| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0027/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/158 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/158
2025 01 14 2025/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч М.Сүхчулуун,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Ц.Бд холбогдох 2406000001310 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, "Д" захын "С" сүлжээ хүнсний дэлгүүр дотор кассын хажуу талд байрлах лангууны тавцан дээр байсан хохирогч Г.Мын өмчлөлийн 1,250,000 төгрөгийн үнэтэй "Айфоне 12 про" загварын, 640,000 төгрөгийн үнэтэй "Самсунг эс-21" загварын 2 ширхэг буюу нийт 1.890.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2406000001310 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 00 цаг 36 минутын орчимд Баянзүрх Дүүргийн 24 дүгээр хороо "С" сүлжээ дэлгүүр дотор ажлаа хийж байгаад өөрийн "Самсунг эс-21" болон "айфоне-12про" загварын гар утсаа кассны хажуу талын тавиур дээр тавьж орхиод ээлжээ хүлээлцэж авчаад эргэж гар утсаа тавьж орхисон газраасаа гар утаснуудаа авах гэтэл миний өөрийн эзэмшлийн "Самсунг эс-21" болон "Ай фоне-12про" загварын гар утаснууд байхгүй болчихсон байхаар нь Дэлгүүрийнхээ хяналтын камерыг шүүж үзэхэд манай дэлгүүрээр орж ирээд гарсан 30 орчим насны цэнхэр цамцтай, цагаан өмдтэй, бор царайтай эрэгтэй хүн миний давхарлаж тавиад үлдээсэн "Самсунг эс-21" болон "Айфоне-12 про" загварын гар утаснуудыг хулгайлж аваад худалдан авалт хийхгүйгээр гараад явсан байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. "Айфоне-12про" загварын цагаан өнгийн гурван камертай дэлгэцэн дээрээ эмэгтэй хүний нуруугаа харуулсан зурагтай цагаан өнгийн резинэн кэйстэй гар утас байсан. 2019 онд БНСУ-с 2 сая төгрөгөөр авч байсан, ......................, ...................... гэсэн имэйтэй, "Самсунг эс-21" загварын гар утсыг өөрийн ээж Энхтуяагаас 2022 оны орчимд бэлгэнд авч байсан хар өнгийн резинэн кэйстэй ягаан өнгийн гар утас байсан эвдрэл гэмтэл онцлог содон шинж тэмдэггүй гар утас байсан имэй кодыг мэдэхгүй байна. Миний алдсан ай фонэ 12 загварын гар утсанд юнителийн ...................... гэсэн миний өөрийн нэр дээр бүртгэлтэй дугаар, "Самсунг эс-21" загварын гар утсанд Скайтелийн ...................... гэсэн дугаарууд ашиглагдаж байсан. Тухайн орчинд хяналтын камер байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Сэжигтэн Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 05 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо "......................" хотхонд байрлах ажлаасаа 23 цагийн үед тараад ажлынхаа хажуу талын төв замаас такси бариад гэрлүүгээ явах замдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Д" захын баруун талд байх "С" дэлгүүрийн үүдэнд сууж явсан таксигаа түр зогсоогоод би тэр "С" дэлгүүр лүү идэх юм авах гэж ороод идэх юм сонирхож үзэхэд олигтой идчихмээр зүйл байгаагүй тул гарах гэж байхдаа тэр "С" сүлжээ дэлгүүрийн нэг тавиур дээр цагаан өнгийн "Айфоне" загварын 3 камертай дэлгэцэн дээрээ эмэгтэй хүний зурагтай гар утас байхаар нь хүн утсаа мартаад орхиод явчихсан юм байна гэж бодоод тэр гар утсыг аваад дэлгүүрээс гарч явсан. Би 2024 оны 05 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт байрлах "С" сүлжээ дэлгүүрт ороход тавиур дээр нь 1 ширхэг "Айфоне" загварын 3 камертай гар утас байхаар нь тэр утасны эзэн нь орхиод мартаад явсан байх гэж бодоод аваад гарч явсан. Тэгээд тэр "Айфоне" загварын цагаан өнгийн гар утсыг аваад Баянзүрх дүүрэг 24 хороо ...................... тоот гэртээ очоод симны суурыг нээж үзхэд сим карт байгаагүй. Би Баянзүрх дүүрэг 24 хороо ...................... тоот хаягт байх өөрийн найз Батжаргалын гэрт 2024 оны 05 сарын 12-ны өдөр нүүж очоод одоог хүртэл амьдарч байгаа тухайн хаягт байх найз Батжаргалын 5 ханатай гэрийг худалдаж авахаар найзтайгаа ярьж байгаа цаашид энэ хаягт байнгын амьдарна. Би 2024 оны 05 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт байрлах "С" сүлжээ дэлгүүрт ороход тавиур дээр нь 1 ширхэг "Айфоне" загварын 3 камертай гар утасны эзэн нь байхгүй эргэн тойронд эзэн нь байхгүй байсан тул олсон хүн олзондоо хаясан юм хаяандаа гэж бодоод аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ий дүгнэлт: "Айфоне 12 про" загварын гар утсыг 1 250 000 төгрөгөөр, "Самсунг эс-21" загварын гар утсыг 640 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна” /хх-ийн 23 дугаар хуудас/
2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “Хэргийн газраас бэхжүүлж авсан 1 ширхэг диск байсныг Windows 10 pro компьютерт уншуулж нээхэд "1" гэх бичэглэлтэй файл байсныг нээж 10 минут 32 секундын хяналтын камерын бичлэг тоглуулж үзэхэд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "......................" сүлжээ дэлгүүрийн дотор талын хэсгийн харуулсан дүрс бичигдсэн байгаагаар дүрс бичлэг эхлэв. Дүрс бичлэгийн 00 цаг 45 минутанд хар өнгийн гутал хувцастай хар өнгийн үстэй 20 орчин насны эрэгтэй дүрс бичлэгийн баруун гар талд байрлах цагаан өнгийн тавиур дээр гар утас гарган тавьж байгаа дүрс бичлэг бичигдсэн байх бөгөөд тухайн дүрс бичлэгийн 00 цаг 53 минутанд "......................" сүлжээ дэлгүүрийн хаалгаар 30 орчим насны хар өнгийн гутал, цайвар цэнхэр өнгийн цамц, тод цэнхэр өнгийн гадуур хувцас бүхий бор өнгийн царайтай богино үстэй эрэгтэй хүн үйлчилгээний хэсгээр явж байх бөгөөд дүрс бичлэгийн 00 цаг 54 минутанд дүрс бичлэгийн 00 цаг 45 минутанд хар өнгийн гутал хувцастай хар өнгийн үстэй 20 орчин насны эрэгтэй дүрс бичлэгийн баруун гар талд байрлах цагаан өнгийн тавиур дээр үлдээсэн гар утсыг баруун гараараа авч өмсөж явсан хувцасны арын халаасанд хийж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв” /хх-ийн 34-38 дугаар хуудас/
Яллагдагч Ц.Бгээс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр "Айфоне 12 про" загварын гар утас хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-43 дугаар хуудас/
Яллагдагч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо "......................" хотхонд байрлах ажлаасаа 23 цагийн орчимд тараад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Д"-н баруун талын ...................... сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж хоол идэх зорилгоор орсон. Тухайн үед уг С сүлжээ дэлгүүрийн сул ширээн дээр "Айфоне-12" загварын гар утас болон "Самсунг эс-21" маркийн гар утас байхаар нь хүн үлдээгээд явсан байна гэж ойлгоод тухайн хоёр гар утасыг олсон гэж бодоод авсан. Тэгээд би тухайн хоёр гар утасны ягаан өнгийн "Самсунг эс-21" загварын гар утасыг нь Монтел"-д явуулын үл таних хүнд 250.000 төгрөгөөр худалдсан. Харин "Айфоне-12" загварын гар утас нь надад байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 14-ны орой цагдаагийн байгууллагаас утсаар холбогдох үед нь аваачиж өгсөн. Би өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж байгаа, хохирогчийн хохиролыг бүрэн барагдуулсан. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Гэрч М.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.Мыг танина. Надтай хамт "С 262, "Д" сүлжээ дэлгүүрт ажилладаг. Намайг 2024 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "......................-262 "Д" салбарт ажилтай байх үед менежер Г.М ажилдаа орж ирэх үедээ кассны ширээний гадна талын тавцан дээр нь өөрийн "Айфоне" маркийн болон "Самсунг" маркийн 2 ширхэг гар утасыг давхраар нь үлдээчихээд хувцас солих өрөө рүү орохыг нь харсан. Түүнээс хойш миний бие ажлаа хийж байх үед хэсэг хугацааны дараа менежер М гар утас нь алга болсон байна гээд миний 86757971 дугаарын утаснаас өөрийнхөө алга болсон гэх гар утсанд байсан ...................... дугаарын утас руу 1 удаа залгахад дуудлага авсан боловч ярихгүй байна гээд тасалсан талаар надад хэлж байсан. Би менежер Мын гар утсыг ямар хүн авсан талаар нь мэдэхгүй байна. Манай менежер М нь ажлын байран дээр байхдаа хоёр ширхэг гар утас ашигладаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,
Хохирогч Г.Мын бичгээр гаргасан “...1 утсыг буцааж авч, 2 дахь утасныхаа хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27, 29-31, 84, 90-92, 96-103/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, "Д" захын "С" сүлжээ хүнсний дэлгүүр дотор кассын хажуу талд байрлах лангууны тавцан дээр байсан хохирогч Г.Мын өмчлөлийн 1.250.000 төгрөгийн үнэтэй "Айфоне 12 про" загварын, 640.000 төгрөгийн үнэтэй "Самсунг эс-21" загварын 2 ширхэг буюу нийт 1.890.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ий дүгнэлт: "Айфоне 12 про" загварын гар утсыг 1 250 000 төгрөгөөр, "Самсунг эс-21" загварын гар утсыг 640 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна” /хх-ийн 23 дугаар хуудас/
2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-38 дугаар хуудас/
шүүгдэгч Ц.Бгээс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр "Айфоне 12 про" загварын гар утас хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-43 дугаар хуудас/
шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
гэрч М.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,
хохирогч Г.Мын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааснаар өмчлөх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж, мөн бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан буюу эд зүйлийг авснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Бгийн хувьд 2024 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, "Д" захын "С" сүлжээ хүнсний дэлгүүр дотор кассын хажуу талд байрлах лангууны тавцан дээр байсан хохирогч Г.Мын өмчлөлийн 1.250.000 төгрөгийн үнэтэй "Айфоне 12 про" загварын, 640.000 төгрөгийн үнэтэй "Самсунг эс-21" загварын 2 ширхэг буюу нийт 1.890.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хохирогч Г.Мын айфонэ 12 про макс утсыг биет байдлаар буцаан өгсөн /хх-ийн 43/, Самсунг эс 21 загварын гар утасны төлбөр болох 600.000 төгрөгийг бэлнээр төлсөн /хохирогч Г.Мын мэдүүлэг хх-ийн 77-78 дугаар хуудас/ тул шүүгдэгч Ц.Бг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “....шүүгдэгч Ц.Бд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг шаардлагууд хангагдсан тул шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах шаардлагагүй байна.
Харин шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл, шаардлагуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэж 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой.
Ингэхдээ шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах ба мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид санууллаа.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг флаш дискийг хэрэгт хэвээр хагалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Бг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР