| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0312/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/431 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/431
2025 02 10 2025/ШЦТ/431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч: Б.Ундрах /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,
Шүүгдэгч: П.Хнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ************************* холбогдох эрүүгийн 2408018051832 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***************, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа өрмийн ажил эрхэлдэг, ***********************, урьд нь
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,152,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
***********************
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Хнь “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байр 28 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Жамийлаатай “данснаас мөнгө авлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараараа баруун нүд, хэвлий хэсэг рүү нь цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, хэвлийд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.Хнь “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байр 28 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Жамийлаатай “данснаас мөнгө авлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараараа баруун нүд, хэвлий хэсэг рүү нь цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, хэвлийд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Хүрэлбаатарын “...маргахгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408018051832 дугаартай хэргээс:
Х.Жамийлаагаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дугаар тал),
Хохирогч Х.Жамийлаагийн “..Би 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өглөө 07 цаг өнгөрч байх үед ажилдаа явах гээд байж байтал манай нөхөр П.Хнь намайг данснаас мөнгө авсан гэх шалтгаанаар надтай маргалдаж эхэлсэн. Улмаар би нөхөртэйгөө хэрэлдэж байтал манай нөхөр гараараа миний баруун талын нүд рүү 1 удаа цохисон, дараа нь гараараа миний хэвлий хэсэг рүү мөн адил 1 удаа цохисон. Тэгэхээр нь би нөхөртөө хандаж чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэж хэлээд би гэрээсээ гараад яваад өгсөн юм. Тэгээд би 4 хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандсан юм. Би Хүрэлбаатартай гэрлэлтийн баталгаатай, бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. " гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6501 дугаартай шинжээчийн “..Х.Жамийлаагийн биед баруун нүдний дээд зовхи, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 5-6 дугаар тал),
Яллагдагч П.Хүрэлбаатарын “..Би 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өглөө 07 цагийн орчимд босоод Х.Жамийлаатай мөнгө төгрөгийн асуудлаас болж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Би эхнэртэйгээ маргалдаж байгаад уурандаа баруун нүд рүү нь гараараа 1 удаа цохитол манай эхнэр гэрээсээ гараад яваад өгсөн юм.. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би өмнө нь эхнэр Х.Жамийлаагийн биед халдаж, цохиж, зодож байгаагүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал),
Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгаас ирүүлсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 67-68 дугаар тал),
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 71-80 дугаар тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч П.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно. Шүүгдэгч П.Хнь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд санаатайгаар халдаж энэ гэмт хэргийн улмаас хохирол ухамсарлаж учруулсан байхыг шаардана.
Шүүгдэгч П.Хнь хохирогч Х.Жамийлаагийн эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, хэвлийд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Х.Жамийлаагаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3 дугаар тал/, хохирогч Х.Жамийлаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6501 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/, яллагдагч П.Хүрэлбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар тал/, Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгаас ирүүлсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 67-68 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 71-80 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6501 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч нарыг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 6501 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Шүүгдэгч П.Хболон хохирогч Х.Жамийлаа нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч П.Хүрэлбаатарын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байр 28 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Жамийлаатай “данснаас мөнгө авлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараараа баруун нүд, хэвлий хэсэг рүү нь цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, хэвлийд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
Хохирогч Х.Жамийлаа нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан /хх-ийн 40 дүгээр тал/ байх тул шүүгдэгч П.Хүрэлбаатарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Хнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч П.Хүрэлбаатарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогчид учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч П.Хүрэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90/ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Хүрэлбаатарт урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр
болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Хүрэлбаатарыг 2000/хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч П.Хүрэлбаатарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90/ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
5. Хохирогч Х.Жамийлаа нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Хүрэлбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ