2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/200

 

  2025        01          17                                     2025/ШЦТ/200

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дэд холбогдох эрүүгийн 2411011041748 дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.Д нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ....................... тоотод байрлах "Хүнсний дэлгүүр ажиллуулдаг М.Бд дэлгүүрийн өргөтгөл барих зөвшөөрөл гаргаж өгнө гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ....... банкны ....................... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...Тухайн үед надад залилах санаа, сэдэл байгаагүй бөгөөд хамтран ажиллах бүх бичиг баримтыг хөөцөлдөөд явж байтал хохирогч гэнэт хамтарч ажиллахаа болиод мөнгөө надаас нэхэмжлээд эхэлсэн.” гэв.

Эрүүгийн 2411011041748 дугаартай хэргээс:

            -Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2012 оноос хойш Чингэлтэй дүүргийн 14-р хороо ....................... тоотод хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа. 2023 оны 8 дугаар сард манай дэлгүүрийн ойролцоо барилгын ажил хийгдсэн бөгөөд тэнд ажиллаж байсан Даваа гэх хүн манай дэлгүүрт үйлчлүүлдэг байсан. Тэгээд би өөрөө дэлгүүрийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэх гээд барилга барих зөвшөөрөл хөөцөлдөж байсан. Тэр явцгүй болоод ирсэн. Тэгсэн чинь Г.Д гэх хууч хөөрөөд ярьж байтал би өөрөө барилгын компанитай таны ажлыг хийгээд өгье, тэр ажлыг хийхэд ойролцоогоор 2,000,000 төгрөг хэрэг болно та дариухан гаргаад өгч чадах уу гэхээр нь би эхнэртэй ярилцаж байгаад 2,000,000 төгрөгийг түүний ....... банкны ....................... тоот дансанд эхнэрийнхээ данснаас шилжүүлсэн. Тэрнээс хойш 3 удаа уулзсан боловч ажлаа хийхгүй хойш нь тавиад яваад байсан. Сүүлдээ утсаа авахаа болиод холбоогүй болсон. Би тэр хүнтэй ямар ажил хөдөлмөр эрхэлдэг талаар нь мэдэхгүй байна, би тэр хүнтэй ....................... гэсэн дугаараар ярьдаг байсан. Би тэр хүнээр барилгын ажил хийлгэж байгаагүй. Ажлын хөлс гэж 2,000,000 төгрөгөө олоод авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна..." гэх мэдүүлэг, (хх-ийн 30 дугаар хуудас)

 -Гэрч Т.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....М.Б бид хоёр 1990 оноос хойш Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлаастын ....................... тоотод байрлалтай 8 нэрийн дэлгүүрийг ажиллуулж байгаа. 2023 оны намар буюу 8 дугаар сард дэлгүүрийн ойролцоо хорооны хавдар судлалын үндэсний төвийн барилга баригдаад тэр барилга дээр ажиллаж байсан хүмүүс манай дэлгүүрээс хүнс авдаг байж байгаад манай нөхөр М.Бтай Г.Д гэгч  нь танилцсан байсан. Тэгээд манай нөхөр тэр хүнд дэлгүүрээ өргөсгөж томруулах талаар хэлсэн байсан. М.Б танай барилгын танай барилгын компани зөвшөөрөлтэй юу гээд асуухад зөвшөөрөл үзүүлсэн байсан.  Манай компани энэ барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэхээр нь манай нөхөр итгээд дараа жилийн намар нь буюу 2024 оны 09 дүгээр сараас барилгын ажил хийж эхэлнэ гээд урьдчилгаa хэрэгтэй гээд миний эзэмшлийн ....... банкны .................. дугаарын данснаас Г.Дийн дансруу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр хүн нь мөнгө шилжүүлж авчихаад тэр чигтээ алга болчихсон. Түүнээс хойш мөнгөө авна гэхээр хугацаа зааж худлаа хэлээд явж байгаад 2,000,000 төгрөгнөөс 2024 оны 06 дугаар сард 600,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 240,000 төгрөг өгсөн гэсэн одоо 1,160,000 төгрөгөө авч чадаагүй явж байгаа. Манайх дэлгүүрээ уг нь хажуу тийш нь өргөсгөөд, 3 давхар барилга бариулах гэж байсан. Би өмнө нь 12 болон 7 давхар барилга бариулахаар зөвшөөрөл авах гэсэн боловч зөвшөөрөл өгөөгүй, 3 хүртэлх давхар барилгыг заавал зөвшөөрөл авалгүй барьж болох юм байна, би зээл хөөцөлдөөд барилгаа бариуля гээд хэлсэн. Тэгсэн чинь барилгын зураг эхлээд гаргах хэрэгтэй зураг гаргуулахад 2,000,000 төгрөг хэрэгтэй гээд авсан. Манай нөхөр бид 2 ярилцаж байгаад мөнгө шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас)

-Г.Хийн .................. тоот данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтууд болно. (хх-ийн 10-11 дүгээр хуудас),

-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

-....... банкны Ганбаатар Г.Д гэсэн ....................... дугаартай дансны хуулга /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Дийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 52-61 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Г.Дэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Г.Д нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ....................... тоотод байрлах "Хүнсний дэлгүүр ажиллуулдаг М.Бд дэлгүүрийн өргөтгөл барих зөвшөөрөл гаргаж өгнө гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ....... банкны ....................... дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            -Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2012 оноос хойш Чингэлтэй дүүргийн 14-р хороо ....................... тоотод хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа. 2023 оны 08 дугаар сард манай дэлгүүрийн ойролцоо барилгын ажил хийгдсэн бөгөөд тэнд ажиллаж байсан Даваа гэх хүн манай дэлгүүрт үйлчлүүлдэг байсан. Тэгээд би өөрөө дэлгүүрийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэх гээд барилга барих зөвшөөрөл хөөцөлдөж байсан. Тэгээд тэр явцгүй болоод ирсэн. Тэгсэн чинь Г.Д гэх хууч хөөрөөд ярьж байтал би өөрөө барилгын компанитай таны ажлыг хийгээд өгье, тэр ажлыг хийхэд ойролцоогоор 2,000,000 төгрөг хэрэг болно та дариухан гаргаад өгч чадах уу гэхээр нь би эхнэртэй ярилцаж байгаад 2,000,000 төгрөгийг түүний ....... банкны ....................... тоот дансанд эхнэрийнхээ данснаас шилжүүлсэн. Тэрнээс хойш 3 удаа уулзсан боловч ажлаа хийхгүй хойш нь тавиад яваад байсан. Сүүлдээ утсаа авахаа болиод холбоогүй болсон. Би тэр хүнтэй ямар ажил хөдөлмөр эрхэлдэг талаар нь мэдэхгүй байна, би тэр хүнтэй ....................... гэсэн дугаараар ярьдаг байсан. Би тэр хүнээр барилгын ажил хийлгэж байгаагүй. Ажлын хөлс гэж 2,000,000 төгрөгөө олоод авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна..." гэх мэдүүлэг, (хх-ийн 30 дугаар хуудас)

 -Гэрч Т.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....М.Б бид 2 1990 оноос хойш Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлаастын ....................... тоотод байрлалтай 8 нэрийн дэлгүүрийг ажиллуулж байгаа. 2023 оны намар буюу 8 дугаар сард дэлгүүрийн ойролцоо хорооны хавдар судлалын үндэсний төвийн барилга баригдаад тэр барилга дээр ажиллаж байсан хүмүүс манай дэлгүүрээс хүнс авдаг байж байгаад манай нөхөр М.Бтай Г.Д гэгч  нь танилцсан байсан. Тэгээд манай нехер тэр хүнд дэлгүүрээ өргөсгөж томруулах талаар хэлсэн байсан. М.Б танай барилгын танай барилгын компани зөвшөөрөлтэй юу гээд асуухад зөвшөөрөл үзүүлсэн байсан.  Манай компани энэ барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэхээр нь манай нөхөр итгээд дараа жилийн намар нь буюу 2024 оны 09 дүгээр сараас барилгын ажил хийж эхэлнэ гээд урьдчилгаa хэрэгтэй гээд миний эзэмшлийн ....... банкны .................. дугаарын данснаас Г.Дийн дансруу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр хүн нь мөнгө шилжүүлж авчихаад тэр чигтээ алга болчихсон. Түүнээс хойш менгее авна гэхээр хугацаа зааж худлаа хэлээд явж байгаад 2,000,000 төгрөгнөөс 2024 оны 06 дугаар сард 600,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 240,000 төгрөг өгсөн гэсэн одоо 1,160,000 төгрөгөө авч чадаагүй явж байгаа. Манайх дэлгүүрээ уг нь хажуу тийш нь өргөсгөөд, 3 давхар барилга бариулах гэж байсан. Би өмнө нь 12 болон 7 давхар барилга бариулахаар зөвшөөрөл авах гэсэн боловч зөвшөөрөл өгөөгүй, 3 хүртэлх давхар барилгыг заавал зөвшөөрөл авалгүй барьж болох юм байна, би зээл хөөцөлдөөд барилгаа бариуля гээд хэлсэн. Тэгсэн чинь барилгын зураг эхлээд гаргах хэрэгтэй зураг гаргуулахад 2,000,000 төгрөг хэрэгтэй гээд авсан. Манай нөхөр бид 2 ярилцаж байгаад мөнгө шилжүүлсэн..." гэх мэдүүлэг, (хх-ийн 38 дугаар хуудас)

- Г.Хийн .................. тоот данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтууд болно. (хх-ийн 10-11 дүгээр хуудас) -Г.Хий .................. тоот данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтууд болно. (хх-ийн 10-11 дүгээр хуудас),

-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

-....... банкны Ганбаатар Г.Д гэсэн ....................... дугаартай дансны хуулга /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Шүүгдэгч Г.Дийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчид нийт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Г.Дийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Д нь хохирогч М.Бд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсныг гэм буруугийн шүүх хуралдаан завсарлаж хохирол төлөх ажлын 5 хоногийн завсарлага авсан хугацаанд төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Г.Дийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Г.Дэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Д нь хохирогчид учруулсан хохирлоос төлж барагдуулсан, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял төлж барагдуулах боломжтой талаараа чин сэтгэлээсээ илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

3. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Г.УУГАНБААТАР