Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/01088

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/01088

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Г

Хариуцагч: Ж.Б

8 281 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Т , хариуцагч Ж.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Т нь Ж.Б тай амаар тохиролцон 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4 500 000 төгрөгийг (хадгаламжинд хийх гэж байсан мөнгө учраас хадгаламж барьцаалсан зээлийн нөхцлөөр тохирсон) сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар 2019 оны 06 дугаар сар хүртэл түүнд зээлүүлсэн. Ингээд жилийн 20.7 хувийн хүүтэй зээл нь (сарын 1.725) 6 сарын хүү болох 1 350 000 төгрөг, нийт 5 850 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс 2, 3 сарын хүү гэж надад 450 000 төгрөг, банкны хүү 67 000 х 2 = 134 000 төгрөгийг тус тус төлсөн. Одоо үлдэгдэл 5 266 000 төгрөг болж байна. Хариуцагч Ж.Б нь дахин 1 300 000 төгрөгийг надаар уг банкнаас хадгаламж барьцаалсан зээл авахуулж, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 11-ний хүртэлх 5 сарын хүү тооцоход 112 125 төгрөг, нийт 1 412 125 төгрөг болж байна. Мөн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хадгаламж барьцаалсан зээл авахуулж 1 500 000 төгрөгийг авсан ба 4 сарын хүү нь 103 500 төгрөг, нийт 1 603 500 төгрөг болж байна. Гэвч тохиролцсон хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд Ж.Б гаас нийт 8 281 625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Б нь Ж.Т аас 4 500 000 төгрөг, 1 300 000 төгрөг, 1 500 000 төгрөг авсан нь үнэн ба 2 800 000 төгрөгийн хувьдаа авсан. 4 500 000 төгрөгийг Ж.Т хүнд хүүтэй зээлүүлэхээр өгсөн. Тэр мөнгийг хүнд зээл өгсөн боловч уг зээлдэгч маань төрөөд хүнд өвдөж ажил нь дампуурч нөхөр нь салаад явсан учир би мөнгөө авч чадахгүй байдалд хүрсэн. Эхний саруудын хүүг би Ж.Т д өөрийн нөхрийн орлогоор өгч байсан ч дахин төлөх боломжгүй болсон. Ингээд байдал хүндэрч байгааг цаг тухай бүрт Ж.Т д хэлж байсан. Ингээд нөгөө мөнгө авсан хүнээс жигнэсэн гурилын тоног төхөөрөмж хэрэгслүүдийг авах гэтэл хүнд бас барьцаанд өгсөн байсан. Бүх тоног төхөөрөмжүүдийг 7 000 000 төгрөгт үнэлж барьцаанд авсан хүнд би өөрийнхөө машиныг банкинд тавьж 2 678 000 төгрөг өгч байж жигнэсэн хэрчсэн гурил, хайрсан хэрчсэн гурил хийх машинууд бусад бүх дагалдах хэрэгслийг өөрт авсан. Ингээд манайх 3 банк төлдөг болж би өөрөө өрөнд орж эхэлсэн. Барьцаанд авсан хэрчсэн гурилын тоног төхөөрөмжүүдийг Ж.Т д өгөх хүсэлтэй байна. Мөн хувьдаа авсан мөнгийг өөрөө төлж барагдуулна. Эдгээр мөнгөнүүдийн хүү гэгдэх 1 350 000 төгрөг, 134 000 төгрөг, 112 125 төгрөг, 103 500 төгрөгийг төлж чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Зүгээр дансанд байлгаж байхаар гээд гаргуулахаар өгсөн мөнгөнөөс болоод би өөрөө дахин нэг банк төлөх болж байна. Нөхөр маань анхнаасаа эгчид бид хоёрыг наад мөнгө төгрөгийг битгий хутгаарай гэж хэлж байсан болохоор надад гомдож бид хоёр ч үл ойлголцож эхэлсэн. Ийм эрсдэлд орж өрөөлийг ч зовоож байгаадаа харамсаж байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг өгөх хүсэлтэй байгааг дамжуулж өгнө үү. Энэ хүсэлтийг зөвшөөрөхгүй бол 2 жилийн дараа буюу 2021 оны 04 дүгээр сард 1 банк маань дуусахаар нь банкнаас зээл авах хүсэлтэй байна. Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг өөрөө орлогогүй нөхрийн дугуй засварын орлогоор амьдарч байгаа болохоор өөр боломж үнэхээр алга байгааг минь харж үзнэ үү гэв.

Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Б д 4 500 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг мөнгийг Ж.Б надаас хүнд 10-12 хувийн хүүтэй зээлж хүүнийхээ тал хувь болох 5 хувийг өгч харилцан ашигтай ажиллъя гэж гуйж авсан. Уг мөнгийг өгөхдөө найдвартай хүнд л зээлээрэй бас нотариатаар баталгаажуулаарай гэж маш сайн сануулсан, яагаад гэвэл өмнө нь бас намайг өрөнд оруулж байсан болохоор нь дахин дахин сануулсан. Б өөрөө ч ахиж тийм юм болохгүй өрөнд оруулвал миний машиныг зараарай найдвартай хүмүүст өгнө гээд авсан. Тэгээд тухайн мөнгийг хажуу талынхаа лангууны 2 хүнд бас бараан зах дээр суудаг 1 хүнд гээд нийтдээ 3 хүнд өгсөн бас ломбарднаас хүүтэй мөнгө зээлсэн байсан тэр өрөө дарсан гэж хэлсэн. Би нотариатаар баталгаажуулсан гэрээгээ явуулаарай харъя гэхэд би өөрөө толгой даасан санаа зоволтгүй тайван л байж бай гээд явуулаагүй. Миний хэлснээр ч хийгээгүй дээр нь тэр мөнгөний маш бага хувийг л хүнд зээлээд үлдснийг нь хувьдаа ашигласан байсан. Тэрийг нь би сүүлд мэдсэн. Тэгээд мөнгө зээлснээс хойш сар ч хүрээгүй байхад 2сарын 11-нд надаас 1 300 000 төгрөгийг 8-н нэрийн дэлгүүрийнхээ даатгалд яаралтай өгөх хэрэгтэй болчлоо туслаач гэж гуйж авсан. Уг мөнгийг би голомт банкин дахь хадгаламж барьцаалсан зээл авч байж гаргаж өгсөн. Гаргаж өгөхөөсөө өмнө хадгаламж барьцаалсан зээл хүү нь их өндөр буюу жилийн 20.7 хувь сарын 1.725 хувь (20.7:12=1.725) болж байна гээд зургийг нь дараад явуулсан. Өөрөө хараад зөвшөөрсний дараа нөхрийнхөө урамшуулалт цалинг орохоор буцаагаад хийнээ ерөөсөө удаахгүй хийнэ гэж хэлээд авсан. Энэ 1 300 000 төгрөгөөс надад ямар ч хүртэх ашиг байхгүй байсан ч Б д хүнд үед нь тусалъя гэж бодоод зээл авж өгсөн удаахгүй өгнө гэсэн болохоор нь өгсөн. Дахиад 1 500 000 төгрөгийг хадгаламжнаасаа аваад өгөөч дугуй засвар нээх гээд ажлын байр барьж байгаа материал авах гэсийн өмнөх мөнгөтэйгөө нийлүүлээд удаахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд мөнгө явуулахаас өмнө хадгаламж барьцаалсан зээлийн хүү нь ийм болох юм байна шүү гээд мөн л зургийг нь явуулсан. Ж.Б өөрөө зөвшөөрөөд өмнөх мөнгөтэй нийлүүлээд удаахгүй намайг ямарч асуудалд оруулахгүй өгнө гээд авсан. Ингээд үндсэндээ 4 500 000 төгрөгийг нь л 5 хувийн хүүтэй өгөөд үлдсэн 1 500 000 төгрөг, 1 300 000 төгрөгийг бол өөрт ямарч ашиггүйгээр зөвхөн Ж.Б г хэрэглэсэн хугацааныхаа хүүг нь төлөөд буцааж хадгаламжинд хийх нөхцөлтэйгөөр тохироод зээлсэн. Гэтэл 4 500 000 төгрөгийг зээлээд яг 1 сар болоод хүүгээ авах гэтэл бөөн шалтаг тоочиж, тэр хүн нь дутуу өгсөн, энэ хүн нь маргааш нөгөөдрөөс өгнө гэж байна гэж увуулж цувуулж бөөн хэл ам хийж байж дутуу хагас өгсөөр дууссан. Өөрөө надад хэлэхдээ хүмүүс ингэж хэлсэн хугацаанаасаа хэтрэх юм байдгын санаа зоволтгүй, би бүгдийг нь толгой дааж мэдэж байгаа гэж хэлсэн. Надад тэгээд найдваргүй санагдсан учраас тэр хүмүүсээсээ мөнгөө хурдан буцааж авъя гэж хэлээрэй ахиж цаашаа өөр хүнд зээлэхгүй шүү хурдан мөнгийг гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Ж.Б ч надад цаашаа хэлсэн энэ сардаа бүгдийг нь буцааж авна гэж хэлж байсан. Би мөнгөө хурдан буцааж авмаар байгаагаа бараг өдөр болгон сануулсан утсаар ч чатаар ч мессежээр ч. Тэгээд дараа сар нь болж мөнгөө авах гэтэл хүүгээ ч өгөөгүй мөнгийг маань ч өгөөгүй утасаа ч авахгүй таг болсон. Уг мөнгө нь манай байрны урьдчилгаа хийх мөнгө байсан. Манай 90 настай эмээ, хадам ээж 2 маань тэтгэвэрийн зээл авч 5, 5 саяыг нөхөр бид хоёрт байртай болоорой гэж гаргаж өгсөн юм. Манайх хотод 1 өрөө байр түрээслэдэг. зургаан сард 10 саяыг урьдчилгаанд нь өгөөд байртай болохоор нөхөр маань захирлаараа хүнтэй яриулсан байсан. Гэтэл Ж.Б уг мөнгийг байр авах мөнгө гэдгийг мэдсээр байж авчаад гаргаж өгнө гэсэн хугацаандаа өгөхгүй яасныг нь мэдэх гээд залгахаар утасаа ч авахгүй авахаараа хэл амаар доромжилж хэрэлдээд шууд салгаад байсан. Тэгсэн өөртөө хэрчсэн гурилын цех авсан байсан нэг хүн нь мөнгөө өгөх боломжгүй болоод өрөнд нь энэ цехийг авсан гэсэн юм л хэлсэн. Би мэдээд хурдан наад цехээ зараад мөнгө гаргаж өг гэсэн боловч хийгээгүйн дээр хэдэн төгрөгөнд бодож авсан, дараа нь яаж миний мөнгийг гаргаж өгөх тухай юу ч хэлэхгүйгээр утсаа ч авахгүй гүрийсэн. Гэтэл аль хэдийн цехээ өөрийн болгоод ажиллуулаад үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан. Надад тухай бүрд нь юу болж байгааг мэдэгдэж байсан нь худлаа, тайван байж бай би өөрөө толой даасан санаа зоволтгүй л гээд байсан. Тэгээд хаваржин зунжингаа энэ гурилын цехээ 3-4 ажилчин зэрэг ажиллуулж ашиг авсан мөртлөө энэ хугацаанд нэг ч мөнгө надад өгөөгүй. Одоо ч хүртэл зарахгүй ажиллуулсаар хувьдаа ашиглсаар байгаа. Үүнээс болж манайх 10 000 000 төгрөг өгөөд орох байсан байраа хүртэл алдсан ядаж 5 саяыг яаралтай олоод өг байраа алдах гээд байна гэж хэлсэн ч мөнгө гаргаж өгөөгүй утсаа ч аваагүй. Авахаараа урдаас хэл амаар доромжилоод салгаад байсан. Мөн надаас мөнгө авч нээсэн дугуй засвар нь хүртэл ашигтай ажиллаж байхад өөрсдийнхөө хувьдаа авсан өрөө ч өгөөгүйн улмаас хадгаламж барьцаалсан зээлийн хүү нь өнөөдрийг хүртэл өссөөр байна. Миний хувьд эд материал, хөрөнгө мөнгө сэтгэл санааны маш их хохирол амсаж байна. Анхнаасаа хүнд зээлээд ашиг өгье гэж авсан мөнгө нь хэнд хэдийг яаж өгсөн нь тодорхойгүй тэрийгээ ч хэлэхгүй байгаа тэдээд өөрсдөө хувьдаа ашиглаж баахан юмтай болчоод байхад би байраа алдан дээр нь хадгаламж барьцаалсан зээлийн хүү нь өсөөд удахгүй хадгаламжийн хугацаа дуусахад Ж.Б д авч өгсөн зээлээс болж би ашиг олох байтугай алдагдалд орох нөхцөл байдалд оруулсанд маш их гомдолтой байна. Мөн эхний хэдэн сарын хүүг нөхрөөсөө авч өгсөн гэдэг нь худлаа тэр үед нөхөр нь ажилгүй байсан бас нотлох баримт болгож хавсаргасан чатны хуулган дээр хүнээс хэд хэдийг хүүнд орж ирсэн нь бичээстэй байгаа. Төрсөн дүү гэж итгээд өчнөөн мөнгө өгөхөд хэлсэн тохирсноороо байхгүй намайг хохироосон байгаа болохоор шүүхээр шийдүүлхээс өөр аргагүй болоод нэхэмжлэл гаргасан. Анхнаасаа надаас авсан бүх мөнгийг би гуйж өгөөгүй өөрөө ярилцаж тохироод болзлын нь хүлээн зөвшөөрөөд авсан эхний 2 сарын хүүг өгөөд харилцаа үүссэн байхад одоо хүүг өгч чадахгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний өөртөө ч ашиглаагүй мөнгийг авч өчнөөн юм хийж байгаа байж тэрнийхээ хүүг надаар төлүүлнэ гэдэг хэн ч харсан шудрага бус залилангын шинжтэй байна. Ж.Б өөрөө хариуцна гэсэн чат нь зурагтайгаа нотлох баримттайгаа хүртэл байгаа. Тиймээс Ж.Б гаас өрөндөө хэрчсэн гурилын цех авахгүй бэлнээр мөнгөө өгсөн болохоор бэлнээр л мөнгөө авах хүсэлтэй байна. Мөн 2 жил хүлээж чадахгүй. Би өөрөө гэртээ нялх хүүгээ хардаг болохоор гурилын цех ажиллуулах боломжгүй, манай 1 өрөө байранд тэр төмрийг тавих зай ч байхгүй. Б нь 2 хашаа байшин 8-н нэрийн дэлгүүр дугуй засвар хэрчсэн гурилын цех хэд хэдэн газартай, 2 машинтай өрийг бүрэн барагдуулж чадахаар боломжтой. Манайх хотод 1 өрөө түрээсийн байранд амьдардаг, хувьдаа хашаа байшин тэрэг байхгүй нөхөр ганцаараа ажилладаг. Тиймээс надад бэлэн мөнгөө л буцааж авсах хүсэлт байна. Ингэж удаж сунжрах тусам банкны хүү явж байгаа болохоор шүүх хурлаар бүх асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэж гуйж байна. Зунжингаа өчнөөн хугацаа өгч хүлээсэн ч ямар ч хариу өгөхгүй өөрсдөө л хувьдаа ашиг авч өөрсдийнхөө эрх ашгийн төлөө бүхнийг хийж байгаа болохоор дахин хүлээх хүсэлгүй байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч Ж.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 281 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 7 000 000 төгрөгийг төлнө үлдэх мөнгийг хариуцан төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4 500 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй нөхцөлтэйгөөр, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1 300 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1 500 000 төгрөгийг тус тус хадгаламж барьцаалсан зээлийн хүүний нөхцөлөөр буюу жилийн 20.7 хувь, сарын 1.725 хувь байхаар амаар тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ.

Хариуцагч Ж.Б 3 удаагийн шилжүүлгээр нийт 7 300 000 төгрөгийг Ж.Т аас авсан боловч 2 800 000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд, 4 500 000 төгрөгийг өөр бусдад зээллүүлж хүүний төлбөрт авсан мөнгөө ашиг болгон хувааж авахаар тохирсон. Гэвч бусдад зээлдүүлсэн мөнгөө найдваргүй зээлдэгчид өгч юу ч үгүй хоцорч байхаар барьцаанд тавьсан мөнгийг төлж гурилын жижиг цехийн тоног төхөөрөмжийг авсан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэсэн бөгөөд мөн хуулийн 282.3.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ.

Зохигчид хэдийгээр хүүний төлбөрийг ярилцан тохирсон гэх боловч хариуцагч хүүний төлбөрийг эс зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаарх бичгийн гэрээ байгуулаагүй болох нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүүний төлбөр гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ж.Б гаас хүүний төлбөрт төлсөн 584 000 төгрөгийг нийт төлөх ёстой 7 300 000 төгрөгөөс хасч үлдэх хэсгийг буюу 6 716 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 147 456 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б гаас 122 406 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Т д олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б гаас 6 716 000 /зургаан сая долоон зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 565 625 /нэг сая таван зуун жаран таван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147 456 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б гаас 122 406 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Т д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ