| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/00219/И |
| Дугаар | 101/ШШ2017/00893 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2017/00893
| 2017 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2017/00893 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.И нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А холбогдох,
Зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 20.722.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.И түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Би 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 30.000 ам.доллар /тухайн өдрийн ханшаар 1690.76 төгрөг*30.000 ам.доллар=50.722.800 төгрөг/, 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 83.722.800 төгрөгийг Б.Ат зээлдүүлсэн. Дээрх 83.722.800 төгрөгийн зээлээс 63.000.000 төгрөгийг Б.А эхний ээлжинд төлөхөөр тохиролцож 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээний дагуу нотариатчийн мэдэгдэх хуудас үйлдэгдсэн ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар нотариатын мэдэгдэх хуудас баталгаажуулах тухай захирамж, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, тухайн 63.000.000 төгрөгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Төлбөр барагдуулах гэрээ байгуулах үед дээрх нийт 83.722.800 төгрөгийн зээлээс үлдэх 20.722.800 төгрөгийг дараа төлөхөөр, хэрэв мөнгөөр төлөх боломжгүй бол тодорхой ажил хийж өгөхөөр тохирсон байсан. Гэтэл Б.А нь төлбөр барагдуулах гэрээ байгуулж 63.000.000 төгрөгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсний дараагаар үлдэх 20.722.800 төгрөгийг төлөхийг удаа дараа сануулж, шаардсан боловч, сүүлдээ утсаа авахаа больж, холбоо барилгүй, төлбөр барагдуулах гэрээг 63.000.000 төгрөгөөр байгуулсан учир үлдэх, 20.722.800 төгрөгийг төлөхгүй, тухайн гэрээнд бүх зээл, төлбөр багтсан байгаа зэргээр худал тайлбар хэлж зугтаах болсон. Ингээд аргагүйн эрхэнд би намайг залилан мэхэлсэн гэж үзэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Уг гомдлын дагуу эрүүгийн хэргийг шалгаж, Ж.И, Б.А нарын хооронд аман болон бичгийн хэлбэрээр харилцан тохиролцон мөнгө зээлснээр 20.722.800 төгрөгийг асуудалд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Б.А-аас гэрээний үлдэгдэл төлбөр болох 20.722.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж дор дурдсан үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд: Иргэн Ж.И-с 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж, 10.000.000 төгрөг, мөн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин 10.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 30.000 ам.долларыг хамтран ажиллахаар тохиролцож баримт үйлдэн зээлж авсан. Ингээд хамтран ажиллаж байхад зарим ажил маань биднээс шалтгаалахгүйгээр бүрэн гүйцэд хийгдэж чадалгүй, зарим үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Ийм байдал үүсэхэд Ж.И хамтран ажиллахаа болилоо гээд бид 2 тооцоогоо хийсэн. Миний бие Ж.И-с авсан нийт мөнгөнөөс 63.000.000 төгрөгийн төлбөрийг би хариуцан төлөхөөр тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийж, нотариатын мэдэгдэх хуудсаар баталгаажуулсан боловч ажлын бүтэмж муугаас шалтгаалан гэрээний хугацаанд төлж чадаагүй. Ингээд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулж, захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн. Энэ шүүгчийн захирамжаар баталгаажуулсан нотариатын мэдэгдэх хуудас, төлбөр барагдуулах гэрээнд Ж.И бидний хооронд хийгдсэн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд хийгдсэн нийт 63.000.000 төгрөгийн гэрээний төлбөр төлөх үүрэг бүрэн багтсан болно. Ингээд миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шугамаар 2015 оны 07 дугаар сараас эхлэн cap бүр 300.000-500.000 /зарим сард 800.000/ төгрөгийг тогтмол төлж байгаа болно. Одоогоор 5.500.000 төгрөгийг төлсөн байгаа. Ж.И нь 20.000.000 төгрөгийг итгэл эвдэн авч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн намайг холбогдуулан шалгасан боловч прокурорын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ийнхүү хэрэгсэхгүй болгох тогтоолд сэжигтэн Б.А болон хохирогч Ж.Инар 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр сэжигтэн Б.А нь хохирогч Ж.И-с 2013 оны 09 дүгзэр сараас 11 дүгээр cap хүртэлх хугацаанд зээлсэн зээлийн төлбөр болох ниит 63.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тус 63.000.000 төгрөгөнд дээрх 2013 оны 09 дүгээр сард зээлсэн 10.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлсэн 10.000.000 төгрөг нь багтсан болохыг болон энэ талаар гаргасан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгааг үндэслэл болгосон. Энэ тогтоолд ... Ж.И, Б.А нарын хооронд аман болон бичгэн хэлбэрээр харилцан тохиролцон мөнгө зээлснээр 20.722.800 төгрөгийн асуудалд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудал огт байхгүй болно. Мөн Ж.Инь 2016 оны 10 дугаар сард 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж, 10.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүйгээр, мөн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин 10.000.000 төгрөгийг баримт үйлдэн зээлж авсан, зээлийн гэрээний төлбөр, хүү алдангид нийт 25.000.000 төгрөгийг нэхэмжлэн тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэлэлцээд шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32016/31098 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэгэнт хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан 20.000.000 төгрөгийг хариуцан төлөх талаар гаргасан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд төлбөр барагдуулах ажиллагаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Инь хариуцагч Б.Ат холбогдуулан зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 20.722.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.А хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ж.Инь хариуцагч Б.Ат 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 30.000 ам.доллар /тухайн өдрийн ханшаар 1690.76 төгрөг*30.000 ам.доллар=50.722.800 төгрөг/, 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 83.722.800 төгрөгийг зээлдүүлсэн талаар зохигчид маргахгүй байх ба хэрэгт зээлийн гэрээ, зээлийн баримт авагдсан байна /хх-4, 6, 7, 52/.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэстэй.
Талууд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч Б.А нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийгдсэн нийт 63.000.000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ж.Ит төлөхөөр харилцан тохиролцсон /хх-8/ ба мөн өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Б нотариатчийн мэдэгдэх хуудас үйлджээ /хх-9/. Улмаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан 2251 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ /хх-43-45/. Энэ үйл баримтын талаар талуудын маргаангүй байна.
Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээнүүдээс төлбөр барагдуулах гэрээгээр тохиролцсон 63.000.000 төгрөгөөс бусад 20.722.800 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилснийг хариуцагч бид хамтын ажиллагааны тооцоо нийлж, нийт мөнгөнөөс 63.000.000 төгрөгийн төлбөрийг би хариуцан төлөхөөр тохиролцож төлбөр барагдуулах гэрээ байгуулсан гэж маргаж байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 83.722.800 төгрөгийг зээлдүүлснийг хариуцагч маргахгүй байгаа нөхцөлд уг зээлийн төлбөрийг хэрхэн төлсөн буюу зээл буцаан төлөх үүргээ хэрхэн биелүүлснээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлох үүрэгтэй.
Хариуцагч Б.А нь нэхэмжлэгчтэй ямар нөхцлөөр хамтран ажиллаж, хэрхэн тооцоо нийлсэн, улмаар нийт 83.722.800 төгрөгийн зээлээс 63.000.000 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээгээр тохиролцож, бусад хэсэг болох 20.722.800 төгрөгийг ямар үндэслэлээр төлөхгүй байхаар харилцан тохиролцсоноо шүүхэд баримтаар нотлоогүй байна.
Төлбөр барагдуулах гэрээ болон түүнийг баталгаажуулсан нотариатын мэдэгдэх хуудаст 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийсэн нийт 63.000.000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөр гэж заасан байх боловч тухайн хугацаанд талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээ тус бүрийн нөхцөл, мэдээллийг гэрээнд тодорхой тусгаагүй байх тул уг гэрээгээр талуудын хоорондох бүх зээлийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үнэлэх боломжгүй юм.
Түүнчлэн хариуцагч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж маргаж байх боловч тухайн хэргийн нэхэмжлэлд 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн болон 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр 25.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан нь тус хэргийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас өөр байна.
Иймд дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Б.Ааас зээл 20.722.800 /83.722.800-63.000.000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ит олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ааас 20.722.800 /хорин сая долоон зуун хорин хоёр мянга найман зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ит олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 261.564 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ит олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА