Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,  

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Р.Энхдаваа, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Равжирын Энхдаваад холбогдох эрүүгийн 201725030213 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Равжирын Энхдаваа, 1982 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 27 дугаар гудамж 697 тоотод оршин суух хаягтай,

Хэнтий аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 139 дүгээр Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгийн торгох ялаар,

 Хэнтий аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 61 дүгээр Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар СО82110715.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Р.Энхдаваа шунахайн сэдэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 11-176 тоотод оршин суух иргэн Д.Энх-Эрдэнийн өвлийн байшингийн түлхүүрийг амбаарын хулдаасан  дороос авч онгойлгон орж Самсунг брендийн 43 инчийн LCD /Эл Си Ди/ зурагтыг хулгайлж, 350.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                     

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Р.Энхдаваа шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.     

Хохирогч Д.Энх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 7-ны орой гэртэй шөнө 23 цаг өнгөрч байхад ирээд гэрийн түлхүүр байсан газраас түлхүүрээ аваад гэрээ онгойлгоод гэртэй ороод гэрлээ асаагаад хартал том өрөөний баруун гар талд байрлах зурагтын тавиур дээр байсан 43 инчийн самсунг брэндийн хар өнгийн Эл Си Ди зурагт байхгүй болохоор нь ээж Наранцэцэг рүү залгаад зурагт авсан уу чинь шууд цагдаа дууд гэж хэлэхээр нь цагдаагийн 102 дугаарын утас руу залгаад дуудлага өгсөн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр намайг гэртэй ирэхээс өмнө өдрийн 12-15 цагийн хооронд манай дүү Э.Анужин, Б.Сумъяабазар нар гэрт ирж гэр цэвэрлэж байхад Э.Анужингийн аав  Р.Энхдаваа гэх манай ээжийн төрсөн дүү гэрт ирээд байж байгаад явсан гэж  хэлж байсан. Манай гэрийн хаалганы цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан...” гэжээ /хх-20-21/.

Гэрч А.Цогтгэрэл мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ээж Норжмаагийн гэрт ирж, ээжийгээ эргэж тойрчихоод тэдний гэрийн тэнд байдаг танил Бат-Отгоны гэрт мэнд мэдэхээр очоод гэртээ байхгүй болохоор нь доошоо Б.Амарсайхан ахын гэрт орж Амарсайхан ахтай би өөрийн авч явсан нэг шил 0.75 литрийн савлагаатай Ерөөл нэртэй архийг хувааж уучихаад тэдний гэрт унтаж байгаад сэрээд Амарсайхан ахад хэлчихээд гэрээс нь гараад доор зам дээрээс такси бариад өөрийн ажил болох 7 буудлын үсчний салон руугаа явсан. Амарсайхан ах бид хоёроос өөр хүн байгаагүй, намайг унтаад босоход Амарсайхан ахын том охин нь ирсэн байсан өөр хүн байгаагүй. Амарсайхан ах бид хоёрыг архи ууж байх хугацаанд бол А.Батболдтой цуг архи уугаагүй, Амарсайхан ах бид хоёр нэг шил архиа хувааж уугаад унтсан...” /хх 17-19/.

Дахин мэдүүлэхдээ: “...Манай гэрийн зурагт алдагдсан газар бол миний өөрийн эзэмшлийн гэр байгаа юм. Энэ байшин бол миний байшин. Манай нагац ах Р.Энхдаваа нь уг зурагтыг авч явах болон захиран зарцуулах эрх байхгүй. Би өөрийн гэрээс алдагдсан зурагтын өөрийн мөнгөөрөө худалдаж авсан...” гэжээ /хх-22/. 

Насанд хүрээгүй Э.Анужин мэдүүлэхдээ: “...Р.Энхдаваа нь миний аав байгаа юм. Би тэр өдөр эгч Наранцэцэг, ах Энх-Эрдэнийн гэрийг эргээд очиж гал түлчихээд ир гэхээр нь 12 цагийн үед гэрт нь очиж, гэрийнх нь түлхүүр хийдэг газраас түлхүүрийг нь аваад гэрт нь орж гал түлчихээд байж байсан чинь манай аав Энхдаваа гаднаас орж ирээд сайн уу, юу байна гэж хэлээд цай уучихаад Энх-Эрдэнэ ахын гражид мөнгө болчих төмөрний юм байна уу гээд асуугаад байхаар нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь юмыг яаж мэдэх вэ байж магадгүй гээд гражийг нь онгойлгоод орж үзчихээд байхгүй байна гээд гражийг нь цоожлоод түлхүүрийг нь оруулж ирж өгөөд гараад явсан. Тэгээд би гадаа хийж байсан ажлаа дуусгаад Энх-Эрдэнэ ахын гэрийг цоожлоод түлхүүрийг нь байдаг газар нь хийгээд, хашааных нь хаалгыг дээгүүр нь цоожлоод явсан...” гэжээ /хх-27/.

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-52-59/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/, оршин суух хаягийн тодорхойлолт “Баянзүрх дүүргийн 12-р хороо” /хх-60/, эд зүйлийн үнэлгээ /хх-17/, хохирогч Д.Энх-Эрдэнийн “Д.Энх-Эрдэнэ миний бие шүүгдэгч Р.Энхдаваад гомдол, санал байхгүй. Хохирлын 350.000 төгрөг хүлээн  авсан” гэх хүсэлт /хх-76, 82/  зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. 

Шүүгдэгч Р.Энхдаваа шунахайн сэдэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 11-176 тоотод оршин суух иргэн Д.Энх-Эрдэнийн өвлийн байшингийн түлхүүрийг амбаарын хулдаасан  дороос авч онгойлгон орж Самсунг брэндийн 43 инчийн LCD /Эл Си Ди/ зурагтыг хулгайлж, 350.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Энх-Эрдэнийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүд болон сэжигтэн, яллагдагчаар Р.Энхдаваагийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Р.Энхдавааг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Д.Энх-Эрдэнэ нь “…Р.Энхдаваад гомдол, санал байхгүй. Хохирлын 350.000 төгрөг хүлээн  авсан…” гэсэн болохыг дурьдав.

Шүүгдэгч Р.Энхдаваа нь Хэнтий аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 61 дүгээр Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаа нь дууссан байх тул түүнийг 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Р.Энхдаваад ял оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, түүнд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Равжирын Энхдавааг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Энхдаваад эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Энхдаваад оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН