2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/124

 

   2025       01         10                                   2025/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Зт холбогдох эрүүгийн “2406074441044” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.З нь өмнө 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг, 72 дугаар хотхоны зүүн замд согтуугаар "Toyota Prius" маркийн ................. УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг, 72 дугаар хотхоны зүүн замд согтуугaap "Toyota Prius" маркийн ................. УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож тэгээд замд цагдаа зогсоосон. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Эрүүгийн 2406074441044 дугаартай хэргээс:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, /хх-ийн 03-04, 06 дугаар хуудас/,

            Драйгер багажид үлээлгэхэд түүний амьсгал дахь спиртийн агууламж 2.77% хувийн промиль спиртийн агууламжтайг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07 дугаар хуудас/

            Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Жолоодох эрхийн лавлагаа, /2023-11-06-ны өдөр эрхээ хасуулсан/, /хх-ийн 11 дүгээр хуудас/

            Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал /хх-ийн 23-44 дүгээр хуудас/

            Иргэний нэхэмжлэгч Ж.Бы "Би 2024 оны 10 дугаар сарын 16-ны едер өөрийн эзэмшлийн Toyota Ist маркийн ............. УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэрээсээ цайз 16 орохоор 72 дугаар хотхоны замд явж байтал миний тээврийн хэрэгслийн араас нэг машин хашлага хамж ирээд мөргөчихсан. Тухайн мөргөсөн машины жолооч согтуу машинаасаа бууж ирэхээр нь манай найз барьж аваад цагдаад хүлээлгэн өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,        

Шүүгдэгч Д.Зийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-51/,

            Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Жолоодох эрхийн лавлагаагаар 2023 оны 11 дүгээр сарын 06-нд эрх хасагдсан зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Д.Зт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.З нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг, 72 дугаар хотхоны зүүн замд согтуугаар "Toyota Prius" маркийн ................. УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, /хх-ийн 03-04, 06 дугаар хуудас/,

            Драйгер багажид үлээлгэхэд түүний амьсгал дахь спиртийн агууламж 2.77% хувийн промиль спиртийн агууламжтайг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07 дугаар хуудас/

            Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Жолоодох эрхийн лавлагаа, /2023-11-06-ны өдөр эрхээ хасуулсан/, /хх-ийн 11 дүгээр хуудас/

            Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал /хх-ийн 23.44 дүгээр хуудас/

            Иргэний нэхэмжлэгч Ж.Бы мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/ ,

            Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Жолоодох эрхийн лавлагаагаар 2023 оны 11 дүгээр сарын 06-нд эрх хасагдсан баримт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

            Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж улмаар уг зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол уг үйлдлийг эрүүжүүлж эрх хасах болон үндсэн 4 төрлийн ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

            Хуулийн тайлбараас үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарласан нь шүүгдэгч Д.Зийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нөхцөл байдалтай тохирч байна.

            Иймд шүүгдэгч Д.Зийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Д.Зт ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ялын 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Зт оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Зийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Зийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгж буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Д.Зийг торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зт оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Г.УУГАНБААТАР