| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2025/0016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/81 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/81
2025 01 06 2025/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Ц.Чингүүн,
өсвөр насны шүүгдэгч С.Б, түүний хууль ёсны төлөөлөгч П.С, тэдгээрийн өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигон овогт Сгийн Бд холбогдох эрүүгийн 2406 06038 3398 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ********** коллежид суралцдаг, ам бүл 6, өвөг эцэг, эмэг эх, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ********** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
********* овогт Сгийн Б /регистрийн дугаар: ***********/,
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан 2 цогцолборын орчим хохирогч Д.Эыг “согтуугаар автомашин жолоодох гэлээ” гэсэн шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамарт зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч С.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2406 06038 3398 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 8, 11-р хуудас/,
Гэрч Д.Э-дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10867 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч С.Бий нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 50-51-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 54, 59-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Чингүүн шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан 2 цогцолборын орчим хохирогч Д.Эыг “согтуугаар автомашин жолоодох гэлээ” гэсэн шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамарт зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Өсвөр насны шүүгдэгч гэм буруугийн талаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруугийн талаар “...мэдүүлэг зүйлгүй...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* цогцолборын орчим хохирогч Д.Эын биед “согтуугаар автомашин жолоодох гэлээ” гэх шалтгаанаар халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамарт зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь
Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед найз Бтэй Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, Зайсан 2 дээр өөрийн цагаан өнгийн Гранд марк-2 *****гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Зайсан 2 дээр гараад машинаасаа буугаад бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд байж байтал манай эхнэр Н ирээд миний машиныг түрүүлээд аваад явсан. Тэгээд би Бий хамт араас нь алхаад явж байсан. Тэгээд нэг мэдэхэд би гэрийнхээ гадаа буюу Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, ***** тоотод ирчихсэн, Б миний машиныг авч явна гээд манай эхнэр түлхүүр өгөхгүй гэтэл Б миний машины салхины шил хагалчихсан. Би юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Оройноо гэмтэл ороод үзүүлтэл миний баруун нүдний ухархайн яс хугарчихсан, хамар хугарсан байсан. Миний баруун нүдний ухархай цуурсан, хамар хугарсан амаа ангайхаар зүүн талын шанаа хөндүүрлэж өвдөж байгаа. Тухайн гэмтлийг Б учруулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би та хоёр согтуу байна би жолоог чинь бариад гэр лүү чинь оруулчихъя гэсэн чинь Э жолооны хойно суучхаад буухгүй байсан. Б “чи согтуу байж жолоогоо барьж яах гээд байгаа юм” гэж хэлээд нүүрэн хэсэг рүү нь 3-4 удаа атгасан гараараа цохиод хацар хэсэг рүү нь алгадсан чинь хамраас нь цус дусаад машины голын хайрцаг нь цус болчихсон байсан. Арагшаа суу гээд суудлаас нь татаж буулгасан. Эыг ард талын суудал дээр суулгаад Бийг үлдээгээд машиныг нь унаад гэрийнх нь урд байдаг саадын өмнө ирж зогсоод байж байтал Эын ээж залгаад Э гэртээ ирчихлээ хүнд зодуулсан байна гээд надтай ярьсан...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №106867 дугаартай “Д.Эын биед баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамар зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Тогтоогдсон үйл баримт болох С.Б нь Д.Эын нүүр хэсэгт нь гараар 3-4 удаа цохих, алгадах зэргээр халдсан нь гэм буруу санаатай хэлбэр гэж үзнэ.
Тодруулбал, С.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийн нүүр лүү нь гараар цохих, алгадах үйлдэл хийх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл, сүйтгэл үүсэж болохыг урьдчилан ухамсарлан ойлгож мэдсэн, мэдсээр байж үйлдлээ хэрэгжүүлсэн байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Эын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь түүний мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрч нар шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч С.Бий халдсан гэх цаг хугацаанд Д.Э нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гаргаж, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг С.Б учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдохгүй байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10867 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Д.Эын биед учирсан гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлсон гэмт хэргийн хохирол, хор уршиг бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо үүсжээ.
Иймд С.Бий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй ба тэрээр шүүгдэгч С.Бээс 500,000 төгрөг авсан, хохирол нэхэмжлэхгүй гэх хүсэлт /хх-ийн 11, 72-р хуудас/-ийг гаргасан байх тул шүүгдэгч С.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Д.Э энэ гэмт хэргийн улмаас цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Б, түүний хууль ёсны төлөөлөгч П.С нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Өсвөр насны шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих ял оногдуулах саналтай байна...” гэх,
Өсвөр насны шүүгдэгч С.Б, түүний хууль ёсны төлөөлөгч П.С нар нь эрүүгийн хариуцлагын талаар “...Хэлэх зүйл байхгүй...” гэх,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “...Манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулж байгаагүй. Анх удаагаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн тодорхой хэмжээний буруутай үйлдлийн улмаас тус гэмт хэрэг гарсан талаар шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд харагдаж байна. Хохирогчийн зүгээс ямар нэгэн хохирлын нотлох баримт гаргаагүй хэдий ч сайн дураараа 500,000 төгрөгийг хохирол, төлбөрт төлж барагдуулсан. Манай үйлчлүүлэгч С.Б нь холбогдсон гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нь тодорхой харагдаж байгаа бөгөөд өөртөө дүгнэлт хийж байгаа нь мөн адил харагдаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлсэнтэй холбогдуулж гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Дөнгөж амьдралд хөл тавих гэж байгаа, гэр бүлийнхнээ харж хандах зорилгоор коллежид суралцаж байгаа зэрэг хувийн байдал, ирээдүйг нь бодож нэг удаа боломж олгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
С.Б нь 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн байх ба тэрээр хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 17 нас 22 хоногтой байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон.
Өсвөр насны шүүгдэгч С.Бий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болох “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт Сгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Бийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Бийг өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, өөрийн оршин суух газраас суралцаж буй сургууль /коллеж/-ийн хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй..
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Д.Э нь энэ гэмт хэргийн улмаас цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох өсвөр насны шүүгдэгч С.Б, түүний хууль ёсны төлөөлөгч П.С нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР