| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/129 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/129
2025 01 13 2025/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
улсын яллагч: Т.Батмөнх,
шүүгдэгч: Т.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************* холбогдох эрүүгийн 2331000302264 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......................., эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Идэр дээд сургуулийн оюутан, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, ............................, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
........................
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Ань “...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа, хуурамч фэйсбүүк хаяг ашиглан цахим орчинд “айфоне 8 плус" маркийн гар утас зарна” гэсэн зар оруулж, улмаар тухайн зарын дагуу холбогдсон иргэн Б.Баасанжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Б.Баасанжаргалаас 300,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан...” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Ань “...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа, хуурамч фэйсбүүк хаяг ашиглан цахим орчинд “айфоне 8 плус" маркийн гар утас зарна” гэсэн зар оруулж, улмаар тухайн зарын дагуу холбогдсон иргэн Б.Баасанжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Б.Баасанжаргалаас 300,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Айболатын “...маргахгүй....” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2331000302264 дугаартай хэргээс шинжлэн судалсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай "...иргэн Б.Баасанжаргалаас гаргасан ..."Т.Ариунаа” гэх хаягаас айфоне плус загварын гар утас авахаар 5180657360 дугаартай дансанд 300,000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэсэн тэмдэглэл /хх-ийн 29-р хуудас/,
Хохирогч Б.Баасанжаргалын мэдүүлэг “...2022 оны 12 дугаар сарын 14-н ий өдөр утас зарна гэсэн зарын дагуу айфоне 8 плус 300,000 төгрөгөөр зарна гэсэн коммент байсан. Тэгээд үүний дагуу Т.Ариунаа гэх фейсбүүк хаяг руу утсыг чинь авъя гэж Сэлэнгэ аймаг руу явах уу гэсэн чат би бичсэн. Тэгээд утсаа авахаар болоод 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11:20 цагт Т.Ариунаа руу хэзээ явуулах вэ гэж асуугаад Хаан банкны 5180657360 гэх данс руу 300,000 төгрөг шилжүүлээд Т.Ариунаа нь таксинд хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд 99548468 гэсэн дугаартай 47-04 УБВ улсын дугаартай приус 30 маркийн машинд утсыг чинь хийсэн гэж надад хэлсэн. Тэгээд фейсбүүкээ блок хийгээд утсаа салгаад алга болсон. ...Дархан гар утас авна, зарна гэсэн зарын групп дээр Т.Ариунаа гэх хаягтай хүн зарна гээд тавьсан байсан. Тэгээд тухайн үед фейсбүүк хаягаараа харьцаж байгаад худалдаж авахаар болсон. ...тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг мэдэхгүй фейсбүүк хаягаар 47-04 УБВ улсын дугаартай саарал приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд утсыг чинь өгсөн гэж хэлээд над руу зургийг нь явуулсан. Одоо явуулсан зураг нь байгаа.” /хх-ийн 34, 36-р хуудас/,
Хаан банкнаас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн 5675/03 дугаартай “...Тилек Айболат нь /БЕ02250217/ нь 5180657360 тоот дансыг эзэмшдэг” гэсэн албан бичиг /хх-ийн 44-р хуудас/,
Хохирогчоос 300,000 төгрөгийг шилжүүлсэн гэх Тилекийн Айболатын эзэмшлийн 5180657360 тоот дансны хуулга /хх-ийн 45-р хуудас/,
Тилекийн Айболатын эзэмшлийн 5180657360 тоот дансанд үзлэг хийж 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 300,000 төгрөгийн гүйлгээний зарцуулалтыг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 46-р хуудас/,
Хохирогч Б.Баасанжаргал нь гар утас худалдаж авахаар фейсбүүкээр бусадтай харилцсан тухай чат бүхий зурвас /хх-ийн 51-57-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Ань Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Т.Ань “...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа, хуурамч фэйсбүүк хаяг ашиглан цахим орчинд “айфоне 8 плус" маркийн гар утас зарна” гэсэн зар оруулж, улмаар тухайн зарын дагуу холбогдсон иргэн Б.Баасанжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Б.Баасанжаргалаас 300,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан болох нь хохирогч Б.Баасанжаргалын мэдүүлэг /хх-ийн 34,36 дугаар тал/, Хаан банкнаас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн 5675/03 дугаартай албан бичиг /хх-ийн 44 дүгээр тал/ хохирогчоос 300,000 төгрөгийг шилжүүлсэн гэх Тилекийн Айболатын эзэмшлийн 5180657360 тоот дансны хуулга /хх-ийн 45 дугаар тал/, Тилекийн Айболатын эзэмшлийн 5180657360 тоот дансанд үзлэг хийж 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 300,000 төгрөгийн гүйлгээний зарцуулалтыг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 46 дугаар тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд итгэлийг нь олох тодорхой үг хэллэг, үйлдлээр зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг зориуд төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлж авсан байхыг шаардах ба шүүгдэгч Т.Айболатын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.Айболатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Т.Айболатыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож
шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баасанжаргалын өмчлөх эрхэд 300,000/гурван зуун мянга/-н төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Т.Ань хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Баасанжаргалын 5022884602 дугаарын тоот дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан зарлагын баримт, хх-ийн 63 дугаар талд авагдсан орлогын баримт, хх-ийн 61 дүгээр талд авагдсан хохирогч Б.Болормаагийн 89076614 дугаараас бичсэн “хохирлыг барагдуулсан тул гомдол, саналгүй” гэх мессеж зэргээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Ань Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Т.Айболатад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Т.Айболатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600/ зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуу мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Айболатад оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д
заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь
тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн Хаан банкны гүйлгээний файл хуулбарласан СД 1 ширхгийг хэрэгт хавсаргахыг, шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас бий болсон хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Айболатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Айболатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Айболатад оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
5. Шүүгдэгч Т.Ань хохирогч Б.Баасанжаргалд 300,000 / гурван зуун мянга/-н төгрөгийг төлсөн болохыг дурдсугай,
6. Шүүгдэгч Т.Ань цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн Хаан банкны гүйлгээний файл хуулбарласан СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Айболатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ