Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, 

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч В.Мөнхтогтох, түүний өмгөөлөгч П.Батбүрэн,

шүүгдэгч Н.Амаржаргал, А.Сүрэнжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Б.Нарандолгор, хохирогч Ж.Должинсүрэн, гэрч Ж.Норовцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ванчинсүрэнгийн Мөнхтогтох, Намхайн Амаржаргал, Амаржаргалын Сүрэнжаргал нарт холбогдох эрүүгийн 201625031999 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овгийн Ванчинсүрэнгийн Мөнхтогтох, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 нөхөр хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо Нуурын 20 дугаар гудамж 424 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар АО88021200.

2. Сартуул овгийн Намхайн Амаржаргал, 1963 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуйн хэрэглэгчдэд үйлчилэх төвд тогооч ажилтай, ам бүл 2, охины хамт, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 51 дүгээр гудамжны 229 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар НЙ63072401.

3. Сартуул овгийн Амаржаргалын Сүрэнжаргал, 1985 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 эхийн хамт, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 51 дүгээр гудамж 229 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0189  дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 702.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар НЙ85120308.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч В.Мөнхтогтох, Н.Амаржаргал, А.Сүрэнжаргал нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуут нэртэй хүнсний дэлгүүр дотор буюу олон нийтийн газар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан Ж.Должинсүрэн, Б.Аюуш нарыг зодож Ж.Должинсүрэнгийн биед толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч В.Мөнхтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Аюуш урьд шөнө нь гэрээс гарч  явахаар нь араас нь дагаад гартал “Чулуут” дэлгүүр рүү яваад орсон. Тэгээд би 30-иад минутын дараа “Чулуут” дэлгүүр рүү яваад ороход худалдагч Должинсүрэн байхгүй, дэлгүүрийнхээ хөшгийг буулгасан байсан. Би хүн байхгүй болохоор нь оролгүй гараад явсан. Тэр шөнө манай нөхөр гэртээ ирж хоноогүй бөгөөд өглөө 11 цагт гэртээ орж ирэхээр нь “хүүхэд шөнөжин халуурч хонолоо” гэж хэлэхэд “халууны эм олоод ирье” гээд гараад явсан. Би хадам ээж дээр очиж халууны эм асуучхаад цуг гэртээ ирэхэд манай нөхөр унтаж байсан. Гэтэл гаднаас Амаржаргал эгч орж ирээд “Аюуш байна уу” гэхээр нь би “Аюуш байхгүй” гэж хэлэхэд манай Баяраа Аюуштай “Чулуут” дэлгүүрийн арын өрөөнд архи уусан гэж байна, энэ хоёрыг нүүрэлдүүлмээр байна” гэж хэлэхээр нь “тийм зүйл байхгүй” гэхэд “наад хоёр чинь “Чулуут” дэлгүүрийн худалдагчтай 3 сар явалдсан гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би “Чулуут” дэлгүүрт ороход Норов, Сүрэнжаргал эгч нар байсан. Харин хохирогч Должинсүрэн арынхаа өрөөнд үсээ боогоод зогсож байсан. Би тухайн үед ууртай байсан болохоор Должинсүрэнг яаж зодсоноо мэдэхгүй байна. Манай нөхөр тухайн үед Должинсүрэнг өмөөрч байсан. Би Должинсүрэнг зодсондоо гэмшиж байна. Намайг Аюушийн эхнэр гэдгийг Должинсүрэн мэдэж байсан. Хийсэн хэрэгтээ мар их харамсаж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэв.

Шүүгдэгч Н.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр ажлаа тараад байж байтал манай бэр залгаад “Аюуш, Баяраа хоёр дийлдэхээ байлаа, Чулуут дэлгүүрийн худалдагчтай архи уугаад байж байна, та ажлаа тараад хүрээд ирэх үү” гэж хэлэхээр нь ажлаа тараад очсон. Намайг явж байхад Сүрэнжаргал залгасан. Тэгээд Норов, Сүрэнжаргал бид 3 дэлгүүр рүү орсон бөгөөд би Норовоос  “худалдагч нь мөн үү” гэхэд мөн гэж хэлсэн. Тэгтэл миний гэнэт уур хүрээд Должинсүрэнг алгадахад “би тэр хоёрыг танихгүй” гэж хэлэхээр нь В.Мөнхтогтохын нөхөр Аюушийг дуудаж ирсэн. Би хүүгийнхээ төлөө явсаар байгаад ийм байдалд хүрж дуусах байсан юм байлгүй дээ, оногдуулсан ял шийтгэлийг хүлээнээ, Гэм буруугаа ойлгож байна...” гэв.

Шүүгдэгч А.Сүрэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ээж залгаад “дэлгүүрийн худалдагч архи зээл өгөөд дүү чинь Аюуштай нийлээд уугаад байдаг юм байна, Норовоо яриад уурлаад байна, чи хүрээд ирэх үү” гэж хэлэхээр нь ээж, Норовоо бид гурав уулзаад “Чулуут” дэлгүүрт орсон. Ээж Н.Амаржаргал Должинсүрэнг 2 удаа алгадсан. Харин би В.Мөнхтогтохыг дэлгүүрт орж иртэл лангууны наад талаас Должинсүрэнтэй хэрэлдээд зогсож байсан. В.Мөнхтогтох дэлгүүрт орж ирээд Должинсүрэнтэй зодолдоход Аюуш араас нь орж ирээд В.Мөнхтогтохыг үсдээд цээж рүү нь өшиглөсөн. Би Аюушийг араас нь болиоч гээд цамцнаас нь татахад  намайг алгадаад цохихоор нь зодолдсон. Должинсүрэн, В.Мөнхтогтох нар гадаа зодолдож байхаар нь салгаад дэлгүүр рүү оруулсан. Тэгээд дэлгүүрт байж байгаад салцгаасан. Ийм хэрэгт холбогдсондоо их гэмшиж байна...” гэв.

Хохирогч Ж.Должинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би тухайн өдөр ажил дээрээ байж байхад Баяраа, Аюуш нар орж ирээд “архи зээлээч” гэхээр нь “архи зээлэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл нэг залуутай орж ирээд нэг шил архи худалдаж авсан бөгөөд дараа нь дахиж орж ирээд Баяраа мөнгөөрөө нэг шил архи аваад дэлгүүрийн цонхон дээр ууна гээд байхаар нь “дэлгүүр дотор уулгахгүй” гэж хэлэхэд архиа задлаад уугаад байсан. Тэр үед бараа буугаад зөөж байтал Баяраа “эгчээ бид хоёр зөөгөөд өгье” гээд дэлгүүрийн ард талын өрөө рүү зөөж өгсөн. Тэгээд нэг шил архи зээлчих гэхээр нь бараагаа зөөлгөсөн болохоор зээлсэн. Тэгээд архиа дэлгүүр дотор уугаад зогсож байтал нэг нь Баяраад “эхнэр чинь ирж байна” гэж хэлэхэд Баяраа дэлгүүрийн арын өрөө рүү архи барьж ороод дээгүүр өмссөн хувцсаа тайлаад тавьсан байхаар нь би “энд ингэж байж болохгүй, гар” гэж хэлсэн. Гэтэл Баяраагийн эхнэр орж ирээд “Баяраа яагаад хувцсаа тайлдаг юм, та өмдөө татаад гараад ирлээ, та Баяраатай ямар учиртай юм” гэж хэлэхээр нь “Баяраатай ямар ч учир байхгүй, гаргах гээд байж байна” гэж хэлсэн. Тэгтэл Баяраагийн эхнэр нь Баярааг цохиход хамарнаас нь цус гарсан. Би цагдаа дуудлаа гээд утсаа барихад Баяраагийн эхнэр “би цагдаа дуудаадахъяа” гээд миний гар утсыг авсан. Тэгээд гараад явцгаасан. Гэтэл орой нь Баяраагийн эхнэр Норовцэрэн нь А.Сүрэнжаргал, Н.Амаржаргал нарыг дагуулж орж ирсэн бөгөөд Н.Амаржаргал эгч намайг алгадсан. Н.Азжаргал эгч дахиад алгадах гэхээр нь бултахад А.Сүрэнжаргал миний өмсөж байсан хувцсыг тайлж авсан. Харин В.Мөнхтогтох намайг гадаа гаргаад миний хувцсыг тайлж шидээд үсдэж зулгаасан бөгөөд би нүүрэндээ цохиулахгүй гээд хамгаалж байсан. А.Сүрэнжаргал В.Мөнхтогтоход “боль” гэж хэлсэн. Би үсээ боох гэхэд туг тугаараа унаж байсан. Одоо толгойны орой халуун дүүгж, шүүс шүүрч гараад байгаа…” гэв.

Гэрч Ж.Норовцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 17 цагийн үед нөхрөө хайгаад дэлгүүрийн эхний хаалгыг онгойлгоход  манай нөхрийн найз Аюуш гарч ирсэн. Тэгээд би Аюушаас нөхрөө асуухад мэдэхгүй гэж хэлэхээр нь дэлгүүр рүү явж ороод арын өрөө рүү нь харахад Должинсүрэн өмдөө татаад босч байсан. Би очоод шагайгаад харахад  нэг шил архи байсан бөгөөд Должинсүрэн аягандаа ус хийгээд тавьсан байсан. Тэгтэл Аюуш гаднаас буцаад орж ирсэн. Би “та хоёр энд юу хийж байгаа юм, энэ юу нь хүн бэ” гэхэд худалдагч нь гэсэн. Должинсүрэн гарч ирээд цамцаа өмсөхөд нь шооконд ороод “энэ та хоёрын хэнтэй явалддаг юм” гэж асуухад Аюуш “би явалддаг” гэж хэлсэн. Би Должинсүрэн эгчийн гар утсыг аваад үзэхэд Аюушийн дугаарыг хадгалсан байсан. Би цагдаа руу залгахад Должинсүрэн эгч “Аюушаа утсыг нь аваач” гэж хэлэхэд Аюуш гар утас булаагаад авсан. Гэтэл Должинсүрэн эгч лангууны доод талаасаа сойз гаргаж ирээд шүдээ үрээд байсан. Би нөхрийгөө цохиод аваад гарсан. Тэгээд би хадам ээж, эгч хоёртоо хэлээд дэлгүүрт цуг орж ирсэн…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ж.Должинсүрэн мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа хийгээд байж байтал орой 19 цагийн үед гаднаас үл таних 3 эмэгтэй хүн орж ирээд тэдний дунд байсан нэг настай эмэгтэй нь “энэ мөн үү” гэж хажуудаа явж байгаа хүүхнээс асуухад нөгөө хүүхэн нь мөн гэж хариулсан. Гэтэл тэр эмэгтэй лангууны урд хэсгээс өнгийгөөд намайг алгадсан. Тэгтэл нэг хүүхэн нь лангууны араар орж ирээд “янхан минь” гээд намайг зодоод байж байтал гаднаас дахин нэг хүүхэн нэмэгдэж лангууны араар орж ирээд намайг арын агуулахын өрөө рүү үсдэж оруулаад доош нь дарчхаад тал талаас нь өшиглөж зодоод байсан. Тэгэхээр нь би тэвчихээ байгаад арын хаалгаар гараад зугтаасан. Тэгтэл араас хөөж гарч ирээд хамаг хувцас урж тасдаж шидээд нэг нь гудамжинд хамаагүй зодож цохиж болохгүй гэтэл эргүүлээд намайг үсдэж чирээд хашаа руу оруулаад мөн дэлгүүр рүү авч орсон. Тэгээд дэлгүүрийн лангууны араар үсдэж чирээд зодож байтал гаднаас үйлчлүүлэхээр нэг хүн орж ирэхээр нь “эд нарыг аваач” гэхэд тоохгүй гайхаад хараад зогсоод байсан. Би тэд нарыг танихгүй, би Дэнжийн мянгад ажил хийхээр зарын дагуу ирээд 10 гаран хоног ажиллаж байсан. Намайг зодсон хүмүүс манай дэлгүүрээр үйлчлүүлдэг бололтой хүмүүс байсан. Нэгнийх нь нөхөр бололтой хүн нэг хүнтэй цуг орж ирээд намайг архи өгөөч гэж гуйгаад байхаар нь би өгөөгүй. Гэтэл хажууд нь зогссон хүн тэр эхнэр чинь ирж байна гээд цонхоор харчхаад хэлэхэд нөгөө залуу нь лангууны араар гүйж ороод харанхуй өрөөнд ороод нуугдсан. Тэгэхээр нь би тэр хүнд уурлаад “гар юун дураараа юм бэ” гэж хэлээд байж байтал эхнэр нь орж ирээд яахаараа энд байж байдаг юм. Чи манай нөхөртэй явалддаг юм байна. Өмдөө татаж гарч ирлээ гээд улайм цайм гүтгээд байсан. Тэгэхээр нь би уурлаад нөхрийг нь гаргахад цуг явж байсан залуу нь нөгөөгийнхөө эхнэрт би энэ хүүхэнтэй явалддаг юм. Явалдаад 3 сар гаран болж байна гэж тохуурхаад гурвуулаа хоорондоо маргалдаад гараад явсан. Орой нь тэр хүүхэн нэг настай, 2 залуухан хүүхэн дагуулж ирж ийм асуудал болсон. Намайг эхэлж настай эмэгтэй нь нэг удаа алгадсан. Өдөр нь ирж нөхрөө ирж авсан хүүхэн зүгээр зогсоод байсан. Нөгөө 2 хүүхэн нь намайг үсдэж өшиглөж зодсон. Миний цээжин хэсэгт өмссөн байсан бүх хувцсыг урж тасдаж хаясан. Хөхний даруулгыг хүртэл урж тасадсан. Миний өрөөсөн ээмэг алга болсныг маргааш нь гудамжнаас олж авсан. Миний толгойн хэсэг маш их өвдөж байна. Толгойн үсийг хуйхтай нь цуг зулгаагаад толгойн орой хэсгийг халзан болгосон. Би эмнэлгийн байгууллагаар хэд хоног явсан. Мөн бариа заслаар явж эм тариа авч хэрэглэсэн…” гэжээ /хх-10-11/.

Хохирогч Б.Аюуш мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шиг санаж байна. Баяраа гэх найзын хамт Чулуут дэлгүүрийн ар талын өрөөнд 1 шил 0.33 литрийн Хараа нэртэй архи уусан. Би дэлгүүрээс гарч тамхи татсан. Тэгэхэд Баяраагийн авгай Норовоо ирээд надаас Баярааг асуухаар нь би байхгүй гэж хэлээд гэр рүүгээ явчихсан. Би гэртээ ороод унтаад өгсөн. Унтаж байхад ээж Мягмар дуудаж сэрээсэн. Танай авгайг чинь 2 хүн аваад явчихлаа гэхээр нь би гэрээс гараад Чулуут дэлгүүр рүү эхнэрээ авахаар орсон. Тэгсэн чинь манай эхнэр намайг үсдээд авсан. Тухайн үед нь би эхнэртэйгээ маргалдсан. Тэгтэл Баяраагийн эгч Сүрэнжаргал нь намайг үсдээд авсан. Би өөдөөс нь яагаад байгаа юм бэ гэтэл тэр эгч миний толгой руу цохиод байсан. Хажуу талаас Баяраагийн ээж Амаржаргал үсдээд гарыг минь бариад нэг хоёр удаа цохисон. Сүрэнжаргал эгч миний хамар руу мөргөсөн бөгөөд миний хамраас тухайн үед цус гарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэжээ /хх-13/.

Гэрч Ж.Норовцэрэн мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 28-ны 17 цагийн үед нөхөр Баяржаргалыг хайгаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуут нэртэй дэлгүүрт ороход дэлгүүрийн үүдэнд Аюуштай тааралдсан. Тэгээд манай нөхөр Баяржаргал хаана байна гэж асуухад мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би дэлгүүр рүү яваад ороход Баяржаргал дэлгүүрийн арын жижиг өрөөнд ганцаараа архи уусан байдалтай сууж байсан. Аюуш тэр үед тамхи татахаар гарч байсан байна лээ. Мөн дэлгүүрийн эмэгтэй согтуу амаа угаагаад зогсож байсан. Цагдаад дуудлага өгөх гэтэл Аюуш миний утсыг булааж аваад дуудлага таслуулчихсан. Тэгэхээр нь би уурлаж байгаад нөхрийгөө загнаад хөөгөөд гэр рүүгээ явсан. Аюушийг эхнэрт нь очиж хэлнэ гэхэд Аюуш болиоч дэлгүүрийн худалдагч миний явалддаг хүүхэн гэр бүлийн амьдрал сүйрүүлнэ битгий хэлээч гэхээр нь би бас айлын амьдралыг бодоод хэлээгүй. Тэгээд нөхөр бид хоёр  цэцэрлэг, сургуулиас хүүхдээ аваад гэртээ ирсэн. Би хадам ээж Амаржаргал, хадам эгч Сүрэнжаргал нарыг дуудаад Баяржаргал Аюуштай “Чулуут” дэлгүүрийн худалдагч эмэгтэй 3 архи уугаад сууж байсныг нь хэлээд хадам ээжид очиж уулзаж өгөөч гэж хэлэхэд тэгье гээд хадам ээж, хадам эгч, бид гурав Чулуут дэлгүүр орсон юм. Дэлгүүрт оронгуут хадам ээж Амаржаргал дэлгүүрийн худалдагчид хандаж чи яахаараа өөрийнхөө хүүхэд шиг хүнд архи зээлээр өгч арын өрөөндөө оруулж уулгадаг юм бэ энэ хэний дэлгүүр юм, эзэн нь хаана байна эзэнтэй нь уулзъя гээд худалдагч хүүхнийг 2 удаа алгадсан. Тэр үед худалдагч юу ч дуугарахгүй зогсоод байсан. Хадам ээж Аюушийн эхнэрийг дуудаад хамт асууя гээд ээжийг Аюушийн гэр рүү явуулсан. Удалгүй Аюушийн эхнэр Мөнхтогтох орж ирээд Аюуш урд шөнө гэртээ хоноогүй үүнтэй цуг байсан байна гээд лангууны араар ороод шууд зодсон. …Гэтэл худалдагч эмэгтэйг цээжний хэсэг нь нүцгэн Мөнхтогтох үснээс чирчихсэн орж ирсэн…” гэжээ /хх-14-15/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ¹13583 дугаар акт:

“Ж.Должинсүрэнгийн биед толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-20/.

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-62/, Чулуут дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-63-64/, эд зүйлийн үнэлгээ /хх-65/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч В.Мөнхтогтох, Н.Амаржаргал, А.Сүрэнжаргал нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуут нэртэй хүнсний дэлгүүр дотор буюу олон нийтийн газар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан Ж.Должинсүрэн, Б.Аюуш нарыг зодож Ж.Должинсүрэнгийн биед толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Ж.Норовцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ¹13583 дугаар акт, шүүгдэгч В.Мөнхтогтох, Н.Амаржаргал, А.Сүрэнжаргал нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг харгис хэрцгий аргаар зориуд удтал үргэлжлүүлсэн танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч В.Мөнхтогтох, Н.Амаржаргал, А.Сүрэнжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч В.Мөнхтогтох, Н.Амаржаргал, А.Сүрэнжаргал нар нь хохирогч Ж.Должинсүрэнд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол, саналгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгч А.Сүрэнжаргал нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0189  дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 702.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсний дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дээрх гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүгдэгч А.Сүрэнжаргалыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэхдээ шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч В.Мөнхтогтох, Н.Амаржаргал, А.Сүрэнжаргал нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Чулуут дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий цагаан өнгийн сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ванчинсүрэнгийн Мөнхтогтох, Сартуул овгийн Намхайн Амаржаргал, Сартуул овгийн Амаржаргалын Сүрэнжаргал нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Мөнхтогтох-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Амаржаргалд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч А.Сүрэнжаргалд 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мөнхтогтох, Н.Амаржаргал, А.Сүрэнжаргал нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Чулуут дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий цагаан өнгийн сиди /СD/-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч В.Мөнхтогтох, Н.Амаржаргал, А.Сүрэнжаргал нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч В.Мөнхтогтохын засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст, шүүгдэгч Н.Амаржаргал, А.Сүрэнжаргал нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст тус тус даалгасугай.  

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Мөнхтогтох, Н.Амаржаргал, А.Сүрэнжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН