Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2019/01142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х.Б ХХК,

Хариуцагч: Ё.О

Хариуцагч: С.У

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 4 737 006.34 төгрөг, хүү 1 467 167.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180 850.46 төгрөг нийт 6 385 024.73 төгрөг болон нотариатын зардал 9 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.”““, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “““шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: зээлдэгч “““С.”““ нар нь Хаан банктай 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ201642671176 дугаар зээлийн гэрээ байгуулан 12 730 317.12 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авч, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд бий болох цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч нар үндсэн зээл 7 897 133.77 төгрөг, хүү 4 251 836.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 022.73 төгрөг нийт 12 353 992.79 төгрөг төлсөн бөгөөд үлдэх зээлээ хугацаандаа төлөөгүй тул 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээл 4 737 006.34 төгрөг, хүү 1 467 167.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180 850.46 төгрөг, нийт 6 385 024.73 төгрөг болон нотариатын зардал 9 000 төгрөг нийт 6 394 024.73 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хэмжээг багасгах тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд банкны зүгээс хүсэлтийг судалж үзээд нэмэлт баримт шаардаж байсан боловч хариуцагч нар нэмэлт баримт бүрдүүлж өгөөгүй, зээлээ төлчих байх гэж найдаад зээлийн гэрээний хугацаа дуустал хүлээсэн боловч зээлээ төлөөгүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Ё.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: би 2013 онд Хаан банкнаас цалингийн зээл авч байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт зээл авахад өмнөх зээлийн хугацаа дуусаагүй байсан, ингээд өмнөх зээлийн үлдэгдэл 4 730 317.12 төгрөг, нэмэлт зээл 8 000 000 төгрөг нийт 12 730 317.12 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээл авах үед ажил хийж, цалингаараа зээлээ төлж байсан боловч ажлаасаа халагдсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг бууруулах хүсэлт гаргасныг маань шийдвэрлэлгүй өнөөдрийг хүргэсэн. Түүнчлэн хамтран зээлдэгч С.”““ын гурван хүүхдийн улсаас сар бүр олгодог 20 000 төгрөгийг Хаан банк зээлэндээ суутган авдаг байсан боловч энэ төлөлтийг зээлийн төлбөрөөс хасаагүй байна. Үүнээс гадна Хаан банкны өмнөх зээлийн үлдэгдэл 4 730 317.12 төгрөг дээр 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш дахин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдсон байна.

Иймд би Хаан банктай тооцоо нийлж, зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө тодорхой график гарган төлөх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.”““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр миний ээж Ё.О Хаан банкнаас цалингийн зээл авсан бөгөөд би ээжийнхээ хүсэлтээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би зээлийн гэрээний дагуу банкнаас болон ээжээсээ авсан мөнгө байхгүй, бага насны гурван хүүхэдтэй бөгөөд хүүхдийн мөнгө тус бүр 20 000 төгрөгийг миний зөвшөөрөлгүйгээр зээлийн төлбөрт авсан байсан. Миний бие уг зээлийг авагдснаас хойш хүүхдийн мөнгөө нэг ч удаа авч байгаагүй, зээлээс ашигласан мөнгө байхгүй тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Цаашид би насанд хүрээгүй хүүхдүүдэд улсаас олгож байгаа мөнгөн тэтгэмжийг эцэг, эхийнх нь зөвшөөрөлгүй суутган авсан Хаан банкны үйлдлийг хуульд нийцэж байгаа эсэх талаар холбогдох байгууллагад өргөдөл гаргах болно гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авсан, төлөх нь үнэн боловч гомдолтой зүйл байна. Би нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ залуутай 2-3 удаа уулзаж, тогтмол ажил орлогогүй боллоо, эргэн төлөлтийн хэмжээг багасгаж өгөөч гэж хүсэлт гаргаж байсан бөгөөд банкнаас шийдврэлэж өгнө гэж явсаар төлөх мөнгөний хэмжээг их болгосны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна, зээлийн гэрээний хугацаа дуусмагц нэхэмжлэл гаргасан бол миний эргэж төлөх зээлийн хэмжээ багасах байсан. Мөн 2013 онд зээлсэн мөнгө дээр дахин хүү, нэмэгдүүлсэн хүү бодсон байгааг зөвшөөрөхгүй. Одоо зээлсэн мөнгөө төлөх боловч сар бүр 500 000 төгрөг төлөх боломжгүй, 2 жилийн дотор төлж дуусгана гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Төв салбар нь хариуцагч Ё.О, С.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 737 006.34 төгрөг, хүү 1 467 167.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180 850.46 төгрөг нийт 6 385 024.73 төгрөг, нотариатын зардал 9 000 төгрөг нийт 6 394 024.73 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ё.О нь зээлсэн мөнгөө төлөх боловч сар бүр 500 000 төгрөг төлөх боломжгүй, 2 жилийн дотор төлж дуусгана гэж тайлбар гаргасан бол, хариуцагч С.У нь миний бие ... уг зээлээс ашигласан мөнгө байхгүй тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Х.Б ХХК, хариуцагч /зээлдэгч/ Ё.О, С.У нар нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ20162671176 дугаар зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 4 730 317.12 төгрөг дээр нэмж 8 000 000 төгрөг нийт 12 730 317.12 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийн зориулалтаар байгуулж, зээлдүүлэгч нь гэрээний 5.2.1-д зааснаар ... зээлийг гэрээнд заасан дансанд шилжүүлэх, зээлдэгч нь гэрээний 4.2.2.-т зааснаар зээлийн төлбөрийг сар бүр ... Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг /хх-5-6/ тус тус хүлээжээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк ... нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч Ё.О зээл авсан талаар маргаагүй, авсан зээлээ төлөх боловч зээлийн эргэн төлөлтийг багасгах, хугацааг уртасгах тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна зээлийн гэрээ болон хуульд энэ талаарх зохицуулалт байхгүй байна. Хариуцагч С.У”““ нь тухайн зээлийг авч ашиглаагүй, зээлийн төлбөрт хүүхдийн мөнгө суутгаж авсан талаар холбогдох байгууллагад гомдол гаргана гэж тайлбар гаргадаг бөгөөд зээлийн гэрээний 2.4.6-д Банк ... зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар төлүүлэх ба тухайн зээл төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ. гэжээ. Өөрөөр хэлбэл хариуцагчийн өөр данс дахь хүүхдийн мөнгийг зээлийн төлбөрт авсан нь зээлийн гэрээгээр зохицуулагдсан байх тул хариуцагч С.”““ын тайлбар үндэслэлгүй болно.

Зээлдэгч нар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтаар тогтоогдож байх тул үндсэн зээл, хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тухай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.У““ нараас үндсэн зээл 4 737 006.34 төгрөг, үндсэн хүү 1 467 167.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180 850.46 төгрөг нийт 6 385 024.72 төгрөг болон нотариатын зардал 9 000 төгрөг нийт 6 394 024.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн Төв салбарт олгож шийдвэрлэлээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ 19/330 дугаар итгэмжлэл /хх-4/, барьцаат зээлийн гэрээ /хх-5-6/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-7/, зээлдэгч “““С.”““ нарын зээлийн хүсэлт /хх-8/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-9/, Хаан банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11/, Нотариатчдын танхимын мөнгөний тасалбар /хх-10/, Хаан банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хх-12/, 29/5058 дугаар итгэмжлэл /хх-13/, С.”““оос Ё.”Б”д олгосон итгэмжлэл /хх-22/ зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.У”““ нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 737 006.34 төгрөг, хүү 1 467 167.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180 850.46 төгрөг, нийт 6 385 024.73 төгрөг болон нотариатын зардал 9 000 төгрөг нийт 6 394 024.73 төгрөг гаргуулан Х.Б ХХК-ийн Төв салбарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 110.40 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.У““ нараас 117 110.40 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Төв салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР