| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2025/0010/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/85 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/85
2025 01 06 2025/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч М.Сумъяа,
шүүгдэгч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн 2406 05106 4063 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын ********* 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 10, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг ** дүгээр хороо, ********** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******** овогт Б-ны Ц /регистрийн дугаар: ***********/.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Ц нь Баянзүрх дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ********* олон улсын худалдааны төвийн хойд талд байрлах АТМ-д хохирогч Ж.Нын эзэмшлийн ********** дугаартай Хас банкны дансны 4987*********** дугаартай картыг уншуулж, 2 удаагийн гүйлгээгээр 650,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Цийг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2406 05106 4063 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,
Хас банкны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 56/4047 дугаартай албан бичиг /хх-ийн 18-р хуудас/,
Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 29/10712 дугаартай албан бичиг /хх-ийн 20-р хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26-р хуудас/,
Б.Цийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ /хх-ийн 43-45, 47-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Сумъяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Б.Ц нь Баянзүрх дүүргийн ****** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Н олон улсын худалдааны төвийн хойд талд байрлах АТМ-д хохирогч Ж.Нын эзэмшлийн ********** дугаартай Хас банкны дансны 4987************* дугаартай картыг уншуулж, 2 удаагийн гүйлгээгээр 650,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг,
Шүүгдэгч гэм буруугийн талаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруугийн талаар “...Миний дүү өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирогчийн хохирол, төлбөрийг барагдуулсан. Хохирогч нь өөрийн пин кодоо бичсэн картаа хүүхдэдээ өгсөн учраас хүүхэд нь тоглоомын талбай дээр хаяж явсан учраас манай дүү олж хэрэглэсэн. Хохирогч нь ямар нэгэн гомдолгүй гэх бичиг хийж өгсөн...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Манай үйлчлүүлэгч анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Б.Ц нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Н олон улсын худалдааны төвийн хойд талд байрлах АТМ-д хохирогч Ж.Нын эзэмшлийн ********** дугаартай Хас банкны дансны 4987************ дугаартай картыг уншуулж, 2 удаагийн гүйлгээгээр 650,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ж.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б бид хоёр хувийн ажлаар өөр тийшээ явах болж охин Ад би өөрийн Хас банкны ********** дугаарын данстай хар хөх өнгийн төлбөрийн картыг үлдээгээд хэрэгтэй зүйлээ аваарай гэж хэлээд яваад 00 цагийн үед нөхөр бид хоёр гэртээ ирсэн ба охин А нь нөхөр бид хоёрыг ирснээс хойш гэрт орж ирээд унтаж амарцгаасан. Гэтэл өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед дансаа шалгахад миний данснаас 400,000 төгрөг, 250,000 төгрөг нийтдээ 2 удаагийн гүйлгээгээр 650,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний 00:57-01:01 минутад Хаан банкны АТМ-ээс гүйлгээ хийгдсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн карт **** гэсэн кодтой байсан ба манай охин бид хоёр л мэддэг байсан. Өөр хүн мэдэхгүй. Бид хоёр өөр хүнд хэлж байгаагүй. Манай охиныг дэлгүүрт юм худалдаж авахад нь ойр хавьд нь байсан хүмүүс кодыг нь харсан байж магадгүй гэж бодож байна. Өөр мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ******* хотхоны ******* байрны гадаа тоглоомын талбайд тоглож байгаад чирнээлэн ягаан өнгийн ч юм шиг, хөх ч юм шиг өнгийн карт уг тоглоомын талбайд байх саравчны сандал доор байхыг харсан юм. Тэгээд газарт байх тэр картыг аваад хартал картынх нь ард талд 4 оронтой дугаар байсан ба би тэр тоонуудыг картны нууц код юм байна гэж бодоод Н олон улсын худалдааны төвийн ард талд байрлах Хаан банкны АТМ орсон. АТМ дээр очин эхлээд дансны үлдэгдлийг шалгаад үзтэл 650,000 орчим төгрөг байсан. Эхний удаад 400,000 төгрөг авах гээд картны ард талын кодыг хийгээд үзтэл 400,000 төгрөг гараад ирсэн. Дахин 1 удаа картыг нь АТМ-д уншуулан 250,000 төгрөг нийт 650,000 төгрөг авсан. Би тухайн мөнгийг аваад 2-3 хоног үрэхгүй байж байгаад үрж эхэлсэн. Ихэвчлэн идэх юманд зарцуулсан ба тухайн мөнгийг 20 орчим хоног хэрэглэсэн. Картыг нь АТМ-ээс мөнгө авсан өдрөө гадуур явж байгаад хаячихсан. Одоо тэр хүний хохирлыг нь барагдуулсан ба 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хас банкны ********** дугаартай Н гэх эзэмшилтэй данс руу шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг,
Хас банкны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 56/4047 дугаартай албан бичиг,
Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 29/10712 дугаартай албан бичиг,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ж.Нын картнаас хууль бусаар, нууцаар түүний эзэмшлийн 650,000 төгрөгийг уншуулан авсан үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.
Шүүгдэгч Б.Ц нь хохирогчийн картыг олж аван, бэлэн мөнгөний машинд картыг уншуулж 650,000 төгрөгийг авсан нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан гэж үзэхийн зэрэгцээ, түүнд үл хамаарах, эд хөрөнгийг захиран зарцуулах ямар ч эрхгүй атал хууль бусаар өөртөө авсан нь хохирогчийн эд хөрөнгийг шударгаар, эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авсан гэж үзэхгүй юм.
Тодруулбал Б.Ц нь өөрийн үйлдлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хэрэглэх, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас нууц, далд аргаар шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Иймд шүүгдэгч Б.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц хохирогч Ж.Нд 650,000 төгрөгийг буцаан өгсөн байх тул шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч М.Сумъяа эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ оногдуулах саналтай байна...” тухай дүгнэлтийг.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаар “…Манай үйлчлүүлэгч анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү…” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болох “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Цийн одоо 14 настай, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гадаад улсад суралцах болсон зэрэг хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон.
Шүүгдэгч Б.Ц нь гадаад улсад суралцах болсон буюу түүнийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмших эрхийг онцгойлон анхаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд заасан ялын төрөл хэмжээ болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнээс бус, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт Б-ы Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгч Б.Цт оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Цт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР