| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00885/И |
| Дугаар | 142/ШШ2018/01053 |
| Огноо | 2018-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2018/01053
| 2018 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 142/ШШ2018/01053 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Г
Нэхэмжлэгч: Д.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Д холбогдох
19 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* 2016 оны 9, 10-р саруудад *******гийн гуйлт, хүсэлтийг үндэслэн өөрийн тогтмол харилцаж туслалцаа авдаг ломбард ажиллуулдаг *******аас 6 400 000 (Зургаан сая дөрвөн зуун мянган) төгрөгийг сард 10 хувийн хүүтэйгээр зээлж авч өгсөн юм. Түүнээс хойш ******* нь зээлж авсан мөнгө болон хүүг өгөхгүй удаа дараа худал ярьж Улаанбаатарт байр зарж өгнө, цалингийн зээл аваад өгнө, хөдөөнөөс мал, мах авчирч зараад өгнө гэх мэтчилэн элдэв янзын шалтаг, шалтгаан тоочиж 21 сар өнгөрөөд байхад зээлсэн мөнгө, хүүг өгсөнгүй. Тухайн үедээ өөрийн хэрэгцээ шаардлагыг хангаж мөнгийг хэрэглэсэн боловч хугацааг явуулж намайг маш хүнд байдалд оруулж хохироосон. Иймд *******гаас түүний зээлж хэрэглэсэн 6 400 000 (Зургаан сая дөрвөн зуун мянган) төгрөг, 21 сарын хүү болох 13 440 000 (Арван гурван сая дөрвөн зуун дөчин мянган) төгрөг, нийт 19 880 000 (Арван есөн сая найман зуун наян мянган) төгрөгийг гаргуулж хохирлыг бүрэн барагдуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ******* миний бие өөрийн биеэр *******д дансаар болон бэлнээр өгсөн мөнгө, Д.Энхцацралд хүүнд төлсөн зэрэг 13 220 000 төгрөгийг нэхэмжилнэ. Хамтран нэхэмжлэгч ******* үндсэн мөнгө 3 700 000 төгрөг, хүү 2 960 000 төгрөг нийт 6 660 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нарыг бүрэн төлөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 9 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Нэхэмжлэгч Д.Энхцацралын 6 660 000 төгрөгийн шаардлагыг дэмжиж оролцоно гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: 2016 оны 09 дүгээр сард хүүхэд хичээлдээ явж чадахгүй байна мөнгө байна уу? гэхэд Галмандах эгч надад 1 000 000 төгрөгийг хүнээс аваад өгье гээд харин 100 000 төгрөгийг нь авлаа гээд охиноор 900 000 төгрөг өгч явуулсан байсан. Дараа нь би нилээн өртэй цалингийн зээл аваад өгчих гэхэд нь би 1 450 000 төгрөгийн Капитал банкинд зээлтэй гэхэд би хаагаад өгье гээд хамт явж хаасан. Тэгээд миний нэр дээр зээл авах гэж хөөцөлдөөд ажилд ороод удаагүй гээд зээл гараагүй. Энэ хооронд Галмандах эгч тэтгэвэртээ гарч Америк яваад 2017 онд ирсэн. Энэ хооронд үнэхээр би мөнгийг нь өгч чадаагүй. Тэгээд бид хоёр уулзаад мөнгө авсан хүн дээр очъё чи гарын үсэг зураадах би өөрөө бас 10 гаран сая төгрөгийн өртэй хэцүү байна гэхэд би дагаж очиж 3-17 байрны үйлчилгээний төв рүү харсан ломбарданд орж уулзаад бүх авсан мөнгийг нийлүүлээд бичлээ гээд 3 700 000 төгрөгийн гэрээг 2017 оны 10 дугаар сард миний бие өөрийнхөө нэрээр бичүүлж авсан. Өрөндөө мах авах уу гэтэл аваагүй. Харин 1 ямаа, 1 хонь авсан. Галмандах эгч 2018 оны 04 дүгээр сард утсаар яриад чи гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь очиж гарын үсэг зурсан. Би хүнээс мөнгө авсан ч ийм их хэмжээний мөнгийг аваагүй. Би энэ хүний нэхэмжилсэн ийм их мөнгө төлж чадахгүй. Харин өөрийнхөө хэрэглэсэн 2 700 000 төгрөг, 1 000 000 төгрөг нийт 3 700 000 төгрөгийг төлнө гэдгээ хэлэх байна гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний цалинг буруу тооцсоноос өргөдөл гаргаж өгсөн байсан. Галмандах эгч тэтгэвэрт гарах болсон учраас өргөдлөө буцаагаад авчих эгч нь тусална гэж байсан. Би үнэртэй усыг нь зарж өгч байсан. Капитал банкны 1 450 000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт гэж авсан 1 000 000 төгрөг, үнэртэй усны мөнгө 250 000 төгрөг нийт 2 700 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. *******аас мөнгө аваагүй. Галмандах эгч өөрөө аваад энэ хүнд төлөх төлбөртэй гээд надаар гарын үсэг зуруулсан. Улаанбаатар хотод байр зарна гэж хэлж байгаагүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 19 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хариу тайлбар ирүүлсэнтэй холбоотойгоор хамтран нэхэмжлэгчээр Д.Энхцацралыг оролцуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан байна.
Д.Энхцацрал өөрийгөө бүрэн төлөөлж, хариуцагч *******гаас 11 840 000 төгрөг гаргуулах итгэмжлэлийг *******ад, *******, Д.Энхцацрал нар шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг *******д 3 жилийн хугацаатай олгосон байна.
Нэхэмжлэгч *******ын хамтран нэхэмжлэгчээр Д.Энхцацралыг оролцуулах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнийн хамтран нэхэмжлэгч нэмж оруулах тухай хүсэлтийг дэмжиж байгаа тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хамтран нэхэмжлэгчээр Д.Энхцацралыг оролцуулах тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн болно.
Хамтран нэхэмжлэгч нарыг төлөөлж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д олгосон итгэмжлэл нь хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон нэхэмжлэгч ******* нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан хариуцагч *******гаас нэхэмжлэгч Д.Энхцацрал 6 660 000 төгрөг, ******* 13 220 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт 8 030 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Хариуцагч ******* Д.Энхцацралаас мөнгө зээлж аваагүй тул үүрэг хүлээх үндэслэлгүй, *******ад 2 700 000 төгрөгийг төлнө үлдсэн мөнгийг хариуцахгүй гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч ******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 6 400 000 төгрөг, хүүний төлбөр 1 280 000 төгрөг, үнэртэй усны мөнгө 350 000 төгрөг нийт 8 030 000 төгрөг гэж, мөн нэхэмжлэгч Д.Энхцацрал түүний төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: үндсэн зээл 3 700 000 төгрөг хүүний төлбөр 2 960 000 төгрөг нийт 6 660 000 төгрөг гаргуулна гэж тайлбарладаг.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: *******аас 6 400 000 төгрөгийг зээлж аваагүй, харин Капитал банкны зээл чөлөөлөхөд 1 450 000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт 1 000 000 төгрөг үүнээс 100 000 төгрөгийг суутгасан байсан боловч 1 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, үнэртэй усны мөнгө 250 000 төгрөг нийт 2 700 000 төгрөг төлнө. Чамд өгсөн мөнгө хүнээс авч өгсөн мөнгө байсан гээд ломбарданд дагуулж очоод 3 700 000 төгрөгийн баримтанд гарын үсэг зуруулсан, Д.Энхцацралаас 3 700 000 төгрөгийг аваагүй. Дараа нь гар гараа дагна дахин гэрээ хийх шаардлагатай гээд 2 700 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулж авсан. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд зурсан гарын үсэг бол минийх мөн боловч 6 400 000 төгрөг гэж байгаагүй, дээрхи бичвэр эвлүүлэг, канондсон байна. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулаагүй, гэрээнд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан тул тэр өдрийн огноог бичсэн гэж тайлбарлаж байна.
*******, ******* нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй боловч 6 400 000 төгрөгийг *******д хүлээлгэн өгсөн гэж үзнэ. Хэдийгээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэж огноолсон байх боловч 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч ******* гарын үсэг зурсан болох нь хэрэгт ирүүлсэн зээлийн гэрээнүүдээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ. Зохигчдын хооронд зээлийн гэрээ 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй, хожим нь нөхөж хийсэн гэрээ гэж шүүх дүгнэсэн тул хүү авах эрхээ нэхэмжлэгч ******* алдаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага болон тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад үнэртэй усны мөнгийг нэхэмжлэгээгүй байх тул 350 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч ******* 6 400 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй 2 700 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан, миний гарын үсгийг ашиглан эвлүүлсэн зээлийн гэрээгээр мөнгө шаардаж байна гэж мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэгч *******аас гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд /2 ширхэг/ шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй, тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч Д.Энхцацрал түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээ гэсэн баримтыг үндэслэн хариуцагч *******гаас 6 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч иргэн Д.Энхцацрал эсвэл Элбэг мөнх ХХК, Элба мөрөн ХХК-г алийг нь төлөөлж Д.Энхцацрал нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Энхцацралын эрх зүйн байдал тодорхойгүй байх бөгөөд *******ад төлөөлүүлэх эрх олгосон итгэмжлэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус итгэмжлэл гэж үзнэ.
Иймд хариуцагч *******гаас 6 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагас 6 820 000 төгрөг, шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.Энхцацралын 6 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 257 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 117 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 6 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 820 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Энхцацралын 6 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 117 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах бусэрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ