Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Б.Балжинням, түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших,

иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их зуутраг овгийн Баатарын Балжиннямд холбогдох эрүүгийн 201725030082 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Их Зуутраг овгийн Баатарын Балжинням, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 3-56 тоотод оршин суух хаягтай,

2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн 406 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ОЮ89022216:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/;

Шүүгдэгч Б.Балжинням нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Мөнгөн завъяа дэлгүүрийн автобусны буудлын баруун талд иргэн Г.Билгүүнийг шалтаг шалтгаангүйгээр баруун бугалганд хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Балжинням мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5 шард би нэг залуутай маргасан. Тэр дархан дугаартай микротой байсан. Нэг залуу ирэнгүүтээ яагаад дайраад байна аа гэхээр нь би ахын дүү Дархандаа оч гэж хэлээд, түлхсэн. Тэр залуу намайг ах нартаа хэлээд хотын төвөөр баахан хайсан гэж хүмүүс хэлж байсан. Хайсаар байгаад бид нарыг олоод, манай микрийг явж байхад урдуур хашиж зогсоогоод 5-6 залуу бууж ирсэн. Тэгээд бүгдээрээ дайраад байсан. Би хутга гаргаад айлгах зорилготой байсан. Тэрнээс биш хутгална гэж тухайн бодоогүй. Би урьд нь микроны хаалга гацаад байхаар нь засах гээд ризэн зүсэж байсан хутгаа урд хайрцагт хийсэн байсан юм. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Хохирогч Г.Билгүүн мэдүүлэхдээ: “...Буянт, Ананд бид гурав машинаас буусан Буянт Балжаагийн сууж явсан машины жолоочтой маргалдаад байсан. Би Балжаа нь буух гээд байхаар нь хаалгыг нь хаагаад буулгахгүй байсан чинь Балжаа машины урд талын хайрцагнаас хутга гаргаж ирээд Буянтыг хөөхөөр нь Буянт зугтаачихсан. Балжаа буцаад надруу хүрч ирээд гартаа барьж байсан хутгаараа зүүн талын булчин хэсэгт нэг удаа хутгалчихаад машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд миний гараас цус гараад байсан учраас гэмтэл орж эмнэлэгт үзүүлсэн юм. ...Миний зүүн гарын булчинд 5 см-ийн хутганы шархтай өөр гэмтэл байгаагүй. Балжинням бид хоёрын дунд өр авлага, өс хонзон байхгүй. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Надад тэр өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн баримт л байгаа...” гэжээ /хх-8-9/.

Гэрч О.Ананд мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 18-ны орой Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн зүүн урд талд Буянт, Билгүүн бид гурав замын урд талын ТҮЦ-ээс ундаа авчихаад байж байхад Буянт, Билгүүн хоёр урьд нь маргалдаж байсан гэсэн хажуугаар явж байсан микро машиныг хараад нөгөө Балжаа энд явж байна. Очоод уулзъя гэсэн. Тэгээд бид гурав буцаж эргээд микро машины араас нь түрүүлж очоод зогсох дохио өгсөн чинь зогсохгүй байхаар нь Билгүүн урд талаар нь замыг нь хаагаад шахаад зогсоосон тэгээд Билгүүн Буянт хоёр машинаас буугаад Буянт жолоочтой нь маргалдаад байсан. Тэгсэн машинд сууж байсан Балжаа гэх залуу машинаас гарч ирэх гээд та нарыг бүгдийг чинь ална гээд байсан. Балжаа буух гээд байхаар нь Билгүүн чи цаашаа байж бай гээд буулгаагүй, тэгсэн Балжаа гэх залуу машинаас хутга барьж гарч ирээд Буянтыг хөөгөөд гүйсэн. Тэгэхээр нь би зодолдоод байгаа юм байх гэж бодоод машинаас буусан чинь Балжаа Буянтыг хөөж байгаад гүйцэхээ болиод эргэж ирээд намайг хөөх гэхээр нь зугтаачихсан юм. Тэгсэн Билгүүн рүү гүйж очоод хутгаа Билгүүний зүүн талын бугалга хэсэг рүү нь хутгаар дүрчихсэн. Тэгсэн машинаас нэг эмэгтэй гарч ирээд Балжаа жолооч хоёрыг машинд суулгаад яваад өгсөн. . Тэгээд Билгүүнийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Балжаа микро машинтайгаа яваад өгсөн. Билгүүнийг хутгалах болсон шалтгааныг мэдэхгүй байна. Би бол танихгүй урьдын маргаан байсан байх, ямар хутга байсан гэдгийг мэдэхгүй байна. Балжаа гартаа хутга барьсан байгаа нь харагдаж байсан. Бариулыг нь мэдэхгүй, үзүүр нь цус болчихсон байсан...” гэжээ /хх-10-11/.

Гэрч Э.Буянт мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн үед найз Билгүүн, Ананд нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завьяагийн автобусны буудлын урд талын ТҮЦ-нээс ундаа авчихаад байж байхад замын хойд талд буудал дээр Балжаа гэх залуу микро машинтай кондуктор хийгээд явж байсан. Билгүүнтэй урьд нь маргалдаж байсан учраас тэрийг нь асуух гээд иргэж очоод дохисон чинь жолооч нь харчихаад зогсохгүй байхаар нь шахаад зогсоосон. Тэгээд машинаас буугаад очсон чинь Балжаа микро дотроос орилоод байсан. Тэгэхээр нь нөгөө талаар нь тойроод жолооч талаар нь очсон жолооч нь буугаад ирсэн. Жолоочтой нь маргалдаад зогсож байсан чинь Балжаа гэх залуу урд талын хайрцагнаасаа хутга бариад гараад ирсэн намайг хутгална гэхээр нь зугтаагаад намайг хөөхөөр нь зугтаасан чинь буцаж очоод Билгүүний зүүн гарын орчим хутгалчихсан. Балжаа машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд тэр өдөртөө бид нар гэмтэл ороод оёдол тавиулж боолгосон. Тухайн өдөр Балжаа манай кондуктор хийдэг дүүг хутга гаргаж ирээд айлгаад нүүр рүү нь алгадаж байгаад яваад өгсөн байсан. Тэгээд тэр өдөр явж байхад Балжаа машинтай явж таараад асуух гээд очсон чинь зугтаагаад зогсохгүй байхаар нь урдуур нь ороод зогсоосон юм. Намайг хөөгөөд гүйцэхгүй буцаж очоод Билгүүнийг хутгалчихсан...” гэжээ /хх-13-14/.

Гэрч Б.Тамир мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найзууд болох Ананд, Буянт, Билгүүн бид дөрөв Билгүүнээгийн машинтай Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завъяагийн автобусны буудлын урд талын ТҮЦ-нээс ундаа тамхи авсан. Тэгсэн Балжиннямын сууж явсан микро машин нь Мөнгөн завъяагийн буудлаас хөдлөх гэхээр нь Билгүүнээ гараараа зогсож бай гэсэн чинь шууд яваад өгсөн. Тэгсэн Билгүүнээ араас нь гүйцэж түрүүлээд урдуур нь ороод шахаад зогсоосон. Машинаас Буянт Билгүүн хоёр бууж Ананд бид хоёр машинд суугаад үлдсэн. Буянт жолооч талруу нь очоод маргалдаад байгаа бололтой юм яриад байсан. Билгүүнээ хүнтэй маргалдаж муудаагүй тэгсэн машинаас Балжинням буюу /Балжаа/ гэх залуу гартаа хутга барьчихсан бууж ирээд Буянт руу очсон чинь Буянт цаашаа зугтаасан араас нь хөөгөөд гүйцээгүй буцаж ирээд Билгүүн рүү очоод гар руу нь нэг удаа хутгалчихсан. Тэгсэн нэг эмэгтэй машинаас бууж ирээд та нар болиоч ээ гээд жолооч, Балжинням хоёрыг машиндаа суулгаад аваад явсан бид нар шууд тэр өдрөө гэмтэл орсон...” гэжээ /хх-16/.

Гэрч Ө.Цэвээндарь мэдүүлэхдээ: “...Би найз Б.Балжиннямын хамтаар хувиараа микро машин хөлслөөд шугаманд явдаг юм. 2016 оны 12 дугаар сарын 18-ны орой яг цагийг нь сайн санахгүй байна. Би 19-61 УНӨ улсын дугаартай машиныг унаад харин Балжинням буюу /Балжаа/ кондуктор хийгээд явж байсан юм. Тэгээд Балжинням бид хоёр таван шарын буудал дээр зогсоолоос болоод хүнтэй маргалдаж муудсан, тэнд ямар нэгэн зодоон болоогүй маргалдаж байгаад салсан. Тэгээд бид хоёр тэндээсээ хүн ачаад шар хад орчихоод буцаад төв замаар явж байтал Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн хажуугаар нь гараад баруун тийшээ 4 зам талруу явж байсан чинь Старикс маркийн машинтай залуучууд урдуур машинаараа дараад зогсоосон. Тэгсэн машинаас нь өндөр биетэй согтуу залуу бууж ирээд учиргүй машины цонх цохиод та нарыг ална хядна л гээд байсан. Тухайн үед Балжинням нугасанд сууж байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад өндөр залуутай маргалдаад байж байхад Балжинням машины араар тойроод надруу ирээд надтай маргалдаж байсан залууг мөнгөн завъяа талруу хөөгөөд явсан 40-өөс 50 метр орчим хөөж байгаад гүйцэхээ болиод буцаад Билгүүнээ рүү очиж байсан. Билгүүнээ рүү явж байхдаа Балжинням машинаа асаа гэхээр нь би машинаа асаагаад байж байхад Балжинням хүрч ирээд машинд суугаад бид нар хөдлөөд явсан. Хөдлөөд явж байхад араас Билгүүнээ Балжинням руу залгаад чи намайг хутгалчихсан байна гээд байсан. Балжинням та нар олуулаа явж байсан Цэвээнээ рүү дайраад байсан биздээ гээд байсан сүүлд нь л мэдсэн. ...Урд талын хайрцаганд багажид байсан хутга байхгүй байсан тэр хутга алга болсон байсан. Миний өөрийн хутга байгаа юм...” гэжээ /хх-18-19/.

Гэрч Ц.Отгонтөгс мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Ө.Цэвээндарь, Балжинням нар нь хувиараа микро машин түрээслэж хүн тээвэрлэдэг юм. 2016 оны 12 дугаар сарын 18-ны орой цагийг нь санахгүй байна. Ө.Цэвээндарь машинаа бариад, Балжинням кондуктор хийгээд явж байсан юм. Тэгээд бид гурав Мөнгөн завъяагаас баруун тийшээ хөдлөөд явж байхад эсрэг талаас старикс маркийн машинтай залуучууд орж ирээд бид нарыг гүйцэд түрүүлээд урд талд ирээд шахаад зогсоосон. Нөгөө машинаас өндөр биетэй залуу бууж ирээд Цэвээндарийн талд очоод гараад ир ална л гээд цонх хүчтэй цохиод байхаар нь Цэвээндарь хаалгаа онгойлгоод буусан тухайн үед кондуктор хийж байсан Балжинням буух гэсэн чинь нэг залуу гаднаас нь хаалга барьчихаад буулгахгүй байсан. Балжинням хаалга яаж онгойлгосонг мэдэхгүй байна. Би бол машинд сууж байсан. Балжинням ална шүү пяздаанууд минь гээд гүйлдээд байсан. Балжиннямыг буцаад ирж байхад би машинаас буугаад Балжинням, Цэвээндарь хоёрыг машинд суулгаад хөдлөөд явсан. Баруун дөрвөн зам ороод явж байхад Билгүүнээ Балжинням руу утсаар залгаад намайг хутгалчихсан байна гээд яриад байсан би урд талд суугаад явж байсан болохоор мэдэхгүй байна. Балжинням голын нугасанд сууж байгаад урд талын хайрагчаас юм хайж байгаад машинаас буугаад явсан. Юу авч гарсныг хараагүй...” гэжээ /хх-20/.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаар акт:

1. Г.Билгүүний биед зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учиржээ.  

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ХЗДХС, ЭМЯ-ны А-216/422 тоот тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ердийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-25/. 

  Шүүгдэгч Б.Балжинням мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Мөнгөн завъяагийн автобусны буудалд дээр зогсож байхад замын эсрэг талаас старикстэй залуучууд зогсож бай гэхээр нь цагдаа нь гар гэж байгаа юм байх гэж бодод хөдлөөд явсан. Тэгсэн нөгөө залуучууд жолооч талаар зам хаагаад зогсоосон. Тэгсэн машинаас хэдэн залуучууд бууж ирээд өндөр биетэй залуу нь Цэвээндарийн талаар очоод хаалгыг чанга чанга цохиод онгойлгох гээд байхаар нь би буух гэсэн чинь Билгүүнээ хаалга таглаад зогсож байсан. Хаалга онгойлгоод гарах гэсэн чинь Билгүүнээ чи байж бай гээд гаргахгүй байсан. Тэгсэн  Цэвээндарь машинаас буугаад өндөр залуутай маргалдаад байхаар нь би машины урд талын хайрцагт байсан шар өнгийн бариултай хутгыг нь аваад Цэвээндарь дээр очсон чинь нөгөө өндөр залуу цаашаа Мөнгөн завьяа чиглэлд зугтаасан. Араас нь хэсэг хөөж байгаад эргэж ирээд Билгүүн рүү очсон чинь Билгүүн өөдөөс зүгээр бай чи гэхээр нь түлхсэн чинь гарт байсан хутгаараа зүсчихсэн. ...Хутгыг тэр өдрөө тэр газраа хаяад явчихсан одоо надад байхгүй. ...Билгүүн бид хоёрын дунд өс хонзон, өр авлага байхгүй...” гэжээ /хх-38-39/.      

Мөн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-48, 69-70/, хохирогчийн гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-96/ зэргийг шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд прокуророос шүүгдэгч Б.Балжиннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж хөнгөрүүлэн зүйлчлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч Б.Балжиннямын үйлдэлд танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл уг маргаан нь нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй, тодорхой сэдэлттэй, өөрөөр хэлбэл түүний явж байсан микрог хөдөлгөөнд оролцон явж байхад нь старикс маркийн машинтай залуучууд гүйцэд түрүүлэн урд талаар нь хааж зогсоогоод 3-4 залуучууд бууж ирэн, хэрүүл, маргаан эхлүүлсэн бөгөөд тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсч, хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас уг гэмт хэрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Балжинням нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Балжинням нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн 406 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа дуусан байх тул түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Г.Билгүүн гомдол, саналгүй, нэхэмлэх зүйлгүй гэснийг дурьдав.

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, мөн хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Б.Балжиннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Их зуутраг овгийн Баатарын Балжиннямыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Балжиннямд 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Балжиннямд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Балжиннямд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Балжиннямд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН

 

                        ШҮҮГЧИД                                С.БАТГЭРЭЛ

 

                                                                                       С.БАТЖАРГАЛ