| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/47 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/47
2025 02 14 2025/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр,
Улсын яллагч: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Эрдэнэчимэг
Шүүгдэгч: Б.Б-О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-Од холбогдох эрүүгийн 2419003970011 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .......................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б-О нь Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В баарны гадаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 22 цагийн үед Ч.Бтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унаган толгой дээр нь хөлөөрөө дэвсэж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, нүүрний зулгаралт, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Б-Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо 3 сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлж байна. Би төлөхөө бичиж өгье.” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 23 цагийн үед Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг В бааранд танил ах Чтэй ороод 0,5 литрийн лаазтай Сэнгүр пиво аваад ууж амжаагүй гадаа гарч тамхи татах гээд баарны үүдэнд гараад ирэхэд танил Шыг нэг залуутай муудаад байж байхаар нь би салгах гээд очиход өнөөдөр өглөө уулзсан Б.Б-О миний нүүрний хэсэгт цохихоор нь би шатаар буухад дахиад араас цохихоор нь би баарны хойд тал руу зугтаагаад хуучин Хаан банк байсан шилэн барилгын урд Б.Б-О намайг гүйцэж ирээд газар унагаагаад толгой дээр дэвсэхэд би ухаан алдсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирээд эмнэлэгт хүргэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
Гэрч Т.Нын “... Тэгээд тэр хэдтэй баарнаас гараад үүдний хэсэгт нь тамхилаад зогсож байхад Б.Б-О ах шатаар буугаад баарны авто зогсоол дээр цайвар хувцастай залуутай муудаад байсан ба нөгөө залуу нь зугтаахад Б.Б-О ах араас нь хөөгөөд баарны хойно байдаг шилэн худалдааны төвийн урд талд нөгөө залууг газар унагаагаад өшиглөж байсан. ... Би Б.Б-О ах баарны хойд талд байдаг худалдааны төвийн урд талд Ч.Б гэх хүнийг хөөж очоод газар унагаагаад нүүр хэсэгт нь өшиглөж байгааг харсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Гэрч Х.Аын “... Тэгтэл Шын танил Ч.Б тухайн залууг чи яагаад манай найзыг зодоод байгаа юм гэхэд тухайн хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн малгайтай цамцтай залуу Ч.Быг цохиход Ч.Б баарны хойш зугтаасан. Би араас нь очиход баарны хойд талд байдаг хуучин Хаан банк байсан шилэн байрны урд талд Ч.Быг газар унагаагаад хөлөөрөө Ч.Бын толгой хэсэг рүү нь өшиглөж байсан. Ойролцоогоор 2-3 удаа өшиглөсөн. Би шууд очоод хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн малгайтай цамцтай залууг араас нь шууд тэвэрч аваад залуу хүн байж хэрэг төвөгт орно гээд эвээр салгаад баарны үүдэнд авч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Дын “... Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Ч.Б нь Д аймгийн С сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,396,853 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б Б-Ооос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ************** дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай шинжээчийн “... Ч.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, нүүрний зулгаралт, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... учирсан хамар ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
Яллагдагч Б.Б-Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд тамхилах гээд баарнаас гарахад шатан дээр намайг бааран дотор араас цохиод 00-ын өрөөнд мөрлөөд байсан залуу яг миний өөдөөс хараад зогсож байхаар нь шууд зүүн гараараа толгойн хэсэгт нэг удаа цохьсон. Намайг цохих үед шатнаас буугаад цаашаа зугтаахаар нь араас нь очоод мөрнөөс нь бариад авахад газарт хэвтээд өгсөн. Би толгой хэсэг рүү нь баруун хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Миний араас нэг хүн татаад намайг салгасан. ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,
Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91 дэх тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 80, 89-90 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б-О нь Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В баарны гадаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 22 цагийн үед Ч.Бтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унаган толгой дээр нь хөлөөрөө дэвсэж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, нүүрний зулгаралт, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Б-Оы “Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо 3 сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлж байна. Би төлөхөө бичиж өгье.” гэсэн, хохирогч Ч.Бын “... Би 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 23 цагийн үед Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг В бааранд танил ах Чтэй ороод 0,5 литрийн лаазтай Сэнгүр пиво аваад ууж амжаагүй гадаа гарч тамхи татах гээд баарны үүдэнд гараад ирэхэд танил Шыг нэг залуутай муудаад байж байхаар нь би салгах гээд очиход өнөөдөр өглөө уулзсан Б.Б-О миний нүүрний хэсэгт цохихоор нь би шатаар буухад дахиад араас цохихоор нь би баарны хойд тал руу зугтаагаад хуучин Хаан банк байсан шилэн барилгын урд Б.Б-О намайг гүйцэж ирээд газар унагаагаад толгой дээр дэвсэхэд би ухаан алдсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирээд эмнэлэгт хүргэж өгсөн. ...” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн сэжигтэн Б.Б-О, хохирогч Ч.Б нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, нүүрний зулгаралт, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүгдэгч Б.Б-Оы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүгдэгч Б.Б-Од ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, прокурорын дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос эмчилгээний зардал болон замын зардалд 941,220 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б-О хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Ө овогт Б Б-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-Ооос Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь *********** тоот дансанд 1,396,853 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөө илэрхийлж бичгээр тайлбар өгсөн болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ