бэлнээр мөнгөө өгсөн юм бэ? гэж асуухаар хөдөөний гэнэн цайлган хүмүүс хариуцагчид итгэсэндээ бүх мөнгөө өгөхдөө бэлэн мөнгөөр ажил дээр нь аваачиж өгдөг байсан. Хариуцагч Д.*******ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Учир нь бусдын мөнгийг аваад өөрийн хэрэгцээндээ ашигласан байж буцааж өгөхгүй тэгснээ хашаандаа амьдруулаад байдаг. Сая хашаандаа үнэ төлбөргүй суулгаж байгаа гэж ярьж байна. Хариуцагч хэзээ ч хамаагүй хашаагаа буцаагаад авах эрх нь нээлттэй. Гэхдээ хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Яагаад гэвэл өөрийнх нь нэр дээр байдаг гэсэн нотлох баримт огт байдаггүй. Газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж ярьж байна. Гэхдээ газрын гэрчилгээ Д.*******ын нэр дээр гарна. Шууд *******ийн нэр дээр гарч ирэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч бол одоо газрын гэрчилгээ өөрсдийн нэр болгох сонирхолгүй зөвхөн 4300000 төгрөгөө авъя гэсэн шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэгч бол хариуцагчийн амьдралыг ойлгоод явсан. Гэтэл хариуцагч утсаа авахгүй, уулзахгүй зугтаад алга болчихсон. Удаан хугацаанд хариуцагчийн араас хөөцөлдөж явсан. Нэхэмжлэгч Эрдэнэтэд нүүж ирээд ажил олдохгүй, бүх малаа зараад хашааны газар авах гээд хариуцагчид мөнгөө өгчихөөд буцаагаад авч чадахгүй байдалд орсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.Хандаад холбогдуулан 4300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Хандаагийн жинхэнэ нэр Д.******* болохыг мэдэж нэхэмжлэгч хариуцагчийг Д.*******аар солих хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн.
Хариуцагч Д.******* нь нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломжгүй, хашааны бичиг баримтыг гаргаж өгөх боломжтой гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д.*******ад 2017 оны 6 сард Орхон аймгийн Эрдэнэ багийн 32-8-1 тоотод байрлах хашааг 4300000 төгрөгөөр зарж борлуулахаар харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Гэтэл хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Х.*******т Орхон аймгийн Эрдэнэ багийн 32-8-1 тоотод байх хашааг худалдахдаа уг хашаа болон газрын гэрчилгээ буюу бичиг баримтыг Х.*******ийн өмчлөлд шилжүүлээгүй, газрын бичиг баримтыг эрх бүхий байгууллагаас авч өгнө гэж тохиролцсон боловч уг газар, хашааны бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхгүй байгаа, мөн хашааны үнэ болох 4300000 төгрөгийг Д.*******ад бүрэн төлсөн болох нь зохигчийн тайлбар, гэрч С.Нэргүйгийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Д.******* нь Х.*******т эрхийн зөрчилтэй буюу бичиг баримтгүй хашаа худалдан борлуулсан байх тул нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 4300000 төгрөгөө нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд хариуцагч Д.*******аас 4300000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгож нэхэмжлэлийн шаардлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 83750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 83750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 4300000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 83750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 83750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ