| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0197/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/322 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/322
2025 01 28 2025/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Б.Мөнхтулга,
хохирогч З.Ж,
шүүгдэгч А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигин овогт Адъяатын Өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403 00238 3848 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ********* мэргэжилтэй, ********** цехед туслах ажилтан ажлтай, ам бүл 9, аав, ээж, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг ******** дүгээр хороо ************ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ************ овогт А-ын Ө /РД:*************/.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2403 00238 3848 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч З.Жы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5428 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-52-р хуудас/,
Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 134 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-65-р хуудас/,
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Эстимейт үнэлгээний хөрөнгийн тайлан /хх-ийн 136-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-88-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Ө шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгч А.Ө нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шөнийн 05 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэр ********** тоот хашааны ойролцоо байрлуулсан *******улсын дугаартай Киа 5 загварын тээврийн хэрэгсэл өнхөрч хохирогч З.Жы өмчлөлийн монгол гэрийг мөргөж улмаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч А.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Хохирогч З.Жы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой гэртээ 18 цагийн үед ирээд хоол ундаа идэж уугаад ганцаараа амрахаар гэрийнхээ ертөнцийн зүгээр зүүн талд байрлах орон дээр 20 цаг өнгөрөөд унтаж амрахаар хэвтсэн юм би шөнөдөө нэг удаа сэрж бие засдаг юм. 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өприйн үүрийн 03 цагийн орчим сэрээд гэртээ бие засчихаад буцаад хэвтсэн тэгээд хэсэг унтсан байсан цагийн санахгүй байна гэнэт “сүр” гэх чимээ гарах шиг болсон хэсэг ухаан алдсан В болсон нэг сэрхэд “Ахаа яасан бэ гээд хажуу айлын банди байсан нэрийг нь мэдэхгүй одоо санахад Өсөхөө гэх хүүхэд байсан Тэр хүүхэд анх намайг сэргэхэд миний хажууд байсан өөр хүн байгаагүй тэр хүүхэд удалгүй намайг өргөөд гэрлүүгээ явж байхад нь ээж нь бололтой эмэгтэй хүн өөдөөс ирээд хамт намайг өргөөд гэртээ оруулсан. Тэр үед би гараараа толгойгоо барьж үзэхэд миний зүүн талын шанаа болон чих хэсгээс цус гоожиж байсан би гэрээсээ дан ганц түрсиктэй гарсан тухайн үед гэрт байсан хүмүүс 5-6 орчим хүн байсан санагдаж байна. Тэр хүмүүс нийлээд миний толгойноос гарч байсан цусыг арчиж тогтоосон эхнэр нь бололтой хүн түргэн дуудъя гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд удалгүй түргэн ирээд намайг авч яваад гэмтлийн эмнэлэгт хүргэсэн тухайн үед чихээ оёулаад эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоогоор миний биед өвчин их өдөр бүр боолт хийлгэж байгаа, биеийн байдлаас болж ажил төрөл хийж чадахгүй байгаа, хэвтрийн дэглэм сахиж байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ амарч байхад манай нөхөр гадаа чимээ гарлаа гэж хэлсэн. Тэгээд хүү Өг гараад хараадах гэж хэлсэн тэгээл Ө гэрээд гараад байшингийн урдуур харчлаа ямар нэгэн юм алга гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаагаад гар хойшоо хараач машин тэрэг чинь хойно байгаа биздээ гэж хэлсэн. Тэгээд Ө гэрээс гараад байшингийн хойно үзсэн бололтой орж ирэхдээ Ааваа машин доод айл руу өнхрөөд орчихсон байна гэж хэлээд ороод ирсэн тэгээд буцаж гараад доод айл руу өнхрөөд орчихсон байна гэж хэлээд ороод ирсэн тэгээд буцаж гараад доод айлын Ж ахыг хөтлөөд гэрт орж ирсэн тэр үед Ж гэх хүний зүүн талын чих нь урагдсан байдалтай байсан цус гараагүй байсан. Тэгээд би 103 дугаар залган эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, удалгүй эмнэлэг ирээд гэмтлийн эмнэлэг орсон. Би өөрийн хүү Өгийн хамт явсан. Ж гэх хүн гаднаас Өтай орж ирэхдээ түрсиктэй хар өнгийн пүүзтэй байсан өөр хувцас байгаагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5428 дугаартай “З.Жы биед гавлын зүүн суурийн хөндий, суурь, яс хүртэл үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн хацрын нум, хацар ясны дээд хэсэг, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хоншоорын хөндийн урд, гадна хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн чихний язарсан шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:
А.Ө нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шөнийн 05 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн ****** дүгээр хорооны нутаг дэвсгэр *********** тоот хашааны ойролцоо байрлуулсан *******улсын дугаартай Киа 5 загварын тээврийн хэрэгсэл өнхөрч хохирогч З.Жы өмчлөлийн монгол гэрийг мөргөж улмаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
А.Ө нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бусдад аюул учруулахгүй байх нөхцлийг хангах ёстой боловч тус үүргийг биелүүлээгүйгээс тээврийн хэрэгсэл өнхөрч хохирогчийн гэрийг мөргөж хохирогч З.Жы эрүүл мэндэд учирсан хүнд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон тул А.Өг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч З.Жаас баримтаар нэхэмжилсэн хохирлоос 4,494,248 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Өаас гаргуулж хохирогч З.Жд олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч З.Жаар энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа болон цаашид энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд А.Өаас нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ......... төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Ө нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон эрүүгийн хариуцлагын талаар “... тусгайлан санал гаргаагүй...” болно.
Шүүгдэгч А.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
А.Өы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.Өы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ********** овогт А-ын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өыг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Өд оногдуулсан торгох ялыг нэг (1) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хохирогч З.Жд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 4,494,248 төгрөгийг А.Өаас гаргуулж хохирогч З.Жд олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч З.Ж энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа болон цаашид энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд А.Өаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ